Худалдаа аж үйлдвэрийн танхимын даргаар 1989-1993 онд ажиллаж байсан Ж.Гөлгөөтэй ярилцлаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, бизнесийн орчныг таатай болгох чиглэлд анхаарч, голох үүрэг гүйцэтгэж ирсэн МҮХАҮТ-ын 60 жилийн ой өнөөдөр тохиож байна.
-Хоёр нийгмийн шилжилтийн цаг үед танд Худалдаа аж үйлдвэрийн танхимыг толгойлох боломж тохиосон байдаг. Танхимын даргаар ажиллаж байсан он цагуудаа эргээд дурсвал, тухайн үед нөхцөл байдал ямар байсан бэ?
-1989-1990 он бол Монголын нийгмийн шилжилтийн үе. Энэ жилүүдийг танхим дайрч гарсан. Танхим хуучин Гадаад худалдааны яамны дэргэдэх байгууллага гээд төсвийн байгууллагатай адилхан санхүүжилтэд санаа зовдоггүй байлаа. Нийгэм шилжихэд эхэлсэн нэгдүгээр хүндрэл бол танхимыг төрийн бус байгууллага гэдэг нэрээр төсвийн санхүүжилтээс салгасан явдал. Ажилтнуудаа яаж цалинтай байлгах вэ, яавал байгууллагаа авч үлдэх вэ гэсэн асуудал байлаа. Яг энэ үед экспорт импортын хэмжээ, экспертизийн орлого ч буурсан байдаг юм. Тиймээс хамгийн түрүүнд танхимын дэргэд Гадаад худалдааны нэгдэл байгуулсан. Дараа нь зуучлалын компанитай хамтран гадаад худалдаа эхэлж буй компаниудад зөвлөгөө өгч, тэндээсээ орлого олж эхэлсэн. Ингэж л танхим нийгмийн энэ шилжилтийн цаг үед нуралгүй тэсэж, төрийн бус байгууллага гэдэг статусаа авч үлдсэн. Тэр үед танхим зөвхөн гадаад худалдааг дэмжих үүрэгтэй байсан. Танхимд шинээр бизнесийн эрх ашгийг хамгаалах Монголын бизнесийг гадаад улс орнуудтай холбох функц гарч ирж байсан. Энэ үед бид Ази Номхон далайн орнуудын худалдааг дэмжих байгууллагын гишүүн болсон. Олон улсын худалдааны танхимын гишүүн болох эхлэлийг тавьсан. Мөн гуравдагч орнуудын худалдааны танхимуудтай холбоо тогтоож эхэлсэн. Лондон, Герман, Итали гэх мэт орнуудтай эхний ээлжид холбоо тогтоож, энэхүү харилцаа холбоогоор дамжуулан хоёр төрлийн тусламж авч байсан. Нэгдүгээрт, Монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүйгээр үзэсгэлэнд оролцуулдаг байсан. Хоёрдугаарт, манай олон ажилтан, албан хаагчдыг хоёр жил хүртэлх хугацаанд сургалтад хамруулж сургасан. Америкийн худалдааны танхим зэрэг байгууллагуудаас төсөл авч хэрэгжүүлсэн. Өөр нэг эх үүсвэр бол албан ёсны тусламжийн бараа орж ирж, түүнд экспертизийн үнэлгээг хийснээр тодорхой хэмжээний санхүүжилт танхимд орж ирж байлаа. Энэ бүх арга хэмжээг авснаар 1993 он гэхэд танхим олон улсын жишиг байгууллагын дүр төрхтэй болсон. Социализмын үед гишүүнчлэл албадлагын хандлагатай байсан бол энэ үед сайн дурын гишүүнчлэлтэй болж эхэлсэн. 1993 онд анхны Худалдааны танхимын хуулийн төслийг боловсруулж, Их Хуралд оруулж байлаа. Гэсэн хэдий ч хоёр жилийн дараа хууль болон батлагдсан. Иймэрхүү байдлаар танхим нийгмийн шилжилтийг давсан даа. Үндсэндээ санхүү, эдийн засаг, эрх зүй болон бизнесийн хүрээний хувьд ч шинэчлэгдэх эхлэлийг тавьж чадсан.
-Тусламжийн бараанд экспертиз хийсэн гэхээр их сонирхолтой санагдаж байна?
-Лангуунууд дээр давснаас өөр бараа үлдээгүй үе байсан. Тусламжаар бусад орнуудаас цагаан будаа, масло гэх мэтийн хүнсний бараа ирдэг байлаа. Тусламжийн бараа бүтээгдэхүүнүүд үнийн дүн, тоо хэмжээ ихтэй учраас Монгол Улсын хууль дүрмийн дагуу экспертиз хийх шаардлага гарсан. Эндээс л танхим санхүүжилттэй болсон. Үүний хажуугаар бусад орон Монгол Улсад бараа бүтээгдэхүүнээ сурталчлах сонирхол маш өндөртэй болж эхэлсэн. 1992 онд анх Японы худалдааны үзэсгэлэн гарч байсан. Тэр үед Үзэсгэлэн чимэглэлийн танхим байсныг Соёлын яамнаас авч, засаж тохижуулж, тоноглоод байнгын үзэсгэлэнгийн танхим, худалдааны үзэсгэлэнгийн газар /одоогийн Мишээл экспо/ болгож байсан түүхтэй. Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байлаа.
-Танхимын гишүүд 1990 оноос өмнө төрийн өмчит байгууллагууд байсан бол 1990 оноос хойш сайн дурын гишүүнчлэлтэй болж эхэлсэн. Анхны сайн дурын гишүүдийн талаар сонирхуулахгүй юу. Юунд найдаж, юуг зорьж орж ирж байсан бол?
-Шилжилтийн үед төрийн өмчит компаниуд ямар нэг байдлаар хувьцаат болон хувийн компаниуд болсон. Хамгийн гол нь гадагшаа худалдааны төлөөлөгч бүрдүүлэх, төрийн дээд айлчлал бүрдүүлэхэд Худалдааны танхим гэдэг том нэрийн дор явдаг байсан учраас байгууллагууд энэ айлчлалд багтах асар их сонирхолтой байсан. Жишээ нь 1992 онд Ерөнхий сайд П.Жасрай гуай Америкт айлчлахад хувьцаат компани болсон АПУ, Эм Импекс болон УБТЗ зэрэг байгууллагууд гишүүнээр элсэж байлаа. Олон улсын жишигт Төрийн тэргүүнийг дагалдсан бизнес айлчлалууд Худалдааны танхим гэсэн том далбаан дор явдаг байсан учраас энэ заншлыг бид ч гэсэн дагахаас өөр аргагүй байлаа. Хувьд шилжсэн томоохон компаниуд танхимд дуртайяа гишүүнээр элсэж байсан шалтгаан бол олон улсад гарах гарц нь байсан юм.
-Танхимын хуулийг боловсруулах үйл явцаас эхлээд батлуулах хүртэл үзэл санааны өөрчлөлт гарсан болов уу?
-Монголын бизнесийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн өмгөөлөл гэдэг ойлголт Монголын нийгэмд байгаагүй. АНУ-аас ирж экспертизээр ажиллаж байсан зөвлөхүүд бидэнд шинэ санаануудыг хэлж байсан. Засгийн газарт бизнесийн эрх ашгийг хамгаалах, бизнесийн өмгөөлөл хийх гэдэг санаануудыг ойлгуулах маш хэцүү байсан ч танхимын анхны хуулийн төслийг Ерөнхий сайд П.Жасрай гуай ойлгож дэмжиж байсан. Бусад орнуудын бодлогын өмгөөллийн хэмжээнд одоо ч Монгол Улс хүрээгүй байгаа.
-Одоогийн танхимыг Та хэрхэн харж байна вэ. Танхим цаашдаа хэрхэн ажиллах хэрэгтэй байна вэ?
-Танхим өнөөгийн нийгэмдээ зохих байр сууриа олж, үүргээ гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Ялангуяа мэдээллээр хангах, зөвлөмж өгөх чиглэлээр гадаад худалдаа, гадаад харилцаанд оролцох асуудлаар сайн ажиллаж байгаа. Манай улсын эдийн засгийн удирдлагад төрийн оролцоо их шүү дээ. Жижиг ч эдийн засагтай. Оюуны сэтгэлгээний шилжилт бүрэн хийгдээгүй. Танхим бол олон улсын жишиг бүтэц, бизнесүүдийн нэгдэл учраас цаашдаа улам хүчээ авах болно. Цаашдаа Төр засаг, олон нийтийн байгууллага танхимын классик гэдэг юм уу, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрх үүргийг илүү баталгаатай болгох талаар дэмжин ажиллах нь зөв болов уу. Бизнес байхгүй бол татвар байхгүй, орлого байхгүй, эдийн засаг нурна л гэсэн үг шүү дээ.
-Классик түвшин гэж та хэллээ. Хөгжингүй орнуудын хөгжлийн түүхийг харахад томоохон корпорац компаниуд нь голлог үүрэг гүйцэтгэсэн байдаг. Монголын хувьд хэвшүүлэх, хөгжүүлэх классик түвшин гэвэл юу байх вэ?
-Америк тэргүүтэй зарим оронд Худалдааны танхимаас нэр дэвшүүлж парламент болон бүсийн парламентад төлөөлөгч суулгадаг жишиг бий. Монголын эдийн засгийг авч явахын тулд улс оронд бий болж байгаа хуримтлал мөнгийг хувийн хэвшилд үлдээх чухал. Тиймээс бүхлээрээ төрийн мэдэлд байдаг, төрөөс хуваарилалт хийдэг хандлагыг л багасгах хэрэгтэй болов уу. Төр ДНБ-ий 30 хувийг бараг төсөвт авчихдаг хэрнээ хуваарилалтад хувийн хэвшлийг оролцуулдаггүй. Олон улсын жишгээс хувийн хэвшил бизнесийн оролцоо их байх тусам улсын эдийн засаг өсөлттэй байдаг. Танхим энэ бүх асуудалд нөлөөлдөг байх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )