Дэлхийн санхүүгийн захаас “зугтсан” хөрөнгө түүхэн хэмжээнд хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Энэ онд хөгжингүй орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн  6.1 хувиар,  хөгжиж буй орнуудынх нэг хувиар агшихаар хүлээгдэж байна. Улс орнууд хямралын давхар давлагаатай тулгарч болзошгүй гэж шинжээчид үзэж буй юм. Тиймээс улс орнууд хямралыг даван туулах эдийн засгийг сэргээх төсвийн шинжтэй багц хөтөлбөрүүдийг зарлаж эхлээд байна.

Эдийн засгийн уналтыг сөрөх үүднээс Герман, Итали, Их Британи, АНУ, Франц, Япон зэрэг улсууд төсөв татвартай холбоотойтомоохон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм.

Энэтхэг, Индонез, Хятад, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс зэрэг хөгжиж буй улс орнууд цар тахлын нөлөөнд хамгийн ихээр өртсөн эдийн засгийн сектор, ажиллагсдад төсвийн дэмжлэг үзүүлж эхлээд  байна. 

Эдгээр  арга хэмжээ  нь  итгэлийг  сэргээж,  нийт  эрэлтийг  бэхжүүлэх  замаар гүнзгий уналтаас зайлсхийх боломжийг бүрдүүлэх учиртай юм. Дэлхийн нийтээр төв банкууд бодлогын хүүгээ түүхэн бага түвшинд хүргэх замаар мөнгө зээлийн дэмжлэгийг идэвхжүүлж, нээлттэй захын үйл ажиллагаа эрхлэх замаар нөөц нийлүүлж банкны системийн дарамтыг бууруулахаар ажиллаж байна.

Хөгжиж буй орнуудын төв банкууд бодлогын хүүг бууруулах арга хэмжээг авч  эхэлсэн бөгөөд эдгээр арга хэмжээ нь итгэлийг сэргээх замаар системд үүссэн сөрөг шокийг хязгаарлахад эерэгээр нөлөөлж байгаа. Үүний сацуу хэд хэдэн төв банк своп хэлцлийн үндсэн дээр зээлийн сувгийн механизмуудыг ашиглан  ам.долларын  нөөц  нийлүүлж  байна. 

Төв  банкууд зээллэг, активын худалдан авалтаар дамжуулан 6 их наяд ам.долларын нөөц нийлүүлэхээ мэдэгдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлцэлд эерэгээр нөлөөлж байна. Ингэснээр зарим зах дээр үүссэн хурцадмал байдал намжиж, эрсдэлтэй активуудын үнэ тогтворжих хандлага ажиглагдаж  буй. Гэсэн ч  зах  зээлд  ихээхэн  хэмжээний  тодорхойгүй  байдал  хадгалагдсаар байгаа төдийгүй санхүүгийн захын нөхцөл байдал 2020 оны эхэнтэй харьцуулахад чангарлаа. Цар тахал хүчээ авснаас хойш эрсдэлтэй активын үнэ 2008-2009 онтой харьцуулахад 50 гаруй хувиар унажээ. Хөрөнгийн биржүүд дээр үнийн бууралт доод цэгтээ хүрч, 30 ба түүнээс илүү хувиар  унасан  байна.  Зээлийн  спредүүд  ялангуяа  зээлжих  зэрэглэл  доогуур  компаниудын хувьд огцом нэмэгдсэн.

Түүнчлэн богино хугацаат санхүүжилтийн томоохон захуудад, үүний дотор ам.долларын зах дээр хүндрэл, бэрхшээл ажиглагдаж, үүссэн савалгаа нь үнэ огцом өсөхөд нөлөөлж байна. Хүү маш бага түвшинд байгаа нь цаашид эмзэг байдлыг нэмэгдүүлж байгаа ба үүнтэй зэрэгцэн санхүүгийн захын нөхцөл байдал үргэлжлэн чангаран эдийн засгийн уналт гүнзгий төдийгүй, удаан хугацаанд үргэлжлэх эрсдэлийг дагуулж байна. Дэлхийн  санхүүгийн  зах  хямралд  өртөхөд  юуны  түрүүнд  хөгжиж  буй  орнуудаас  хөрөнгө гадагшлах зүй тогтол энэ удаа ч ажиглагдаж ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх буюу 100 орчим тэрбум ам.долларын багцын хөрөнгө оруулалт гадагшлах нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болоод буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top