Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комисс нь хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар заасан байдаг. Комисс нь байгуулагдсан цагаасаа хойш хэвлэл мэдээллийн байгууллагатай олон жил хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хүний эрхийн хамгаалагч-сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг 2015 онд УИХ-д ХЭҮК-оос өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-д тусгаж, тодорхой саналуудыг хүргүүлж байсан билээ.

Харин энэ удаа хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч З.Боргилмаа, менежер н.Мөнхбаяр нартай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг уулзаж хамтран ажиллах Санамж бичиг байгуулах асуудлаар ярилцлаа.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ойг угтан Комиссоос сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх хэрхэн хангагдаж байгаад судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах, Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн, батлуулахад нөлөөллийн ажиллагаа явуулах, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн танхимын болон цахим сургалтуудыг зохион байгуулах, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, “Хүний эрхэд ээлтэй Хэвлэл мэдээллийн байгууллага”-ыг жил бүр сонгон шалгаруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 17-нд Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг, дэд ерөнхийлөгч Э.Батхүү нартай ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг уулзаж, хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх сургалт зохион байгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top