Холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал Тайланд улсад тэмцээнд оролцохоор очсон ч коронавирусний улмаас төлөвлөсөн уралдаанууд нь цуцлагдаж, хүнд байдалд орсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж хуваалцсан юм. Олон нийтийн сүлжээ, гадаад, дотоод дахь монголчуудын анхаарлыг ихэд татсан энэхүү постны эзэн Б.Буджаргалын үүсгэн байгуулсан Монголын холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндуламтай ярилцаж, тулгарсан хүндрэл, нөхцөл байдлыг тодрууллаа.
-Б.Буджаргалын хувьд Тайланд руу яг хэзээ явсан бэ. Тийшээ явсан зорилгын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд явсан. Нэгдүгээр сард болох 72 цагийн гүйлтийн тэмцээнд оролцох, үргэлжлүүлээд энэ оны дөрөвдүгээр сард болох байсан 10 өдөр 10 шөнийн гүйлтийн ДАШТ, зургаадугаар сард болох байсан 5000 км-ын холын зайн уралдаанд өрсөлдөх төлөвлөгөөтэйгөөр Тайланд руу явсан. Очсоныхоо дараа буюу нэгдүгээр сарын 19-нд болсон 72 цагийн гүйлтийн уралдаанл амжилттай оролцож, хоёрдугаар байрт орсон. Бартаат замын уралдаан байсан. Өөрийнх нь ордог төрлөөс өөр гэсэн үг. ДАШТ-дээ бэлтгээд, илүү хүнд зам, сорилтой тэмцээнд өөрийгөө сойж үзсэн юм. ДАШТ халуун уур амьсгалтай газруудад болох байсан учир тэндээ бэлтгэл хийж, халуун орчинд дасах ёстой гээд зүтгээд байсан юм. Ингээд байж байтал зорьсон хоёр гол тэмцээн нь коронавирусний улмаас хугацаа нь тодорхойгүйгээр цуцлагдаж, нөхцөл байдал эсрэгээрээ эргэлээ.
-Яг одоо тамирчны бодит нөхцөл байдал ямар байна. Хаана амьдарч байгаа вэ?
-Хөлсний байранд өнгөрсөн хугацаанд байсан. Анх эндээс дасгалжуулагчтайгаа хамт явсан юм. Харамсалтай нь, тэмцээнүүд удаан хугацаагаар хойшилж, тэндэх нөхцөл байдал хүндэрсэн учраас наашаа буцаахаас аргагүй болсон. Үнэхээр байдал хүндрээд олон нийтэд хандсан байх. Байрны төлбөрөө өгч чадахгүй бясалгалын төвд хүртэл сар гаруй хугацаанд амьдарсан. Тайландад болсон 72 цагийн тэмцээнд оролцоход нь үзэж байсан лам нар дэмжин, хоол хүнс, байраар тусалсан юм билээ. Анх эндээс явахдаа холын зайн гүйлтээр дэлхийн рекорд эвдэнэ л гэж зорьж гарсан болохоор бэлтгэл хангах тал дээр өөрөө их ач холбогдол өгсөн. Тэгэхээс ч аргагүй юм. Удаан гүйж, өдөр, шөнөгүй бэлтгэл хийдэг болохоор булчин чангарна. Дасгалжуулагч, бариач гээд олон улсын жишгээр уралдахад наад захын ямар шаардлага хангасан байх ёстой билээ тэр бүгдийг хангахыг хичээсэн. Дөрөвдүгээр сараас хойш яаж ч хичээгээд тэд нарынхаа цалин хөлс, хоол хүнсийг ч өгөх боломжгүй болсон. Юуг нь нуухав. Хамгийн сүүлд аргаа бараад өөрийнхөө байрыг зарж, өрөө дарсан. Эндээс явахдаа эхлээд барьцаанд тавиад, зээл авчихсан байсан юм. Тэнд байх хугацаанд барьцааны гэрээ дуусаж, байраа зарахаас өөр сонголт үлдээгүй. Гэрт нь хэдэн хайрцаг дүүрэн цом, медаль нь л үлдсэн байсан. Өрөө дарж, өөртөө жаахан эмчилгээ хийлгээд, өнөөдрийг хүртэл өөрийгөө арай ядан аргалж ирсэн байх. Одоо бол нэг хоног ч цаашаа бэлтгэлээ үргэлжүүлэх боломжгүй, ядарч, ямар ч мөнгөгүй болж, санхүүгийн хувьд мухардалд орсон.
-Б.Буджаргал Холын зайн гүйлтийн анхны аварга. Бүр Дэлхийн дөрвөн удаагийн аварга тамирчин. Гэтэл түүнийг гэсэн дэмжлэг их сул байдаг юм аа даа гэж өөрийнх нь бичсэнийг уншаад бодож байлаа?
-Нутгийн ах дүүс, найз нөхөд, сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж дэмжинэ ээ. Гэхдээ бид олон газраар явж, очиж уулзаж, энэ хүн юуны төлөө ингэж явааг, ямар амжилт гаргаад байгааг ойлгуулах гэж, тэмцээн, уралдаанд оролцох боломжоор дэмжиж өгөөч ээ гэж бишгүй л хүмүүс болон байгууллагад хандаж байсан. Уйлмаар санагдаад л өрөөнөөс нь гарч байсан. Нэрийг нь дурьдаад яахав. Ер нь монголчууд бид Монголынхоо нэрийг мандуулахын төлөө, дуурсгахын төлөө өөрийн бие сэтгэл, залуу насыг умартаж яваа энэ хэдхэн хүмүүсээ хайрлах ёстой л гэж боддог. Асашёорюү аваргын гавьяаг бид мартаж болохгүй шүү дээ. Яаж Монголыг цуурайтуулж байлаа. Одоо гэтэл тэр гавьяаг мартах гээд байна. “The Hu” хамтлаг Европ даяар, дэлхий нийтээр Монголын нэрийг гаргаж байна. Гэтэл тэд маань эх орондоо ирж чадахгүй, бид сайхан угтаад авчихаж чадахгүй, сэтгэл зүйн ийм нэг алдаа, дутагдал бидэнд яваад л байгаа юм шиг санагддаг.
-Өөрийнх нь эрүүл мэндийн байдал ямар байна. Уураг витамин, хоол унд муутай байгаа бол тамирчин хүнд, тэр тусмаа ийм олон цагийн бэлтгэл хийдэг гүйлтийн хүнд мөн хэцүү байгаа даа?
-Олон өдрийн гүйлтийн тамирчин шингэн зүйл уухдаа хүртэл ус уудаггүй. Жимсний 100 хувийн шүүс уух ёстой. Эрдсээ өндөр хэмжээнд алдаж байдаг болохоор хоол хүнс, витамин гээд аль чанартай зүйлс хэрэглэх ёстой ч одоо бол юун тэр байтугай л болоод байна. Өдөртөө ус ууж, үнэрлэх төдий л хоол идэж байна гэж ярьсан. Эрүүл мэндийн хувьд харьцангуй сайн байна. Өөрөө бие сайтай, тэсвэртэй юм. Олон өдрийн гүйлтийн Олон улсын уралдаанд оролцох тамирчдын эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулдаг. Сар бүр эмчийн үзлэгт орж, биеийн байдлаа хянаж байх ёстой. Гэтэл Б.Буджаргал санхүүгийн хүндрэлээс шалтгаалаад өнгөрсөн найман сард л нэг удаа эмнэлэгт бүрэн шинжилгээ өгсөн. Гадаад харилцааны яаманд тамирчны хувиар хандаж, өөртөө тулгарсан асуудлыг ойлгуулж чадсан. ГХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу Бангког дахь Консулын газраас мөнгөн хэлбэрээр туслах боломжгүй гээд эмнэлэг явах унаа машинаар үйлчилж өгсөн байа лээ. Шинжилгээ өгөх, эм, уураг, витамин авах зэрэг бүх зардлыг хувиасаа гаргаж байсан.
-Дэлхийн аварга болохдоо өөрийнхөө дээд амжилтыг хэдэн км-ээр тогтоосон бэ?
-Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд есөн удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, дөрөвт нь аварга болсон. Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн ДАШТ-д тогтоосон дээд амжилт нь 1174 км байдаг. Анх уралдаан орохдоо энэ хугацаанд 700 гаруй км гүйж байсан бол сүүлд өөрийнхөө амжилтыг 1174 болгож шинэчилсэн. Одоо түүний зорилго бол ерөөсөө л дэлхийн дээд амжилтыг эвдэх, шинэчлэн тогтоох. Монгол хүний тэсвэр хатуужлыг тэр цэгт аваачих, өөрөөрөө дамжуулан Монголынхоо нэрийг энэ төрөлд гаргах юм. Б.Буджаргалын амжилт, чадвар, тэвчээрийг дэлхийн 70, 80 оронд хүлээн зөвшөөрч, уралдаан, тэмцээн болохоор л “Энэ монгол залуу түрүүлэх байх” гэж хардаг болсон шүү дээ.
-Олон өдрийн уралдаанд унтахгүйгээр, идэж уухгүйгээр шахуу гүйнэ, тэгээд дээрээс нь байнгын бэлтгэл хийнэ гэдэг хэтэрхий их тэвчээр шаардсан тэмцэл?
-Би зөвхөн дасгал хийж байх хугацааг нь анзаарахад л өглөө болгон 03:30 цагт сэрээд, 30 минутын дараа гүйх талбай дээрээ очсон байдаг. Ингээд үүрийн дөрвөн цагаас тасралтгүй зургаан цагийн хугацаанд хөнгөн гүйх бэлтгэл хийдэг. Өглөө бүр 2 км-ын тойрог талбайг тойрсоор 40 гаруй км гүйдэг гэсэн үг. Үдээс хойш хоёр цагийн хугацаанд амарна. Орой дахиад 30-аад км гүйнэ. Ингээд өдөрт 8-10 цагийн бэлтгэл хийдэг. Энэ бэлтгэлийг энэ хүн сүүлийн жилүүдэд хийж байна шүү дээ.
-Олон өдрийн уралдаанд оролцох үедээ өдөрт ямар хугацаанд амардаг вэ?
-Уралдааны үеэр тамирчид амрах хугацаагаа өөрсдөө зохицуулдаг. Танхимд хоол хүнс, цай, кофе, ундаа, ус гээд бүх идэж уух зүйлс хангалттай бэлтгэсэн байдаг. Тэндээс чөлөөтэй хэрэглэх боломжтой. Зарим тамирчид шөнөдөө 2-3 цаг унтана, ер нь янз бүр. Тухайн хүний биеийн онцлог, тэсвэрээс л хамаарна. Б.Буджаргалын хувьд зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн үеэр 24 цагийн хугацаанд 40 минут л унтаж амардаг. “Өөртөө сэрүүлэгтэй юм шиг яг л 40 минут амраад сэрчихдэг” гэж дасгалжуулагчид нь ярьж байсан. Цаг алдахгүйн тулд гүйлт дундаа л идэж, ууна. Ерөөсөө сул зогсохгүй. Тийм их тэвчээртэй.
-Одоо жин хэдтэй байна?
-49 кг болсон гэсэн. Ердийн жингээ 52 кг дээр барьж байсан юм.
-Энэ сард 12 цагийн гүйлтийн уралдаанд оролцох урилга хүлээж авсан юм байна. Монголчууд маань сайхан сэтгэл гарган, тусалж дэмжихээ илэрхийлжээ. Хэрэв түүнд туслах хандивын аян амжилтад хүрвэл энэ тэмцээнд оролцох боломжтой юу?
-Есдүгээр сарын 20-нд Тайландад 12 цагийн гүйлтийн тэмцээн болно. Дараа нь аравдугаар сарын 1-нд Хятадад зургаан өдөр, зургаан шөнийн уралдаанд оролцох урилга мөн ирсэн. Эрүүл мэнд, бэлтгэл, сэтгэл зүйн хувьд оролцох боломжтой гэж үзэж байгаа. Ингээд цаашлаад арваннэгдүгээр сарын 16, арванхоёрдугаар сарын 28-нд тус тус АНУ-д болох мөн зургаан өдөр, зургаан шөнийн уралдаанд оролцохыг зорьж байгаа. Өчигдөр ярихад маш их урам авсан байна лээ. Сэтгэл зүйн хувьд их сэргэсэн нь анзаарагдсан. Хэд хоногийн өмнө холбогдоход уйлчих гээд хоолой нь зангираад дуу нь ч гарахгүй. Тийм хүнд байдалд орсон байсан. Д.Дагвадорж аварга хэлсэн байдаг шүү дээ, “Сүмо барилдана гэдэг чинь алаан байхгүй юу” гээд. Үнэхээр тамирчин хүмүүст өрсөлдөгчөөс өөр олон арван бэрхшээл байдгийг өөр илэрхийлж хэлэх үг олдоогүй байх. Бие махбодьтойгоо хүртэл зөрчилдөж, тэгж их сэтгэл зүйн тулаан хийдэг юм байна. Биеийн гэхээсээ илүү сэтгэлийн тэсвэр, тэвчээр, маш их хатуужил байдаг гэдэг нь Б.Буджаргалаас үргэлж харагддаг. Одоо миний санааг хамгийн ихээр зовоож байгаа зүйл бол эмчгүй, дасгалжуулагчгүй, зааварлагчгүйгээр ийм хүнд бэлтгэл, уралдаанд өөрийгөө болгоод яваа байгаа нь. Ийм байдал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байна. Дасгалжуулагч, эмч, зөвлөгчгүйгээр ийм хэмжээнд бэлтгэгдэж, хэвийн байдлаа хадгалдаг тамирчин ховор гэж гадны мэргэжилтэн, дасгалжуулагчид хэлдэг. Дэлхийд ховор гэдэг. Яг үнэндээ Б.Буджаргалд гадны тамирчин болох санал хүртэл ирсэн дээ. Тэрийг огт хүлээж аваагүй. Энийгээ хүнд ч ярьж байгаагүй. Би харин тэр талаар мэднэ.