Зөрчил гаргасан хэвлэл мэдээлэлд эхлээд сануулна, дараа нь үйл ажиллагааг нь түр хаана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Ирэх аравдугаар сард болох Орон нутгийн сонгуулийн үеэр хэвлэлийнхэн хэрхэн ажиллах талаар мэдээлэл солилцох зорилгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран уулзалтыг өнөөдөр /2020.09.08/ зохион байгууллаа. 

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа нараас гадна хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. 

Аймаг, нийслэл, сум. дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах, тэдэнд хяналт тавих журмыг баталж, өөрчлөлт оруулсан байдаг. Энэ талаарх мэдээллийг Орон нутгийн сонгууль болохоос өмнө хэвлэл мэдээллийнхэнд олгох үүднээс холбогдох газруудаас нь ирэх долоо хоногоос эхэлж хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулахаа мэдэгдлээ. Учир нь, өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн үер хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлийг цөөхөн гаргажээ. Энэ нь сонгууль болохоос өмнө УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажиллах хууль, журмыг нь таниулсан болон мэдээ, мэдээллийг өгч байсантай холбоотой байна.    

Уулзалтын дараа Харилцаа холбооны зохицуулах газраас "УИХ-ын сонгуулийн үеэр радио, телевизийн сонгуулийн сурталчилгааны хугацаа хуулийн дагуу 60, 15, 5 минут гэсэн зохицуулалттай байсан. Дээр нь мэтгэлцээн болон мэдээ, мэдээллийн хөтөлбөрийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг хуулийн зохицуулалттай. Энэ зохицуулалтыг хэвлэл мэдээллийнхэн маш сайн мөрдөж ажилласан. Сонгуулийн 21 хоногийн хугацаанд хоёр зөрчил гарсан. Үүнийг харьяалалын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Уг хэргийг шалгаж үзээд зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн сурталчилгаагаа зөрчилгүй хэрэгжүүлсэн нь сонгууль эхлэхээс өмнө заавар, зөвлөмж маш сайн өгсний давуу тал юм. Дээр нь хэвлэлийнхэн хуулиа сайн дагаж мөрдсөний үр дүн гэж дүгнэж болно" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн тус хорооны дарга Г.Чинзориг "Манайхаас фэйсбүүктэй ногоон суваг гэж гэрээ хийсэн. Гэхдээ фэйсбүүк бол АНУ-ын хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр Монгол Улсын хувьд хэцүү. Бид хамтын гэрээний дагуу л харилцан зөвлөлдөж, өнгөрсөн сонгуулиар явагдсан зөрчлийг арилгаж ирсэн. Энэ нь ч үр дүнд хүрч байна. Орон нутгийн сонгууль ч гэсэн маргааш , нөгөөдрөөс Азийн орнуудтай онлайнаар хурал хийж, фэйсбүүк дээр хэрхэн хамтарч ажиллах талаар шийдвэрээ гаргана" гэлээ. 

Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Манай байгууллагын хувьд УИХ-ын сонгуультай холбоотой гарсан зөрчил, мэдээллийг нэгтгэж өнгөрсөн долоо хоногт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хүргүүлсэн. Уулзалтыг хийсэн байдаг. Хоёр дахь уулзалт нь өнөөдрийнх болж байна. Бүх байгууллага хамтарч ажиллаж байна. Голлож ажиллах зарчим маань хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зайлшгүй дагаж мөрдөх ёстой хууль, тогтоомжийг урьдчилж сануулах, тэр хүрээндээ хэлэлцүүлгийг зохион байгуулах шаардлагатай. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан цахим орчинтой холбоотой журам бий. Энэ журамд шат дараалсан хэлэлцүүлгийг зохион байгуулна. Манайхаас тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг хаана, бооно гэсэн ойлголт байхгүй. Эхний ээлжид сануулах арга хэмжээг сонгуулийн үеэр авна. Үргэлжлэн давтамжтай явах юм бол арга хэмжээ авах хуулийн зохицуулалт бий" гэх мэдээллийг өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top