С.Уянга: "Ковид-19" боловсролын салбарыг сорьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

“Ковид-19” цар тахлын үеийн Монголын болон олон улсын боловсролын салбарын төлөв байдал, ойрын ирээдүйн талаар ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгатай ярилцлаа.


-Цар тахал дэлхийг хамарч түгшээж буй өнөөгийн онцгой үед ЮНЕСКО гишүүн улс орнууддаа ямар заавар, зөвлөмж өгч байгаа вэ?

-Саяхны судалгаагаар, “Ковид-19” цар тахлаа болж дэлхийн нийт бүх суралцагчдийн 96 хувьд нь боловсролын үйлчилгээ тасалдсан дүн гарсан. Тиймээс ЮНЕСКО  боловсролын үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх талаар янз бүрийн арга хэмжээ авахыг улс  орнуудад санал болгож байгаа. Энэ нь зайн болон дижитал онлайн сургалтуудыг эрчимжүүлж байна. Цар тахлаас үүдэж, дэлхийн улс орнуудын бүх шатны боловсролын байгууллагууд урьд өмнө учирч байгаагүй нөхцөл байдалд орсон. Нэн ялангуяа, багш нар бэлтгэлгүй байсан.  Иймээс ковид цар тахал удаан үргэлжлэх тохиолдолд бэлтгэлтэй байх, зайн болон онлайн сургалтыг өгөөжтэй явуулах, сургуулийн хүн ам сургалтыг хэрхэн дэмжиж ажиллах талаар янз бүрийн заавар, зөвлөмжийг ЮНЕСКО-гоос гаргаад байна. Сургуулийн хүн ам гэдэг ойлголтод сургууль, багшлах боловсон хүчин, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, гэр бүл гээд сургалтад оролцогч бүх тал багтдаг. Улс орнуудын хувьд боловсролын тасралтгүй байдлыг хангахын тулд өөр өөрийн орны онцлогт зохицуулаад тохирсон янз бүрийн арга, хэлбэрийг ашиглан боловсролын үйлчилгээг хүргэж байна. Монгол Улсын хувьд теле хичээлийг “Хамгийн тохиромжтой хэлбэр” гэдэг дээр тогтоод, ЕБС-ийн сургалтыг теле хичээлээр, их, дээд сургуулиуд онлайнаар сургалтаа явуулсан.

-Гадаадын улс орнуудын туршлагаас хуваалцаж болох уу?

-Зарим улсын хувьд зайн сургалт явуулдаг туршлагатай, бас цахим е-контентийг аль хэдийн боловсруулаад гаргачихсан тул түүндээ түшиглээд, их, дээд сургуулиуд нь онлайн сургалтыг илүү түлхүү  оруулаад явж байна. Жишээлбэл, Хятадын “open university” буюу “Нээлттэй их сургууль”, “Цинхуа” их сургууль байна. Франц, Итали зэрэг европын улсууд аль хэдийнээ багш нараа бэлдээд, бүх агуулгаа цахимаар хөрвүүлээд онлайн хэлбэрт харьцангуй хурдан шилжсэн.  Зарим улсын хувьд гар утасны компаниуд нь датаг үнэ төлбөргүй болгож, сургалтыг дэмжиж байна. ЮНЕСКО-гоос сүүлийн 3-4 сараас хойших хугацаанд долоо хоног бүр боловсролын семинар хийж эхэлсэн байна. Тэнд улс орнууд ковидтой хэрхэн тэмцэж, сургалтын үйл ажиллагаагаа яаж явуулж байгаа талаараа мэдээллээ хуваалцаж, ЕБС-иуд, их, дээд сургуулиуд, Мэргэжлийн боловсролын сургуулиуд, политехникийн коллежууд, насан туршийн суралцахуйн төвүүд гээд боловсролын бүх байгууллагууд тус тусдаа  өөрсдийнхөө туршлагыг солилцож байгаа. Зарим улс техник, дижитал арга хэрэгсэлтэй байлаа гэхэд зарим улсын хувьд интернэтгүй хүн ам их байна. Ялангуяа Африк тивд интернэтийн төхөөрөмжгүй, улс орнууд цөөнгүй байна.

-Энэ чиглэлээр ЮНЕСКО-гоос Монголд хийж байгаа ажлуудаас танилцуулахгүй юу?

-Бид ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөг­чийн газраараа дамжуулан Монгол Улсын дээд боловсролын их, дээд сургуулиудыг Хятадын  “Нээлттэй их сургууль”, “Цинхуа” их сургуультай холбож, онлайн сургалтыг хэрхэн явуулах, сургалтын хөтөлбөртөө яаж хамруулах талаар суралцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүллээ.   НҮБ-ээс “Ковид-19”-ийн эсрэг боловсролын салбарт авч байгаа хариу арга хэмжээний хүрээнд НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд болох Хүүхдийн сан, Хүн амын сан, ЮНЕСКО хамтраад БШУЯ, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт (БМДИ)-тэй хамтраад, теле хичээлүүдийг дижитал контент болгох төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 104 контентийг интерактив болгоно.  Төсөл хэрэгжүүлэхээр тендерт шалгарсан “Монгол контент” ХХК нь СӨБ, ЕБС-ийн хичээлүүдийг хүүхдэд сонирхолтой, татаж авч үзэхээр мультимедиа агуулгаар баяжуулж хамтран ажиллах бол энэхүү интерактив хичээлүүдийг хэрэглэхэд тохиромжтой дижитал, платформыг мөн сайжруулна. Түүнчлэн өмнө бий болгосон econtent.edu.mn платформыг хөгжүүлж, багш, сурагч, суралцагчид илүү идэвхтэй, саадгүй нэвтрэх, ашиглах боломжийг бүрдүүлнэ.  Мэдээлэл, харилцаа, холбооны технологийг боловсролын салбарт яаж ашиглах талаар  хууль эрхзүйн орчныг сайжруулахын тулд ЮНЕСКО-гоос бодлогын болоод хууль эрхзүйн зөвлөмж гаргахаар ажиллах гэж байна. Тэр хүрээнд мэдээлэл харилцаа, холбооны технологийг боловсролд ашиглах талаар цаашид дунд хугацааны хөтөлбөр боловсруулах асуудал яригдаж байгаа. Энэ хөтөлбөрийг боловсруулснаар нэн ялангуяа, онлайн сургалт явуулж байгаа багш нарын мэдээлэл, харилцаа холбооны технологийн ур чадварыг үнэлж сайжруулах, ийм ур чадвартай хүн багшлах боловсон хүчин бэлтгэгдэж гарах, багш хичээл сургалтдаа ийм зүйлийг ашиглаж болно гэдэг шалгуурыг тодорхойлж өгөх нь чухал юм. Багш бэлтгэдэг их, дээд сургуулиуд, БМДИ мэдээлэл, харилцаа холбооны технологийг сургалтад яаж ашиглах, ямар ур чадвартай хүмүүсийг бэлтгэж гаргах талаар ЮНЕСКО-гоос тавьж байгаа стандартыг мөрдөх ажил бас байгаа. Өнгөрсөн хугацаанд бид тэр стандартыг нэвтрүүлэх, ЕБС-ийн багш нарын багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийн стандартыг боловсруулах чиглэл зөвлөмж өгч ажилласан.  Түүний үр дүн болж, БСШУ-ны сайд 2020 оны 1-р сард “Багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц чадамжийн нийтлэг шаардлага”-ыг баталсан. Ийм чадамжтай хүн мэдээлэл, харилцаа, холбооны технологийг ашиглаж, боловсролын байгууллагад суралцаж буй суралцагчдад сургалт явуулах эрхтэй гэдгийг тогтоож өгсөн.  Одоо бид нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэх тал дээр зөвлөмж гаргахаас гадна, БМДИ, багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт нь энэ шаардлагыг оруулах зөвлөмж боловсруулж байна. 2021 онд багшийн мэдээлэл, харилцаа, холбооны технологийн ур чадварыг сайжруулах, боловсролд мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглах талаар ЮНЕСКО-гоос БШУСЯ-нд бодлогын зөвлөмж хүргүүлэхээс гадна мастер төлөвлөгөө энэ чиглэлд дунд хугацааны, хөтөлбөр боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлтэй байгаа.

-Монголын боловсролын салбарт хийж байгаа өөр ажлууд бий юу?

-ЮНЕСКО-гийн шугамаар Монголын боловсролын салбарт 2015 оноос хойш хийж байгаа ажил маань “Тогтвортой хөгжлийн зорилт-4”, Боловсрол-2030 хөтөлбөрийг нутагшуулахад чиглэж байна. Энэ нь тэр чигтээ боловсролын зорилго, зорилтууд. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэхдээ улс орон бүр өөр өөрийн загварыг гаргаж байгаа. Тийм учраас тавьсан зорилтын хүрээнд Монгол Улс  ямар арга хэмжээг илүү анхаарч хэрэгжүүлбэл зохистой юм, тавьсан зорилтуудаас аль нь илүү хэрэгжих боломжтой байна, аль зорилтуудад илүү их анхаарч салбарт юу хийх талаар бодлогын яриа хэлэлцээ байнга өрнүүлж байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЮНЕСКО-гоос Монголын боловсролын бодлогод дүн шинжилгээ хийсэн. Ийм шинжилгээг улс орон бүрт хийдэггүй, зөвхөн хүсэлт гаргасан тодорхой тооны улсад хийдэг. Энэ бол ЮНЕСКО-гоос Монгол Улсад үзүүлсэн асар том дэмжлэг гэж ойлгож болно. Энэ дүн шинжилгээний хүрээнд Боловсролын хүрээлэнгээс ЮНЕСКО-ийн зааварчилгаа дор  хамтран гаргасан “Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан” бэлтгэж гаргасан. Үүнд хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, авсан бодлогын арга хэмжээ гээд Монголын боловсролын салбарт сүүлийн 30 жилд болсон бүх процессыг нэгтгэсэн. Энэ суурь мэдээллийн тайланд үндэслээд ЮНЕСКО боловсролын бодлогын тойм шинжилгээг гаргаж байгаа юм. Түүндээ бодит нөхцөл байдлыг үнэлж, дэлхийн чиг хандлага хаашаа явж байна, түүнтэй нийцэхийн тулд Монгол Улс өөрийн онцлогт тохирсон бодлогын арга хэмжээ авах талаар ингэвэл зүйтэй гэдэг олон зөвлөмжүүдийг өгсөн. Энэ тойм шинжилгээ нь боловсролын салбарын ирэх 10 жилийн дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахад ЮНЕСКО бодлогын болоод мэргэжлийн зөвлөгөө өгч оролцож чадсан гэсэн үг. Дүн шинжилгээний тайлангийн англи, монгол хэл дээрх хэвлэлтийг удахгүй бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдэд танилцуулна.

-Танайхаас “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтын бод­логын тойм шинжилгээ”-г хийжээ. Энэ шинжилгээ дээрх ажлын нэг хэсэг үү. Тусдаа ажил уу?

-Энэ тойм шинжилгээг ЮНЕСКО нь Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны хүсэлтээр тусад нь хийсэн. Энд манай техник, мэргэжлийн боловсролын сургалт ямар чиг хандлагаар хөгжих вэ, цаашид юу хийх шаардлагатай, хэр их хөрөнгө зардал, ямар бодлогын шийдвэр хэрэгтэй байгааг нарийвчлан зааж тусгасан олон асуудал өгч байгаа. Тойм шинжилгээний дүгнэлтийн тайланг ирэх долоо хоногт буюу 2020 оны есдүгээр сарын 8-нд Олон улсын бичиг үсгийн өдрөөр хийхээр төлөвлөөд байна.

-Эдгээр тойм шинжилгээ гарснаар ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр буюу ирэх 10 жилд хийх ажлын чиглэлд зөвлөмж болгож энэ тойм шинжилгээг гаргасан. Эдгээр тойм шинжилгээнд орсон ихэнх зүйл зөвлөмжүүд гарч буй хөтөлбөр, баримт бичгүүдэд тусгагдаад явж байгаа.

Боловсролын салбарын мастер дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад ЮНЕСКО-оос зөвлөмж өгсөн. Боловсролын хөгжлийн салбарын бусад байгууллагууд, донор байгууллагууд, тухайлбал, АХБ, Дэлхийн банк, Жайка, НҮБ-ын бусад байгууллагууд ч оролцсон. Түүнтэй холбогдуулан ЮНЕСКО-гийн дэргэдэх IIEP буюу Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгээс боловсролын төлөвлөлтийг хэрхэн яаж хийх талаар хэд хэдэн удаагийн сургалт хийсэн. Дараа нь боловсролын бодлого, төлөвлөлтөд төлөвлөлтийн загварчлал гаргах симуляцийн сургалтууд орсон. Хамгийн сүүлд өнгөрсөн 4, 5 дугаар сард боловсролын хяналт, шинжилгээ, үнэлгээний сургалтыг явууллаа. “Дунд хугацааны хөтөлбөрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний хэсгийг сайжруулах ажил дутуу дулимаг хийгдсэн тул энэ тал дээр ажиллах шаардлагатай юм байна” гэж донор байгууллагууд үзсэн учраас ЮНЕСКО-оос энэ сургалтыг долоо хоногт гурван цагаар хоёр удаа, нийт 11 удаагийн онлайн сургалт нэг сар гаруй хугацаанд хийсэн. Ингэснээр 2021-2031 онд хэрэгжих боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөний хяналт, шинжилгээ, үнэлгээний хэсгийг сайжруулж чадсан. Монгол Улсын боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр Засгийн газраар хараахан батлагдаагүй байна. Бидний зүгээс хөтөлбөр  батлагдаж гарсны дараа юу хийх вэ, хэрэгжилтийг нь хангахад ЮНЕСКО болон бусад донор байгууллагууд туслах ёстой гэж үзэж байгаа. Энэ ажлын хүрээнд бодлогоор БШУСЯ-ны бодлого төлөвлөлт, санхүүжилтийн асуудал хариуцсан хүмүүст мэргэжилтнүүдэд мастер төлөвлөгөөгөө хэрэгжилтийг нь үндэслээд бодлогын симуляци, өртөг зардлыг нь тооцох сургалт хийхээр төлөвлөөд байна. Сар гаруй үргэлжлэх энэ сургалтад БШУСЯ-ны бодлого, стратеги, боловсролын төлөвлөлт, санхүү хариуцсан мэргэжилтнүүд, мөн Сангийн яамны мэргэжилтнүүд оролцох юм.

-Дэлхийн улс орнууд боловсролын салбараа 2030 оноос шинэ түвшинд гаргахаар идэвхийлэн ажиллаж байсан. “Ковид-19” энэ ажлыг хэр тасалдуулах бол?

-НҮБ-аас “Тогтвортой хөгжлийн зорил­тууд 2030” зорилтыг дэвшүүлсний дараа Монгол Улсын Их хурал “Алсын хараа 2030”, улмаар “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгүүдийг баталсан. Энэ бодлогын баримт дотор боловсролын асуудал багтаж байгаа. Инчеоны тунхаглалыг баталснаас хойшаас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилго 4 - “Боловсрол 2030” хөтөлбөрийг “Тогтвортой хөгжлийн зорилт-4”, НҮБ, ЮНЕСКО-гоос баталсан “Боловсрол 2030” хөтөлбөрийн дагуу дэлхийн улс орнууд 2030 он гэхэд хэрэгжүүлж тавьсан энэ зорилтод хүрэхийн төлөө чармайж ажиллаж байгаа. Ази, Номхон далайн бүсийн хувьд “Боловсрол 2030” хөтөлбөр маань “Тогтвортой хөгжлийн зорилт 4” хэр хэрэгжиж байна гэдэг дээр мөшгөх байдлын судалгаанууд хийгддэг. ЮНЕСКО-гийн Статистикийн хүрээлэн улс орнуудаас боловсролын нөхцөл байдлын судалгааг байнга авдаг. Сая ковидын үеэр маш олон судалгаа авсан. Дэд салбар бүрээр нарийвчилж, боловсролын үйлчилгээнд хэдэн хүүхэд хамрагдаж байна, хэдэн хүүхэд онлайнаар үзэж байна, сургалтын ямар ямар арга хэрэгслийг хэрэглэж байна, хэдэн хүүхэд хамрагдахгүй байна гэдэг талаар судалгаанууд авсан. Монгол Улсын хувьд малчин өрхийн хүүхдүүд, эмзэг бүлгийн хүүхдүүдэд сургалтын үйлчилгээ энэ цар тахлын үед  хүрч байна байсан уу, үгүй юу гэдэг нь маш чухал гэдэг талаар судалгаанууд авсан. Авсан судалгаануудаа нэгтгээд ЮНЕСКО-гоос тайлагнаж байгаа. Ази, Номхон далайн орнуудыг аваад үзэх юм бол, “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тавьсан зорилгодоо хүрэхэд хараахан бэлэн биш байна, чанартай боловсролыг хүргэхийн тулд Засгийн газрууд маш олон зүйлийг хийх ёстой юм байна, одоогийн эрчээрээ бол 2030 онд хүртэл тавьсан зорилтдоо хүрэх боломжгүй гэсэн урьдчилсан таамаглалыг хийгээд байгаа. Хэдийгээр улс орнууд, Засгийн газрууд, Боловсролын яамд их тодорхой ажлуудыг хийж байгаа ч гэсэн одоогийн нөхцөл байдалд илүү их хүчин чармайлтыг гаргах шаардлагатай байна гэдэг дээр санал нэгдсэн. Энэ бол 2019 оны дүгнэлт. Гэтэл өнөөгийн нөхцөл байдал “Ковид”-оос үүдэж, хүрсэн түвшинг сааруулах чиг хандлага руу явж байна. Сүүлийн үед ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар “боловсролын салбарын хөрөнгө оруулалт буурах” хандлагатай байна.  Учир нь “Ковид”-той холбоотойгоор  улс орнууд төсөвтөө тусгадаг боловсролын салбарынхаа зардлыг танах магадлал байна. Түүнчлэн боловсролд хөрөнгө оруулдаг донор байгууллагуудын тусламж “Ковидын дараах үе”-д буурах дүр зураг харагдаж байна. Иймээс улс орнууд энэ нөхцөл байдлыг харгалзан, боловсролын салбартаа арга хэмжээ авна уу, боловсролын төсвийн төлөвлөлт хийдэг, дүн шинжилгээ хийдэг мэргэжилтнүүдэд хүргэнэ үү гэдэг зөвлөмжийг ЮНЕСКО-гоос өгөөд байгаа. Энэ зөвлөмжийг өнгөрсөн сард БШУС-ын сайдад хүргүүлсэн.ЮНЕСКО-гоос “Futures of Education”  буюу “Боловсролын ирээдүй 2050” бодлогын баримт бичгийн төслийг дөнгөж хэлэлцэж эхэлж байгаа. Өнгөрсөн жил НҮБ-ын шийдвэрээр гаргасан “Боловсрол 2050” гэдэг санаачилга дээр ЮНЕСКО-оос тусгай Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд улс орнуудын холбогдох боловсролын байгууллагууд боловсролын ирээдүйн өнгө төрх ямар байх талаар хэлэлцүүлэг хийгээд, энэ оны төгсгөл, ирэх онд судалгаа, хэлэлцүүлгийнхээ үр дүнг тавихаар ажиллаж байна. Тэндээс боловсролын ирээдүйн дүр зураг тодорно. Монгол Улсын хувьд “Алсын хараа- 2050” бодлогын баримт бичигтээ аль хэдийнээ гаргаад боловсролын салбарын асуудлаа тусгачихсан байгаа.

-Нэг хэсэг идэвхтэй яригдсан “Дэлхийн иргэний боловсрол”-ын асуудал түр хугацаанд намжих болов уу. Та юу гэж үзэж байна?

-ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн “Дэлхийн иргэний боловсрол”, “Тогтвортой хөгжлийн боловсрол” гээд олон хөтөлбөр бий. Дэлхийн иргэний боловсролын тухайд бол, XXI зууны хүн ямар байх ёстой вэ, нийгэм маань хаашаа яваад байна, ямар ур чадвартай хүн хүлээгдэж байна, нийгмийнхээ  хэрэгцээ шаардлагыг хангасан хүнийг яаж боловсруулж гаргах вэ гэдэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөнө. Үүн дээр үндэсний хэл, соёл, угсаатны онцлог шинж нэмэгдэнэ. Тун ойрын ирээдүйд ажлын байрны шилжилтүүд эрчимтэй явагдах нь. 2030, 2050 он гэхэд зарим ажлын байр устаж, зарим нь дижиталчлагдах гэж байна. Энэ бүхэнтэй уялдуулж, боловсролын үйлчилгээг үзүүлэх цаг ирж байна. Бидний хувьд эн түрүүн тэгш боломж, тэгш  хамруулалт, чанартай боловсролын зорилтуудыг боловсролын бодлого, концепцэд тусгах ёстой. Түүний тулд салбар бүрээр нь онцлогтой хөгжүүлэх ёстой болж байгаа юм. Жишээлбэл, Монголын Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ)-ыг сайн  гэж ЮНЕСКО үнэлсэн. Яагаад гэвэл, Засгийн газраас СӨБ-д зарцуулах зардал өндөр, улсын болон хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь ялгаваргүй олгодог. Гэтэл бусад оронд олгодоггүй юм. Тийм ч болохоор СӨБ-ын хамрагдалт манайд өндөр, сайн жишээ болоод явдаг.  Тэгэхээр бусад улс орнууд СӨБ-ын салбарт Монголоос яагаад суралцаж болохгүй гэж. Энд зориуд тэмдэглэхэд, бидний зайлшгүй хийх ёстой, боловсролын бодлогын тайлан дүн шинжилгээнд онцлон дурдагдсан зүйл бол малчдын хүүхдийн боловсрол юм. Энэ яг манай орны  онцлогтой холбоотой асуудал. Малчдын хүүхдийг 6 настай сургуульд оруулж, гэрээсээ хол, дотуур байранд суулгахаар нялхдаад, төв суурин газарт аав ээж нь гэр бариад суухаар нийгмийн асуудал дагаж үүсээд байгаа юм. Эндээс “өрх толгойлсон хүүхэд” гэдэг  ойлголт гардаг. Төв газар нэг гэр барьж өгөөд томд нь “дүү нараа хар” гэдэг үүргийг өгснөөр нийгмийн олон асуудал үүсэж байгаа юм. Тэгэхээр бид малчдын хүүхдийн боловсролыг хэдэн наснаас эхлэх вэ, яаж олгох вэ, гэрээр явдаг явуулын сургалт байж болох уу, зарим улс орон шиг гэрээр явж боловсролын явуулын үйлчилгээ нэвтрүүлэх үү гээд олон асуудлыг шийдэх болж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн сургуульд сургах тал дээр манайд ойлголтын хувьд ахиц дэвшил гарч л байна. Харин тийм хүүхэдтэй ажиллах тусгай бэлтгэгдсэн багш, боловсон хүчин, дээр нь анги танхим, сурах бичиг хэрэгтэй болж байгаа. Ер нь тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгохын тулд олон асуудал дээр өргөн хэмжээний мэтгэлцээн явуулж байж бодлогын шийдэлд хүрэх учиртай гэж би үздэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top