Меркель, Трюдо нар Навальныйн талаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Германы канцлер Ангела Меркель, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар утсаар ярьжээ. Тэд Беларус улсад үүсээд байгаа нөхцөл байдал болон Германд эмчлэгдэж байгаа Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйн талаар хэлэлцсэн байна.

Канадын Засгийн газрын тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснээр тэд Алексей Навальныйг хордуулсан асуудлыг дахин сөхөж, Беларуст энх тайван, ардчилсан замаар шинэчлэлт хийх нь чухал гэж үзжээ.

Трюдо, Меркель нар мөн Канад, Германы харилцаа, цар тахлын асуудлаар ярилцсан байна.

Үүний өмнө Оросын Төрийн тэргүүн Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой утсаар ярихдаа Навальныйтай холбоотой нөхцөл байдлын талаар үндэслэлгүй буруутгах нь зохисгүй болохыг тэмдэглэжээ.

Германы талаас энэ сарын 2-нд шинжилгээгээр Навальныйг “Новичок” төрлийн бодисоор хордуулсныг тогтоолоо гэж зарласан юм. Харин Оросын талаас Навальныйг Берлин рүү аваачихаас өмнө түүний биед ямар ч хорт бодис илрээгүй гэж мэдэгджээ.

Навальный өнгөрсөн сард Томскоос Москва руу нисэж явахдаа гэнэт бие нь муудаж, онгоц Омск хотод яаралтай буулт хийсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top