Монголчуудын амьдрал ахуйдаа хэрэглэж буй үгсийн нарийн утга, бэлгэ, далд санааг гүйцэх аргагүй. Үүнийгээ харин яг ойлгож хэрэглэдэг нь хэд юм бол. Хамгийн наад зах нь мөнөөх алдарт “Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад, төрөө зас” гэх үгийг цөмөөрөө л хэлэх, ярих атлаа яг цаад нарийн утгыг ухан олсон нь цөөн мэт. Сүүлийн жилүүдэд төрөө засч чадсан нэг ч хүн гараагүй нь ер нь үгнийхээ утгыг ойлгохгүй будилснаас үүдэлтэй байж мэднэ шүү. Тиймд “төр засах” гэж яг юу гэсэн үг болохыг үг зүй, утга зүйн хувьд эхлээд задалж үзье. “Засах” гэдэг үг нь хоёр салаа утгатай. Эхнийх нь засч залруулах, зөв эрэмбэ дараалалд оруулах гэсэн утгатай бол удаах нь засах, хөнгөлөх гэсэн шал ондоо утгатай. Өнөөдрийг хүртэл монголчууд “Төр засна” гэдгийг эхний утгаар нь ойлгож, орчуулж, хөрвүүлж иржээ. Хэрвээ энэ утгаар нь туушиндах юм бол “Төр гэдэг нь эвдээд бусниулчихсан, тараагаад сандаачихсан эвдэрхий, хэмхэрхий эд” болж таарах гээд байгаа юм.
Энэ тодорхойлолт ихэнх хүний үзэл онолтой тохирч магадгүй. Төр бол улам л хог дээр үсрэх дөхөөд буй хэмхэрхий тулга, түүнийг хэн нэгэн “бурхан ухаантай дархан хүн” гарч ирж байж л засах учиртай. Гэтэл сая сэхээрэх нь ээ, “Төр засах” гэдэг нь хоёрдугаар утгатайгаа илүү дүйх санагдлаа. Өөрөөр хэлбэл, “Засах, хөнгөлөх” гэсэн утгаар нь хэрэглэвэл сая тохирох байсан бололтой. Өнөөдөр Монголын төрд чухам юу болж байгааг бид цөмөөрөө л мэдэж байгаа. “Зуун ямаанд жаран ухна” гэгч л болж буй. Хаашаа л харна, гүзээгээ унжуулсан хурган дарга нар. Манай төрийн асуудал энд л байгаа юм. Хэрвээ тэр “Хуц, ухна” мэт олон дарга нарыг “хурга” байхад нь засчихсан бол манай төрд асуудал үүсэхгүй байсан гэсэн үг биш үү...
Одоо хэдүүлээ эхнээс нь дэс дараатай, цэгцтэй, логиктой төсөөлөөд үзье. Төр гэдэг үнэндээ төр барьж буй түшмэдийг хэлж буй. Тэгвэл төрийг засна гэдэг нь түшмэдийг засна гэсэн үг болно. Түшмэдийг засна аа гэдэг нь тэднийг тайган болгоно оо гэсэн үг ээ.
Түүхэнд тайган нарыг төрд хэрэглэж байсан олон жишээ бий. Бидний мэдэх нь л манж нар болохоос бус, эртний Перс, Ром, Самарканд, Дербентэд эр хүнийг “хөнгөлөх” үзэгдэл ихэд түгжээ. Энэ нь ганцхан шийтгэл байсан мэтээр эндүүрч болохгүй. Эртний Ромд бол ихэвчлэн санваартнууд бурхандаа үнэнчээ илтгэн засуулдаг байсан аж.
Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ үед мэдээж дарга, даамал хүмүүсийнхээ засааг огтлоод яваад байж таарахгүй. Гэхдээ л үргэлжлүүлээд төсөөлцгөөе. Хэрвээ үнэхээр л тэднийг “засдаг” болчихвол их олон зүйл шийдэгдэж, байдал жинхэнээсээ засагдаж мэднэ шүү.
Юун түрүүнд, төрийн сандал, ширээ рүү тэмүүлж, үхэн хатан зүтгэцгээдэг хүмүүсийн цуваа эрс цөөрнө. Дарга болох хэчнээн дуртай байлаа ч түүнийхээ төлөө төмсөгөө өгөх хүн цөөхөн үлдэж таарах болов уу. Ийм байдлаар дарга болох хэнээ, хүсэл шуналыг бараг л тэгтэй тэнцэх хүртэл нь бууруулж чадна. Ингэсэн тохиолдолд одоо л нэг чин шударга томилгоо, жинхэнэ үүрэг хариуцлага гэгчийг нь хэн нэгэнд үүрүүлэх нөхцөл бололцоо бүрдэнэ ээ.
Удаад нь, бид дарга нарынхаа “том засаа”-наас болж, эвгүй байдалд орж, өмнөөс нь ичиж нэрэлхэхийн хэцүүг эдлэхгүй. Өнгөрсөн хугацаанд ер нь дарга нарын маань төмсөгнөөс л үүдсэн хэргүүд л төрийн нүүрийг түллээ шүү дээ. Уг нь “Төр төмөр нүүртэй” гэдэгсэн. Гэтэл өдгөө тэр нүүр нь улайссан ширэм болж хувирлаа.
Нэг түшмэл маань “болдоггүй бор”-ынхоо зургийг бүсгүй хүн рүү явуулж, адгуус шахуу аашилсан нь үнэндээ бол өнөөх төмсөгнөөс л үүдэлтэй билээ. Хэрвээ төмсөг байхгүй бол тийм хэрэг гарах ч үгүй. Гэтэл бас нэг түшмэл маань улс орны нэр нүүрийг барьж яваад, гадаад хүүхний өгзөгөнд хүрч балайг нь тарив даа. Хэргийн эзэн нь хөх, гуя харахаараа мэдрэлгүй хөдөлж байдаг гар нь мөн боловч хэнгэргийн дохиур нь өнөө муу төмсөг.
Энэ ч бага хэрэг ээ. Хүүхэн шууханд хүч хэрэглэсэн, бүлэглэсэн, садар самуунд уруу татсан, түгээн дэлгэрүүлсэн, албан тушаалаа ашиглан бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэхийг завдсан гэх мэт түмэн гэмт үйлдэл “төрийн том засаа”-наас л үүддэг. Цаашлаад, төрийн албыг наймаалцсан, мөнгө төгрөг авлигадсан, хууль зөрчсөн, хулгай хийсэн зэрэг бүх л үйлдэл түшмэдийн засааг засдаг болчих юм бол ор тас арилна гээд та бод доо. Уг нь ч заавал тэднийг мал шиг засаад байхын хэрэг байхгүй л дээ. Хуулиа ягштал биелүүлж, хариуцлагаа яс тас үүрүүлдэг л болчих юм бол төрд нүүрлээд буй “Жаран ухны зовлон”-гоос гэтэлж болмоор.
Монгол төрд түшмэдийн толгой, засаа хоёр дэндүү томорсны харгайгаар тэднээс үүдэлтэй асуудал, бэрхшээлүүдэд бид дарлуулж байгаа нь нууц биш. Илүү эрх ямба эдэлж буй бол илүү үүрэг хариуцлага хүлээдэг тийм л тогтолцоо үгүйлэгдэж байна.
Ардчилал хөгжсөн бусад оронд улстөрчидтэй хуулиараа хариуцлага тооцдог. Харин манайд улстөрчдийг хазаарладаг хууль нь байхгүй учраас жагсаал цуглаан хийж, огцрохыг шаардахаас цааш хэтрэхгүй. Одоо мөрдөгдөж буй хууль нь улстөрчдийг биш, энгийн номхон ард иргэдийг хазаарлаж, номхруулах зорилготой.
Төрийн хууль нь эрх мэдэлтэй хүмүүсээ шийтгэж, хариуцлага тооцож чадахгүй болсон учраас ард олон алдагдсан эрхээ эдлэхийн тулд жагсаж, янз бүрээр тэмцэх гэж ядаж байна. Тэрхүү алдагдсан эрх нь аливаа улстөрчийг сонгодогтойгоо адилаар тухайн улстөрчтэй хариуцлага тооцох, буруу зөрүү, эсвэл хангалтгүй ажиллавал эргүүлэн татах эрх билээ. Ийм хуулийн боломж байхгүй учраас олон нийт тэмцэж болох бүх хэлбэрийг туршиж, нөгөө талд улстөрчид нь тэдний өөдөөс салаавч өгч, “Хэн намайг хэлж, нохой хэн саах вэ” гэсэн байдлаар хэнэггүй, хариуцлагагүй зан араншинг алхам тутамдаа гаргаж байна.
Саяхны жишээ бол, ЖДҮ-гийн мөнгийг идэж уусан нөхдүүд хийгээд хандивын 21 сая төгрөгийг шагнал болон хувааж авагсад юм. Төрийг засъя гэвэл тэднийг засахаас л эхлэх хэрэгтэй. “Энэ төрд бид ямар хүмүүсийг сонгочихоо вэ” гэж гайхахаасаа илүү эдгээр “хүнд гарууд”-тай хэрхэн хариуцлага тооцдог болох вэ гэж олон нийт шаналж байна.
Өнөөдрийн бидний хамгийн том зовлон бол дарга нар ажлаа муу хийсэн ч, авлига авч байгаад баригдсан ч, авгай хүүхний асуудалд орооцолдсон ч, ажлын цагаар хувийн хоббигоо хөгжүүлсэн ч, ер нь яасан ч байсан хариуцлага тооцох тухай яриа амжилт олохгүй.
Хэрэв зээ, улстөрч өөрөө өөртэйгээ л хариуцлага тооцдоггүй юм бол өөр боломж бараг л байхгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө л шалгуулж, шийтгүүлж, суудлаасаа босдоггүй юм бол хэчнээн боошиг нүдээд, түмпэн сав түжигнүүлж хэдий олноороо жагсаад ч суудлаас нь ховхолж чадахгүй. Авлига авлаа гэхэд өөрөө авлига авах гэж байгаа өдөр, цаг, минут, газраа хэлж өгөөд, газар дээрээ заавал баригдах хэрэгтэй. Тэгээгүй л бол хэчнээн бичлэг, дуу хоолой байлаа гээд авлига авсанд тооцогдохгүй.
Монголын хууль нь ийм юм. Ийм хуулийг тэгвэл өөрчилж болдоггүй юм уу гэж хэн нэгэн асууж магад. Болдоггүй юм аа. Яагаад гэвэл, тэр хуулийг чинь бас тэд баталдаг юм. Өөрчлөх эрх нь тэдэнд бий, өөрчлөхгүй байх ч эрх нь бий.
Монголчууд яавал энэ задарсан дарга нартай хариуцлага тооцож, тохирсон шийтгэл оноодог болох юм бол гэж аргаа барж байна. Арга ядсан хүний эцсийн арга тэднийг “засчихвал” төрөө засчих юм биш үү гэсэн бодол юм.
Эцэст нь сануулж хэлэхэд, энд “засах” гэдэг утгыг мөн л шууд бус утгаар нь хэрэглэсэн гэдгээ илэрхийлье. Хурганы засаа огтлох гэж байгаа мэт юугүй юугүй хутга бариад дайрчихъя гэж уриалаагүй гэдгийг эрхбиш ойлгож буй биз ээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дарга шутэх узлээс яаж салах вэ Нэгд жижиг дунд уйлдвэрлэл эрхлэхэд бага хуутэй зээл хялбархан олддог байх хэрэгтэй Ажилгуйдэл их бизнес хийхэд торийн хунд суртал саад болж байгаа учраас залуучууд торийн алба руу тэмуулээд байна Хоерт мэргэжлийн ажилчдын цалин торийн доод дунд шатны ажилтныхаас ондор болсон цагт улс ч хогжино торийн алба ч цомхон болно