КОВИД-19: Коста Рикагийн эрдэмтэд адуунаас эсрэг биет гарган авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Коста Рикагийн судлаачид коронавирусээр тариулсан адуунаас гаргаж авсан эсрэг биетийг КОВИД-19 эмчилгээнд ашиглах зорилгоор туршихаар болжээ. Коста Рикагийн их сургуулийн Клодомиро Пикадогийн дээд сургуулийн эрдэмтдийн гаргаж авсан энэхүү бэлдмэлийг энэ сарын дундаас эхлэн 26 өвчтөн дээр туршина гэж тус улсын Нийгмийн халамжийн сангийн ерөнхийлөгч Роман Макая Ройтерс агентлагт мэдээлжээ.

Туршилтын эхний хоёр үе шат үр дүнтэй болох нь батлагдвал вакцин гартал эмчилгээнд өргөнөөр ашиглах аж. Өдгөө тус улсад нийт 471 хүн КОВИД-19 оноштой эмчлэгдэж байна.

Үүнтэй ижил туршилтыг Аргентин, Бразил улсад хийж байгаа бол Бельгид лам гөрөөснөөс гаргаж авсан эсрэг биетийг туршиж байгаа аж. Коста Рикагийн судлаачид Хятад болон Их Британиас коронавирусний уургийг импортоор авч, зургаан адуунд хийжээ. Хэдэн долоо хоногийн дараа адуунд коронавирусний эсрэг биет үүссэнийг цусны ийлдэснээс нь гаргаж авсан байна. Туршилт амжилттай болсон тохиолдолд энэхүү өртөг бага эмчилгээний аргаа Төв Америкийн бусад улс оронтой хуваалцахад бэлэн гэдгээ Коста Рикагийн эрдэмтэд мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top