Хөшөө төдийхнөөр харж болохгүй ҮНЭТ ӨВ гэж бий

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

Төв Азийн өндөрлөгт амьдрах монголчуудын өнөд орших их хувь заяаг цагийн цагт аугаа хүмүүс дааж ирсэн гэдэгтэй маргах аргагүй. Тэгээд ч хутагт хувилгаад цаг үеийг эзэгнэн төрдөг шигээ цаг хугацааг өөрөө бий болгодог мэт. Эзэн Чингис хаанаас эхлээд нэрээ дуурсгасан хутагт хувилгаадын түүх бүлээнээр байна. Тэд төрдөг ч үүл болон замхарч, бурхан болдоггүй, бидний дунд “амьдарсаар” байдаг нь үнэн аж. Үүнийг дурдахын шалтгаан нь Монголын тусгаар тогтнолыг өдгөө бидэнд өвлүүлж үлдээсэн, оюун санааны удирдагч Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг бүтээсэн сайхан үйл болов.

Энэ бол зүгээр нэг хөшөө дурсгал биш учраас онцлон дурдах гэсэн хэрэг. Монголчуудын оюун санаа, Монгол төрийн сэнтийд Өндөр гэгээн Занабазараас хойш заларсан Жавзандамба хутагт бол Манж гүрний буулганд 200 гаруй жил зүдэрсэн түмнээ үндэсний хувьсгалд уриалсан оюун санааны их удирдагч юм. Тиймдээ ч бид энэ хүний лүндэн, авшиг шингээсэн  оюун санааны гэгээнд өдгөө хүртэл бүрэн бүтэн яваа гэхэд хэтийдэхгүй.

Тэгэхээр цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгал бол үндэсний тусгаар тогтнолын үнэ цэнээс гадна уламжлалт соёл, зан ахуй, төрт ёсны билгэ тэмдэг гээд олон зүйлийг уран бүтээлчийн шийдэл санаа, эрдэмтдийн судалгааны түвшинд агуулж чадсанаараа онцлогтой. Энэхүү гайхамшигт бүтээл нь Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуягийн авьяас билэг, ур ухаан дор бий болж, монголчуудын оюун сэтгэлийн мэлмийд иржээ. “Дархан хүн бурхан ухаантай” гэсэн үгийн утга учрыг энэ л цогцолбороос бүрэн мэдэрнэ. Ийнхүү хөшөө дурсгал нь нэрт барималчийн авьяас билгээс төрөн гарч байгаа ч олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээр бий болсныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Нөгөө талаар энэхүү бүтээл нь өчигдөр яриад өнөөдөр бий болчихоогүй. Багагүй бэрхшээл, чамгүй урт цаг хугацааг туулж бүтсэн билээ. Тухайлбал, өдгөөгөөс арав гаруй жилийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан санаачилан, уран бүтээлчтэйгээ зөвлөж, төрийн чихэнд хүргэх хүртэл олон жил яригдаж байж сая бий болсон түүхтэй. Б.Энх-Амгалан гишүүн тухайн үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа энэ түүхэн дурсгалыг бүтээхээр манлайлан ажиллаж, төсөл боловсруулсан хүн. Үүнээс хойш 2013 онд төслийг дахин шалгаруултад оруулж, Хөрөнгө оруулалтын газартай зураг төслөө боловсруулах гэрээ байгуулснаар ажил нэгэн шат ахисан байна. Гэтэл хөрөнгийн асуудлаас болон удааширсан ч уран бүтээлчид, бусад хүмүүсийн дэмжлэгээр хөшөө баримлын моделийг бүтээсэн нь аргагүй төрөх гэж төрсөн бүтээл. Ийнхүү нэг нэгээр шат ахих замд “Бороо гоульд” компаниас мөнгийг нь гаргахаар нийслэлийн хэмжээнд гэрээ хэлцэл хийж байтал НИТХ-аас дэмжээгүй гэх асуудал ч дэгдэж байв. Харин 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Б.Энх-Амгалан гишүүн анхнаасаа санаачилж гардсан хүний хувиар НИТХ-ын дарга асан С.Амарсайханд албан тоот явуулж, утга учрыг шийдвэр гаргах түвшинд  ойлгуулж гээд удаа дараа явсны эцэст сая бид тусгаар тогтнол, оюун санааны нэгэн үнэт зүйлээ босгож чадлаа. Тус хөшөө цогцолборыг "Сэнзо констракшн" компани, Улаанбаатар хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулсан гэдгийг ч онцлох хэрэгтэй. Мөн Богдын музейн захирал, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар болон музейн хамт олон ч идэвх зүтгэлтэй ажилласныг ч албаны хүмүүс дурдаж байсан.

Тус цэцэрлэгт хүрээлэнг Богдын музейн дэргэд 1.4 га газрыг “эзлэн” байгуулсан нь санаандгүй хэрэг биш. Богд хаан Манжийн дарангуйллыг эсэргүүцдэг эх оронч хаад ноёдыг дуудан уулзаж байсан түүх ч энэ Богдын ордон музейд үлдсэн. Тэнд л Монголын тусгаар тогтнолын хэргийг хэлэлцэж байсан хэрэг. Тухайн үед Богд хаан жилдээ нэг удаа Бээжинд очих ёстой ч тийш явдаггүй. Төрийн хэрэг, тусгаар тогтнолоо аврахын төлөө өөрийн сэтгэл зүрхээ зориулсан хэмээн нэрт түүхч Ж.Болдбаатар өгүүлсэн нь бий. Үндэсний үнэт өв соёлоо босгосон Богдын музейн ордон нь Монгол төрийн  түүхийн хамгийн эгзэгтэй цагийг агуулж, авшиг шингээсэн дагшин газар гэдгийг түүхчийн ганц өгүүлбэрээс харж болно. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол Улс Манж гүрнээс салж, тусгаар тогтнолоо зарласан тэр түүхэн баяр, үүнээс улбаалан Жавзандамба Хутагтийг шашин төрийг хослон баригч хаанаар өргөмжилсөн гээд Монголын тусгаар тогтнолын түүхийн оршил, агуулга, өрнөл бүгд энд бий. Түүхчид ч 1911 оны үндэсний хувьсгал нь 1921 оны хувьсгалыг, сайн цагийг авчирсан гэдэг. “Сайн зүйлд саад мундахгүй” гэдэгчлэн Богдын музей ордонтой хаяа хатган орших “АПУ” компани газрыг нь авахаар арваад жил “довтолсон” маргаан ч байдаг. Ийм л цаг хугацаа, саадыг гэтэлж сая бий болсон тусгаар тогтнол, оюун санааны билгэдэл болсон хөшөө цогцолборын утга учрыг дурдахгүй өнгөрч хэрхэвч болохгүй.

Орчин цагт хаа хамаагүй, ямар ч утга учиргүй, хөшөө дурсгал босгох нь элбэг болсон учраас үүний утга учир, билгэдлийн тухайд дурдах гэсэн хэрэг. 

Богд хааны хөшөө 4.3 метр өндөр бөгөөд Жавзандамба хутагт монголчуудын нэгэн цаг үеийг дааж авч, лүндэн буулгасан учраас Хааны лүндэн, тэнгэр заяат монголчуудын билгэдэл Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залжээ. Мэдээжийн хэрэг ард иргэд цэцэрлэгт хүрээлэнгээр салхилж, амарч явахдаа Монголынхоо тусгаар тогтнолын түүхтэй танилцах боломжийг хангасан. Явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор шийдсэн нь хэний ч санаанд нийцнэ. Хүн төрөлхтний урлагийн түүхэнд монголчуудын оруулсан хамгийн том хоёр зүйлийн нэг нь амьтны загварт урлал хэмээн үздэг. Тиймээс уран барималч эрдэмтдийн шийдлээр хүрэл морьт луу, 12 хөшөө бол хүрэл зэвсгийн үеийн биет олдворуудыг залсан нь давтагдашгүй агуулгыг бүрдүүлжээ.

Богд хааны баримал хөшөө нь төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээсэн нь томоохон утга санааг илэрхийлнэ. Үүнээс гадна Монголын төрт ёс, ард түмэн “оройн дээд” хэмээн шүтэж байсныг агуулснаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг оршоосон агуулга ч бас байна.

“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” хэмээдэг дээ. Үүн лугаа залуус маань тусгаар тогтнол, түүхийнхээ утга учрыг мэдэхгүй өнгөрвөл хойшид эх орон, ард түмнээ хайрлахгүй,  түүний үнэ цэнийг мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр хатуухан хэлэхэд хэтдээ Монгол Улс оршин тогтнох эсэх тухай асуудал хөндөгдөх магадлал үүснэ. Энэ бүтээлд ийм л том агуулга оршиж байгааг дурдах гэсэн хэрэг. Биднийг 200 гаруй жил дарласан Манж Чин гүрэн хэдхэн жилийн дотор сарниж, өдгөө устаж алга болсон нь ердөө түүх соёлыг нь устгасантай холбоотой. Тиймээс бид үнэт түүхээ хойч үедээ утга учиртайгаар, агуулга, үнэ цэнтэйгээр үлдээх нь юу юунаас чухал. Мэдээжийн хэрэг барималч Л.Ганхуяг шиг уран ухаант дархацуулын бурхан авьяасаар дамжиж, Монгол Улс дэлхийд туурга тусгаар гэдгээ улам тодотгосоор байх болно.

Тэгвэл Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө нь  Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан эд зүйлсийг сийрүүлжээ. Үүнд алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээсэн нь Монгол ийм зоримог баялаг түүхтэй үндэстэн гэдгээ илтэд харуулахыг зорьсон мэт. Энэ бүхэнд Монгол Улсын үнэт зүйл оршиж байгаа. Энэ бүхэнд Монголын тусгаар тогтнол, цаашид хэрхэн мандах тухай ч оршиж байгааг болгооно буй за.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 29

Manjin darlal tegeed tiim saihan tuuh uu?

1  |  0
ЗОЧИН (66.181.186.111) 2020 оны 09 сарын 29

МОНГОЛЧУУД ӨНӨӨ ХЭНИЙ АЧААР ТУСГААР УЛС БОЛСОНОО МЭДЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ. ТӨР ЗАСАГ,ТҮҮХЧИД НЬ ҮҮНИЙГ САЙН УУДЛАН СУДАЛЖ ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ АМЬ НАС БҮХ АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН ХҮМҮҮСИЙГ ДУРДАН ХҮНДЭЛЖ СҮСЭГЛЭН ДЭЭДЭЛЖ ЯВАХ НЬ ЧУХАЛ МЭТ. ТУСГААР ТОГТНОЛ ЗҮГЭЭР БЭЛЭН БАЙСАН ЮМ ШИГ ТАВАРГАЛАЖ ЗӨВХӨН АРДЫН НАМЫН ГАВЬЯА МЭТ ТҮҮХЭНД ТОВОЙЛГОН БИЧИЖ БУСДЫГ НЬ ОРХИГДУУЛАХ НЬ ЦЭДЭНБАЛЫН ҮЕИЙН ТҮҮХ СУДЛАЛЫН АРАНШИН БӨГӨӨД ЭНЭ НЬ ОДОО ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛЖ ЗАСРАХ ТӨЛӨВГҮЙ НЬ. АЯХАН НЭГ ЗОХИОЛЧ ЭМЭГТЭЙ ТҮҮХЭН ХҮМҮҮС БИДНИЙГ ДЭЭРЭЭС ХАРЖ БАЙДАГ ТУХАЙ ХЭЛЭН БИЛЭЭ. БОДУУШТАЙ Л САНАА. АЛТЫН АВААД ҮНДЭС

1  |  0
Зочин(103.26.193.100) 2024 оны 11 сарын 18

Баярлалаа. Монгол улсын сүүлчийн хаан Богдхааны үйлийг сэргээсэн бас нэг том ажил боллоо. Уран бүтээлчид үүнийг санаачлагчдад улам их амжилтыг хүсье.

4  |  0
Гариг(192.82.69.72) 2024 оны 11 сарын 18

Эх оронч хүн гэдэг оюун санааны ийм л үнэт их баялгийг бүтээж явдаг бөлгөө

2  |  0
Зочин(202.55.188.43) 2020 оны 09 сарын 29

Дарханы замын авилгачин Энх-Амгалан уу? Ийм амитаныг дахиад л сонгож байдаг хөөрхий ард түмэн.

0  |  0
Top