Банкны салбарын актив НЭГ хувиар, зээл ДӨРВӨН хувиар буурчээ

2020 оны 09 сарын 08

2020 оны эхний хагас жилийн байдлаар банкны салбар ямар үзүүлэлтүүдтэй байгааг Монголын банкны холбооноос өнөөдөр /2020.09.08/  мэдээллээ.

 

Банкны салбарын нийт актив оны эхний хагас жилийн байдлаар 1 хувь буурсан бол банкны зээл олголт   4 хувиар  буурсан үзүүлэлттэй байна.

Оны эхний улиралд зээл олголт жилийн 2 хувиар буурч байсан бол хоёрдугаар улиралд хурдасч 11 хувиар буурчээ. Тодруулбал, коронавирусний  санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө хоёрдугаар улиралд эрчимжсэн аж.

Уул уурхайн салбарын гурван зээл тутмын нэг нь чанаргүйд шилжиж байна. Оны эхний хагаст, уул уурхайн салбарын нийт зээлийг харвал, чанаргүй зээл 30 хувьд хүрэв. Цар тахал дэгдсэнтэй холбоотой хөл хорио, түүхий эдийн уналт нь уул уурхайд үйл ажиллагаа эрхэлж буй ААН, иргэдэд хүндээр тусаж байна. Түүнчлэн уул уурхайн түүхий эд тээвэрлэдэг тээврийн салбарт ч зээлийн чанаргүйдэл нэмэгдэж байна.

Хадгаламж оны эхний хагас жилийн байдлаар 16 хувь өсжээ.

Нийт хадгаламж 16 хувиар огцом өсөхөд ам.долларын хадгаламж нөлөөлжээ. Эдийн засгийн идэвхжил саарсантай холбоотойгоор банкны салбарын үзүүлэлтүүд оны эхний хагаст буурав.

Нэг талаас ААН-үүд мөнгөн урсгалын дутагдалд орж, улмаар банкны харилцах дансны дүн буурсан. Нөгөө талаас борлуулалт буурч буй ААН-д олгох банкны зээл багассан нь нийт зээл буурахад голлон нөлөөлжээ.

Хадгаламжийн хүү түүхэн доод буюу 11 хувьд хүрсэн байна.

 Оны эхний хагаст зээлийн жигнэсэн дундаж хүү 16.3 хувьтай тэнцжээ. Мөн хугацаан дахь бодлогын хүүг харвал, мөнгөний зөөлөн бодлого үргэлжилсэн байна.

Валютын хадгаламж огцом нэмэгдэж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг тогтмол чангарч байгаа учраас иргэд, байгууллагууд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлж байна. Ялангуяа сонгуулийн дараа валютын ханш өснө гэх хүлээлт өндөр байсан ч харьцангуй тогтвортой байв.

Долларын хадгаламжийн өсөлт оны төгсгөлд саарах төлөв бий аж. Хүлээлтэд суурилсан долларын хадгаламжийн огцом өсөлт оны төгсгөлд 27 хувиар саарна гэх төлөв байна. Энэ нь банкуудад хэрэгжүүлж буй Монголбанкны долларжилтын эсрэг бодлого, түүнчлэн макро эдийн засгийн суурь нөхцлөөр валютын хүлээгдэж буй томоохон гарах урсгал байхгүйтэй холбоотой гэж тайлбарлалаа.

Банкуудын Харилцах дансны үлдэгдэл оны эхний хагас жилийн байдлаар 9 хувь буурчээ.

 

ЦААШДЫН ТӨЛӨВ

 

Эдийн засгийн  уналт буурч  байгаа учраас банкуудын зээл олголт оны төгсгөлд өсөхөөр төлөв бий аж.

Монголбанкны бодлогын хүүний нөлөө банкуудад оны сүүлийн улиралд илүүтэй мэдрэгдэж, улмаар зээлийн жилийн өсөлт 1-2 орчим хувь байхаар байна.

Зээлийн өсөлтийн голлох хувийг байгууллагын төгрөгийн зээл бүрдүүлнэ гэж үзэж байна.

Оны эхний хагас жилийн байдлаар нийт 17.4 их наяд төгрөгийн зээлээс 1 их наяд төгрөгтэй тэнцэх зээл нь хугацаа хэтэрсэн байна.

Одоогоор банкууд 660 тэрбум төгрөгийн зээлийн дүн бүхий 70 мянган зээлдэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийг дахин хагас жилээр сунгавал 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Зээлийн төлөлт хэвэндээ орох үед хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл өсөх эрсдэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top