Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр болж өнгөрлөө. Ёсыг бодож хөшөөнд цэцэг өргөсөн болж домнов. Ерөөсөө жил ирэх хэрээр хэлмэгдүүлэлтийн гашуун түүх зүгээр нэг ойн өдрийн хэмжээнээс хэтрэхээ байх нь. Хэд хоногийн өмнө хотын захиргааны байгууллагад хурал болж хэдэн хүнд байр өгнө гэж ярьсан бололтой юм билээ. Өөр юм алга. Багадаа 30 мянган монгол эр төрдөө хядуулсныг дурсах өдрөөр сошиал орчинд Хятадад бэлэглэсэн 30 мянган хонинд харамссан хүмүүс арзайж байх нь нэг ёсны тохуурхал юм даа. Ийм болтлоо мартагдаж, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд хайхрахгүй байгаа нь шулуухан хэлэхэд төрийн буруу. Төр нь ядаж ганц эрдэм шинжилгээний хурал хийж, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд энэ өдөр ямар учиртайг тайлбарлах арга хэмжээ зохиохгүй байхад ер нь хэн тоох юм бэ. Өнгөрсөн хугацаанд цагаатгасан гэх хүмүүсийн ар гэрийнхэнд хэдэн төгрөг өгсөн гэдгээ жил бүр давтаж мэдээлээд сууж байх нь хангалттай юу.
Хэлмэгдүүлэлт гэдэг хуурай үгээр ярьж заншаад байгаагаас биш цуст яргалал, хядлага шүү дээ. Одоогийн авлига хээл хахууль авчихаад түр саатуулахад хэд хоног сууснаа яриад нус нулимстай бархираад байдаг хүмүүсийн туулсантай адилтгах юм биш. Гэгээний хойд дүрээр тодорсон зургаан настай нялх амьтныг эхийнх нь тэвэрт гар буугаар буудаж байсан тухай яриа юм. Хөнөөх ламын өдрийн тоо гүйцэхгүй болохоор малаа хариулж явсан хүүг ачаад явж байсан цагийн тухай ойлголт. Ная гарсан настнуудыг зам зууртаа машины тэвшнээс цувуулан шидэж явсан үеийн тухай дурсамж юм аа.
Монголын сор болсон хэдэн арван мянган эрчүүдийг улс орон нь доройтсон болохоор хөршийнхөө нөлөөгөөр нэргүй булшилсан харамсам гашуун жилүүдийг дурсах өдөр болж өнгөрлөө. Хэдэн үе дамнаж хавчигдаж, доромжлуулсан үр хойчийнх нь өмнө төр гудайх өдөр юмсан.
Тийм ч болохоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байгаа бол дахиж давтагдуулахгүй байхад анхаардаг өдөр байх учиртай. Бүх нийтийн амралтын өдөр болгох ёстой өдөр бол Бурхан багш, Есүсийн төрсөн өдрөөс илүүтэй бидний өвөг дээдсийг булшилсныг дурсах энэ өдөр л дөө. Тэгээд хүүхэд багачуудад 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэлт гэж юу болж өнгөрсөн талаар сурталчилж ойлгуулах өдөр байх ёстой байлаа. Сэхээтэн, лам, язгууртнуудыг хядсан, жинхэнэ тоо баримт нь 100 мянгад хүрч мэдэх тэр хар жилүүдийн талаар мэдлэг өгч сэрэмжлүүлэх учиртай байв.
“Орос ах” нарынхаа шахалтаар хийсэн хядлагад батлагдсан тоогоор зөвхөн лам гэхэд 18 мянган хүн өртөж, 700 гаруй сүм хийд хийрхлийн золиос болсон байдаг. Сүм сүйтгэж ЗХУ-д улсад ачигдсан зүйлсийн зарим нь одоо болтол Санкт-Петербургийн Эрмитаж музейд хоёр том танхим дүүрэн үзмэр болчихсон байж байдаг юм гэнэ лээ. Танил нь таарахад толгой дохиод өнгөрдөг хэмжээнд үнэлэгдэх учиргүй өдөр гэдэг нь үүнээс илт биз дээ. Ядахнаа төрийн гурван өндөрлөг өчигдөр “Монголын төр, ард түмэн үеийн үед санаж, энэ аймшигт явдлыг давтуулахгүй байхын төлөө байх ёстой шүү” гээд ганц өгүүлбэр хэлчихэж болоогүй юм уу.
Улсын наадам, хүүхдийн баяр, шинэ жил дээр үг хэлэхээс чухал өдөр чинь чухам энэ биш байсан хэрэг үү. Үг хэлэх хэрэг нь гарахаар хаана ч ярьж чаддаг шүү дээ. Санаж байгаагаар бол нэг Ерөнхийлөгч прокурорын ажилчдын ойн хурал дээр хуучин найз, тухайн үеийнхээ өстөн улстөрчийг муулж л байлаа. Саяхан өөр Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр сонгуулийн хорооны дарга нарыг хөөж тууж болоод л харагдсан. Харин саяхны түүхэнд бараг бүлээнээрээ байгаа Монголын хар дарсан өдрүүдийг дурсах үеэр дув дуугүй байж байх гэж.
Хэлмэгдсэн хүмүүс нь он цагийн хуучид мартагдаж, үр хүүхдүүд нь ч цөөрч, дурсаж санах хүмүүсийн нулимс хатсан гээд төр мартаж болохгүй. Хэрэв ой санамжгүй юм бол энэ чинь хэдэн мянганы түүхтэй улс биш хэсэг хүний бөөгнөрөл гэсэн үг.
Хэлмэгдүүлэлтийн талаар ярихаар эрх баригчид муухай харагдчих гээд, эсвэл Ардчилсан хувьсгалыг авчирсан хэд нь оноо авчих гээд байна гэж харж байвал бүр эмгэнэлтэй байна. Хэлмэгдүүлэлт гэдэг алсан, хядсан нь 1937 он хүртэл үргэлжилсэн болохоос биш 1990 он хүртэл өрнөсөн явдал. Порт-Артурын хэрэг, Сэхээтний төөрөгдөл, Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын намын эсрэг бүлэг, Д.Төмөр-Очирын хэрэг, Б.Ширэндэвийн хэрэг гээд явдаг. Үүний ард мянга мянган хүн ажил албаар хохирч, цөлөгдөж, адлагдаж, тагнагдаж байсан юм. Тэдний үр хүүхдүүд сургууль соёлд явах, өсөж дэвших эрхгүй байлаа. Үүнийг өргөн утгаар нь ярьдаггүй, олны анхааралд оруулж залуус хойчдоо сануулдаггүйгээс болоод дахиад хэлмэгдүүлэлт явуулах нөхцөл бүрдэхэд ажиг сэжиггүй хүлээж байх нийгэм үүсэх нь байна.
Хар л даа. Үнэн худал нь мэдэгдэхгүй улстөржилтийн хар будгаар нэгнээ туушиндсаар байгаад ганц хоёроос бусад төрийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа хүмүүст нэр төр гэж алга боллоо. Тэдний үр хүүхдүүд нь эрдэм боловсрол, туршлагаараа өсөж дэвшдэг юм гэхэд харааж, хардаж сэрдэж байна. Мэдээлэлгүй олон нийтийн толгой тархийг эргүүлсэн элдэв улстөржилт, арай дөнгүүр яваа хэсэг хоёрынхоо хооронд ан цав гаргаад удсан шүү. Дагаад улс оронд нэг нэгнээ үзэж чадахаа байсан анги давхарга үүсчихсэн. Энэ аяндаа болоод байгаа явдал уу, болгоод байгаа хэрэг үү гэдгийг ч бодож үзэх цаг нь болсон.
Бидэн шиг хоёр их гүрний дунд ардчилсан, эрх чөлөөт нийгмийг байгуулаад хөл тэнцэж ядаж яваа хүмүүс ядаж ойрхоны түүхээ бүгдээрээ мэдэж аливаа үймээн турхираан шат дараатай явагдаж байхад “Арай энэ чинь...” гэж санаж сэдэж сурах нь чухал юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэнэ гэдэг 100 хүрэхгүй жилийн өмнө хядагдсан өвөг эцгээ, эмэг эхээ дурсаж байгаа хэрэг. Хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэхээс илүү хүмүүстээ сануулж, хүүхдүүддээ таниулмаар байна аа. “30 мянган хонийг хятадуудад амьдаар нь өгвөл илүү өсгөөд авчихна” гэсэн марзан гэмээр маргаантай өнгөрсөн өдөр чинь 30 мянган эцгээ дурсах өдөр байсан юм шүү дээ.
Сэтгэгдэл ( 5 )
монголд геноцид явуулсан комиртерныг ямар үндэстэн тэргүүлж байсныг бичээч
zov yum sanuulj bichjee. bayrlalaa. minii emeegiin ovoo hoino achigdaj ochood buuduulsan. haana tsaazalsniig ni heleegui, bur 90 onyi dunduur arhiv ni neelttei bolohood tuhain uyiin elchin said maani buh jagsaaltiig olj ulsad huleejges ugch baisan. tulgasan yal ni undesnii uzliig devreeh, bodlogiin esreg baisan, tegeed medeejd nogoo yaponii tagnuul gehee zooson baisan. Iimerhuu omnoh uyiin zuilsiig bainga sanuulj baih shaardlagatai bainaa humuusee. ongorson yum ch gelee baga ch bolov sanuulj baiya.
Hudlaa 1 unjij hevtsen,jinhene shimegch horhoinuudig ni ustgaad buten uls uldeelee
тийм шүү, маш зөв сэдэв, бид 30,0 мянган эрчүүд ээ улс төрийн хилс хэргээр алдчихсан, 30,0 мянган аав нарыгаа дурсах байсан.
Хилмэгдүүлэлт гэдэг сэдвийг түүхийн судалгааны хүрээнд үлдээгээд ингэсгээд хаасан нь дээр. Харин Цэдэнбал тэргүүтнийг цагаатгах тухай асуудлаа бас хамтад нь хаасан нь дээр. Тэгэхгүй бол бид эцэс төгөсгөлгүй хилмэгдүүлэлтийн мананд живж өөрсдөө сүйднэ. 360 мянган хоньтой барьцах хэрэггүй. Тэр чинь бидний, манай улсын амласан амлалт. Амлалтандаа хүрэх л хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд биднийг тэжээсэн өмнөд хөршид 30 мянган хонь харамлавал дэндүү хүн чанаргүй хэрэг болно биз дээ, айн?