Сургалтын төлбөр нэмэгдээгүйд оюутнууд баяртай байна

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө оюутнуудад тулгардаг асуудлын нэг нь сургалтын төлбөр байдаг. Энэ жилийн хувьд Covid-19 цар тахлаас үүдэн их, дээд сургуулиудын төлбөрийг нэмээгүй бөгөөд сар, улирлаар хувааж төлөх байдлаар уян хатан хандана гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдэгдэж байсан. Харин үүнийг сургуулиуд хэрэгжүүлж байна уу?

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 94 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс томоохонд тооцогдох таван сургуулийн төлбөр нэмэгдсэн эсэхийг тодруулахад бүгдийнх нь үнэ өөрчлөгдөөгүй байсан юм. Тухайлбал, 
 

  • МУИС-ийн суурь хичээлүүдийн нэг кредитийн төлбөр 98600 төгрөг байсан ба одоо ч энэ хэвээр байгаа юм.
     
  • МУБИС-ийн бакалаврын оюутны нэг кредитийн төлбөр 78000 төгрөг байсан. Мөн л өөрчлөгдөөгүй байна. 
     
  • ХААИС-ийн нэг кредитийн төлбөр 108 мянган төгрөг байдаг. Өөрчлөгдөөгүй.
     
  • ШУТИС-ийнх салбараасаа хамаараад кредитийн төлбөр өөр өөр байдаг аж. Тухайлбал, Инженер, технологийн сургуулиуд нэг кредит нь 90.800 төгрөг, Нийгмийн ухааны сургуулиуд нэг кредит нь 88.800 төгрөг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиуд нэг кредит нь 79.300 төгрөгөөр тооцдог ба энэ жил төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байв. 


Хөл хорионы дэглэм тогтоосон, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед их, дээд сургуулиуд Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж, сургалтын төлбөрөө нэмэгдүүлээгүй нь сайшаалтай гэх магтаалыг оюутнууд хэлж байна.

Оюутнуудад тулгамддаг бас нэг асуудал нь жилийн төлбөрөө нэг дор бүгдийг нь хий гэсэн шаардлага байдаг. Харин энэ жилийн хувьд сургалтын төлбөрийг сараар болон хагас жилээр хувааж төлөх боломжтой байгаа нь санхүүгийн хүндрэл багатай, амар байгааг ч мөн хэлж байлаа.
 

ХААИС-ийн IV дамжааны оюутан Д.Мөнгөнтуяа:

-Манай сургуулийн төлбөрийн хувьд нэг кредит нь 108 мянган төгрөг хэвээр байгаа. Миний хагас жилийн төлбөр гэхэд 2.440.000 болсон. Манай сургууль хичээлээ гурван кредитээр үздэг учраас нэг удаагийн төлбөр хийхдээ багаар хийж болдог. Энэ хичээлийн жилд эхний удаад 918 мянган төгрөг төлсөн. Санхүүд хүндрэл учруулахгүй амар байдаг юм.
 

МУБИС-ийн III дамжааны оюутан С.Энхдөлгөөн:

-Нэг кредитийн үнэ 78 мянган төгрөг байдаг. Энэ жил нэмэгдээгүй хэвээр байна. Би энэ улиралд 18 кредит хичээлийг 1404 мянгаар судалж байгаа. Өмнө нь хагас жилээр төлбөрөө хийдэг байсан. Энэ жил ч бас хагас жилээр хийлээ. Жил болгон л ийм зохицуулалтаар явдаг болохоор хүндрэлтэй зүйл байдаггүй.
 

ШУТИС-ийн II дамжааны оюутан Б.Минжбадгар:

-Манай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Жил бүр л тодорхой хэмжээгээр нэмдэг. Өнгөрсөн жил гэхэд инженер технологийн салбарынх 7000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ жил бас нэмэгдэх байх гээд санаа зовж байлаа. Гэсэн ч эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед сургалтын төлбөр нэмэгдээгүй нь таатай байна.

Б.Хонгорзул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top