Ерөнхийлөгч эхчүүдэд, Ерөнхий сайд түүхийн дурсгалд анхаарав

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллалаа. Тэдний хувьд намрын чуулган эхэлж улс төр амь ороход ямар асуудалд анхаарлаа хандуулах вэ гэдгийг оролцсон уулзалт, очсон газруудаас нь тодорхойлж болох юм. Ерөнхийлөгчийн хувьд алдарт эхийн одонг ээжүүдэд гардуулах, УИХ, Засгийн газрын чихэнд хүргэх иргэдийн үгийг цуглуулах зорилгоор зүүн аймгуудад уулзалт хийж байгаа юм. Тухайлбал, Хэнтий аймагт 292 ээжид “Эхийн алдар” одонг гардуулсан байна. Тэдний 20 нь нэгдүгээр зэргийн одон авсан аж. Түүний дээр одон гардуулах өдөр төрсөн өдөр нь тохиосон дөрвөн ээж байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга тэр үеэр хэлсэн үгэндээ “Хэзээнээс хүн ам цөөтэй явж ирсэн Монгол Улс хүн амаа өсгөх бодлогоо тууштай баримталж, үүндээ хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлэх ёстой. Нийгмийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөн бойжуулж, боловсролтой, зөв хандлагатай монгол хүн болгон хүмүүжүүлэхэд нь Монголын төр эхчүүдэд бүх боломжоороо туслах учиртай. Эхчүүдийг дэмжинэ гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг юм. Миний бие энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж, УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэсэн байна.

Улмаар Ерөнхийлөгч Сүхбаатар аймагт ажиллаж аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн аж байдалтай танилцжээ. Түүний дараа Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр очсон аж. Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж, өнгөрсөн онд дуусгасан байна. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317.4 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлуудыг энэ сарын сүүлээр дуусгаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай холбогдох хүмүүс танилцуулжээ.

Хэнтий аймагт ажиллах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд очсон бол Сүхбаатар аймагт ажиллах явцдаа Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилсон байна. Сургуулийн удирдлагуудын хувьд “Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээг хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байсан” гэдгийг хэлжээ. Мөн Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардуулсан аж.

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд түүх, археологийн дурсгалт газруудтай танилцахад анхаарлаа хандуулсан байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймгийн, Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бух балгас, Цогт хун тайжийн цагаан байшингийн туурийг үзэж, судалгаатай танилцжээ. Хар бух балгаст очих үед ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, археологич, профессор Л.Эрдэнэболд тайлбар хийжээ. Тэрбээр “Уг хотын гадуурх том хэрмийг нарийн ширхэгтэй шар шавар дагтаршуулан хийсэн байна. Эл дөрвөлжин шороон хэрмийг IХ-ХI зууны үед Хятан нар босгожээ. Хожим ХVI-ХVII зууны эхэн үед монголчууд эртний Хятаны үеийн том шороон хэрмийн дотор чулуун барилга, хэрэм барьж ашиглаж байжээ гэж эрдэмтэд үздэг. Хар бух балгасыг Х-ХI зууны үетэй холбох үндэслэл нь Хятан гүрний үеийн хот болох Чин толгой балгаснаас олдсон хятан ваарын хагархайнуудтай ижил хэлбэр, маягийн ваар олдсон явдал юм. Мөн түүнчлэн эртний судлалын ном зохиолд “хятан хээ” хэмээн нэршсэн хурц үзүүртэй зүйлээр хонхойлгон зурж гаргасан ухам (дусал) хээтэй сав суулганы хагархай энэ хотоос олон тоогоор олддог нь түүний эзэн холбогдогч хийгээд он цагийг гэрчилж байгаа юм” гэжээ.

Хар бух балгасны чулуун байгууламжууд нь XVI-XVII зууны үед баригдсан ажээ. Хар бух голын хөндий нь XVI-XVII зууны үед Халхын Түшээт хан аймгийн нутагт хамаарч байсан бөгөөд энд тус аймгийн ноёд язгууртнууд буддын шашны хийд барьж, шашин номын үйл ажиллагаа явуулж байжээ. Хар бух балгас нь Халхын Түшээт хан аймгийн нутагт бурхны шашны Монголд дахь дэлгэрэлтийн нэлээд эрт үеийн түүхэнд холбогдох нь тодорхой бөгөөд 1626 оны орчим байгуулагдан 1688 оныг хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулсан Хар бухын хийд нэртэй байснаас мэдэгддэг гэнэ. Уг хийд нь байгуулагдсанаас хойш өргөжин хөгжиж байгаад 1688 оны үед Халх, Ойрадын дайны хөлд үрэгджээ.

Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дашинчилэн сумын нутаг Халдун зүрх уулын өвөр, Туул голын баруун хөвөөнд орших Цогт тайжийн цагаан байшингийн туурийг үзэж, танилцсан байна. Цогт тайж өөрийн эхийн хамтаар ХVII зууны эхэн үед бурхан шашны үйл хэрэгт зориулан нэгэн хийд бариулсан гэх бөгөөд түүний үлдэц нь уг байгууламж юм. Цагаан байшин болон бичигт хөшөөг анх Оросын эрдэмтэн В.В.Радловын удирдсан судалгааны анги 1891 онд үзэж, дэвсгэр зургийг үйлдэн‚ монгол, төвд хоёр хэлний бичээст хөшөөний хэв хуулга авч, шинжилгээний ажлын тайландаа хэвлүүлсэн байна. Үүний дараа Германы эрдэмтэн Г.Хут тэдгээрийн бичээсуудийг уншин судлаад герман орчуулга болоод тайлбарын хамт 1894 онд нийтлүүлж байжээ. Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй аж. Энэ орд харшийн дурсгалд 1971 онд улсын хамгаалалтад авчээ. Үүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяннуур сумын нутагт байдаг Бор булан, Шар талын хадлангийн талбайг сэргээн босгох ажлын төсөлтэй танилцсан байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top