Өмгөөлөгч Б.Мэргэн гэрч, хохирогчгүй асуудлаар Зөрчлийн шийтгэл авсан тул шүүх хандахаа мэдэгдээд байгаа билээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Таныг өмгөөлж буй хэргийнхээ мэдээллийг задалсан гэх үндэслэлээр 500 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Та үүнтэй санал нэгдэж байна уу?
-Хэргийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг хэвлэлд өгч, фэйсбүүк, твиттер дээрээ бичээд байгаа тул энэ хүнийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг нийслэлийн Прокурорын газраас цагдаад өгсөн юм билээ. Ер нь би өмгөөлж буй хэргийнхээ талаар хуулийн хүрээнд мэдээлэл өгдөг. Гэхдээ энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн дүрэмд харшлаагүй. Ямар хүрээнд мэдээлэл өгөх вэ гэдэг дээр би цензуртай ханддаг. Өмгөөлөгч нэгэнт олон нийтэд ил болсон мэдээллийн талаар ярьж болно. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зоригийн хэргийн шүүгдэгч нарыг эрүүдэн шүүсэн талаар ярьсан. Эд нар ярьсаар бүгд мэддэг болсон зүйлийг би ярихаар буруудах жишээтэй. Хэргийг шалгах явц ямар шатандаа байгааг цагдаа, прокурор шалгаж байна уу, шүүх хурал хэзээ товлогдсон, шүүгч ямар шийдвэр гаргасан талаар ярьж болно. Эсвэл миний үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн талаар худал сөрөг мэдээлэл нийтэд түгээгээд байвал би залруулж, үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс ярьж болно. Энэ хүрээнд ярьж болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг. Би ярилцлага өгөхдөө хуулийн хүрээнд ярьдаг. Гэтэл нийслэлийн Прокурорын газраас миний фэйсбүүк, твиттерийг ухаад, хэвлэлд өгсөн ярилцлагаас тасдаад, 40 гаруй нүүр материал бүрдүүлж өгсөн байдаг. Тэр дунд нь миний хувийн амьдралынхаа талаар бичсэн пост ч явж байх шиг. Ийм асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гээд цагдаагаас буцаахаар өмгөөллийн нууц задруулсан гэх үндэслэлээр зөрчил болгох хүсэлт явуулчиж байгаа юм.
-Өмгөөллийн нууц задруулсан байвал прокурор биш өмгөөллийн үйлчилгээ авсан иргэн гомдол гаргах ёстой юм биш үү?
-Өмгөөллийн нууц задруулсан гэдэг гомдлыг прокурор гаргах ёсгүй. Надаар үйлчлүүлж байгаа хувь хүний нууцыг би задруулсан бол тухайн иргэн гомдол гаргах эрхтэй. Гэтэл надаар үйлчлүүлсэн иргэдээс хэн ч гомдол гаргаагүй. Гэтэл нийслэлийн Прокурор ийм үндэслэлээр намайг буруутгаж байгаа нь утгагүй юм. Хэрэв би нийслэлийн Прокурорын байгууллагынх нь нууцыг задруулсан бол, хүний нөөцийнх нь нууцыг задалсан бол надад ийм гомдол гаргаж болно. Гэтэл нийслэлийн Прокуророос намайг буруутгахдаа шүүх хуралдаан дээр болсон явдлыг ярьсан гэсэн байна лээ. Хохирогч нь хаана байна вэ гэхээр "Хохирогч байхгүй" гэсэн тэнэг, бүдүүлэг хариу өгч байгаа. Ингэж намайг буруутган, Зөрчлийн тухай хуулиар торгосон.
-Энэ бүхний эцсийн зорилго нь юу гэж та хардаж байна вэ?
-Шүүх, прокурор ямар байдлаар хууль зөрчиж, нөлөөнд автаж байгаа талаар яриад байхаар миний амыг таглах, өмгөөллийн эрхийг минь хасах зорилготой юм болов уу гэж хардаж байна. Хар ухаанаар бодсон ч үндэслэл, нотлох баримттай, гэрч хохирогчийн мэдүүлэгтэй байх ёстой биз дээ. Ийм үйл явц огт явагдаагүй мөртлөө намайг өмгөөллийн нууц задруулсан гээд цагдаа торгочиж байгаа юм. Үндэслэл байхгүй, хохирогч байхгүй.
-Та цагдаагаас өгсөн шийтгэлийг зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандах эрхтэй. Энэ эрхээ эдлэх үү?
-Би шүүхэд гомдол гаргана. Шийдвэрийн хуудсаа гардаж авснаас хойш тав хоногийн дотор би шүүхэд гомдол гаргах эрхтэй. Одоогоор би гардаж аваагүй байна. Би 500 мянган төгрөгийн торгуулийг нь төлөөд, чимээгүй явж болно. Дараа нь миний өмгөөллийн эрхийг хассан ч би судалгаа хийгээд, хувийн компанид ажиллаад амьдарч болно. Хамгийн гол нь ийм байдлаар дараагийн өмгөөлөгчид дарамт учрах вий гэж эмээж байна. Цагдаа, прокурор, шүүхийг шүүмжилж, нөлөөнд автаж байгаа талаар ярьсан хэн нэгэн өмгөөлөгчийн эрхийг хасаад, шоронд хийх вий гэж болгоомжилж байна. Ийм байдлаар салбарын эрх ашиг хохироод зогсохгүй хэргээ өмгөөлүүлсэн иргэдийн эрх ашиг хохирно. Өмгөөлөх орчин нөхцөлөө сайжруулмаар байна, эрхээ хангуулмаар байна гэдэг чинь өнгөц харахад өөрийнхөө төлөө мэт боловч эцсийн дүндээ иргэдийн эрх ашгийг хангуулахын төлөө байгаа юм. Өмгөөлөгчид өөрсдөө дарамтлуулаад байвал иргэд яаж шударга өмгөөллийн үйлчилгээ авах вэ. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд бид бүгд дуугарах ёстой.
-Та энэ асуудлаар шүүхийн тахимд орохдоо 50 өмгөөлөгчтэй очно гэж фэйсбүүктээ бичсэн байсан. Үнэхээр 50 өмгөөлөгчтэй очих юм уу?
-Намайг өмгөөлөх хүсэлтэй хэдэн ч хүн байсан хамаагүй би бүгдийг нь аваад шүүх хуралд орно гэж бодож байгаа. Одоогоор бол 50 өмгөөлөгч хангалттай цуглана. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өмгөөлөгч бүр өөр дээрээ ийм асуудал үүсэхээс сэргийлж, миний талд зогсож байна гэсэн үг. Хоёрдугаарт, зарим нь биеэрээ туулаад гарсан миний зовлонг ойлгож байгаа учраас намайг өмгөөлөх гэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Oldoh uu. Uur shig iron garam, hongiliin Gants neg elbegdorj gedeg nerte gulug oldoh magadgui ha ha
Өмгөөлөгч , сэтгүүлч гэх зарим этгээдүүд бүүр даварчихсан асуудлыг ”шантаажлах” аргаар шийдэх гэдэг болж 50 өмгөөлөгч дагуулж очно гэдэг нь шүүхийг дарамталж байгаа юм уу сүрдүүлж байгаа юм уу жирийн иргэдэд томор ч байгаа юм уу. Ядарсан иргэд өмгөөлөгч гэх шулаачидын үнэ хөлсийг төлж чадахгүй байхад энэ гөлөн гөлөн гэсэн юм юу гэнэ вэ. Чи муу хууль зөрчсөн л бол хариуцлага хүлээх л ёстой шүү дээ
ene bol novshiin gulug shdee.