Д.Бадарсан: Хот, дүүрэг, хороо бол хоосон улс төрийн тайз биш

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

Төрийн удирдах албыг хашиж түмний итгэл, хүндлэлийг хүлээнэ гэдэг амаргүй. Ард иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдэж, аюулгүй, амар тайван дүүргийг бий болгохын төлөө амрах, алжаахаа умартан зүтгэдэг төрийн албаныхны үлгэр жишээ төлөөллийн нэг бол  Даваасүрэнгийн Бадарсан юм. Ямар ч хүнийг ялгалгүй нэгэн түвшинд харьцаж, нэгдмэл чанартай байж нэгдсэн шийдэлд хүрч чаддаг тэрбээр өдгөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ. Түүнтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлсэн ажил болоод дүүрэгт тулгамдаж буй асуудал, төрийн хүний үүрэг хариуцлагын талаар ярилцлаа.


-Таныг Сүхбаатар дүүргийнхэн андахгүй. Өөрийгөө уншигчдад дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Би бол Сүхбаатар дүүргийн унаган иргэн. Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Ибаракигийн технологийн үндэсний коллеж, Хэл иргэншлийн дээд сургууль, МУИС-ийг тус тус дүүргэсэн. Инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Санхүүгийн удирдлагаар магистр хамгаалсан. Миний бие 2012-2016 онд Сүхбаатар дүүргийнхээ Засаг даргаар ажиллаж байсан. Дүүргийнхээ  7-10 дугаар хороо буюу Бага тойрог, Монгол III сургууль, Алтайн гудамж, Дөлгөөн нуурын тойргийн хэсгээс иргэдээ төлөөлж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Төрөлх дүүргээсээ хоёр удаа сонгогдож Иргэд нийтийн хурлын тэргүүлэгчээр найман жил ажилласан. Хороо, дүүргийн ажлыг багаас нь их рүү шат шатанд нь маш сайн мэднэ. Иргэдийнхээ асуудлыг хэрхэн хүлээж авч яаж шийдэх ёстой вэ гэдэг дээр түлхүү анхаардаг хүн.

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа ямар, ямар ажлуудыг санаачлан хийж байсан бэ?

-Дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан хугацаандаа иргэдийнхээ саналаар ажлаа явуулдаг байсан. Иргэддээ захиа бичиж санал, хүсэлтийг нь авч шийдэл гарц эрэлхийлж ажиллах нь оновчтой ажил болдог тул иргэдэд ч таалагддаг. Дүүргийн Засаг даргын хувьд төсвийг баталж, боловсруулж иргэдийн хуралд өргөн барьж батлуулдаг эрхтэй. Тэр эрхийн дагуу иргэдтэйгээ харилцан уялдаатай ажиллаж нэг бүрчлэн захиа бичдэг байлаа. Эхний жил иргэд гайхаж, итгэхгүй байх тохиолдол байсан. Яг энэ ажлыг та хийх үү гэдэг байдлаар иргэд эхэндээ ханддаг байсан бол өөрсдийнхөө оролцоотойгоор ажил урагшлаад ирэхээр итгэл, идэвх зүтгэл нь ч нэмэгдсэн. Иргэдийн саналаар хийгдэж буй ажлууд иргэдийн хяналт дор явагдаж байгаа болохоор маш чанартай, үр өгөөжтэй, хүндээ хүрсэн байдаг болов уу гэж боддог.

-Таныг иргэдтэйгээ ойрхон ажилладгийг иргэд маш эерэг сайхнаар хүлээж авдаг юм билээ. Ер нь дүүрэгт тусгасан төсвийн мөнгө хэр хүртээмжтэй байдаг юм бол?

-Би МУИС-д төсөв хоорондын харилцаагаар мастерын судалгаа хийж хамгаалж байсан. Төсөв гэдэг иргэдийн л мөнгө болохоос хэн нэгэн даргын мөнгө биш. Гэтэл дарга нар иргэдээсээ санал бодлыг нь авахгүй ажлаа шийдээд төсөв тарамдаад байна. Алтайн гудамжинд хэрэгцээтэй байгаа асуудлыг дарга биш иргэд л хамгийн сайн мэднэ шүү дээ. Нийслэлийн төсвийн мөнгө нэмэгдсэн байгаа. Жишээ нь, 2016 онд Нийслэлийн төсөв 540 тэрбум төгрөгийн орлоготой байсан. 70-аад тэрбум төгрөгийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг. Үлдсэн 470 орчим тэрбум төгрөгийг нийслэлд хэрэгжүүлж буй ажлуудад зарцуулж байсан. Гэтэл өнөөдөр Нийслэлийн төсөв 1,2 их наяд төгрөгийн орлоготой. Улсад 280 тэрбумыг нь төвлөрүүлдэг бол 800 гаруй тэрбум төгрөг үлддэг. Хуучныг бодоход хоёр дахин нэмэгдсэн байгаа. Урсгал зардлаа хамгийн бага утга дээр барихгүй бол иргэдийн татвар мянга нэмэгдээд нэмэргүй гэж би шүүмжлэлтэй ханддаг. Иргэдийн татварын мөнгөөр зам харгуй тавих, авто зогсоол бий болгох, гудамж хотхоныг камержуулах, гэрэл гэрэлтүүлэг гээд маш олон ажил хийх боломжтой. Эдгээр ажлыг дарга биш хүн шийддэг. Үрэлгэн урсгал зардлыг зогсоож байж оновчтой, өгөөжтэй ажил явагддаг.

-Дарга нарыг төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулаад байна гэж шүүмжилдэг. Нэн түрүүнд тэр мөнгөөр хийж хэрэгжүүлэх ямар ажлууд байна вэ?

-Нийслэлийн 4000 орчим төрийн албан хаагч нийлээд 30-аад тэрбум төгрөгийн цалин авдаг. Цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг. Дэмий үрэлгэн гадаад томилолт, өндөр үнэтэй машин тэрэг, арга хэмжээ, найр наадмаа болиод ажлаа хиймээр байна. Бидэнд хийх ажил маш их байна. Нийтийн тээврийн асуудлаа цогцоор нь шийдэж замын түгжрэлийг арилгамаар байна. Өдөр бүр ард иргэд маань замын түгжрэлд гурван цаг тэг зогсолт хийж байна. Энэ гурван цагийг эртхэн гэртээ хариад үр хүүхдийнхээ хичээлийг нь давтуулах, гэр орондоо анхаарал тавих, хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөхөд зарцуулмаар байна шүү дээ. Мөн 30-40 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Тэдгээр хүүхдүүд гэртээ цоожлогдох нь цоожлогдоод, гэр бүлийн хүчирхийлэд өртөх нь өртөөд, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх маш их зөрчигдөж байна. Гэр хорооллынхоо утаа, шороотой хэдэн жил зууралдах юм бэ. Инженерийн шугам сүлжээ татаад орон сууц барьмаар байна. Орон сууцжаад ирвэл утаанд олон тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй болно. Мөн хөрсний бохирдол багасч, хүмүүсийн дунд газар аваад байгаа тоосны харшил, бохир орчноос үүсдэг халдварт өвчнүүд буурна шүү дээ.

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?

-Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг дарга байх хугацаандаа 23 сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьж ашиглалтад оруулсан. Энэ нь цэцэрлэгийн хүүхдийн орон тоог 3300-гаар нэмэгдүүлсэн ач холбогдолтой ажил болсон. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бусад дүүргийг бодвол харьцангуй гайгүй. 100 хувь шийдэгдсэн үү гэвэл үгүй. Сургуулиудаар явж зарим дутагдалтай талыг олж харж шийдэж байсан. Жишээ нь, сургуулиудаар явж байхад технологийн кабинетэд 380 вольтоор ажилладаг өрмийн машиныг бүтээгээд тавьчихсан байсан. Багш нар сурагчдаа технологитой харьцах чадвар эзэмшүүлэхэд хүндрэлтэй байгаа талаараа ярьсан л даа. Нэг багш 12 вольтоор ажилладаг евро стандартын төхөөрөмжийг кабинетдаа байрлуулбал хүүхдүүд ашиглах боломжтой гэсэн. Үүний дагуу кабинетыг хангаж өгснөөр хүүхдүүд өрөмдөх, харуулдах, засах, сэлбэх, хадах ажлын дөртэй, гарын дөртэй болж байна.

-Сүхбаатар дүүрэгт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Олон бий. Орон сууны байрын дулаалга, өнгөлгөө, дээврийн асуудал гээд урсгал засвараас эхлээд машины зогсоол дутмаг байдаг. Урсгал засварын ажлыг хийгээд л явж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх, газрыг шинэ зохион байгуулалтад оруулах, дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлууд хийгдээд явж байна. Дахин хэлэхэд, бүтээн байгуулалтын ажлаа түргэвчлэхийн тулд төсвийн мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй. Жил бүр 10-20 тэрбум төгрөгийг парк шинэчлэл, нийтийн тээврийн хөгжүүлэлтэд зарцуулах ёстой гэж санал гаргадаг. Энэ жил цөөн тоогоор ч гэсэн туссан нь сайшаалтай. Төсвийн мөнгөө маш ухаантай зарцуулах хэрэгтэй байна. Төсвийн мөнгө бол даргын мөнгө биш ард түмний мөнгө учраас аливаа ажлыг иргэдийн оролцоо, санал санаачилгаар хийх нь маш зөв шийдэл байдаг. Хот, дүүрэг, хороо гэдэг хоосон улс төрийн тайз биш. Иргэдийн төлөө ажил хийж байх ёстой газар. Цэцэрлэг барилаа гэхэд нам, намаар нь хүүхдийг нь хувааж оруулахгүй биз дээ. Инженерийн шугам тавилаа гэхэд энэ намын хүнийг орон сууцанд оруулна, нөгөө намын хүнийг оруулахгүй гэвэл утгагүй биз дээ. Иргэдээ төлөөлж байгаа төлөөлөгч нар иргэддээ л үйлчлэх учиртай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Top