Ойн цоорхойгоос цааш одоод...

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

(Д.Дамдинжав “Дотоод тэнгэр” номд)

1.Сайхны чинадад

Сайн шүлэг, сайхан уран бүтээл гэдэг ерөөс нэгэн сайхан хүмүүн юм. Атгахан цаасан дээр “аравхан” үг унагачихаад бөх зүрхлэн таны алганаа тавихыг хүсэх энэ л нууцлаг оньсого шиг бодгалиудын сэтгэлийн чинхүүд бидний зүдэг амьдралын адгуу хормууд бүлээ оргин эерэх шиг санагднам.

...Эрээнцавын "Алаг хав" толгодын тухай шүлгүүдийг минь

Ичинхорлоо гэдэг бага ангийн багшид минь хүргэж өгөөрэй...

гэж яруу найрагч Д.Нямсүрэнгийн яруу төгөлдөр мөртүүд байдаг. Толгодын тухай шүлгүүд, бага ангийн багш, түүнээ хүргэх чин хүсэл-эцсийн... Магад өөрөөрөө байж, өөрөөрөө бичиж, өөрөөрөө төгсгөхийн үлгэр. Магад уран бүтээлч зүрх сэтгэл, цөм ертөнц, гэгээн хүсэл, бүлээн сэтгэл юүгээн хиргүй тунгалагаар хадгалан үлдэх, бас үлдээхийн үлгэр өөр дотроос нь ингэж мөнхүү өгүүлээ биз ээ гэж бодогдоно. Хэн хүний аманд бэлэн явдаг сайхан хүн, “гоё” хүн, сайхан сэтгэлтэй хүн гэдэг үг уран бүтээлч хүний тухай өгүүлэн ярихад хүрэхдээн аанай л “төрөл арилжих” шиг гүн цээл агуулгатай болном... Үүний нэгэн адилаар,

“...Эгчдээ үүрүүлээд алхахад дуулж туулдаг намхан толгодтой

Дуулаад дуусамгүй нутаг минь

Дүүгээ үүрээд алхахад уйлж хүрдэг оргилтой

Огшоод буумгүй уулс минь...”

хэмээн бичсэн яруу найрагч Д.Дамдинжавын “Дотоод тэнгэр”(2019) номыг шимтэн дэлгэж сууна. Ер түүний шүлгүүдийн уран сайхны увидас нь эргэцүүллээр дүүрэн яруусалдаа байх шиг санагдлаа. Гэмээнэ тэрхүү бодрол, эргэцүүллүүд нь бухимдлын буртаг огт үгүй бөгөөд байгаль, түүний хувьсал уяслаар учирлагдан буусан байх юм. Цайлган сэтгэл, гэгээн бодол, гуниг санаашралаасаа өөрийн гэсэн дотоод тэнгэртэй ертөнцийг зурахдаа ухаарал, наминчлалын бодь өнгө аястай эгшиглэнг бий болгохыг зорьжээ. Жишээ нь “Мөрөн дээрх мөрөн” шүлгийг уншаад уярал ухаарал хосолсон хайрын ийм тод мөртүүд хэзээ сүүлд уншиж ярууссанаа бодоход хүрэв.

“Чиний тэргүүнд асах гэзэг

Чимэг шигтгэх хэрэггүй

Гоо мөрөн.

Мөрөн дээр чинь асгарч

Миний өвөр рүү урсдаг

Амраг мөрөн.

Өвөр дээр минь задарч

Үндэс бүхэн рүү салаалдаг

Ээж мөрөн.

Ширхэг бүртээ шаштир ургуулж

Зуун жилийн дараа ч удмыг минь сүлжих

Охин мөрөн.

Чиний мөрөн дээр урсах

Миний мөрөн.”

Сэтгүүл зүйн салбарт “Гол тоглогч” цуврал номоороо эрчтэй яваа түүний шүлгийн гурав дахь түүвэр аж. “Сэтгэлийн чинад”, “Зүрхний чинад”, “Тархины чинад” хэмээн бүлэглэсэн шүлгүүдийг уншихад юун түрүүнд үгийн цэц, бадаглалын цэгц доорх гүтгэх, гүтгэн чимэх мэт содон зүйрлэл, дүрслэлүүд, дүрслэлээс дүрслэлд давтамжлан тэгшигтгэж санаагаа барилдуулах урлал анхаарал татсан. 

 “Сүмийн булагт яг одоо

Сүрэг дэрс од сүвлэж ургаад

Саргүй шөнийн тэнгэрээс

Саа унжих мэт гэгээ асгаж байгаа...” (17)

“Анир гүмхэн аж төрнө...

Амраг минь ирдэг ганц зөрөгтэй

Аав минь ирдэг ганц зүүдтэй

Анир гүмхэн аж төрнө...”(59)

“...Нарны алтан цацрагийг залгилах орчлон

Навчин дор зулзгалагч цохны

Нарийн хөмсөгийг ажиж болохоор гэрэлтэй

Одод ирэхийг үл тахимдан хэлхэгч орчлон

Хөөрхий навчны нүдэн дэх өнө мөнхийн найдварыг

Өчүүхэн цохны гэрэлд ажиж болох агшинтай” (13)

Дээрх шүлгүүдээс харахад түүний найрагт далд ч юм шиг, илхэн ч юм шиг, бүр хэт энгийн ч юм шиг содон барил дундаас бодрол, ухаарлын гаргалгаа голлон тусаж буй нь танигдана. Уянгын болоод гүн ухаанч сэтгэлгээ төвөггүйхэн найрсахдаа илт дүгнэгддэг чанар байна. Энэ нь бүтээлийн санааг цэцэрхэж мэдэмхийрэх дүгнэлт рүү хөтлөн төгсгөх гэм агуулах ч олзуурхам мэдрэмжийн хөг, сэтгэлийн хөдлөлөөс анхлан төрөгдөж байгаа сайн талыг онцлон хэлье. Онцолж “Ойн цоорхойд” шүлгийг шинжилж үзье.

“Хул гөрөөс өвсөн дунд ер бусаар гэрэлтэж харагдаад

Хувь тохиол шиг балархай жим ойн цоорхойгоос цааш одоод

Хувирахгүй юмс бүхнийг энд ургуулаад, цаг хугацаатай хамт

Мартаж орхисон мэт нам гүм, чим чимээгүй энд ноёлоод

Модод яаж ийм сүрлэг өндийж

Моддын завсраар тэнгэр яаж ийм даруухнаар шагайдаг юм бэ.

Өвс яаж ийм чимээгүй ургаж

Өвсний өлмийд газар яаж ийм хүлцэнгүй амардаг юм бэ” (27)

Энэхүү шүлгийн үнэт зүйл, туурвилын мөн чанарыг нь нээхийн төлөөнөө Германы философич М.Хайдеггэрийн хүний оршихуйн тухай онолыг дуудан тайлбарламаар байна. Францын философич, зохиолч Ж.П.Сартр хүний оршихуй мөн чанараасаа өмнө байдаг(existence precedes essence) гэсэн бол М.Хайдеггэр хүнийг оршихуйг “Da-sein” хэмээх үгээр илэрхийлсэн. Энэхүү үг нь “тэнд эсвэл энд байх гэсэн утгатай герман үг. Хүнийг хэн бэ гэдгийг тодорхойлох гол зүйл бол түүний юу хийсэн нь буюу түүний туулж өнгөрүүлсэн түүх, гэхдээ өнгөрсөнд ямар нэг зүйлийг хийж, бүтээсэн тэрхүү чадвар түүний одоод хэрэгжиж, ирээдүйд илрэх бололцоо хувьдаа түүний ирээгүй түүхэнд ч хамаарна. Иймээс хүн өнгөрсөнд буюу тэнд, одоо буюу энд, мөн ирээдүйд буюу тэнд оршдог өвөрмөц оршихуйтай билээ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хүн юуны өмнө оршин байх, түүхтэй байх хэрэгтэй. Хүн байхын гол мөн чанар нь оршихуйдаа байдаг”  гэж үзсэн. Шүлэг бүхэлдээ нэг л агшны ухаарал мэт бүтэцтэй бичигдсэн боловч задлан үзвээс эхний хоёр мөр өнгөрсөнд (гэрэлтэж харагдаад, цааш одоод), удаах хоёр мөр одоод (энд ургуулаад, энд ноёлоод), төгсгөлийн дөрвөн мөр ирээдүйд (сүрлэг өндийж, чимээгүй ургаж) хандсан мэтээр далд зохиомжлогдож хүний оршихуйг цогцоор тодорхойлсон яруу санааг бүтээж. Хувирахгүй юмс бүхэн цаг хугацаатай мартагдан ургахын анир... Түүнээс моддын сүрлэг, өвсний чимээгүйг өөртөө өгүүлж мэдрэхдээ тэнгэрийн даруу, газрын хүлцэнгүйн мөнхийн сайханд дуу алдах эгээрэл... Хүмүүний оршин байх нь өнгөрсний туулсанд ч бус, өдгөөх байдалд ч,  ирээдүйн чинь түүхэнд ч хамт явж бий болдгийг; цаг хугацаа зогсчихсон юм шиг санагдах, түүний төгсгөлт чанарыг ухаарах, төгсгөлийг ойлгож оршихуйд оршихыг учирланам бус уу. Нөгөө талаас нь тайлбарлавал өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг орчлонгийн хуулийг илтгэх гурван цаг. Гэтэл бид дөрвөн улирлаа дөрвөн цаг гэж ярьдаг ард түмэн. Дөрвөн улирлын мөнх хувирлаа гурван цагийн жамаас илүүд сэтгэмжлэн хандана. Өөрөөр хэлбэл цагийн туйлд хандахаасаа урьд хүмүүний ахуйг улираан хувьсааж, цагийн үргэлжлэлийг бус үйлийн үргэжлэлийг бодитойд хэмжээлнэ. Тэгэхээр цаг үргэлжилдэггүй, үйл л үргэлжилнэ, хүн л үргэлжилнэ, оюун сэтгэл л үргэлжлэн үүдсэнээр үйл бүхэн утга төгс найрсдаг сан уу. Ойн цоорхойд саатан цааш одохын эгшин хийгээд эгээрлийн сайхан... Сайн шүлэг гэдэг чинаддаа сайн тайлалтай заавал ихэрлэдэг билээ.

2.Урлахуйн чинадад

Д.Дамдинжавын шүлгүүдийг уншихад өмнө уншиж байсан сайн шүлгүүдтэй дүйцэхүйц мөр, санаа нэг биш удаа тааралдлаа. Мөн үүнийгээ энэ  шүлэг шиг урлаад өгсөн бол гэмээр зүйл ч мэдрэгдсэн. Чухамдаа өөрийн гэсэн санаа, олзоо урлах, цомнох тал дээр дутмаг илэрхийлэл, гүйцэтгэлүүд ажиглагдаж байна. Заримдаа хэт үйл явдал хөөсөн хийсвэр дүрслэл, бүхэллэг адилтгалууд, бодрол эргэцүүллийн хэтэрсэн тулгалтуудаар мөрөөс мөрт санаагаа давтсан нь илэрхийллийн нэг л тойрогтоо эргэлдүүлж байх юм. Жишээ нь:

“Мөнхөд бид нэг л хүрдийг эргүүлнэ

Мөрөн болж урсаад, чулуу элээх шиг он цагийг үднэ

Мөдхөн ургах юм шиг газрын хөрс рүү яаран тэмүүлнэ

Мөн л зуурхан үргэлжлэхийн төлөө өвс болон ургана” гэж он цагийн тухай илэрхий гэгч нь тайлбарлан өгүүлсэн мөртлөө дараагийн бадагт:

“Энэ их айдас төрүүлэм хүрдийг

Эргүүлж байгаа бидний зориг их төгөлдөр

Эхлэлгүй, бас төгсгөлгүй болохоор нь

Энэ хүрдийг амьдрал гэж биш, он цаг гэж нэрлэнэ” хэмээн дахиад л он цагаа батлан хэлэхийн тулд дахин дахин залхмаар тайлагнажээ. Үүнийг найрагч цаашдын бүтээлдээ хатуу анхаарах хэрэгтэй. Мөн нэгэн нэргүй шүлэгтээ:

“Бороотой өдрүүдэд бодлоороо шүхэр хийн алхахдаа

Болзоогоо би хавар эртийн нялх нахиатай товлоод

Огт хайхрамжгүйхэн норсон навчны сормуусыг сөхөөд

Олж харсан нүд бол багад минь ганц үр зууж ниссэн

Бор шувууны нүд мөн болой”(175) гэж бичжээ. Үнэхээр нандин сайхан санаа боловч дүрслэн илэрхийлэхдээ ихэд болхи ханджээ. Бадаглалын хувьд л гэхэд “огт хайхрамжгүйхэн норсон навчны сормуусыг сөхөөд” гэхэд утга ээдэрчихэж байна. Хэт хичээж бодсон ч юм уу, түүнээ уран дүрслэх гэхдээ хэт чамирхаж чимсэн нь олзуурхам санааг ор үгүй болгочихож. Тэгвэл үүнтэй тун ижил өгүүлэмж бүхий шүлгийг яруу найрагч О.Содномпил хэрхэн урлаж, хэв зохимжийг нь тааруулсныг үзье.

Амандаа ганц цагаан өвс зуусан шувууг хараад

Ангаахай насанд тэнгэрт одсон ижийгээн саналаа

Амандаа ганц цагаан өвс зуусан шувууг хараад

Анхил насанд намайг орхисон бүсгүйгээн саналаа

Амандаа зуусан тэр ганц өвс...

Түүнчлэн “Үзэсгэлэнт монолог” шүлэгтээ:

“...Зүр ирэхийн совингоор

Сөл хазламгүй ихэмсэг

Зөндөө эрхэмсэг

Гэвч гоо нь түүнд эмгэнэл

Гэсгээлийнх мэт эгшинлэг”

гэсний төгсгөлийн хоёр мөрийн санаа, мэдрэмж нь мөн л олзуурхам агаад “гэсгээлийнх мэт эгшинлэг” хэмээсэн нь яруу найрагч Ц.Батбаатарын “Орь залуугийн шүлгүүд” шүлэгтээ бичсэн “зэрлэг согоо эргэж харах мэт уянга гунигийн зурагтай байг” гэсэн мөр шиг яруу хэллэг болж чаджээ. Гэвч шүлгээ мөн л яаран дуусгаж,

“Бурхан минь тэр одоо

Бууны овоо хараанд...” гэж санаагаа дүгнэн хэлж өндөрлүүлээд “индрээс буусан” байна. Үүнийг шүүмжлэн өгүүлэхдээ харьцуулж яруу найрагч Ц.Батбаатарын “Бодисадьва” шүлгийг эшлэе.

“Дурантай бууны цуст загалмайн голд

Туранхай согоо тугалаа долоон эрхлүүлнэ

Аав нь удахгүй олзтой ирнэ

Анчны эхнэр хүүхдээ хуурайлж саатуулна

Өнчирч төөрөх зурагтай гөрөөсний бяцхан төл

Өлбөрч зовох тавилантай хүний халуун бүлээс

Өрөвдөж хэнийг нь аварвал ээж минь хүүгээ өршөөх вэ? 

Сайхны тухай өгүүлэхийг зорьж, санаа мэдрэмжээрээ дамжуулан хэллээ ч өөрийн хүссэн зүйлийг ойлгуулахад хүрэлцэхгүй байх шиг санагдах нь бий. Тиймээс ч зохиолч, яруу найрагч Г.Бадамсамбуу “шүлэг гэдэг яруу найргийн нэг хэсэг л юм” гэж хэлсэн буй заа. Д.Дамдинжав найрагчийн урлал үйлд амжилт хүсэхийн сацуу ойн цоорхойд эгшин саатаж, энэрэнхэн харж, цааш одох мэт дотоод их хөг дуурьсалтай бүтээлүүдийг тэсэн ядан хүлээе. Баярлалаа.

Х.Чойдогжамц (СУИС-ийн багш, утга зохиол судлаач)

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөх Толбот(66.181.161.78) 2020 оны 08 сарын 28

Сайхан шүүмж болжээ. Дотортой сайн шүлэгч юм даа гэсэн бодол төрж байсан юм\n

0  |  0
Top