ОХУ вакцинаа Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзан, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсон сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын амжилт хүсээд хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, санал санаачилгыг танилцуулахын зэрэгцээ ОХУ дахь КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар товч мэдээлэв.

Тэрбээр ОХУ-д сүүлийн есөн өдрийн туршид хоногт 5000-аас доош шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ба Монгол Улстай хил залгаа бүс нутгуудын халдварын тархалт харьцангуй бага, Санкт-Петербург хотод дундаж, харин Москва хотод халдварын тархалт өндөр, нөхцөл байдал хүндхэн байгааг мэдээлээд КОВИД-19 халдварын эсрэг “Спутник-V” вакцины талаар товч танилцуулжээ.

Тэрбээр мөн вакцины туршилт амжилттай болсон тохиолдолд холбогдох хууль журмын дагуу Монгол Улсад нийлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ ОХУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудад зохион байгуулагддаг, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээрх сургалтууд энэ оны 10-12 дугаар сард зохион байгуулагдах бөгөөд эдгээр сургалтуудад Монгол эмч мэргэжилтнүүдийг хүлээн авахад бэлэн байгааг мэдэгдээд КОВИД-19 халдварын цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцлон тэмдэглэж, баяр хүргэжээ.
 

Top