“Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болж байна.
Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулах ба үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар уг хэлэлцүүлэгт хэлэлцэх, санал зөвлөмж гаргах аж.
Хэлэлцүүлэгт нийт 30 гаруй эдийн засагч, судлаач болон 20 гаруй эдийн засгийн сэтгүүлчид оролцож байна.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн бодлого нь нэгдсэн байдлаар шийдвэрлэгдэж чадахгүй байгаа учраас төсөв болон бусад асуудлууд тархай бутархай, шийдвэрлэгдэж чадахгүй байна.
Сангийн яам сүүлийн 10 жилд төсвийг бооно гэж ярьдаг болсон. Төсвөө боож аваачаад УИХ-д өгчихнө. УИХ боосон төсөв дээр нь нэлээн ажиллана. Төсөв нэгдсэн бодлогогүйгээр улстөрийн нөлөөлөл дор явж байна.
Сүүлийн жилүүдэд улсын төсвийн үндсэн захирагдаж буй чиг баримжаа бол намуудын мөрийн хөтөлбөр. Намуудын мөрийн хөтөлбөр бол сонгуульд ялалт байгуулахын тулд л боловсруулдаг бичиг баримт.
Улсын төсөв улс төрийн нам, бүлэглэл, тодорхой байгууллагуудын нөлөөлөлд байна. Төсөвт нөлөөлөөд байгаа арга зам, сувгуудыг олж харах хэрэгтэй. Хуулийг дур зоргоороо өөрчилдөг байдлаа эргэн харах хэрэгтэй.
Төсвийг төлөвлөх явцад, бүх шатанд улс төрийн нөлөөлөл байна. Төсвийг дагаж нийгэм, эдийн засгийн үр дагавар гарах ёстой. Төсөв макро эдийн засгийн үүрэгтэй. Монгол Улсын эдийн засагт макро эдийн засгийн зорилго байхгүй. Төсвийн зорилго тодорхойгүй, улстөрчид нь дур зоргоороо өөрчилдөг” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )