“Адмон” группын Ерөнхий захирал Р.Энхбаттай боловсролын хөтөлбөр, эх хэлний асуудлаар ярилцлаа.
-Үндэсний боловсролын хөтөлбөр гэж юуг хэлж байгаа вэ?
-“Үндэсний боловсролын хөтөлбөр” гэдгийг мэдэхийн тулд эхлээд хоёр зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Хүүхдийг янз бүрийн сайн сайхан зүйлсээр дүүргэлээ гээд сайн боловсролтой болно гэсэн дүр зургаар бид өнөөдрийг хүртэл боловсролыг харж ирлээ. Гэтэл боловсрол гэдэг сайхан зүйлсээр дүүргэх сав биш.
Боловсрол гэдэг бол ургамал амьтан шиг ямар хөрс шорооноос идэш тэжээл авч байгаатай адил зүйл. Монголын хөрсөнд ургаж байгаа ургамал шүү дээ, бид чинь. Үндэсний хөтөлбөр гэдэг нь хөрс шороо биологийн хувьд ч оюун санааны хувьд ч ургуулах нөхцлийг бий болгох хэрэгтэй. Нэг ёсондоо хүүхдийг бид обьект гэж хараад байна. Харин тэр чинь субьект. Гол нь нүдэнд харагдахгүй байгаа тэр субьектив хүчин зүйл чинь биднийг боловсролтой болоход хамгийн гол үр нөлөө үзүүлдэг. Харагдах нь хэлбэр харагдахгүй нь агуулга гээд ойгочихвол бүр ч амар. Харагдахгүй гээд үл хайхраад өнгөрч болохгүй нь. Боловсролыг хөгжүүлж байна гээд энд тэндэхийн сайн сайхан бүхнийг авчирч нийлүүлж бөөгнүүлэх хэлбэрээр манай боловсролын хөгжил явагдаж ирлээ. Жишээ нь: Кембрижийн боловсрол, Японы боловсрол, өөр олон гаднын төсөл хөтөлбөрүүд манайд хэрэгжсэн. Бидэнд нэгдүгээрт тавих зүйл бол эх хэлний боловсрол. Өв соёл, түүх маань тэжээл авах хөрс шороо юм шүү дээ. Тэндээс ургасан ургамал Монголын газар шороон дээр соёолно, цэцэглэнэ. Мөн тэрчлэн хүн төрөлхтний дэвшилтэт шинэ сэргэг зүйлсээс санаа авч өөриймшүүлэн хөгжүүлэхэд, дэмжихэд, өсгөхөд тустай боломжуудыг ашиглах нь зүйтэй. Түүнээс биш авчраад баахан юм нийлүүлэх нь ёолкны мод болгож гоё харагдуулахдаа биш. Үүнээс болоод Монголын боловсрол хэлбэр хөөсөн болчихоод агуулгаа орхигдуулсаар ирсэн. Монгол агуулга бий болгох ёстой. Өөрсдийгөө өөрсдийн хөрснөөс ургуулах хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй гэсэн үг.
-“Цөм” хөтөлбөр үндэсний хөтөлбөр байж чадсан уу?
-Бид “Цөм” хөтөлбөрийг маш их судалсан. Мөн л адил олон зүйлсийг нийлүүлсэн зүйл. Жишээ нь “Цөм” хөтөлбөрөөс харахад хүүхэд өөрөө сурчихдаг багш нарт хийх юм байхгүй гэж ойлгогддог. Тийм мангар юм гэж юу байх вэ дээ. Бид Кэмбриж, Жайкаа ч гэдэг юм уу, хачин чамин үгнүүдэд л ач холбогдол өгсөөр явна. Энэ нь цаагуураа сонгуулийн чамирхал юм даа. Ерөөсөө нэрэндээ гол ач холбогдол өгдөг гэмтэй гэхүү, зантай гэхүү болсон. “Цөм” гэж яг юугий нь хэлээд байгаа юм бэ гэж хэн нэгэн багшаас асуугаад үзээрэй, сонин сонин хариулт хэлэх байх. Одоо ингэж нэрээр худлаа чамирхаж, доторх агуулгыг нь алдагдуулж байхаа орхиод жинхэнэ “Үндэсний хөтөлбөр”- өө хийх цаг болсон.
-“Үндэсний боловсролын хөтөлбөр”-ийг гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Хамгийн чухал нь эрх мэдэлтнүүдэд хүсэл хэрэгтэй. Хүмүүс боловсролыг ойлгож, нээрээ л үүнийг хийх нь зөв юм байна гэж бодож хүссэн цагт бид хийх боломжтой болно. Даанч бид өнөөг хүртэл түүнийг хүсэхгүй явж ирлээ. Хэрвээ чин хүсэл байх аваас үүнийг хийх нь гарцаагүй. Хүрэлсүхийн Засгийн газар ийм чин хүсэлтэй болж чадсан болов уу. Кембрижийн хөтөлбөрийн эргэн тойроод олон зүйл яригдаж өнгөрлөө. 1990 оноос хойш боловсролын тухай яриа ийм өндөрт гарч ирээгүй. Харин одоо олон нийт чүүнд хамран яригдаж байгаа нь том амжилт гэж би хувьдаа харж байгаа. Зарим улс төрчид дараагийн сонгууль угтсан, сонгуулийн дөрвөн жилтэй уясан, өгөөш болгох гэсэн хүсэлдээ хөтлөгдөж байгаа харамсалтай. Буруу замаар зөндөө будаа тээлээ шүү дээ. Боловсролын уналт байшин нурж байгаа юм шиг гэнэт явагддаггүй. Түүнтэй адил бас боловсролыг босгож ирэх нь ч мөн адил дөрвөн жилийн амлалтанд багтахгүй. Гэхдээ дөрвөн жил яг юу хийхээ жил жилээр, бараг сар сараар гаргаж болно. Олон ажлыг зэрэгцүүлж хийх ёстой болно. Жишээ нь Боловсролын их сургуулийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх. Эцэг, эхээ бид хамт соён гэгээрүүлж, шинэ эрэлт хэрэгцээ шаардлагын тухай ойлголтыг түгээж, тэдний тус дэмээр л энэ ажил амжилтанд хүрнэ. Угаасаа боловсрол гэдэг чинь төр засагт ирээдүйн иргэдээ яаж бэлдэх вэ гэсэн төлөвлөгөө хөтөлбөр байх ёстой. Үүнд багш нар, сургууль, цэцэрлэг, аав ээжүүд бүгд оролцох ёстой. Энэ бүх түвшинд зэрэг явагдах өргөн цар хүрээтэй ажил болно.
-УИХ-ын зарим гишүүд “Үндэсний хөтөлбөр”-тэй байх талаар ярьж байна. Та эдгээр хүмүүсийн санал, санаачлагыг үзсэн үү?
-Мэдээж би “Үндэсний хөтөлбөр” байх ёстой гэдэг дээр санал нэг байгаа. Харин үүнд хамгийн түрүүнд эх хэлний асуудлыг ярьж эхлэх хэрэг гарна. “Үндэсний хөтөлбөр” гэж яг юуг хэлээд байна вэ гэдэг нь эндээс л тод харагдаж эхлэнэ. Энэ хэмжээнд очоогүй байна. “Үндэсний хөтөлбөр” гэдэг номын гарчиг тавигдах гэж бөөн юм болж байж сая нэг УИХ-ын гишүүд санаа нэгдэж байгаа юм болов уу. Тэр номын хавтасыг эргүүлэнгүүт агуулгын эхэнд эх хэлний асуудал тавигдсан байх ёстой. Энэ ажил тийм хэцүү, халгаж бэрхшээгээд байх зүйл уг нь биш.
-“Үндэсний боловсролын хөтөлбөр”-т өв соёлоосоо тусгах хэрэгтэй юу?
-Монголчууд бид хаанаас ирсэн одоо хаашаа явж байгаа билээ. Энэ хоёрыг л зөв нийлүүлж чадах аваас хөгжил явагдана гээд хэлчихэж болох байх, тийм үү? Хүүхдэд багаас өв соёл ба ирж яваа цагийг мэдрүүлэх боловсролын арга зүй бидэнд дутагддаг. Гэхдээ нас насны онцлог гэж бий. Өөрөөр хэлбэл бид нэг настай ургамалд юу хэрэгтэй, хоёр настайд нь юу чухал гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнийгээ мэдсэнээр дэмжлэг хэрэг болно. Ер нь хүүхэд төрөөд гурван нас хүртлээ хорвоо ертөнцтэй гайхалтай хурдан танилцаж байдаг. Тэр гурван нас хүртэлх цаг үед нь хүүхдийнхээ хөгжилд юу хэрэгтэйг мэдэж байгаа хүн юугаар дэмжиж туслахаа бас мэднэ гэсэн үг. Хүүхэд өөрийгөө илэрхийлэхийн тулд инээх, уйлах гэсэн хоёрхон илэрхийлэлээр хүмүүстэй харьцаж эхэлдэг. Өөрт нь тааламжгүй байвал уйлж, тааламжтай сайхан байвал инээдэг шүү дээ. Хүүхэдтэйгээ багаас нь харилцан ярилцаж, тэр мэдрэмжүүдийг нь үг болгож өгөхийн төлөө явах ёстой. Эндээс л эх хэлний боловсрол эрхэлнэ. Дээрээс нь хүүхдийг багаас нь өрөөний буюу орчны мэдрэмжтэй болгох ёстой болохоос хашлаганд хайрцаглаж болохгүй гэх зэргээр эцэг, эхчүүд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх наад захын боловсролтой болсон байх ёстой. Хэлний тухайд бид нарт ийм мэдлэг, мэдрэмжүүд үнэхээр дутагдаж байна.
-Монгол хэл үнэ цэнгүй болж байгаа талаар та бас ярьж байсан?
-Бидний өдөр тутмын амьдралын гол хэрэгсэл болсон эх хэл гэдэг зүйлийг сүүлийн гучин жилд улстөрчид, худал хуурмаг үндэсний үзэлтнүүд үнэ цэнгүй болгож байна. Өнөөдөр эх хэл гэхээр ганцхан монгол бичиг л яригдах болсоор удлаа. Гэтэл эх хэлний боловсрол гэдэг дан ганц монгол бичгийн асуудал биш шүү дээ. Бид нар өдөр тутмынхаа амьдралыг явуулахад эх хэлээ хэрэгсэл болгож ашигладаг. Эх хэлээрээ маш их худал хуурмаг зүйлс ярьсаар байгаад бидний хэрэглээний олон үг үнэ цэнээ алдсаар байна. Өнөөдөр “өөрчлөлт, шинэчлэл” гэж ярьвал сонсогч этгээдэд шал худлаа, утга санаагүй зүйл мэт ойлгогдохоор шахам болчихлоо. Бид нар эх хэлээрээ бодитой үнэн юм ярьж болдог, нэг нэгэнтэйгээ бодол санаагаа ойлголцож чаддаг, гүнзгийрсэн утгатай агуулгыг эх хэлээрээ ярих боломжыг алдсаар байна. Үүнээс болж эх хэл маань зүгээр л өдөр тутмын үйл явдал, үйл хөдлөлийг заах төдий хэмжээнээс цааш гарахаа больж байна. Энэн бол маш бодитой үнэн шүү! Өчнөөн жилийн өмнөх шүлэг бүтээлээс цаашилдаггүй болчихсон. Өнөөдрийн мэдрэмжээр бичигдсэн зүйлс ялангуяа хүүхдэд нэн чухал унших материал болдог. Сурах бичгүүд нь өнөөх л арав хорин жилийн өмнөх шүлгүүдийг цээжлүүлж, уншуулахаар шахаж байгаа нь хүүхдүүдийг улам сонирхолгүй, ном уншдаггүй болгож байна гэвэл ер хэтрүүлэг болохгүй. Дээрээс нь аав, ээжүүд хүүхэддээ “Чи Монгол хүн юм чинь эх хэл яах вэ, эхлээд математик, англи бусад хичээлдээ л хичээж үз” гэнэ. Энэ бүхнийг ярихаар хүн болгон зөвшөөрнө байх.
Өнөөдөр бид нарт төрөл бүрийн мэргэжлээр мэргэжлийн толиуд амин чухал эрэлт хэрэгцээтэй байна. Сэтгүүл зүйд ч мэргэжлийн үг хэллэгийн толь хэрэгтэй л байгаа. Жишээ нь яагаад “попрох” гэдэг үгийг монгол үг болгоод авч болохгүй гэж. Мал аж ахуйгаас үүнтэй дүйцэх үг эрээд олохгүй л байх. Бид нар 60, 70 жилийн өмнө гарсан толио шүтээд л сууж байна. Гэтэл улс орнууд хоёр, гуравхан жилийн зайтай толь бичгүүдээ шинэ үг хэллэгүүдээр баяжуулаад явна. Өнөөдөр гадаадад сургууль төгссөн хүмүүс монголоор юм уншаад бараг ойлгохоо байсан. Тэр сурсан хэлээрээ унших нь хамаагүй юмыг мөн чанараар нь хүлээж авахад дөхөмтэй санагддаг. Хэл мөхөх нэг шалтгаан байж мэднэ. Бидний дунд эх хэлэндээ санаа тавьдаг, хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа жирийн бахархууштай сайхан хүмүүс ч байна. Өнгөрсөн жил бид нар Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Дамдинсүрэнгийн Хоржав, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монгол улсын мастер тогооч Нацагийн Хандсүрэн гэсэн хоёр сайхан хүний ачаар “Сонгодог хоолны тайлбар толь” гэж гайхамшигтай ном гаргасан. Тэр хүмүүс насаараа хоолны салбарт ажилласан, бид нарын мэргэжилдээ үнэнч, энэ салбарт босгох хөшөө юм гээд ярьж ирсэн. Бид хамтдаа маш том бүтээл нийлж гаргалаа. Үүн дээр жинхэнэ мэргэжлийн үг хэллэгүүдийг оруулаад цэгцлээд гаргаад ирсэн. Энэ маш гоё үлгэр дуурайлал болохоор зүйл болсон. Монгол хэлээ ингэж л авармаар байгаа юм. Ядаж бид нар өнөөдөр нэг дүрмээр бичдэг болмоор байна. Засгийн газрын барьж авах хамгийн чухал ажил бол эх хэлний асуудал юм шүү. Ер нь эх хэлийг авардаг, хөгжүүлдэг хүмүүс нь худлаа онол ярьсан хэлний эрдэмтэд биш үгийг өдөр тутам хэрэглэдэг жирийн хүмүүс байдаг.
-“Алсын хараа-2050” гэдэг дээр “Үндэсний өв соёлоороо дэлхийд тэргүүлнэ” гэсэн байсан. Энэ боломжтой зүйл үү?
-Үндэсний өв соёлоороо дэлхийд тэргүүлнэ гэж яг юуг хэлээд байгаа юм. Яг л ийм ойлгомжгүй зүйлсээр бид өөрсдийгөө хүрээлүүлж байна. Япон хүнээс та нар юугаараа бахархдаг вэ гэж асуухад “Бид бусдын хийсэн зүйлийг өөрийн болгож амьдралдаа хэрэглэдгээрээ бахархдаг” гэж хариулсан байдаг. Харин монгол хүнээс асуухад яаж ийгээд бүх юм Монголоос үүссэн гэдэгээр бахархал болгох нь их байдаг. Үүнээс харахад япон хүн илүү бүтээлч, Харин бид юм ярихаараа л монголоос үүссэн, өнөөх дэлхийг байлдан дагуулал руугаа оруулчихдаг. Нэг үгээр бидний бахархал бүтээлч бус, агуулгагүй хий хоосон маягтай байна гэсэн үг. “Өв соёл гэдгийг үеэс үед үнс нурам дамжуулах биш гал дөл бадруулж дамжуулах зүйл” гэж нэг гоё үг бий. Гэвч өнөөдөр бид бадруулая гэхээс илүүтэй хадгалая, хайрлая, дархлаажуулая гээд байгаа үгнүүдээс бүтээлч байдал огт харагдахгүй байгаа. Ерөнхийдөө хадгалаад байя, харж баясаад байя л гээд байна. Уг нь өв соёл, уламжлал гэдэг чинь өнөөгийн бидний амьдралыг өөд нь татах энерги болж өгөх ёстой юм. Даанч өнөөдөр Үндсэн хууль, Нууц товчоогоо авдарт хийгээд мөргөөд, шүтээн болгочихсон. Өв соёлоо хэрэглээ болгохгүй байна. Уг нь ном зохиол, өв соёл гэдэг чинь хэрэглэгдэхүүн шүү дээ. Шүтэж буй зүйлийг хүн хэрэглэдэггүй. Номыг уншиж, өдөр тутам хэрэглэж өөртөө шингээгээд түүнийг хүч чадлаа болгож гаргах ёстой. Шүтээний хэлбэрээс гаргаж өдөр тутмын амьдралын хүчээ авах хэрэглээ болгохыг ерөнхий боловсролын сургуульд чухалчлан заах хэрэгтэй. Номноос хүн өдөр тутмынхаа амьдралын хүч энерги авч амьдрах ёстой байх.
-Та олон жил сурах бичгийн тухай ярьсан. Өнөөдөр ерөнхий боловсролын сурах бичиг хэр түвшинд байна вэ?
-Манайхыг хүмүүс бизнесийн байгууллага гэж хараад байдаг шиг байгаа юм. Монголд боловсролоор бизнес хийх болоогүй. Өөрөөр хэлбэл боловсрол бий болоогүй байхад нь, нялх нялзрайгаар нь бизнес болгочихсон. Үүнээс болоод боловсрол хөгжихгүй “өлгийндөө хөгширнө” гээч болж байгаа юм болов уу. Энэ утгаараа бидний хийж байгаа ажлыг сурах бичиг л гэж хараад байдаг. Ямар ном рекламдах гэж харахаас илүү агуулга сонирхож байгаасай гэж хэлмээр. Тиймээс манайхыг бизнесийн биш байгууллага гэж хараасай . Мөнгө ярьж байна гэж хардаг болохоос биш боловсролын ямар асуудал хөндөж шийдвэрлэх гээд байгааг анзаардаггүй. Бид чинь анх сурах бичгийн тендерт ордог байлаа. Тэр нь дандаа булхай луйвартай явагдана. Үүнийг нь олон жил эсэргүүцэж ирсэн. Харин энэ эсэргүүцэл явсаар байгаад сурах бичгийнх нь агууллага шал худлаа гэдгийг олж мэдсэн. Манайх шиг ийм хоцрогдсон сурах бичигтэй газар өөр байдаг эсэхийг би мэдэхгүй. Сурах бичгүүд зүгээр л “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гээч болчихсон. Үүнд хүүхэддээ хандсан чин сэтгэл огт байхгүй. Сурах бичгүүд нь өөр хоорондоо ямар ч холбоо байхгүй. Тус, тусдаа өөр өөр дарга нарын хамаарал бүхий хүмүүс хийдэг. Өнөөдрийг хүртэл сурах бичиг хэвлэх тендерт хамгийн бага үнэ санал болгосон газар нь хэвлэдэг болох хүртэл бид нар хүчин зүтгэсэн гэж боддог. Харин бид зөвхөн хэвлэх биш агуулгыг нь ярих хэрэгтэй. Энэ агуулга чинь өнөөх л боловсролын хөтөлбөрийг нэхээд байгаа юм. Энэ бол тийм том асуудал огт биш.
Сэтгэгдэл ( 13 )
manaihan oorsdoo oros usgee xalaad huuchin mongol bichgee heregleh heregtei
МУ-ын боловсролын тухай ярихын тулд монголоо мэдүүштэй хүн олширч. 330 сумын хүүхдүүдийг яа гээв. Багш нар өөрсдийн гэр интернет дата багцаар ажиллаж бна. Монголдоо эзэн болж амьдрах сэтгэлийн боловсролын талаар нухацтай бодууштай. Гадаадад сурч ирээд гадны хүн мэт аяглах нь элбэгшиж. Товчдоо хөдөө д хүн ховордож, мал олшроод буйг мэдэхгүй малууд осолтой бна.
Маш зөв ярьж байна. Энэ хүнийг боловсролын яамны сайдаар тавьбал зоригтой алхмууд хийнэ. Одооны сайд гэж утсан хүүхэлдэй.
er n ene enxbat gej nexer ender bolobsroltoi tobarish . zeb urij bainaa ,demjij baina
Үнэн юм ярьжээ. Ж: Залуучууд биенээ хайраа гэж дуудах юм.
Маш зов ярьжээ Эх хэлээ маш сайн эзэмших хэрэгтэй Монголоороо сайхан ярьдаг бичддэг хун улам бур ховордож байна Дунд сургуульд монгол хэлний найруулга зуйд онцгой анхаармаар Зохион бичлэгийн уралдаан зохиож баймаар Сурагчдын сэтгэн бодох чадвар ч хогжино
Их зөв ярьсан юм шиг санагдаж байна...Монгол хэр маань сүйрч байна даа...Наан зах нь ”САЙН БАЙНА УУ” гээд мэндлэх хүн маш ховор болжээ...Маш муухай муу ёрын үг хэллэг байнга хэрэглэж ярих болсон байна даа...Үүнийг нэн даруй засах хэрэгтэй байна даа...
ҮНЭН
СУРАХ БИЧГЭЭР БИЗНЕС ХИЙХЭЭ БОЛЬМООР. БАЙС ХИЙГЭЭД ШИНЭ СУРАХ БИЧИГ ГАРНА. ЦУЛ АЛДАА. ХҮҮХЭДИЙН ТОЛГОЙГ БҮР ЭРГҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. НАЙРЛГАА, ҮГ ҮСЭГ НЬ АЛДААТАЙ БОЛ ХҮҮХДЭД БҮР ТУС БОЛОХООС ОО ХОР БОЛЖ БАЙНА.
Bichig usegtei nasaaraa zuuraldaad suujiidag tsag bish,1-5 angid mongol helee krileer ni zaagaad bolood busad jiluuded ni shinjleh uhaani hicheelee bainga oruul,heden useg yarisan humuus odoo uyed hereggui ter chini dundad zuund l heregtei baisan,odoo uye tes uur,bichig usegnees gadna asar ih medleg surah tsag hugatsaa bagasaad bn.ter tureg uigar usegiig durtai ni huviaraa fuguilandaa ochood saraachaad yavj bolno,yeruhii bolovsrol bol ogt bish yuundch hereggui hairan tsag hugatsaa nas,ternii orond angli helee davtaad suraad yavsan hend ch heregtei,yadaj komputeree ajillulj surna,
30 jil ingej mongol bolovsrol gej soliorloo,hariud ni yum bichij meddeggui yuuch suraagui baahan mangar chingis hitler temdeg bichij yarisan hujaa usgeer har beh tsaasandeer yum saraachdag humuus l gumdamjaar duuren hiih yumgui yavj bn,yosyoi gai yun hugjil sain saihan amidrah
Шинэ хөтөлбөр хийх гэж байгаа бол ийм хүмүүсээ оруулах, үг, хүчийг нь ашиглах хэрэгтэй. Хуучны хийдэг л хэдэн хүмүүсээрээ хийлгэвэл тшинэ юм болж огт чадахгүй. Гэхдээ тэр боловсролын яамныхан мөнгө төгрөгийг нь өөрсдөө идэж уухаа бодоод үнэг, үг, мэдлэг чадалтай ийм хүмүүсээс зугтаана л даа. Тэгээд дахиад тэнэг юм хийгээд тавьчих байлгүй. Юуг яаж хийхийг нь уг нь сайхан шпидээд хэлээд өгөөд байх юм. \n
ene hunii ugiig avaach ee, bolvsroliin salbar. ene hun hcini olon jil sudalsan, ajillasan turshlaga dre undesleed yariad bna shuu dee. ulstorjoogui, mongojoogui, uneniig yariad yavaad bna. ingej uneniig heldeg hun bga ni sain gej bodood hamtraach ee