ОЛОН ӨНГӨ: Тал нутаг эзгүйрч, хүрээ түгжрэх цагаар

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Намрын эхэн сар гарч, налгар шар өдрүүдийн түүчээнд хүн зоны амьдрал хөдөө гадаагүй үргэлжилж байна. Өглөө оройдоо сэрүүхэн, үдшийн бодол сэтгэлд нойтон хэвээр өглөөг угтах нь нэг л хөндүүрхэн. Хэдийгээр дэлхий нийтэд тархсан аюулт өвчний харанга дэлдэж байгаа ч нийслэлд хүн зоны хөл илт нэмэгджээ. Учир нь хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан хөл нэмэгдээд байна. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллежууд амарсан цагаас эхлэн хот эзгүйрдэг гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Харин тэдний хичээл сургууль эхлэх цаг дөхөхөөр Улаанбаатарт замын түгжрэл, хөл хөдөлгөөн илт их болдгоос харвал Монгол Улс аргагүй хүүхэд залуусын орон гэдэг нь туйлын үнэн.

Хүрээний амьдралд ийнхүү хүн зон нэмэгдэж, хөл хөдөлгөөн ихсэж байхад хөдөө нутагт хүн зон илт цөөрч эзгүйрнэ. Тал нутгийн намар налайж, тос даах нь дэндүү сайхан ч үнэхээр уйтгартай байдаг тухай ч энд бодож сууна. Өдийд зунжин бужигнасан хүүхдүүд хичээл сургуульдаа явж, адуу мал ч усанд ирэх нь цөөрсөн нэг тийм эл хуль цаг эхэлж байгаа даа. Айлын эхнэр аймаг, сумын төв рүү хэдэн хүүхдээ аваад нүүж байгаа. Тэд хичээл эхлэхээс хэд хоногийн өмнө аймаг, сумын төвд төвхөнөсөн байх ёстой учраас өдийд нүүдэл илт үргэлжилж байгаа. Үүнээс гадна үдшийн зэлэн дээр ээжийнхээ гарыг амрааж байсан айлын оюутан охин, адууны талд хань болж байсан оюутан залуу, айл гэрт амьтны бараа болж суусан хот суурингийнхны амралт дуусна гээд эзгүйхэн тал нутгийн өвс ногоо нь хүртэл уйтгартайхан шуугиж байгаа даа.

Төд удахгүй өмнийг зорьсон шувууд наран зөргөөр уйтайхан ганганалдан одож, нуур хүртэл эзгүйхэн хэрнээ хүйтэн өнгөөр энгэр жиндүүлэн шуугих болно. Тэр ч бүү хэл чимээ болох халтар банхар ч хаа нэг хуцахаар тийм анирхан орчин говь, тал нутагт минь айсуй. Ай даа тал нутгийн минь ангирхан шаргал ч уй дуу болсон намар цаг нэгэнт эхэлж байгаа даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top