Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авдаг боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Иргэд нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Эхний ээлжид Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Үүний тулд цахимаар хүсэлтээ илгээн өөрийн дансаа халамжийн нэгдсэн системд бүртгүүлэх ёстой аж.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn системийг өнөөдрөөс нэвтрүүлжээ.

Цахим систем нэвтэрснээр нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдахын тулд өмнө нь олон тооны баримт материал бүрдүүлдэг байсан бол 39 нэр төрлийн баримтыг өөрийн биеэр халамжийн байгууллагад ирж бүрдүүлэх шаардлагагүй боллоо. Тодруулбал, дээрх мэдээллийг төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авах юм.

Цаашид халамжийн бүхий л үйлчилгээг цахимжуулах бөгөөд иргэд халамжийн нэгдсэн систем буюу ehalamj.mn-д дансаа бүртгэж, өөрийн бүртгэлээ хийхэд хангалттай аж.

Нийгмийн халамжийн нэгдсэн системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top