ОЛОН ӨНГӨ: Ухарсан ч, урагшилсан ч...

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 29

Нийтийн тээврийн хэрэгсэл нэг үеэ бодвол карт уншигчтай болж соёлжсон. Олон жилийн өмнө, автобуснууд хүн нь багтахгүй болохоор буудлын наана, юм уу цаана зогсож хөлийн чадал , хурдтай нь л амжиж суудаг байсан сан. Бүтэн амьсгаа ч авах зайгүй дүүрэн хүнтэй автобусанд амьдрал өрнөнө дөө. Кондуктар эгч “билетаа аваарай , зайгаараа урагшлаад өг” гэх уухичаан хашхираан, хэн нэгэн “Хүүе ээ түрийвчээ суйлуулчихлаа, жолооч оо, зогсоорой” гэх уйлаан майлаан. Өглөө ажилдаа гарахдаа л жинхэнэ амьдралд хөл тавьж, эмийн сайндаа л ажил төрөлдөө амжиж очдог сон. Одоо бол карт уншигчтай болчихсон, автобус дотор нам  гүм.

Гэнэт  мөнөөх кондуктар эгч нар маань хаа явдаг бол гэж бодогдох шиг. Карт уншигч машин хүн биш болохоор кондуктар эгч нар шиг загнаж, зандарч, чимхэж, түлхэж чадахгүй. Зарим зорчигч  мөнгөө өгөхгүй “туулайчилж” байгаа харагдах. 10 зорчигчоос лавтай 2-3 хүн картаа цэнэглээгүй эсвэл бэлэн мөнгө сарвайж байгаа харагддаг. Өдөржин ийм давтамжаар явбал хэдэн төгрөгийн ч алдагдалд орж болохоор. Харин Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Автотээврийн хяналтын улсын байцаагч нар болон хяналтын ажилтнууд автобусны буудал дээр зогсож хяналт тавин ажиллаж эхэлжээ. Зорчигчдыг картаа уншуулж, амны хаалтаа зүүхийг шаардах боловч уулгалсан иргэд, уухичсан автобусны тоосонд булуулаад л хоцорно. 

Хяналтын ажилчдын өндөр өнгөөр шаардах дуу хоолой дээр үеийн танил дүр зургийг эрхгүй санагдуулна. Кондуктар байгаад ч, карт уншигчтай болоод ч мөнгөө төлдөггүй “хүндэт” зорчигчдын ухамсарт л юм хийхгүй бол "хөгжил" ухарсан ч, урагшилсан ч нэмэргүй дэг ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bus(202.179.26.56) 2020 оны 08 сарын 30

Ухрах араандаа хийвэл ухарна бусад араагаар урагшилна. Хэ хэ дүрэм нь тийм юм. Ха ха

0  |  0
Эрдэнэ(59.153.114.177) 2020 оны 08 сарын 30

100 гаран төгрөгний үнэтэй картыг хэд нугалж зарахаа боль 5000 төгрөгөөр авхад 3500 нь карны үнэ болж байна

1  |  1
Top