"Охиноо хамгийн сүүлд ХЭЗЭЭ ИНЭЭСНИЙГ нь ч мартжээ"

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

"Өлмий дороос зулай хүртэлх зайг орчлон гэдэг
Өлгийд унаснаас газарт шингэх хүртэлх хугацааг амьдрал гэдэг
Өөрөөсөө тасарч өрөөлд тэмүүлэх сэтгэлийг хайр гэдэг
Өрцөнд минь ивэлж өвөрт минь эрхлэх энхрийхнийг үр гэдэг
Насаараа тэргүүндээ залах титмийг эцэг гэдэг
Намайг ургуулж надаас хагдрах цэцгийг ижий гэдэг
Налсан өвсний гаслан сэтгэлд шархирахыг жам гэдэг
Найдаж голомтоо үлдээх хүүг минь миний үргэлжлэл гэдэг" хэмээх Бавуугийн Лхагвасүрэн агсны шүлэг бий. 

Үрийнхээ төлөө мянган шөнө, мянган өдрийг эмнэлгийн өрөөнд өнгөрүүлсэн залуухан хосуудад өдөр бүрийн туулах бэрхшээл мундахгүй ч охиных нь биеийн байдал сайжирч байгаа сайн мэдээ сэтгэлийг нь өргөнө. Өөрөөсөө таслан үрдээ урсгах хайр ийм гайхамшигтай ажээ. 

Одоогоос гурван жилийн өмнө есхөн сартай охиноо энгэртээ тэвэрсэн ээж эмнэлгийн үүдээр алхан очжээ. Уушгины хатгаа гэж анх оношлогдон, сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтсэн боловч охины бие огт дээрдэхгүй байсаар SMA буюу булчингийн хатингаршил өвчин гэж тогтоогджээ. Ой хүрээгүй байхдаа эмнэлэгт очсон сөөсгөр охин Е.Хишигжаргал одоо гурван нас, найман сартай. Эмнэлэгт гурван жил амьдарсан. Орчлонг тэр эмнэлгийн өрөөгөөр л төсөөлдөг. 

Өнгөрсөн хором бүрт ээж, аав нь охиндоо “Гурвуулаа гайхамшгийг бүтээнэ” гэж чихэнд нь шивнэсэн гэх...

"Охиноо эмнэлгийн өрөөнөөс гаргаж, орчлонгийн сайхныг харуулмаар байна. Охин минь өнөөдрийг хүртэл өөрөөсөө өөр нэг ч хүүхэд хараагүй. Хүүхэдтэй ч тоглож, ярьж үзээгүй” гэж ярих аав, ээж хоёрынх нь ярианаас цээж дүүрэн гуниг мэдрэгдэх ч гэртээ харих боломжтой болоод, сэтгэл сэргэсэн нь илт.  

Ховор тохиолддог өвчний улмаас Е.Хишигжаргал зөвхөн амьсгалын аппаратны тусламжтай амьдрах боломжтой болсон юм. Гурван жил гэртээ хариугүй аав, ээж, охин гуравт саяхан эмнэлгээс гарах зөвшөөрөл олгосон ч гол нь гэрийн нөхцөлд ашиглах амьсгалын аппарат авах нэн чухал шаардлага байгаа юм. Тэр аппарат нь багагүй өртөгтэй, 110 сая төгрөг болох ажээ. 
 

Бидэнд охинтойгоо байх нэг хором ч үнэ цэнэтэй байдаг

Олны хүч хэзээд оломгүй далай байдаг. Сайхан сэтгэлт олны тусламжтайгаар аав, ээж, охин гуравт 25 сая төгрөг хандиваар цуглажээ. Гэхдээ энэ мөнгөөр аппаратаа авч, гэртээ харьж хараахан чадахгүй. 

Охины ээж Э.Эрдэнэсүрэн мөнгө цуглуулахын тулд хүүхдээ асрахын хажуугаар оёдлын дамжаанд сууж, цамц, ойр зуурын зүйлс оёж, борлуулдаг болжээ. “Хүнээс зүгээр суугаад хандив гуйх хэцүү. Бэрхшээл, зовлон туулж яваа олон гэр бүл байгаа. Тийм болохоор би хувцас оёж, түүнийгээ зараад, бага гэлтгүй хуримтлуулж байя гэж бодсон" гэж тэр ярьсан.

Ээж нь охиноо гурван цагийн зайтай хооллож, ойр ойрхон хэвтэх байрлалыг нь өөрчилж, биеийн чилээг нь гаргаж байв. Охиныг гурван цагт нэг удаа хооллодог бөгөөд зөвхөн гуурсны тусламжтайгаар идэж, уудаг аж. 

“Охиныгоо инээж хөөрөхийг харахыг их хүсдэг. Бие нь арай гайгүй үедээ, жаахан байхдаа л нэг хоёр удаа инээж, тоглож үзсэн. Хэзээ хамгийн сүүлд хэзээ жаргалтай гэгч инээснийг нь ч мартдаг юм байна" гээд хоолой нь зангирч байв. Гэлээ гэхдээ Т.Есүхэйтөмөр, Э.Эрдэнэсүрэн хоёр энэ бэрхшээлийн өмнө хэзээ ч бууж өгч байгаагүй. Одоо тэд охинтойгоо гурвуулаа гэртээ харьж, өдрөөс өдөрт түүнийгээ эрүүл болно гэдэгт нь итгэж байгаа. Энэ итгэл, сэтгэлийг та ч бас улам дүүргэж чадна. 

Өрцөнд ивэлж, өвөрт эрхлэх үрс бүхэн эрүүл энх торних болтугай. Ээж, ааваасаа ургасан энхрий цэцэгхэн минь заавал инээгээрэй. 
 


Залуу гэр бүлд туслахыг хүсвэл
 

Хандивын данс
 

  • Хаан банк: 5021515567 (Э.Эрдэнэсүрэн)
  • Худалдаа хөгжлийн банк: 475034098 (Е.Хишигжаргал)
  • Худалдаа хөгжлийн банк: 47503 4212 (Э.Эрдэнэсүрэн)
  • Төрийн банк: 10240058 5325 (Э.Эрдэнэсүрэн)
  • Голомт банк: 1105147453 (Е.Хишигжаргал)
  • “Candy” шилжүүлэг: 94855016 (Candy Pay)

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шижиртуяа(66.181.177.20) 2024 оны 12 сарын 06

Лхагвасүрэн гуй шүлэг биш шүү

0  |  0
Отгоо(103.212.119.111) 2020 оны 09 сарын 15

Охин минь хурдан гэртээ хариарай

0  |  0
Зочин (64.119.24.196) 2020 оны 09 сарын 15

Монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ туслаарай шилжүүллээ

1  |  0
Uyanga(202.126.89.18) 2020 оны 09 сарын 13

Deeguur dooguuraa och tochnoonoor n iddeg bj zasag tor n gants udaa tus hurgehed yadag yum be

2  |  1
Zochin(202.55.188.36) 2020 оны 09 сарын 11

Mundag zaluu shu, egch n setgelin handiv yawulsan

0  |  0
Zochin(66.181.161.113) 2020 оны 09 сарын 11

Utas ni 99065016, 88065016

0  |  0
Төмөр(202.126.90.105) 2020 оны 09 сарын 11

Энэ хүүхдийн ээж аавынх нь утас байна уу. Олж өгч тусална уу.

3  |  1
Зочин(202.126.90.61) 2020 оны 09 сарын 11

Өөдөсхөн бяцхан үрд, бэрхшээлийн өмнө шантралгүй хамаг чадлаараа зүтгэж буй залуу хосод туслацгаая. Олны хүч оломгүй далай 5 тавдахгүй 10 аравдахгүй илгээхэд халуун дулаан гэртээ ижий аавтайгаа байх нь эвий дээ хөөрхийс минь.

3  |  0
зочин(202.126.90.77) 2020 оны 09 сарын 13

муу Гурилсүх, МАН

1  |  1
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 11

Uls tuluuchee uchnuun terbumaar hulgailj baij

4  |  0
Top