Дөрвөн метр олз залгисан ихтиозаврын олдвор олджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

БНХАУ-ын Гүйжоу мужид аварга том ихтиозавр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс олджээ. Усанд амьдардаг аварга үлэг гүрвэлийн ходоодонд өөр төрлийн дөрвөн метр урт үлэг гүрвэл олдсон нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татаж байна. Калифорнийн их сургуулийн палеонтологич Рюсүкэ Мотанигийн хэлснээр, аварга ихтиозаврыг Guizhouichthyosaurus гэж нэрлэсэн бөгөөд хэмжээгээрээ орчин үеийн алуурчин халимтай ижил бөгөөд урт нь таван метр хүрдэг байжээ.

Эхэндээ энэхүү 243 сая жилийн настай олдвор эрдэмтдийн анхаарлыг гойд татаагүй аж. Харин олдворыг орон нутгийн музейд аваачсаны дараа Мотани тэргүүтэй судлаачид чулуужсан олдворын гол хэсэгт их хэмжээний араг яс байхыг анзаарчээ. Судалсны эцэст эрдэмтэд эдгээр яс ихтиозвар бус өөр үлэг гүрвэлийнх болохыг тогтоосон байна.

Гүйжоуд олдсон ихтиозавр амьд байхдаа мөн далай тэнгист амьдардаг байсан дөрвөн метр урт синьпузавр үлэг гүрвэлээр зоог барих явцдаа үхсэн гэж эрдэмтэд таамаглаж байна. Синьпузаврын араг яс маш сайн хадгалагдсан бөгөөд Guizhouichthyosaurus үлэг гүрвэлийн олдсон газраас холгүй түүний чулуужсан сүүлийг олжээ. Далайн араатан хэт том олзоо залгих гэж байгаад хахсан байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байна. Гүйжоугийн олдвор Мезозойн үед далайн үлэг гүрвэлүүд томоохон амьтан агнадаг байсныг илтгэж байна. Тэд олзоо бүхлээр нь залгидаг байсан нь араатнуудыг зарим тохиолдолд золгүй үхэлд хүргэдэг байжээ гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top