Өмнөговь аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатартай ярилцлаа.
-Энэ жил ихэнх нутгаар зуншлага тааруу байлаа. Өвөлжилт хүндрэх дүр зураг ажиглагдаж байна. Баяндалай сумынхан өвөлжилтийн бэлтгэлээ хэр хангаж байна вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан. Дээр нь сумын Засаг даргын албан даалгавар ч гарсан, ажиллаж байна. Энэ жилийн хувьд зуншлага тааруу байлаа. Намаржилт хүнд байна. Үүнээс үүдэж өвөлжилт хүндрэх дүр зураг харагдаж байгаа нь үнэн. Иймээс өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангах шаардлагатай болж байна. Нэгдүгээрт, отор нүүдлийн бүс нутгийг хаашаа тогтоох вэ, малчдаа хаашаа гаргах боломж байна зэргийг нарийн судалж гаргах хэрэгтэй байна. Отрын бүс нутгаар малчдаа очуулах, тэнд очих боломж нөхцөлийг нь судлах ажлыг зохион байгуулж байна.
Хоёрдугаарт, өвлийг гарз хохирол багатай давахын тулд өвс, тэжээлийн нөөцийг сайн хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Говьд хэзээнээс хандлан хадах боломж байдаггүй. Жил болгон л нөөц бүрдүүлдэг. Гэхдээ энэ оны хувьд өмнөх жилүүдээсээ илүү их нөөцийг иргэд, байгууллага хийгээд сумын хэмжээнд эрсдэлийг тооцож бүрдүүлж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол хатуухан өвөл болно. Цаг агаар хүндэрч байгаатай холбогдуулан малчид мал, махыг борлуулах зайлшгүй шаардлагатай боллоо. Малчид малаа цөөлж, махыг нь зах зээлд гаргахгүй бол тарга хүч аваагүй тэр олон тоо, толгой мал өвлийг давах хүндрэлтэй. Гарз хохирол их авна гэж үзэж байна.
Тиймээс мал, мах борлуулах ажлыг хувийн хэвшил, тодорхой хэмжээний төрийн зохицуулалттайгаар зохион байгуулах шаардлагатай байна. Энэ ч үүднээс тэр чиглэлдээ тодорхой хэмжээний ажлыг зохион байгуулж байна. Одоогоор хувийн бизнес эрхлэгчид малчдын малыг тодорхой үнээр авах ажил үргэлжилж байна. Цаашид энэ ажил эрчимтэй явах байх гэж бодож байна.
-Хаана, хаанаа л эдийн засаг хүндхэн байна. Сумын хэмжээнд ажилгүй иргэдийн тоо хэд вэ. Ажилгүйдэл, ядуурал хэр нэмэгдэж байна вэ?
-Сумын хэмжээнд хөдөлмөрийн насны 1300-1400 хүн байдаг. Яах вэ, ажилгүйдэл бий бий. Хаа газар л адилхан байгаа байх. Жил бүр хөдөлмөр эрхлэлтийнхээ бирж дээр ажилгүй иргэд бүртгүүлж явах ёстой. Бүртгүүлсэн иргэдээс гадна бүртгүүлээгүй ажилгүй иргэд ч байна. Манай суманд томоохон үйлдвэрлэл байдаггүй. Дээр нь уул уурхайгүй сум. Энэ ч утгаараа ажлын байр нэг их олон гараад байдаггүй л дээ. Яах вэ, төрийн албанд ганц, хоёр ажлын байр гарах үе бий. Харин түр ажлын байр тодорхой хэмжээнд гардаг шүү. Гэхдээ иргэд түр ажлын байрыг сонирхож, ажиллах нь бага байдаг. Энэ жилийн хувьд ажилгүй 10 гаруй иргэн сумандаа хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон, түр ажлын байраар хангагдлаа.
-Ингэхэд шинэ Соёлын төвтэй болж байгаа юм байна. Баяндалай сумынхан Соёлын төвтэй болохыг олон жил мөрөөдсөн байх шүү?
-Тийм ээ, манай сумд 1967 онд баригдсан хуучин Соёлын төвтэй, шаардлага хангахаа байсан. Тиймээс шинэ Соёлын төвийнхөө зураг төслийг нь бэлэн болгож, 2019 онд бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн. Энэ ондоо бүрэн ашиглалтад орно. Үнэхээр ард иргэдийн хүсэн хүлээж байсан, ойрын хугацаанд манай сум, орон нутагт хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалтын ажил юм. Үндсэн өртөг нь 1.8 тэрбум төгрөг. Мэдээж 280 хүний үзэгч, 150 хүний бүжгийн заалтай. Орон нутаг судлах танхим, номын сантай цогц бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна.
-Танайх аймгийн төвтэйгөө засмал замаар холбогдсон цөөхөн сумын нэг. Зам дагаж хөгжил гэдэг шүү дээ. Засмал замтай холбогдсноор сумын хөгжилд ахиц, дэвшил гарч байгаа нь ажиглагдаж байн уу?
-Манай сум бол аймагтайгаа засмал замаар холбогдсон. Энэхүү зам аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 оноос баригдаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн 2016-2020 оны хооронд ойролцоогоор 45 км замыг барьсан байдаг. Баяндалай сумыг дайраад цааш 20 км хэртэй үргэлжилсэн замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Аймагтайгаа засмал замаар холбогдсон Өмнөговийн хоёр дахь сум боллоо. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Засмал замаар аймгийн төвтэйгээ холбогдсноор хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэх, зам дагаж ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх төрөл бүрийн үйлчилгээний газрууд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Энэ бол цаашдаа хөгжөөд явах том боломж юм. Ард иргэдэд ч шороон замаар хэдэн цаг явж, машин тэргээ эвдээд байхгүй байх зэрэг олон сайхан боломж бий болсон шүү.
Мэдээж эрчим, хүч бол сум орон нутгийн гал голомтыг авч явдаг гол салбар юм. Энэ байгууллага доголдох тохиолдолд бусад салбарын үйл ажиллагаа ч тасалддаг болохоор өнгөрсөн хугацаанд халаалт, дулаан хэвийн явуулах тал дээр анхаарч ажиллалаа. Нүүрсийг үнэ төлбөргүй уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг хэлбэрээр авах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Сумын төвийнхөө гэрэлтүүлгийг сайжруулсан. Шинэ хорооллын бүс рүүгээ шугам ч татлаа.
Соёл, урлагийн салбарт ч аймгийн төсөв хөрөнгөөр тоног, төхөөрөмжийг хангах ажил хийгдсэн. Мөн соёл, урлагийн хөгжлийг хөдөөгийн иргэдэд хүргэхийн тулд авто машин шаардлагатай байсан. Аймгийн хөрөнгө оруулалтаар 14 суманд авто машин бэлэглэсэн. Тэрний нэг нь манай сум болсон. Шинэ авто машинаар соёл, урлагийн үйлчилгээгээ саадгүй хүргэх боломжтой болслоо. Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт хөрөнгө оруулалтын ажил багагүй хийсэн. Энэхүү салбарын орчин, нөхцөлийг сайжруулах шаардлагатай байсан. Гаднаас ирж ажиллаж байгаа багш нарын амьдрах орчин, ажиллах нөхцөлийг нь сайжруулсан. Амьдрах байрыг нь засварлаж, цэвэр бохир усны асуудлыг нь шийдэж өглөө. Ингэснээр багш, ажилчид тав тухтай орчинд ажиллах боломжтой болсон байна. Сургуульдаа их засвар хийлээ. Дээр нь гадна талын тохижолтын ажлыг хийж, гүйцэтгэсэн. Дотуур байрны барилгууд шаардлага хангахгүй байсан. Бүрэн хэмжээнд засварт орууллаа. Дээврээс нь ус гоожихгүй болгох, дотор өрөөнүүдийнх нь зохион байгуулалтыг шинээр хийх зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэлээ. Бүр хуучны ашиглахгүй байсан байрыг засварлаж, агуулах болгож байх жишээний.
Сургуулийн орчинд байрны хүүхдүүдийг тоглох орчныг бий болгосон зэрэг боловсролын салбарт томоохон ажлыг хийсэн он жил байлаа. Цэцэрлэгт их засварт оруулсан. Камержуулах, тохижилтын ажлууд хийгдсэн. Дээврийг нь болон цонх, хаалга зэргийг нь янзлах, хайсыг нь хүүхдийн орчинд нийцүүлж янзлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт ч томоохон ажлыг хийжээ. Сумын Нэгдсэн эмнэлгийг их засварт оруулсан. Хайсыг нь стандарт шаардлагад нийцүүлэх, машиныг нь шинэчлэх, тоног төхөөрөмж зэргийг нь аймгийн хөрөнгө оруулалтаар шийдсэн. Жил бүр л шаардлагатай тоног төхөөрөмжөөр сэлгэлт хийдэг. Ажиллах орчин сайжирч, нөхцөл боломж нэмэгдсэн гэж хэлж болно. Мөн эмнэлгийн туслах барилгуудыг нэгтгэсэн барилга барихаар зураг төслийг нь хийчихсэн байна. Бүтээн байгуулалтын ажлыг нь энэ жил эхлүүлэх гэсэн боловч амжсангүй. Зураг төсөл нь гарчихсан болохоор ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил нь эхлэх байх.
-Өмнөговь аймгийн ихэнх сум төв цэвэрлэх байгууламжтай болсон нь сайн хэрэг шүү. Иргэдэд тав тухтай амьдрахад үүнээс илүү чухал зүйл гэж хаана байна вэ. Танай сумын хувьд цэвэрлэх байгууламжаа засварлаж, хүчин чадлыг нь нэмсэн харагдана билээ?
-Тийм ээ, манай сум 2008 онд цэвэрлэх байгууламжтай болсон. Энэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хүрэлцэхээ байсан л даа. Тиймээс дахин аймгийн төсвийн 800 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэчилсэн юм. Төв цэвэрлэх байгууламжтай холбогдоогүй байсан бүх байгууллагыг холбож өглөө. Ингэснээр сумандаа цэвэрхэн, тухтай амьдрах нөхцөл бүрдсэн.
-Говь нутагт гүний худаг, цэвэр усны асуудал хүнд сэдэв. Өнгөрсөн хугацаанд сумын зүгээс энэ чиглэлд ямар ажлыг хийв?
-Бид хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажилладаг. Багуудын бүтээн байгуулалтын ажил, засвар тохижилтын ажлыг хийлээ. Шаардлагатай газарт худаг гаргасан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд усны хангамжийг нэмэх зорилгоор шинээр 12 худгийг ухаж гаргасан. Мөн дөрвөн худгийг засварласан. Дөрвөн худаг дээр нарны их үүсвэрийг тавих ажлыг хийлээ. Энэ мэт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд яг сум, орон нутгийнхаа салбар бүрд хүрч ажиллахыг зорилоо. Хүрч ажиллахдаа дутуу байгаа ажлыг нь гүйцээж, хүн ажиллаж амьдрах нөхцөл боломжоор нь хангахыг зорьсон. Дөрвөн жилийн дүнгээр нийт 28 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
-Тэгвэл Баяндалай сумын ирэх дөрвөн жилийн ирээдүй, өнгийг хэрхэн төсөөлж байна вэ?
-Гэр хорооллынхоо бүс, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана. Ер нь ирэх дөрвөн жил иргэдээ бодсон олон ажлыг хийх ёстой. Энэ хүрээнд саяхан гэр хороолол руугаа цэвэр ус, дулааны шугамыг татаж оруулахаар зураг төслийг нь хийлээ. Энэхүү ажил ирэх жилүүдэд үргэлжлээд явах юм. Манай сум бол аялал жуулчлалын бүс нутаг. Энэ ч утгаараа гадаад дотоодын жуулчид их явж, өнгөрдөг. Тиймээс нийтийн ариун цэврийн өрөө болон халуус усыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ажил нь үргэлжилж байна, арай дуусаагүй байна. Мөн ухаалаг худгыг барьж, ашиглалтад оруулна. Ирэх дөрвөн жил бол иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг шийдсэн он жилүүд байх болно.
Сэтгэгдэл ( 0 )