КОРОНАВИРУСЭЭС Ч ИЛҮҮТЭЙГЭЭР ШИНЭ ДҮРЭМ ЖУРМААС АЙЖ БАЙНА
Есдүгээр сарын 1-ний өдрөөс дунд сургуулийн багш нар анги танхимд хичээлээ зааж эхлэхээр боллоо. Энэхүү шийдвэр тийм ч энгийн бус, бас баярлаад байх ч зүйл биш бололтой. Коронавирусын халдвартай холбоотойгоор сургалтын анги танхимд тавьж буй эрүүл ахуйн шинэ шаардлагууд багш нарын ажлыг нэлээдгүй хүндрүүлэхээр харагдаж байна. Багш нар ажлын шинэ ачааллаа хэрхэн давж гарах, мөн коронавирусээр халдварлахаас айж буй эсэхийг тодруулахаар зарим сурган хүмүүжүүлэгчидтэй уулзаж ярилцсаныг сонирхуулья.
Математикийн багш Нина Александровна: -Манай энд, Башкирт коронавирусээр өвчлөгсөд төдийлөн олон биш учраас танхимын сургалтад буцан ирэхдээ бид айхгүй байгаа. Харин шинэ хичээлийн жилийн цагийн хуваарилалт л биднийг айлгаж байна. Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын шаардлагад нийцүүлэн дунд болон ахлах сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа гурван ээлжээр зохион байгуулахаар болсон. Ээлжит нэгж хичээл 35 минут үргэлжлэх бөгөөд эхний ээлж өглөө 8:00 цагаас 12:40 хүртэл, хоёрдугаар ээлж 12:30-16:25, гурав дахь нь 15:50-19:35 хүртэл хичээллэхээр төлөвлөгдсөн байна. 5, 9, 11-р ангийн сурагчид зөвхөн эхний ээлжинд хичээллэнэ, харин би энэ жил 5, 6, 7 дугаар ангиудад хичээл заах хуваарьтай. Хэрэв бүх ангиуд янз бүрийн ээлжинд хичээллэхээр бол бид өглөөнөөс орой хүртэл сургууль дээр өнжих байх. Би өөрөө бага ангийн хүүхэдтэй, хичээл тарахаар нь түүнийг хэнтэй хамт байлгах нь одоогоор бас тодорхойгүй л байна. Мөн өмнө нь хэвийн хугацаагаар ордог байхдаа ч ээлжит хичээлийн агуулгаа бүгдийг бүрэн амжуулж чаддаггүй байсан учраас одоо богиносгосон 35 минутад хэрхэн багтаах нь бас л асуудалтай байгаа. Миний хувьд алсын зайны сургалтын эсрэг үзэл бодолтой хэдий ч одоогийн шинэ дүрэм журамтай харьцуулахад харин ч муугүй хувилбар мэт санагддаг болсон. Бага сургуулийн багш нарын хувьд танхимд хичээллэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа байх. Бага ангийнхныг алсын зайнаас сургахад мэдээж хүндрэлтэй. Тэгээд ч бага ангийн багш нар бидэн шиг нэг ангиас нөгөө рүү гүйж хичээл орохгүй.
Бага ангийн багш Елена Николаевна: -Мэдээж, коронавирусээр халдварлах вий хэмээн би болгоомжилж байгаа. Өөрөө хижээл насных, бас өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг учраас энэ аюулт өвчнөөс эмээж байна. Гэвч энэ зун ЭЕШ дээр ажиллахад ямар нэгэн асуудалгүй өнгөрсөн. Харин алсын зайн сургалт миний хувьд гамшиг байсан гэж болохоор. Онлайнаар фото зураг байдлаар ирсэн сурагчдынхаа даалгаврыг шалгаж суусаар бараг сохрох дөхсөн шүү. Хамгийн их асуудалтай байсан зүйл бол интернетийн ачаалал. Цахим хичээлийн материалаа өдөр нь оруулах боломжгүй учраас шөнийн цагаар сууж ажилладаг байсан.
Амралтын өдрүүд, орой үдшийн цагаар ч бас завгүй, эцэг эхчүүд элдэв асуулт, гомдол санал ярьж утасдаад л. Тэгээд ч алсын зайнаас суралцах чадвар бага ангийнханд мэдээж хомс. Иймд өнгөрсөн хугацааны хоцрогдлыг хэрхэн нөхөх вэ гэж толгойгоо гашилгаж байна. Шинэ дүрэм журамд бол яаж ийгээд дасаж таарна, харин хамгийн ихээр санаа зовинуулж буй зүйл бол хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлууд. Тэдгээрийг амралтын болон баяр ёслолын өдрүүдэд явуулахаар төлөвлөсөн байна. Гэтэл хүүхдүүд ч, багш нар ч амрах шаардлагатай биз дээ. Хичээлээс гадуурх ажил ороогүй тохиолдолд багш нарын цалингаас хасахаар тусгагдсан байгаа.
Орос хэл, уран зохиолын багш Мария Васильевна: -Дунд ангийн багш нарын хувьд шинэ дүрэм журмын дагуу хичээлийн хуваарь яаж хийгдэж буй нь тодорхойгүй байгаа учраас өдөржин анги хэсэж гүйгээд таарах юм биш биз хэмээн эмээж байна. Багш нарын ачаалал мэдээж нэмэгдэж таарах байх. Миний хичээл ордог кабинет хоёр дахь гэр минь болдог учраас маш сайхнаар тохижуулсан. Гэтэл одоо тэнд янз бүрийн багш нар хичээл орж, миний компьютерийг ашиглана гэж бодохоор тухгүй санагдаад байгаа. Бас өөрөө бусад багш нарын кабинетэд хичээл орж, шаардагдах хэрэгсэл материалуудаа байнга ийш тийшээ тэвэрч явна гэдэг бас л асуудалтай. Гэвч онлайн сургалтад буцахыг хүсэхгүй байна.
Уулзаж ярилцсан багш нарын ихэнх нь шинэ дүрэм журамтай холбогдуулан сургуулийн захиргааны зүгээс тэдэнд элдэв хариуцлага үүрүүлэх вий гэдгээс айж байгаагаа илэрхийлжээ. Жижүүр багш нарт гэхэд, сурагчдын хоорондын зай барилт, анги танхим, ээлжийн хуваарилалт гээд анхаарч зохицуулах асуудлууд их гарах бололтой. Багш нар нэг ангиас гарч нөгөө рүү хичээл заахаар явах хооронд сурагчид эзэнгүй үлдэж, ямар нэгэн хэрэг төвөг гарах вий, түүнээс үүдэлтэй хариуцлагыг багш нарт үүрүүлэх вий гэдгээс мөн болгоомжилж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )