ХӨРӨГ: Эрдэнэ сэнсэйн ЕСӨН ТҮҮХ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Вокзалын дуудлагын түүх

Ганц улсаас хараат Монголын эдийн засаг хямарч, мянга мянган хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү маршаар алхсан 1990-ээд оны дундуур юм. Хориод жил багшилж, улс даяар туршлагаа түгээж явсан пионерын удирдагч С.Эрдэнэчулуун нэг л өдөр ажилдаа явсангүй. Социалист нийгмийн үед хариуцлага, санаачилгаараа бусдыг манлайлж байсан нам, эвлэл, пионерийн байгууллагын зуу зуун ажилтныг олон ургалч үзлийн нийгэм ад үзсэн нь тэр байлаа.

Хоёр жил гэртээ суув. Үйлдвэрүүд хаалгаа барьж, өчигдөрхөн “тэргүүний ажилчин” гэж магтуулж явсан хүмүүс архинд орж, хоногийн хоолоо хүчрэхээ больсон хэсэг нь ядуурлын ангал руу гулсан унав. Орой бүр олон айлыг түйвээх архины хэрүүл зодоон, томчуудын уур бухимдалд хамгийн түрүүнд хүүхдүүд нэрвэгдэв. Тэднийг хараад С.Эрдэнэчулуун багш элгээ эвхэн сууж чадсангүй. Өрхийнхөө хүнснээс илүүчлэн, өдөртөө хэдэн боов жигнээд гардаг боллоо. Траншей, орц хонгилоор явж, орон гэрээсээ дайжсан, сургуулиасаа завсардсан хүүхдүүдтэй уулзаж, судалгаа хийж эхлэв.

Нэг өдөр гэрийнх нь утас дуугарчээ.

-Багш аа та вокзал дээр хүрээд ирээч. 

Цагдаагийнхан “Халаас” аян өрнүүлж, өнөөх хэдэн тэнэмэл “найз”-ыг нь барьчихсан байж. Цагдааг

-Алив халаасчингууд гараа өргө! гэж тушаахад бүгд ярсхийтэл гараа өргөж байна. Суллахыг гуйвал цагдаагийнхан халгаасангүй:

-“Та эдний төлөө тэгтлээ санаа зовоод байгаа юм бол наад хүүхдүүдээ ахиж хулгай хийхгүй гэсэн баталгаа өгөөд гарын үсгээ зурчих” гэжээ. 

С.Эрдэнэчулуун багш тэр баталгааг өгч чадаагүй юм, гарын үсгээ ч зураагүй. Учир нь энэ хүүхдүүд амьд явахын төлөө л аргаа ядсандаа гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсныг мэдэрч, шимширч байлаа. Гэвч... нийгмийн энэ донсолгоот шилжилтийн эсрэг ажилгүй ганц багш юу хийж хүчрэх сэн билээ. Яг тэр утасны дуудлага, цагдаагийн газрын үүдэнд наранд ээх болжмор шиг зэрэгцээд суучихсан хэдэн халтар хүүхэд С.Эрдэнэчулуун багшийг “Нарны хүүхдүүд”-ийг байгуулахад түлхсэн юм. Багш хүний хувьд ч. Эх хүний хувьд ч...

“Нарны хүүхдүүдийн” түүх

1997 он. Дархан-Уул аймагт Хүүхдийн эрхийн төв байгуулагдав. Шилжилтийн үеийн бужигнаант жилүүдэд харах, хайхрах хүнгүй гудамжинд хаягдсан монгол хүүхдүүдэд туслахаар гадаадын сайн санаатнууд гар сунгалаа. Японы “Энх тайвны салхи” байгууллага Дархан- Уул аймагт хөтөлбөр хэрэгжүүлэх болоход хамгийн бодитой, сайн судалгаатай С.Эрдэнэчулуун багш хэрэгжүүлэгчээр тодорлоо. Энэ хөтөлбөрт өнчин, орон гэргүй 395 хүүхэд хамрагдсан.

Тэр он жилүүдэд сургууль завсардсан, зах дээр ажил хийдэг хүүхдүүдийг сургах, орц хонгилд амьдардаг балчир хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, радио телевизээр зайн сургалт явуулах, “Хүүхдийн шуудан”, гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллуулах, эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд өмгөөлөл хийх, гэмт хэрэгт орж болзошгүй хүүхдүүдийг хүмүүжүүлэх... гээд С.Эрдэнэчулуун даргатай Дархан-Уул аймгийн Хүүхдийн эрхийн төвийнхөн зав зайгүй зүтгэж билээ. 

2000 онд Английн “Хүүхдийг ивээх сан”-гаас Халамжийн төв байгууллаа. Тэнд орон гэргүй 20 хүүхдийг сургаж, хүмүүжүүлж байв. Харамсалтай нь, төсөл зогсоход хүүхдүүд эргээд л гудамж, траншейдээ очжээ. Тэднийхээ ямар явааг харсан С.Эрдэнэчулуун багшийн зүрх шимширч, хөөцөлдөн гүйсээр тавыг нь л буцааж авчирч чадсан юм. Тэр л үед “Хүүхдүүдтэйгээ насан турш холбоотой  Асрамжийн төв нээж болохгүй юу” хэмээн өөрөөсөө асууж.  2000 онд “Хот айл” төслөөс үлдсэн байшинг авч, асрамжийн төвөө нээлээ. Нээлтэн дээрээ С.Эрдэнэчулуун багш “Бид насан туршийн гэр бүл байх ёстой” гэж өөртөө ч, хүүхдүүддээ ч амлажээ. “Нарны хүүхдүүд”-ийн намтрын хуудас ийнхүү эхэлсэн. 

“Нарны хүүхдүүд” гэр бүл. Төвөө байгуулахад нь тусалсан япон продюсер, хүүхдүүдэд нь хоолны мөнгө өгч байсан Наран улсын сайхан сэтгэлт хүмүүсийг хүндэтгэж ийн нэрлэсэн хэрэг. Басхүү дурдахаас аргагүй гайхалтай нэгэн дурсамжийг сөхөх учиртай. Тэр дурсамж С.Эрдэнэчулуун багшийн аав Ц.Санжаагийн амьдралтай холбоотой.

Эмч аав, тогооч ээжийн түүх

1960-аад онд болсон явдал. 1939, 1945 оны дайны ахмад дайчин, 7-р морьт дивизийн эмч Ц.Санжаа “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” болохоор өргөдөл гаргажээ. Дивизийнхээ эмчийн  үнэн зөв мэдүүлснийг Монгол Улсын баатар Ш.Гонгор, “Алаг морьт” Л.Дандар баатар хоёр батлан даасан гэнэ. Өргөдлийн дагуу шалгалтын комисс уулзаж.

-Та 1939, 1945 оны дайнд хэдэн дайсан устгасан бэ. гэсэн асуултад Ц.Санжаа гуай

-Нэг ч хүн алаагүй ээ. Би эмч хүн болохоор дайснаа эмчилж явсан гэж үнэнээ өчиж. Шалгалтын комисс фронтын эмчийг дайнд оролцсон ахмад дайчдын эдэлдэг бүх хөнгөлөлт, тэтгэмжээс дуу нэгтэйгээр хасч орхисон байна.

Уг нь Ц.Санжаа гуай эх орныхоо тушаалаар оч гэсэн газарт очиж, хий гэснийг нь хийж амьдарсан хүн. 1930-аад онд Аж үйлдвэрийн комбинат байгуулах үед савхин гутлын сургалтад явах хүн олддоггүй, Ц.Санжаа “өнчин өрөөсөн татлаа түлхээгүйгээрээ би явъя” гэснээр Орост хоёр жил сурчээ. Ирчихээд гуталчин хийж байхдаа Хүн эмнэлгийн техникумд сурах хүний эрэл сурал болоход ахиад сайн дураараа явсан аж. Орост хүн эмнэлгийн техникумд сурч байхдаа Дэлхийн хоёрдугаар дайны дарийг үнэрлэж, Ленинградын алдарт 900 хоногийн бүслэлтийг биеэрээ туулжээ.

Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоны дараа Олзны япон цэргүүдийг хариуцсан эмчээр хоёр жил ажилласан байна. Энэ үедээ олзны цэргүүдийн дунд дэлгэрсэн халдварт өвчин тусч, үхлүүт шахуу Москвад хүргэгдээд, эдгэж ирүүтээ олон хоригдлыг эмчилсэн гэнэ. Тэгээд Эм хангамжийн баазад ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ. Ц.Санжаа эмч Эмийн сангийн эрхлэгч байхдаа витамин С, хагны тос, поливитамин, “Тарваган шийр” зэрэг олон эмийг зохион бүтээж, “Мөсөн чихэр”, “Хурим” чихэр хийх технологийг боловсруулж, Булган аймгийн Хүнсний үйлдвэрт туршиж байсан ч удаатай.

Хувь заяаны учрал тохиол оо гэж... Япон цэргүүдийг эмчилж байсныхаа төлөө шагнал, хангамжаас хасагдсан ахмад дайчны охинд хожим эмчилж эдгээсэн хүмүүсийнх нь хойч үе тусална гэж хэн таах билээ. Багшийг хүүхдүүдтэйгээ Японд тоглолт хийх бүрт эцгийнх нь тухай дурсан ярьдаг гэсэн. Тэр бүрийд С.Эрдэнэчулуун багш тэнгэрт одсон бурхан аавдаа талархан залбирдаг.

Багшийн ээж нийслэлийн 36, 37 дугаар цэцэрлэгт тогооч байсан. Гайхалтай ажилсаг энэ эмэгтэй юм ховор цагт сүүг өтгөрүүлж байгаад “молоко”, түүсэн жимсээрээ чанамал, нарийн боов, бялуу, салат хийдэг, юу ч хийсэн дэргэдээ охиноо дагуулаад заадаг байсан гэнэ. Ээжийнхээ жороор хийсэн боовоо бариад л тэнэмэл хүүхдүүдийн судалгаагаа хийж явсан шүү дээ С.Эрдэнэчулуун багш. Аав, ээжээсээ өвлөсөн авхаалжтай, бүтээлч, ажилсаг зан отгон охиныг нь насан турш түшиж яваа. Ялангуяа амьдралын хамгийн бартаа, бүдрээтэй үед. Тэр тухай өгүүлэхэд оёход хялбар, харахад энгийн ширээний бүтээлгийн түүх сөхөгдөнө.

Тууш оёдолтой ширээний бүтээлгийн түүх

2000 оны намар. “Хүүхдүүдийнхээ авьяасыг ардын урлагаар хөгжүүлье. Давхар ёс заншил, соёлоо сургая” гэж  С.Эрдэнэчулуун багш боджээ. Ингээд морин хуур, ятга, хөөмий, бүжиг, уран нугаралт заалгаж эхлэв. 2003 оноос “Нарны хүүхдүүд” Япон улсад жил бүр тоглолт хийх боллоо. 2005 оны тоглолтын орлогоороо Урлагийн сургуулиа, 2006 оны мөнгөөрөө Охидын байр барьжээ. Гэтэл хамтран ажиллагсдаас нэг нь “С.Эрдэнэчулуун багш хүүхдүүдийн тоглолтын мөнгөөр хувьдаа байшин бариулсан” гэж асрамжийн төвийн гол санхүүжүүлэгч Японы байгууллагад худал матчихжээ. Чанд хатуу, зарчимч япончууд тэр даруй санхүүжилтээ зогсоов. С.Эрдэнэчулуун багшийг шүүх, цагдаад дуудав.

Бүтэн арван сар С.Эрдэнэчулуун багш “Нарны хүүхдүүдээ” аврахын төлөө тэмцсэн юм. Багш нартаа 10 сар цалин тавьж чадсангүй. “Сайн үйлс хийж байгаа учир хэн нэгэн хүн тусална” гэсэн найдлага тээн Монголдоо нэртэй олон компани, байгууллагаас хандив гуйв. Арга буюу хувийн сууцаа зарж, хүүхдүүдээ хооллов. Тэр үед багшийн бат нот ойлгож авсан зүйл бол “Бусдын гарыг хараад бүтэхгүй юм байна. Өөртөө л итгэе” байлаа. Тийн шийдэх үед түүнд байсан хамгийн үнэтэй хөрөнгө бол хүүхдүүд нь, хэчнээн хэцүү байсан ч ажлаа орхиогүй багш нар нь байлаа. 

Тэд оёдлын дөрвөн хуучин машин аваад амрыг нь бодож, тууш оёдолтой ширээний бүтээлэг хийж эхлэв. Телевизээр Японд “Хүн бүр савхтайгаа” хөдөлгөөн өрнөсөн тухай мэдээг үзсэн С.Эрдэнэчулуун багш Нарантуулаас даавуу авч, савхны уут оёж зарлаа. Яваандаа эсгий улавч, хайчилбар хийлээ. Оёдог, хийдэг зүйлийнх нь тоо нэмэгдсээр. Багш, сурагчгүй дээл, даашинз, тоглолтын хувцсаа урладаг болов. Өрөө ч дарлаа. Өнөөдөр энэ оёдлын цех долоо хоног тутам Япон руу захиалгат ажлаа явуулж, өнөр бүлийнхээ 40 хүүхдийг хувцасладаг. Багш нар нь амралтын өдөртөө оёдлын цехдээ ажиллаж, хуримтлуулсан мөнгөөрөө бүгдээрээ орон байртай болцгоожээ.

Нарийн боовны цех нь хоёр цэцэрлэгийг талх, боовоор хангадаг. 2008 оны орлогоороо барьсан Амьдрах ухааны төвийн мужааны цехэд бэлэг дурсгал, уран хайчилбар, зураг, зээгт наамал хийдэг.

Тэд дөрвөн жилийн өмнө зээл авч, “Япон авто угаалгын газар” нээсэн. Тэнд ажилласан хүүхэд бүр цалинтай. Оёдол, нарийн боов, мужааны цехэд юм хийхэд ч адилхан. Бахархмаар шүү, “Нарны хүүхдүүд” хэрэглээний бүх зүйлээ өөрсдөө хийдэг. 

“Бэрхшээлгүй амьдрал гэж байхгүй. Би сөхөрвөл олон хүний амьдрал сөхөрнө. Би алдвал олон хүний амьдрал хохирно. Тиймээс би алдах эрхгүй хүн” гэж С.Эрдэнэчулуун багш өөртөө хэлсэн. Тийн өөрийгөө чангаруулахын учрыг дараагийн түүх тайлна.  

Охиноо дагуулж ирсэн ээжийн түүх

Зуны амралт дуусахын өмнөхөн юм. Ядруухан бүсгүй, хүнээр түшүүлчихсэн арайхийн орж ирлээ. Хоёрдугаар ангийн сурагч охиноо дагуулчихаж.

“Багш аа, та миний охиныг насанд хүртэл нь өсгөөд өгөөч. Ах дүү нарт минь битгий өгөөрэй. Хүн шиг хүн болгоорой”. 

Ийн захиад, охиноо үнсээд гарсан бүсгүй яг гурав хоногийн дараа сүрьеэгээр нас барсан юм. Өнчирсөн охин нь ээж шигээ өвчтэй, дээр нь ээрүү, хөл доголон. Хамаатан саднаас нь хэн ч охиныг авахыг хүссэнгүй. Ээжийгээ санасан охин бэтгэрч, үс нь унаж халзрав. Түүнийг ичээхгүйн тулд “Нарны хүүхдүүд” бүгдээрээ үсээ хусаж, даавуун алчуураар ижилсэн гоёжээ.

Гурван жил уйгагүй оролдсоны хүчинд охин эдгэсэн. Таван жилийн дараа охин химийн олимпиадад аймагтаа тэргүүлж, улсын химийн олимпиадад хоёрдугаар байр эзлэв. Одоо тэр эмч болсон. “Нарны хүүхдүүд”-ийн намтар бүрийн цаана ийм л нулимс унагам түүхүүд нуугдаастай. 2020 оны хавар эдний хоёр хүүхэд МУБИС, нэг хүүхэд ОХУ-ын Цэргийн нисэх хүчний их сургуульд орсон. Нэг хүүхэд их сургуулиа төгсчээ. Одоо эдний хамгийн бага нь зургаан настай.

Энд өнчин хүүхдийг баг, сум, цагдаагийн газрын тодорхойлолтоор авч өсгөдөг. Авьяасыг нь хөгжүүлдэг, их дээд сургуулийн төлбөрийг нь даадаг болохоор амьдрал ядруу айлууд хүүхдээ өгөхөөр зүтгэнэ. Тиймээс төвийнхөн авах хүүхдээ сайн судалдаг.

Хүүхдүүдийн ихэнх нь бүтэн өнчин, голдуу эхээрээ овоглодог. Заримынх нь эцэг эх гудамж, траншейгээр хоноглодог, үр хүүхдээ байтугай өөрсдийгөө яая гэсэн хүмүүс бий. Тэгэхэд хүний үр гэдэг... хүүгээ танихгүй гудамжинд хэвтэх хөлчүү эх рүүгээ гүйж очоод, сэгсийсэн үсийг нь энхрийлэн илэхдээ нар нь гарч, нүд нь гэрэлтдэг гэх. Төвийн багш нарын ярьснаар, хагацал үзсэн хүүхдүүд анх ирэхдээ хүнтэй дуугардаггүй, харц доошоо, их бэтгэрсэн байдаг гэнэ. Хар нялхаараа үс нь цайсан хүүхэд ч бий. “Өнчин хүн өөнтөгч” гэгчээр мэдрэмтгий, бас гомдомхой. Өөрийгөө бусдаас дорд гэж сэтгэнэ. Юм л бол уйлна. Шөнө зүүдэлж босно. Хэчнээн угааж цэвэрлээд байхад эцэг эхээ санаж бэтгэрсэн хүүхэд бөөстөнө. Тэднийг дасгаж, зүрхэнд нь унасан хагацлын мөсийг хайлуулахын тулд өвөртөлж унтахаас эхлээд олон аргаар хайрлана. Хамгийн хэцүү нь “Эх, үрсийн баяр”-аар парк дагуулж явах. “Аавтай, ээжтэйгээ явж байгаа хүүхдүүд рүү манай хэдийн харц унаад байдаг. Өөр хүүхдүүдийг аав нь өргөх, ээж нь илэхэд л эдний маань нүдэнд нулимс дүүрээд ирдэг...” гэж багш нар нь учирласан.

Эрт амьдрал таньсны хэрээр эдний хүүхдүүд ухаалаг. Ангийнхан нь аав ээжийнхээ өгсөн мөнгөөр хуушуур, бууз авч идэхэд “Нарны хүүхдүүд” хол очиж зогсох юм уу, ном унших зэргээр сатаардаг, хүмүүсийн өгсөн чихэр шоколадыг хадгалж байгаад сүүлд сургууль руугаа авч явдаг гээд бяцхан биедээ ахадсан ухаантай. Хүүхдүүдээ аль болох ах дүүстэй нь холбоотой байлгахыг “Нарны хүүхдүүд” асрамжийн төвийнхөн хичээдэг юм байна. Тиймээс улирлын амралтаар хүүхдүүдийг авъя гэсэн эмээ өвөө, ах дүүсийнх рүү нь явуулдаг. С.Эрдэнэчулуун багш зарим хүүхдийнхээ асран хамгаалагч. Тэднийхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэр дээр нээсэн дансанд хийдэг. Хураасан мөнгөө хүүхдүүд сургуулиа төгсөхдөө, айл гэр болохдоо гээд амьдралын чухал үедээ зарцуулна. Харин хэд хэдэн хүүхдийн тэтгэмжийг хамаатан садан нь авдаг гэнэ. Ганц оймс ч авч өгөхгүй хэрнээ хууль ёсны тэтгэмжийг нь, хүүхдийн 20 мянган төгрөгтэй нь аваад байгаа хүмүүстэй уулзаж шаардлага тавихад “Шуналтай авгай, чамд хамаагүй” гэж загнана, занана. Тийм л хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө С.Эрдэнэчулуун багш их санаа зовдог юм билээ.

“Нарны хүүхдүүддээ төрүүлсэн хүүхдээсээ ч илүү санаа зовдог” гэж эндэхийн нэг багш нууцаа дэлгэсэн. Аз болоход “Нарны хүүхдүүд” чийрэг. Зунжингаа гадаа хөл нүцгэн гүйж, тоглож, шар сүүгээр арчуулж, наранд шарна. Сүү тараг ууна. Өвөлдөө адууны мах, аарц, аньсны шүүсээр тасрахгүй.  “Нарны хүүхдүүд” өдөр бүр адал явдалтай. Нэг ийм явдал болжээ.

Үргэлжлэл бий ...

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.28) 2020 оны 09 сарын 07

ХҮМҮҮНЛЭГИЙН НЭР БАРЬЖ АМЬДРАХ АРГА, ХӨЛЖИХ ЭХ ҮҮСВЭР, ЦААШИЛБАЛ АЛДАР НЭР ОЛЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ГОЛ ДҮРҮҮДИЙН НЭГ. ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАЙ БЭР НЬ ОУЫН ТЭЭВЭР ЗУУЧИЛАЛ, ХҮҮХДҮҮД НЬ БАРИЛГА, БАНК БУС ХЗХОРШОО ГЭЭД ОЛОН САЛБАРТ МӨНГӨ УГААЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН МУУР БАГШТАЙ ТАНИЛЦ.

0  |  0
Зочин(103.10.21.28) 2020 оны 09 сарын 07

ХҮМҮҮНЛЭГИЙН НЭР БАРЬЖ АМЬДРАХ АРГА, ХӨЛЖИХ ЭХ ҮҮСВЭР, ЦААШИЛБАЛ АЛДАР НЭР ОЛЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ГОЛ ДҮРҮҮДИЙН НЭГ. ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАЙ БЭР НЬ ОУЫН ТЭЭВЭР ЗУУЧИЛАЛ, ХҮҮХДҮҮД НЬ БАРИЛГА, БАНК БУС ХЗХОРШОО ГЭЭД ОЛОН САЛБАРТ МӨНГӨ УГААЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН МУУР БАГШТАЙ ТАНИЛЦ.

0  |  0
Зочин(24.102.101.173) 2020 оны 09 сарын 02

Эрдэнэчулуун багш биднийг хүүхэд байхад пионерийн удирдагч байсан. Хүүхдийн төлөө үйлсэд насаараа зүтгэж яваа багш хүн дээ. Миний хувьд түүнийг сайн багш хүнлэг хүн гэж боддог.

0  |  0
Зочин(24.102.101.173) 2020 оны 09 сарын 02

Эрдэнэчулуун багш биднийг хүүхэд байхад пионерийн удирдагч байсан. Хүүхдийн төлөө үйлсэд насаараа зүтгэж яваа багш хүн дээ. Миний хувьд түүнийг сайн багш хүнлэг хүн гэж боддог.

1  |  0
Зочин(24.102.101.173) 2020 оны 09 сарын 02

Эрдэнэчулуун багш биднийг хүүхэд байхад пионерийн удирдагч байсан. Хүүхдийн төлөө үйлсэд насаараа зүтгэж яваа багш хүн дээ. Миний хувьд түүнийг сайн багш хүнлэг хүн гэж боддог.

0  |  0
Зочин(192.82.77.245) 2020 оны 09 сарын 05

ХҮМҮҮНЛЭГИЙН НЭР БАРЬЖ АМЬДРАХ АРГА, ХӨЛЖИХ ЭХ ҮҮСВЭР, ЦААШИЛБАЛ АЛДАР НЭР ОЛЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ГОЛ ДҮРҮҮДИЙН НЭГ. ХҮМҮҮНЛЭГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААРАЙ БЭР НЬ ОУЫН ТЭЭВЭР ЗУУЧИЛАЛ, ХҮҮХДҮҮД НЬ БАРИЛГА, БАНК БУС ХЗХОРШОО ГЭЭД ОЛОН САЛБАРТ МӨНГӨ УГААЖ БАЙГАА ОРЧИН ЦАГЫН МУУР БАГШТАЙ ТАНИЛЦ.

1  |  0
Зочин(192.82.77.245) 2020 оны 09 сарын 01

ЭНЭ АСРӨМЖИЙН ГАЗРЫН ЭХНИЙ 20 ХҮҮХЭД Л БҮТЭН ӨНЧИН БАЙСАН. ССҮҮЛИЙН 10ЖИЛ ДАНДАА ЭЦЭГ ЭХТЭЙ АВЬЯАСТАЙ ХҮҮХДИЙГ ЦУГЛУУЛЖ ЭЦЭГ ЭХТЭЙ НЬ НУУЦ ХЭЛЦЭЛ ХИЙСЭН. ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ ЗАЛИЛАН ХИЙЖ УЛС ОРОН АЛГАСЧ ЗАЛИЛАН МЭХЛЭЖ БАЙГАА ЭМГЭН.

0  |  0
зочин(192.82.77.245) 2020 оны 09 сарын 01

ТАРВАГАДОРЖИЙГ ХУЛХИДАЖ ГАВЬЯАТ БАГШ БОЛСОН.СҮҮЛД ЖЕНКО АГААГ ХУЛХИДААД ЭЦЭГ ЭХТЭЙ НУГАРДАГ ОХИНОО ӨҮТЭН ӨНЧИН ГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТШЭМЖИНД ХАМРУУЛСАН. ТӨРМЙН БОЛРН ТӨРИЙН ТЭТГЭЛЭГТ УРЛАГЫН АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ХАМРУУЛЖ СУРГАНА. ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД ӨНЧИН ӨРӨВДӨЛТӨЙ ДҮРД ТОГЛООД . ӨР НИМГЭН ЯПОН ХӨГШЧҮҮЛ БАС ДЭЭРЭЭС СУРГАЛТЫН ТӨЛБӨР, БАЙР ХООЛНЫ ТӨЛБӨРИЙГ ДАВХАР МЭДЭХГҮЙ ТӨЛНӨ.БҮХ МӨНГӨ МОНШОЛ ТЕРЕЗА ЭХИЙН ГАРААР ДАМЖИНА.

0  |  0
Zochin(66.181.161.21) 2020 оны 09 сарын 01

Mongol huuhduudeer japand guillgachin shig hairtsag zuuj money tsugluulaad toglolt n tsutslagdsan. Shunaltai avgai mon bna.

0  |  0
Зочин(64.119.21.197) 2020 оны 09 сарын 01

Энэ авгай ч өнчин өрөөсөн тэнэмэл нэртэй хүүхдийн нэр барьж Япончуудаас мөн ч их мөнгө олсон доо. Өнчин хүүхдийн тал нь энд тэндэхийн урлагын үзлэгээс олсон эцэг эхтэй хүүхдүүд. Хороо дүүргийн газраар аргалж авилгадаж өнчин болгоод улс орон түмэн олонг хуурч хзүхдийн нэрээр залилан мэхэлж мөлжиж явдаг бузар гар. Юун Загдаа эгэ хүний хажууд гэгээн Мария.\n

0  |  0
Top