Д.Шатар: Бид хөнгөн ажлын тухай боддоггүй, үүнийг хийх ёстой гээд зүтгэдэг байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Монгол Улсад нэн шинэ хөгжсөн бас­хүү хамгийн чухал алба бол тат­варын байгууллага юм. Ингээд Татварын албаны ахмад ажилтан Д.Шатартай ярилцсанаа хүргэж байна


 

-Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор татварын тогтолцоо ч маш их өөрчлөгдөж өнөөг хүрлээ. Тэгэхээр нэн шинэ татварын байгууллагын түүхээс та ярина даа?

-1990 он хүртэл улсын төсөв гүйлгээний татвараас л бүрдэж байлаа. Хүнд бараг хамаа­гүй гэх юм уу даа. Социализм гэдэг бол нийгэм журмын нийгэм шүү дээ. Нийгэм журмын нийгэмд улсын төлөв­лөгөө­ний асуудал л байна. Товчхон хэлэхэд, үйлдвэрээс бараа бүтээгдэхүүн зургаан төгрөгөөр нийлүүлэхэд худалдааны байгууллага иргэнд зургаан төгрөг 60 мөнгөөр зардаг. Тэр 60 мөнгөнөөс тодорхой хувийг улсын төсөвт өгнө. Ийм л гүйлгээний татварын журмаар улсын төсөв бүрдэж байсан.

-Тэгэхээр зах зээлийн нийгэмд шил­жихээр орвонгоороо эргэсэн байж таарах нь?

-Тэгэлгүй яахав. Нийгэм шилжээд бараг бүх үйлдвэр толгой дараалан дампуурсан. Гутал, арьс ширний үйлдвэр гээд л явна. Бид чинь сайн чанарын савхи үйлдвэрлээд гадагш нь гаргадаг байлаа. Ингээд үйлд­вэрүүд задарчихаар ард түмний хэрэгцээг хэн нэгэн хангах шаардлагатай болно шүү дээ. Тэгээд хоршоо, хувиараа аж ахуй эрхлэх гээд олон юм болсон. Үнэ чөлөөлсөнтэй холбоотойгоор замбараагүй явдал ч их гарсан. Жаахан мөнгөтэй нь архи, гурилнаас эхэлж бүгдийг нь ууталж аваад маргааш нь өөрсдөө үнэ тогтоогоод дүрсгүйтээд эхэлж байгаа юм. Дагаад манай улсад цоо шинэ татварын тогтолцоо хэрэгтэй болсон. Татварыг буруу хийчихвэл гувчуур болчихдог. Гувчуур гэдэг чинь мөлжлөгийн чанартай зүйлийг хэлдэг монгол үг шүү дээ. Татварын хуультай болох шаардлагатай боллоо. Нэгээс нь татвар авч нөгөөг нь тэжээх шаардлага үүсэж байгаа хэрэг. Төр байгаа бол татвар байх ёстой гэдэг ойлголт юм. Тэгэхгүй бол төр уначих гээд байна шүү дээ. Төр унадгийн даваан дээр татвараа түшиж явсан юм. Тухайн үед Татварын тухай хууль батлагдаж, энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд нэг алба хэрэгтэй болсон. Ингээд Сангийн сайд Бямбажав гэдэг хүн байлаа. Яам өөрийнхөө Орлогын хэлтэс гэж байсныгаа салгаад Татварын алба гэж гаргасан юм. Би Татварын албаны ерөнхий нягтлан бодох буюу аж ахуйн даргын үүрэгт ажил хавсарсан ийм хүн болж байлаа. Татварын албаны дарга нь Лханаасүрэнгийн Пүрэвдорж гэж сүүлд Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн байсан хүн томилогдсон. Том эдийн засагч шүү дээ. Дээр үеийн Үйлдвэр худалдааны орлогч сайд байсан учраас гүйлгээний татварыг их нарийн ойлгодог хүн байсан байхгүй юу. Тэгээд түүгээрээ худалдааны татвар бий болгоод, сүүлдээ нэмүү өртөгийн албан татвар болгосон. Татвар бол ерөөсөө “Юм хийж орлого ол, орлогоосоо тэдэн хувийг өг” гэдэг ийм л юм. Тэр дунд их хийснээс их, бага хийснээс бага авна, ийм үйл ажиллагааны татварыг хөнгөлнө гэдэг өөрчлөлтийн л асуудал.

-Татварын хууль анх баталж байхад та ажлын хэсэгт нь байсан гэдэг байх аа?

-Монгол Улсад татварын хуультай болж байхад би тэр ажлын хэсэгт хоршооллын байгууллагыг төлөөлж оролцож байсан хүн л дээ. Тийм учраас тэр хууль ямар байх ёстойг сонсож байсан хүний нэг. Би П.Жасрай гуайтай цуг ажиллаж байсан. П.Жасрай гуай намайг явуулаад би ч жигтэйхэн шимтээд явж байсан санагддаг. Тэгээд П.Жасрай гуай Ерөнхий сайд болсныхоо хойно “Чи төрийн ажил хийгээч” гэж зөвлөөд татварын албатай холбогдоод явсан даа. Татварын албанд 38 настайдаа ороод 20 жил ажилласан байна. Татварын алба анх байгуулагдахад 44 орон тоотой байлаа. Тэр үеийн татвар төлөгчид хэн байв гэхээр хэдэн хоршоо, цөөхөн компанитай шүү дээ. Үйлдвэр гэж байсны суурин дээр шахуу нормын үйлдвэр, оёдлын үйлдвэр гээд задарчихсан тийм л цаг. Татварын хуульд тэрнээс хойш 12-13 удаа том өөрчлөлт орчихлоо доо. Жижиг сажиг заалт өөрчлөх юм бол зөндөө. Нэг улстөрч гарч ирвэл, хоёр нам хэрэлдвэл гээд байсхийгээд л өөртөө ашигтайгаар өөрчлөлт хийгээд байх юм.

-Тухайн үед таны ажлын нэг өдөр яаж өнгөрдөг байв?

-Би чинь эхлээд нягтлан байсан болохоор татварын 40-өөд хүнийхээ л ажиллах нөхцөлийг хангах үүрэгтэй шүү дээ. Жилд 64 сая төгрөгийн төсөв өгдөг. Би түүнийг нь бэлтгээд даргадаа үзүүлнэ. 64 саяыг 12 сардаа хуваахаар нэг сард таван сая төгрөгийн л үрлэгтэй байх нь. Улсын маань хүн ам ч цөөн, хэрэглээ ч бага байлаа. Шинээр олон хууль гарчихсан. Түүнийг нь уншина. Түүнд тохируулж нөгөө хэдхэн төгрөгөө тараана, байрлуулна. Хэрэгтэй шаардлагатай юм гарвал нөгөө хэдэн төгрөгөө хуваана, дарга нараар батлуулна. Шөнө орой болтол сууна. Шөнө 11, 12 хүртэл сууна шүү дээ. Саяхан 2005, 2006 он хүртэл тэгж суудаг л байсан. Гурав хоногоор гэртээ очихгүй байх энүүхэнд. Төсвийн тодотгол янз бүрийн ажил гээд суучихна. Бид бол хөнгөн ажлын тухай боддоггүй, үүнийг хийх ёстой юм гэж зүтгэдэг байсан. 1994 оны эхэнд би өнөө хятад сампинтай л байсан. Бэхэнд дүрдэг төмөр үзэгтэй. Нягтлан бодох хүн, татварын байцаагч ч гэсэн гоё бичих ёстой шүү дээ. Бусдын юмыг хянадаг, шалгадаг хүн чинь илүү дээр мэдлэг чадвартай, гоё сайхан бичигтэй байх ёстой. 1995 оноос компьютертэй болж байлаа.

-Та татварын улсын байцаагчаар хэдэн жил ажилласан билээ?

-1996 онд засаг төр солигдоод би татвар хураалтад байцаагчийн ажил хийсэн. Тэгэхэд татварын 14 төрөл байсан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хариуцдаг байлаа. Их том татвар оруулдаг их тамын ажил даа. Их ч хэрүүл хийсэн. Би үүнтэй 1996 оноос хойш 14 жил ноцолдсон хүн шүү дээ. Телевизээр их олон гарсан. 68 удаа телевизээр гарч, 48 удаа хэвлэлд бичсэн байдаг юм. Зарим нь намайг “Чи хэт зөрүүдлээд, чангадаад байна” гэж загнадаг, нөгөө зарим нь “Чи өшөө ч ноцолдох хэрэгтэй” гээд л. АМНАТ, газрын төлбөр, нөөцийн төлбөр, усны төлбөр тус тусдаа хуультай шүү дээ. Цааш нь түгээмэл тархацтай ашигт малтмал гээд хайрга, элс гээд байдаг. Энэ мэтээр өнөө 14 татварын зургааг нь хариуцдаг байлаа.

-Хамгийн бүрдүүлэхэд хэцүү нь АМНАТ байсан гэсэн үг үү?

-АМНАТ анх нэлээд ярвигтай хийгдчихсэн. Юу гэхээр Монгол Улсад газрын алба мөн Ашигт малтмалын газар гэж байгуулагдлаа. Тэд чинь энэ татвар руу оролцох гээд байдаг байхгүй юу. Би бол хуультайгаараа Татварын алба л авч байх ёстой гээд яваад байдаг. Газрын алба үймүүлээд хууль хийж байгаад Газрын алба газрын татварыг ноогдуулна, хураана гээд ороод ирсэн. Сүүлдээ Газрын алба хэнд хэдийг ногдуулснаа, хэнд ямар газар өгснөө одоо хүчрэхээ больсон. Ингээд өөрчлөн найруулж, зохицуулах гэж их ноцолдсон. Түгээмэл тархацтай ашигт малтмал, усны төлбөр бол нэг баримжаан дээр явчихдаг болохоор гайгүй.

-Татварын байгууллага босоо удирдлагатай. Үүнийг нь шүүмжлэх хүн олон. Ялангуяа аймгийн Засаг дарга нар “Бидэнд эрх мэдэл юу ч алга” гээд л ярьдаг даа?

-Босоо тогтолцооны сайн тал нь Монгол Улсын нэрийг барьж хүмүүсээс зөв ч бай, буруу ч бай авч байгаа юм бол тэрнийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Тийм болохоор анхнаас нь босоо тогтолцоотой байсан нь дээр гээд их зүтгэдэг байсан. Хуулиа ч тэгж хийсэн. Улс жилд хэчнээн нүүрс, жонш гаргаж байгаагаа мэдэж байх ёстой. Тэгэхгүй хэвтээ болоод “Өө тэр Өмнөговь л мэднэ, тэдний юм” гэж болохгүй шүү дээ. Тэгвэл Өмнөговийн бүгд найрамдах улс болчихно биз дээ. Үүнийг чинь төрийн зохицуулалт гэж байгаа юм. Манай Үндсэн хуульд эдийн засгийн төрийн зохицуулалттай зах зээлийн системийг баримталж ажиллана гэж байгаа. Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг юм хэллээ шүү дээ. Өөрөө учраа олж хэлээгүйгээсээ болоод унаж байна уу, яаж байна. Би бол дэмжиж байна. Төрийн зохицуулалт гэхээр хүмүүс зөвхөн үнэ бодоод байх шиг байгаа юм. Төрийн зохицуулалт гэдэг бол татвар л юм. Дэврээд, давраад байвал татвараар зохицуулна. Хөөрхий мөнгө төгрөг босохтой үгүйтэй байгаа үйлчилгээний аль нэг юман дээр багасгаад өгнө. Татварыг нь нэмэхээр манай том компаниуд задарчихдаг байхгүй юу. Баахан охин компани болоод залидаад байдаг. Үүн дээр зохицуулалт хийсэн татварын өөрчлөлт, реформыг хийж л байгаа ухаантай юм. Одоо яригдаад байгаа төслөөр охин компаниудын асуудлыг хязгаарлаж байх шиг байна. Сүлжээнүүдийн худалдаа байна. Манай татвараар дамжихгүй агаараар явж байгаа юм шиг юм Монголд олон байна шүү дээ. Бүр эзэн байхгүй. Одоо энэ Дорнодын нефтний машин татвараас хамааралгүй явж байна. Хил, гааль ойрхон газрууд ерөөсөө баларсан юм шив дээ. Татвар их, багадаа гол нь биш. Тийм хэмжээтэй зүйлээс тэрийг авч байна гэдэг чинь төр мэдэж, хараа хяналтдаа байлгаж байна л гэсэн үг. Тийм юм байхгүй, үйлдвэрээс юу ч гарч байгаа нь мэдэгдэхгүй бол яах болж байна. Харин татварын хувь хэмжээг хуульд айхтар сайн бодож зохицуулсан байх ёстой. Ийм л түүхийг бий болгох гэж бид тэмцсэн. Мөн ч олон улсууд нойр хоол, эрүүл мэндээ умартаж ажилласан даа. Татвар анх гарч байх үед ард түмэн, бизнесийн орчин чадал муутай учраас хүлээж авдаггүй, тэнд зохих ёсны дүрсгүйтэл гардаг байлаа. Байсхийгээд төрийн албан хаагч алуулсан, халдлагад өртсөн барьсан юм гарч байсан гээд гашуун юм зөндөө. Ард түмнийхээ амьдралын төлөө, хөгжил дэвшлийн төлөө зүтгэж байгаад хохирсон нь ч бий, сайн муу хоёрын дундуур хулгай хийж авлига авсан юмнууд ч байгаа. Энэ чинь нүсэр юмны л олон тал.

-Татварын байцаагч хүнд ёс зүй их чухал байх?

-Ерөөсөө л хүний суурь хүмүүжил. Хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлах гэдэг нь хуйвалдах гэсэн үг биш. Аль болох ойлгуулах хэрэгтэй. 1998, 1999 онд татварын алба хэцүү байсан. Айлын хаалга тогшоод “Танайх үүдэндээ ТҮЦ-тэй байна, татвар төл” гээд явна. Хөөрхий ТҮЦ-ний хүн “Би хэдэн төгрөг оллоо. Май” гээд өгөхгүй шүү дээ. “Юм зараагүй, ажиллаагүй, орлого олдоггүй” гээд хэлнэ. Би ч сууж байсан тэгж хэлнэ. Нөгөөхийг нь онгойлголоо гэхэд жаахан барааны үлдэгдэл нь одоогийнх шиг сая саяар байхгүй шүү дээ, хөөрхий. Татвар цуглуулах гэж айлын хаалгыг нь тогшоод нохойд уруулсан хүн ч байдаг л байсан, зодуулсан хүн ч байдаг л байлаа. Залуучуудад төрийн нэрийн өмнөөс явж байгаа бол зөв л яв, зөв л явбал бурхан ч харна, өөрсдөө гэгээлэг, өндөр мэдлэгтэй бай л гэдэг байсан.

-Татварын тогтолцоо бүрэлдэж байх үе, одоо үеийг харьцуулахад татвар төлөгчдийн ухамсар дээшилсэн үү?

-Дээшилсэн. Татвар гэж юу вэ гээд гайхдаг байсан зүйл одоо байхгүй шүү. Төр татвар дээр оршино. Монгол Улсад төр хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Буруугаар ойлгох хүн бий. Төрийн дээр байгаа хэдэн хүнийг тэжээх гэж татвар авч байна гэж. Энэ хэд нь чааваас муу ажиллаад байгаа учраас тэгж харагдаад байгаа юм л даа. Түүнээс төрийн тогтолцоог байлгахын тулд, санхүүжүүлэхийн тулд байгаа юм. Эмнэлэг, сургууль гээд бүгд багтана шүү дээ. Тийм болохоор төрдөө татвар цуглуулж ажиллах чинь нэр төрийн хэрэг. Би хамгийн сүүлд тэтгэвэрт гарахдаа 640 мянган төгрөгийн цалинтай байсан. Тэтгэвэр 430 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгоод гарсан. Гэхдээ ажилдаа дуртай. Сайхан хийвэл сайхан ажил шүү. Муухай хийвэл муухай ажил. Монгол төрийг сүйтгэх ч ажил юм. Сайхан ёс зүйтэй хүн өөрийнхөө ёс зүйг сэвтээе гэж боддоггүй юм шүү дээ. Хоосон хонож байсан ч бодохгүй. Ёс зүйн төлөвшил тогтоогүй бол савлана. Бас ямар удирдлага байна гэдгээс их юм болдог юм даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 16

Ugaasaa surjin darjin zahiramj ene ter gej uhtlee idej uugaad odoo ene uls chini hytadin gart buren orchloo,tegeed vh irged tatvar tuluh shaardlaggui ter tom tom uurhainuud bn,terneesee tusuvuu bosgo,deerees ni ard irgeddee ashig uguj bai

0  |  0
Top