Монгол Улсыг нуруун дээрээ үүрдэг ганцхан төсөл хэрэгжүүлдэг. Үүн шигээ асар том асуудал, хэл аман дунд байдаг компани бол Рио Тинто. Яагаад ч юм бид энэ том төслийг хэрэгжүүлдэг Рио Тинто компанид дургүй. Яг л хятадууд шиг дургүй. Тэртээ тэргүй асуудалтай байгаа энэ компани өнгөрсөн тавдугаар сард уугуул австраличуудын эртний түүхтэй холбогдох 46 мянган жилийн настай агуйг тэсэлгээний явцад сүйтгэж орхисон нь удирдлагуудыг бужигнуулахад хангалттай байж. Асуудал Австралийн Засгийн газар хүртлээ өндөр авч улмаар одоогийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак, Зэсийн салбар хариуцсан гүйцэтгэх захирал Крис Салисбюри нар үүрэгт ажлаа өгөөхөөр болов. Тэд ирэх оны гуравдугаар сар хүртэл буюу дараагийн гүйцэтгэх захирал томилогдтол үүрэгт ажлаа гүйцэтгэнэ. Дэлхийд алдартай санхүү эдийн засгийн суваг болох Блумберг суваг “Рио Тинто”-г удирдах магадлалтай нэр бүхий зургаан хүнийг дурджээ. Тэдний дотор Монгол хүн багтсан байна. Рио Тинто компанийн Эрчим хүч, эрдэс баялгийн салбар хариуцсан захирал Б.Болд нэр дэвшигчдийн эгнээнд багтжээ.
Яагаад заавал Монгол хүн гэж
Хувь заяаны шоглоомоор монголчуудын хамгийн дургүй гэгдэх Рио Тинто компанийн салбарын захирлаар Монгол хүн ажилладаг. Нэг ёсондоо тус компанийн удирдлагын багт багтсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй Б.Болд нь мэргэжлийн замналаа 2013 оноос Рио Тинто компанитай холбожээ. Тэр оныхоо тавдугаар сард Олон улсын зэсийн үйл ажиллагаа хариуцсан салбар нэгдэж багтсан байна. Нэг ёсондоо Рио Тинто компанийн удирдлагын багт Монгол хүн багтах баламжтой болсон гэсэн үг. Үүнээсээ хойш яг гурван жилийн дараа тус компанийн Эрчим хүч, эрдэс баялгийн салбар хариуцсан захирлаар түүнийг тохоон томилсон юм. Түүний ажлын хамгийн гол фокус нь Африкт хэрэгжүүлж буй төслүүд тэдгээрт хөрөнгө оруулалт татах явдал байдаг. Африк тивд хэрэгжүүлдэг ихэнх төслүүд багагүй хэл ам дагуулдаг тул асуудлыг шийдэж, хөрөнгө оруулалт татах түүний ажлын хамгийн гол үүрэг гэдгийг Блумберг суваг онцолжээ.
“Б.Болд нь стратегийн гарамгай сэтгэгч. Тэр ирээдүйд түүхий эд, тааварын зах зээлд ямар бүтээгдэхүүн чухал болохыг олж тогтоогоод зураглал гаргах замаар компанийн стратегийг тодорхойлдог”
Bloomberg.com
Рио Тинтотой мэргэжлийн замналаа холбохоос бүр өмнө 2010-2012 онд Монголын хөрөнгийн биржийн захирал, 2012-2014 онд Монголын уул уурхайн ассоциацын тэргүүнээр ажиллаж байсан юм. Хөрөнгө оруулалтын банкир мэргэжилтэй хүний хувьд Английн Лондон, АНУ-ын Нью-Йорк хотуудад JP Morgan компанийн салбар нэгжүүдэд ажиллаж байсан туршлагатай. Ингэж ажиллаж байхдаа эх орондоо хэрэгжүүлж буй алтны болон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт татаж байсан туршлагатай.
“Б.Болд нь стратегийн гарамгай сэтгэгч. Тэр ирээдүйд түүхий эд, тааварын зах зээлд ямар бүтээгдэхүүн чухал болохыг олж тогтоогоод зураглал гаргах замаар компанийн стратегийг тодорхойлдог” гэж Блумберг суваг мэдээлэлдээ онцолжээ.
Бусад нэр дэвшигчид
Уул уурхай, түүхий эд, санхүүгийн салбарын том нэрсүүдтэй холбогддог салбарын захирлаас дээш албаны олон хүн дараагийн гүйцэтгэх захирал болох боломжит нэрсүүдэд багтжээ. Уг нэр дэвигчдийг та бүхэнд товч танилцуулъя.
Австралийн иргэн Мельбурн хотын уугуул Том Палмер. Өдгөө 52 настай тэрээр нэгэн цагт Рио Тинто компанийн төмрийн хүдрийн бизнесийг толгойлж байсан туршлагатай. Одоогоор дэлхийн алтны томоохон нийлүүлэгчдийн нэг Newmont корпорацын гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Амьдралынхаа 20 жилийг уул уурхайн салбартай холбосон туршлагатай нэгэн. Түүнчлэн одоогийн гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жактай ойр дотно гэж хэвлэлүүд мэдээлдэг.
Дараагийн нэр дэвшигч бол BHP группийн салбарын захирал Петер Бивен. Рио Тинто компанийн хамгийн том өрсөлдөгч гэгдэх BHP группийн салбар нэгж хариуцсан захирал тэрээр тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь энэ оны сүүлээр дуусна.
Ингэснээр түүнд ажиллах боломж үүсэж байгаа гэсэн үг. Португал улсад төрсөн ч Өмнөд Африкт өсөж торнисон банк, санхүүгийн мэргэжилтэй тэрээр 2014 оноос эхлэн BHP компанийн дээрээсээ хоёр дахь удирдагч болжээ.
Боломжит нэр дэвшигчдийн дараагийнх нь Newcrest Mining компанийн гүйцэтгэх захирал Сандеп Бисвас. Энэтхэгийн харьяат тэрээр Австралийн хамгийн том алтны компани болох Newcrest Mining компанийг удирдаад даруй зургаан жил болж буй. Рио Тинто компанид дагалдангаас эхлээд албаны дарга болтлоо өсөж дэвжсэн тэрээр Австрали, Канадын хэд, хэдэн компанийг удирдаж байсан түүхтэй. Тэрбээр зөвхөн компани удирдахаасаа гадна Австралийн эрдэс баялгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг мэргэжилтний нэг.
Гүйцэтгэх захирлын суудал горилж буй дараагийн нэр дэвшигч бол Гремм Керр BHP компанийн туслан гүйцэтгэгч “South32” компанийн гүйцэтгэх захирлаар 2015 оноос хойш ажиллаж буй. Түүнийг зөвхөн туслан гүйцэтгэгч бус томоохон компани удирдах туршлагатай гэж шинжээчид дүгнэдэг. Баруун Австралийн Перт хотод төвлөрөн ажилладаг байгалийн гамшгаас үүдсэн саатлыг хохирол багатай даван туулах стратеги боловсруулсан гэж уул уурхайн портал сайтууд дүгнэжээ.
Төгсгөлийн оронд
Рио Тинто компанийн шинэ гүйцэтгэх захирлыг амаргүй алба хүлээж буй. Туркойз Хилл зэрэг томоохон хувьцаа эзэмшигчдээс гадна жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж, балансийг барих. Нөгөөтээгүүр Африкт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах. Маргаантай байгаа уурхайн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх. Сербийн Засгийн газартай хэрэгжүүлж буй литийн төслийг гараанаас гаргах. Монгол Улсад хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төсөл дээр Засгийн газартай тохиролцож хамгийн гол арбитрын шүүх дээр очсон татварын маргааныг эцэслэх. Байгаль орчинд нөлөөлөх нөхцөл байдлын үнэлгээ, усны үнэлгээ зэргийг дахин хийх тухай байгаль хамгаалах чиглэлийн олон улсын байгууллагуудын эргэлзээг тайлах. Коронавируст цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, түүнтэй уялдуулсан шинэ стратеги баримтлах зэрэг маш том хэд, хэдэн сорилтууд хүлээж буй. Хэрэв Монгол хүн үнэхээр Рио Тинто компанийг толгойлохоор болчихвол “Оюу Толгой” асуудлыг хэрхэн шийдэх, арбитрын маргаан, эрчим хүчний хэрэглээг хангах тухай асуудал хэрхэн шийдэгдэх нь сонирхол татна. Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлын суудал “эзгүйрч” байгаатай зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Оюу Толгой” төслийг 100 хувь Рио Тинто юм уу, өөр бусад гуравдагч этгээдэд зарах тухай санаагаа Австралийн хэвлэлд цухалзуулсан. Магадгүй монголчууд Монгол хүн томилогдвол “Оюу Толгой” мандан бадарна гэж бодж байж болох. Гэхдээ энэ бол Монголд бүртгэлтэй, “Топ-100” аж ахуйн нэгж гэсэн шар пластикан цом гарддаггүй маш том амбицтай компани болохоор залгамж бодлого, баримталж буй стратегиар л шийдэгдэн. Шинжээчид Австрали гаралтай хүнийг сонгох байх гэсэн таамаглал дэвшүүлжээ. Учир нь угуул австраличуудын өв соёлтой холбоотой бүхэл бүтэн агуйг нураачихсан учраас үл ойлголцлыг зөвтгөх нэг алхам болох болно гэж харж байна. Австрали биш гаднын иргэдээр толгойлуулсан нь одоо үүссэн маргаануудыг эцэслэхэд дөхөм болно ч гэж үзэх нэг хэсэг бүлэг бий. Чухамдаа аль нь ч бай Рио Тинто компанийн ТУЗ шийдвэрээ гаргана. Тэд тэртээ тэргүй маш их асуудал хүлээж байгаа гэдгийг гадарлаж буй.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
Yamar balantsagnih ni dunkuu hujaa songohvde