Б.Дэмбэрэл: Иргэдийг төлөөлөхөд эрх мэдэл, мөнгө дутаж болох ч сэтгэл дутаж болохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Баянзүрх дүүрэг газар нутгийн хэмжээгээрээ ч, хүн амын тоогоороо ч нийслэлийг тэргүүлдэг. Дөрвөн жилийн хугацаанд энэ дүүрэгтээ иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллахад таны олж харсан гол бэрхшээл, иргэдэд тулгамдсан асуудал юу байв?

-Баянзүрх дүүрэг бусад дүүргээс ялгарах онцлог ихтэй. Хамгийн нэгдүгээрт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ёстой. Энэ хүрээндээ нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах ажлын хэсэгт оролцож ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт 365 мянган иргэн амьдарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байгаа нь Монгол Улсын хүн амын 11 орчим хувийг эзэлдэг. Энэ утгаараа манай дүүрэг засаг захиргааны хамгийн том нэгж болж байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэгт Монгол Улсын хамгийн том худалдааны төвүүд, хамгийн олон бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд байрладаг. Орон сууцны хороололд хүн амын 30 гаруй хувь нь амьдардаг бол үлдсэн хувьд нь гэр хороололд иргэд маань амьдарч байна. Энэ бүх онцлог нөхцөлөөс улбаатайгаар хөрс болон агаар, орчны бохирдол маш ихээр тулгамддаг. Эдгээр нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн амьдралд хор хохирол учруулдаг. Агаарын бохирдлын хувьд Засгийн газраас сайжруулсан түлш хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай дүүрэгт ч мөн 50 орчим хувиар агаарын бохирдол багассан. Энэ жил Налайхын шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноор агаарын бохирдлыг 80 хувь бууруулах тооцоо бий. Дараагийн асуудал гэвэл, гэр хорооллын бүсэд нүхэн жорлонгийн бохирдлын асуудал хэцүү. Үүнээс ч илүү ноцтой асуудал үүсгэж байгаа зүйл бол хөрсөн дэх хар тугалга хүнд металлын хэмжээ, нөхцөл байдал юм. Энэ тухай Шинжлэх ухааны академид хүсэлт гаргаад, Хөрс судлалын хүрээлэнгээр нь Баянзүрх дүүргийн гурван хорооны 30 байршлаас дээж авч, шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний дүнгээр хөрсөн дэх хар тугалга нь байх ёстой хэмжээнээсээ 13 дахин их гарсан. Баянзүрх дүүргийн зүүн хойд бүс буюу 9, 17, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дээж авахад хар тугалга зэрэг хүнд металлаас хордож бохирдсон хөрс уулын бүсээс үерийн усаар зөөвөрлөгдөн Улиастайн голоор дамжиж Туул гол руу цутгаж байна. Тэгэхээр энэ асуудал зөвхөн Баянзүрх дүүргийн гурван хорооны асуудал биш Улаанбаатар хотын ундны эх үүсвэр Туул голд холбогдох үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэх асуудал юм байна. Энэ асуудалд зөвхөн нэг дүүрэг гэхгүйгээр нийгэм тэр аяараа анхаарах ёстойг онцолж хэлье.

-Мэдээж хүний эрүүл мэнд хамгийн эхэнд яригдах ёстой. Баянзүрх дүүргийн гурван хорооны 30 байршилд хар тугалга байх ёстой хэмжээнээсээ 13 дахин их гарсан гэхээр шийдвэрлэх гарцыг хэрхэн харж байна вэ?

-Хар тугалга нь хүнд металл учир хүний генд гурван үе дамжиж нөлөөлж, хорт хавдар үүсгэх орчныг бүрдүүлдэг. Хүнд металлын хүнд хордлогод орсон хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ эмгэг согтолт өгдөг. Эмгэг согтолтод орвол үйлдлээ хянахгүй болж, аймшигтай гэмт хэргүүд үйлдэж байна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад ялангуяа автомашины худалдаа, сэлбэг, засвар үйлчилгээ эрхэлдэг иргэдээс цусан дахь хар тугалганы шинжилгээг хоёр дахь ээлжид авч байна. Мөн хар тугалга их ялгардаг орчинд ажиллаж амьдардаг хүмүүс, хүүхдүүдээс шинжилгээ авч, тогтоох асуудал дараагийн ээлжид яригдаж байгаа.

-2019 онд Баянзүрх дүүрэг олон жил яригдсан хүүхдийн шинэ эмнэлэгтээ болсон. Нэмээд шинэ эмнэлгүүд баригдаж байгаа сурагтай. Төсөв мөнгийг нь яаж шийдсэн бэ?

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 365 мянган иргэнд үзүүлэхэд 230 орчим эмч, сувилагч дүүргийн эрүүл мэндийн төвд ажилладаг. Эмнэлгийн үйлчилгээний хүртээмж хэцүүхэн нөхцөлд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлгийг Шар хаданд барьж ашиглалтад оруулсан. Би Шар хаднаас сонгогдоод дөрвөн дэх жилдээ ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна. Эрдэнэтолгойн Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас нурааж суурин дээр нь 100 ортой эмнэлэг барих барилгын ажил эхэлсэн явж байгаа. Эрдэнэтолгойн Эрүүл мэндийн төвийнхөн шинээр баригдсан хүүхдийн эмнэлэгт түр байршиж ажиллаж байна. Мөн Дарь-Эх чиглэлд 50 ортой улсын эмнэлгийн барилгын ажил 87 хувьтай явж байгаа. Гүйцэтгэгч компанитай уулзаж ярилцахад энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад орох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэлсэн. Дарь-Эхэд баригдаж байгаа 50 ортой эмнэлгийн хажууд 300 ортой улсын эмнэлэг барихаар төлөвлөсөн. Энэ ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тухайд?

-Баянзүрх дүүргийг бүсчилж хуваагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорьж байгаа. Жишээлбэл, Хонхор-Гачуурт нэг бүс, Шар хад-Цайз нэг бүс, Амгалан орчим нэг бүс, Сансар-Микро орчим нэг бүс болох зэргээр зохицуулалт хийх юм. Анагаах ухааны их сургуулийн харьяа Япон-Монголын эмнэлэгт Амгаланд оршин суугчид очиж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг. Эрдэнэтолгойд баригдаж байгаа 100 ортой эмнэлэгт Цайз-Шар хад орчмын оршин суугчид үзүүлдэг. Ингэж зохицуулалт хийснээр ач холбогдол ихтэй. Дээр нь сая батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлээр эрүүл мэндийн даатгалын санхүүжилт байгууллага дагаж биш, иргэн дагаж явдаг болж байгаа юм. Иргэн маань өөрөө эмнэлэг, эмчээ сонгох боломжтой болно. Ингэснээр эрүүл мэндийн салбар дахь хүнд суртлыг арилгаж, эмнэлэг нь иргэндээ үйлчилдэг болно. Хувийн, улсын бүх эмнэлэг адилхан иргэдийг татахын тулд үйлчилгээгээ сайжруулна. Харилцаагаа сайжруулна. Мөн тус хуулиар төсвийн байгууллагад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтны цалингийн дээд хэмжээг хуульчилж тогтоосныг өөрчилсөн. Шинэчилсэн хуулиар цалингийн доод хэмжээг тогтоосон боловч дээд хэмжээ буюу цалингийн дээд босгогүй болсон. Энэ бүхэн иргэндээ ээлтэй зохицуулалт юм.

-Баянзүрх дүүрэг, тэр дундаа Шар хад орчмын айлууд хүүхдийн эмнэлэгтээ боллоо. Мөн тэнд “Шар хад” дэд төв баригдана. Дэд төвийн ажил хэр явж байгаа вэ?

-Улс төр багийн ажиллагаа учраас иргэдийн хурлын төлөөлөгчид ч гэсэн нэг баг болж ажиллах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч, НОСК-ийн захирал Б.Сүхбаатар нартай нэг баг болж, төлөөлөгчдийн ажлын алба байгуулаад явсан. Энэ хүрээндээ Шар хад чиглэлийн 9, 17, 19, 24 гээд гэр хорооллын хороодод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Шар хад” дэд төвийн ажлыг эхлүүлээд явж байна. “Шар хад” дэд төв барих ажлын хүрээнд эхний ээлжид нийт 100 айлын газрыг чөлөөлсөн. Газар чөлөөлөлтөд хамрагдсан хүмүүс орон сууцанд орсон байна. Дараагийн 100 айлын газар чөлөөлөлтийн ажил одоо эд явагдаж байгаа. Ингээд газрыг чөлөөлсний дараа инженерийн шугам сүлжээг татаж байна. Бохир, цэврийн шугамаа татсан. Улаанхуаран цахилгаан, эрчим хүчний дэд өртөөг бариад ашиглалтад оруулчихлаа. Төвлөрсөн дулааны шугамаа татах ТЭЗҮ-гээ батлуулчихаад, техникийн нөхцөл, зургийн ажилдаа ороод явж байна. Яагаад газрыг ингэж томоор нь чөлөөлж байгаа вэ гэхээр хуучин арга барилаараа хоёр, гурван айлын газрыг хэсэгчлэн чөлөөлж явахаар ямар ч төлөвлөлтгүй болдог. Томоор нь чөлөөлснөөр анхнаас нь цогц төлөвлөгөөтэй ажил хийж болно. Сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайг цогцоор нь төлөвлөж болно.

-Таны ярихыг сонсоод байхад эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй юу?

-Эмчилгээ, сувилгааны арга зүйч, эрх зүйч мэргэжилтэй. Удирдлагын академийг удирдлагын ухааны магистраар төгссөн.

-Та өөрөө мэргэжлийн эзэмшсэн болоод ч тэр үү эх хүүхдийн сувилал, ахмадын асаргаа сувилгааг хөгжүүлэх чиглэлээр ажлууд ярьж байсан санагдана. Энэ чиглэлийг манайд яаж хөгжүүлэх хэрэгтэй юм бэ?

-Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч учраас дүүргийнхээ дэд бүтэц, иргэдийн амьдрах орчин, замын түгжрэл гээд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллах нь зүйтэй. Гэхдээ өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа харахад Баянзүрх дүүрэгт төдийгүй Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ахмадын асаргаа сувилгааг хөгжүүлэх чиглэлд зайлшгүй анхаарах шаардлагатай. Баянзүрх дүүрэгт эх, хүүхдийн сувилал гэж байхгүй. Жирэмсний болон төрөхийн хүндрэл, нялхсын эндэгдлээс сэргийлэхийн тулд эх хүн өөрөө эрүүл байх ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Өнөөдөр эмчийн хяналтад бүрэн хамрагдаж чадахгүй төрж байгаа ээжүүд ч байна. Жирэмсэн байхдаа хоолны дэглэм барьж, янз бүрийн сүлжээний эм, бэлдмэл уух нь ч бий. Энэ бүх зүйлийг эмчийн зөвлөгөө, хяналтаар зохицуулна. Тиймээс эх хүүхдийн сувиллыг төр, хувийн хэвшилтэй хамтраад шийдвэрлэж болмоор санагддаг. Баянзүрх дүүрэгт Улаанбаатар хоттой ойрхон байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Гачуурт, Хонхор, Богд Хан уул, Баянзүрх Хайрхан уул гээд боломжит нөөцдөө түшиглээд хувийн хэвшилтэй хамтраад Эх хүүхдийн сувилал барьж болно. Ийм төлөвлөгөө ч байна. Дараагийн асуудал гэвэл ахмадын асрамж, сувилгааны асуудал хүнд байна. Нүүдэлчин соёлоос суурин соёлд шилжсэн ахмадууд хотод гэртээ ганцаараа үлдэхээс эхлээд хэцүү бэрхтэй тулгардаг. Асрамжийн газар гэхээр ээж, аавыгаа шууд аваачиж хаях биш. Урт болон богино хугацааны ахмадын асаргаа сувилахуйн үйлчилгээг үзүүлдэг. Гэрт нь очоод асаргаа, сувилахуйн үйлчилгээг мэргэжлийн хүмүүс үзүүлдэг. Ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээлбэл, өдрийн үйлчилгээгээр ахмад настан гэрийнхээ хамгийн ойролцоох сувилахуйн төв дээр өглөө очоод үеийнхэнтэйгээ ярьж хөөрөөд, шатар, даам тоглож байгаад гэртээ ирдэг. Эсвэл тухайн гудамжинд нь юм уу тухайн байранд нь, хорооных нь иргэний танхимд зохион байгуулалттайгаар ахмад настнуудаар гар урлал хийлгэх зэргээр үйлчилгээг үзүүлж болно. Олон жилийн төрийн ажлын туршлагатай эрдэмтэн, мэргэд, ахмадуудаа ахмадын зөвлөх үйлчилгээнд хамруулах ёстой. Тэдгээр ахмадуудын туршлагыг бусдад түгээх байдлаар жишээлбэл, сургууль дээр очиж лекц унших зэргээр ахмадуудын амьдралын хэв маягийг сонирхолтой болгох юм. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн энэ мэт ажлыг хийх боломжууд харагдаж байна.

-Таныхаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн эрх мэдэл хэр хэмжээтэй вэ?

-Иргэдийн хурлын төлөөлөгчид эрх мэдэл, төсөв мөнгө дутагдаж болно. Харин юм хийх сэтгэл хэзээ ч дутагдаж болохгүй. Сэтгэл гаргаад хөөцөлдөөд явбал иргэдийн хурлын төлөөлөгч маш их хүчтэй хүн байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Үндсэн хуулиндаа эрх, үүргээ тамгалсан байгууллага. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд иргэдийн хурлын төлөөлөгчийг ажлаа хийхэд нь дэмжин туслах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэхдээ манай иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдээ л таньж, тэднээс юм бүхнийг хийхийг шаардах нь элбэг. Яг чиний төлөө, хороо, дүүргийн төлөө ажиллах иргэдийн хурлын төлөөлөгчөө таньдаггүй. Уг нь бол иргэдийн хурлын төлөөлөгчийг шахаж шаардаж ажиллуулах бүх эрх нь сонгогч, иргэдэд байдаг.

-Иргэдтэй уулзаж, санал гомдлыг нь сонсоход асуудал их байдаг уу?

-Иргэдээс ирсэн гомдлын дагуу иргэдийн хурлын төлөөлөгч ажиллах үүрэгтэй. Тиймээс иргэдтэй тогтмол уулзах болон цаасан хэлбэрээр өргөдөл, гомдол хүлээж авч, хариу өгч ажилладаг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу асуудал шийдвэрлэсэн нэг жишээ хэлье. “АСЕМ Вилла” хотхон, “Скай Ресорт” цанын бааз Туул гол уруу бохир усаа цутгаж байна гэсэн мэдээллийг иргэдээс ирүүлсэн. Мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болон байцаагчидтай хамт очиж 72 цаг газар дээр нь ажилласан. Бохир усаа цутгаж байгаа асуудлыг тогтоож нотлоод, торгуулийн арга хэмжээ авсан. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн эрх мэдэл багаддаггүй юм билээ. Томоохон үндэсний үйлдвэрлэгч компанитай удаан хугацаанд маргаантай явж, эцэст нь асуудлыг шийдүүлсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top