Б.СЭМЖИДМАА: Залуу хүн зорилгоо томсгож, сорилтыг туулах ёстой гэж боддог

Админ | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, БГД-ийн МАН-ын дэд дарга Б.Сэмжидмаатай ярилцлаа


-Хэн нэгэн амжилттай явж байвал хаанахынх юм бол гэж сонирхдог. Тиймээс таны уугуул суугуул нутаг усыг асуухгүй өнгөрч боломгүй?

-Би чинь арын сайхан Архангай нутгийн охин. Аав ээж маань нутагтаа намайг төрүүлж өсгөсөн. Дараа нь ханьтайгаа танилцсаны дараа дагаад нэг хэсэг Сэлэнгийн хүн болсон. Харин одоо бол Баянгол дүүргийн байнгын оршин суугч. Баянгол дүүрэгт би 22 наснаасаа хойш амьдарч байна. Бидний гэр бүл болсны 20 жилийн ой саяхан  9-р сарын 25 нд болсон. Айлын бэр болоод ирэхэд Баянгол дүүрэг маш гоё, хорооллоор хүн бүр явахыг их хүсдэг, залуу хосуудын хороолол юм шиг санагдаж байсан. Бид хоёр хөтөлцөөд л орой салхинд гардаг байлаа.

-Хөтлөлцөөд эхэлсэн амьдралын түшиг ханийнхаа тухай яриач?

-Манай хүн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт томилолт авсан юм. Би ажлаасаа гараад нөхрөө дагаад Сэлэнгэ рүү амьдрахаар явсан.  Одоо бодоход их хөгжилтэй. Хоёулаа Сэлэнгэд анх удаа хөл тавих гэж байгаа дээрээс нь яаж очих замаа ч мэдэхгүй. Жижигхэн цагаан машиндаа ус буцалгагч, будаа агшаагч, хөнжил гудас, солих хувцсаа аччихаад аав ээж, найз нөхдөөрөө үдүүлээд л гараад давхичихсан. Замдаа зогсоод Сэлэнгэ рүү яаж хүрэх билээ гээд асуугаад л яваад байсан. Дарханаас цааш гарч явж байгаад зам тоссон нэг залуугаас асуусан чинь Сэлэнгэ орно гэхээр нь “өө ашгүй” гээд суулгачихлаа. Замдаа танилцаад хэрэг зоригийг нь асуутал Сэлэнгэ аймгийн Прокурорын газар очно гэдэг байгаа. Тэгээд 3 цаг явж хүрдэг газар 8 цаг явж очсон доо.  Бид хоёр шууд машинтайгаа Сэлэнгийн прокурорын үүдэнд зогсоод нөхөр маань ажил руугаа яваад орчихлоо. Би машиндаа хүлээгээд хаана буудалд орвол дээр юм бол гээд бодоод сууж байв.

-Амьдрах газраа бэлдээгүй шууд ажлаасаа гараад нөхрөө дагаад явчихаж байгаа юм уу?

-Тэгсэн. Нөхөр маань буудалд буучихаад үдээс хойш ажилдаа ирье гэж даргадаа хэлсэн чинь намайг дуудаад оруулаад ир гэсэн гэнээ. Намайг ортол бид хоёрыг магтаад ийм сайхан залуу улсууд шууд ингээд яваад ирж байгаа нь зоригтой сайн байна гээд амьдрах байр гаргаж өгнө, намайг ажилд оруулах талаар санаа тавина гэж хэлсэн. Ийм сайхан залуу боловсон хүчин нөхрийгөө дагаад яваад ирж байхад хүлээж аваад тусалж дэмжинэ гэсэн нь тэр л дээ. Мундаг л удирдлагын чанар шүү  дээ тэр чинь. 

-Залуу насанд яг ийм зоригтойгоор өөрийнхөө замыг өөрөө гаргах чинь сайхан шүү дээ. Магтахаас аргагүй юм байна...?

-Нөхрийнхөө ажлын гаргаж өгсөн байранд хоёр жил амьдраад дараа нь байртай болж Сэлэнгэдээ 6 жил ажиллаж амьдарсан даа. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Нямсүрэн гуайд нөхрийн маань удирдлага хэлсэндээ хүрч уламжилснаар би гэдэг хүн гэнэтхэн хичээлийн эрхлэгчийн хариуцлагатай ажил хүлээж авсан.

-Шинэ нутагтаа хурдан дассан уу?

-Нөхөр бид хоёр баасан гарагийн орой хот руугаа гараад л давхичихна. Ням гарагийн шөнө буцаад давхидаг байлаа эхэн үедээ. Залуус хүмүүс болохоор нөгөө хөтлөлцөж яваад сурчихсан газартаа дассан байх л даа. (инээв) Нөхрийгөө ажлаа тарахад нь би бүр хувцсаа өмсөөд бэлдээд сууж байдаг байсан. Хоёулаа дандаа шөнө явна. Айхаа ч мэддэггүй байж дээ, замд мод ачсан том том машинууд осол гаргаад янз бүр болчихсон байдаг. Би өөрөө ажилд ороод хот руу  давхихаа больсон.

-Дөнгөж очсон хүнийг хичээлийн эрхлэгч хийлгэнэ гэдэг бас л том итгэл шүү дээ...?

-Залуу хүмүүст итгэл найдвар хүлээлгэж, ажиллуулж, туршлагажуулж чаддаг мундаг боловсон хүчний бодлого шүү дээ. Би дөнгөж Удирдлагын академи төгсөөд очиж байсан тул хичээлийн эрхлэгч болгосон байх. Энэ сургуулиас удирдах ажлын гараагаа эхэлсэндээ баярладаг. Сэлэнгэ аймгийн 1-р сургууль маань 80 гаруй багш, 40 гаруй ажилтантай, 2200 хүүхэдтэй маш том байгууллага байлаа. Ийм том газар удирдах ажилтнаар ажиллана гэдэг хувь тавилан шүү дээ. Манай сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан гээд 5 удирдах ажилтан нь маш их туршлагатай хүмүүс байв.  Багш нар ч бас маш олон жил багшилсан үе үеийн хамгийн мундагууд байсан. Тиймээс эхлээд жаахан эмээж байлаа. Ороод удалгүй дунд ангийн хичээлийн эрхлэгчээс юм асуух гэтэл “Чи чадвараа мэдэж эрхлэгч болсон биздээ, өөрөө сур” гэж билээ. (инээв) Энэ үг надад бусдаас хамааралтай биш байхыг, аливаа юмыг эхнээс нь өөрөө оролдоод ойлгоод, өөрийнхөөрөө  хийх ёстой гэдгийг ойлгуулж өгсөн. Тэр үедээ 50 гаруй бүлгийн хичээлийн хуваарийг давхардалгүй, багш нарын хичээлийг дунд нь  завсардалгүй байхаар гаргана гэдэг бас л том ажил байлаа. 

-Анх яагаад багш мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Намайг нэгдүгээр ангид ороход манай багш Цэнд-Аюуш гэж нэг их гоё цэмцгэр багш байлаа. Халимаг үстэй, байнга хослол өмсөнө, үг яриа, алхаа гишгээ, үйл хөдлөл цэгцтэй цэмцгэр гэж жигтэйхэн гоё.  Хичээл зааж байгаа, самбар дээр бичиж байгааг нь хараад л баймаар.  Ерөөсөө энэ багшийгаа хараад л багш болно гэж бодсон. Бараг нэгдүгээр ангидаа л мэргэжлээ сонгосон. Түүнээс хойш тэр бодлоосоо урваагүй.  Манай удамд багш нар байдаг ч би багшийгаа анх хараад яг ийм л багш болох юмсан гэж бодсон. Би багшаасаа үлгэр жишээ аваад бас дуурайх гэж оролдоно. Нэгдүгээр ангидаа ариун цэврийн дарга болоод ангийнхаа хүүхдүүдийн дэвтрийг хурааж багшдаа туслах чинь бараг л багш болсонтой адил санагддаг байлаа шүү дээ. (инээв)

-Өөрийнхөө хэн бэ гэдгийг ойлгосон хүмүүс мэргэжлээ эрт сонгодог. Хувь хүнд мэргэжилд нь тохирдог характер байдаг. Би ийм болохоор л багш болсон юм байна гэж дараа нь бодсон уу?

-Багш их сайхан мэргэжил. Хүүхдэд үлгэр жишээ үзүүлж, амьдралын их замд хөтлөн дагуулна гэдэг том хариуцлага бас нэр төрийн хэрэг. Багш хүний ажил бол тэр чигээрээ хүний төлөө л байдаг. Миний одоогийн хийж байгаа ажил ч нэг талаараа багш мэргэжил дээр маань суурилсан гэж боддог. Өнөөдөр би намын ажил хийгээд яваа нь бас л бусдын төлөө гүйдэг ажил ялгаагүй. Намын ажил гэдэг хүнтэй л ажилладаг ажил. Хүнтэй ажиллах, хүний төлөө явах суурийг багш  мэргэжил буюу миний анхны авсан сэдэл өнөөдрийг хүртэл чиглүүлж явж байгаа гэдэгтээ зуун хувь  итгэлтэй байдаг.

-Сэлэнгийн хүн болоогүй Баянголоо санаад буцаад ирсэн юм биш биз дээ?

-2005 онд бид хоёр хүүхэдтэй болсон. Залуухан ээж юм чинь төрөхдөө ээж нараа бараадна. Тэгээд бүрмөсөн буцаад  ирсэн дээ. Энд ирээд хүүгээ жил гаруй хараад ажил хиймээр санагдаад болж өгдөггүй. Нэг өдөр зурагтаар ажлын зар харж суугаад хичээлийн эрхлэгч шалгаруулж авна гэж байхаар нь гэрийнхэндээ ч хэлээгүй шалгаруултанд нь оролцсон. Ингээд шалгаруулалтанд нь тэнцээд Эрин гээд орос сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн дээ. Гэнэт ажилд орчихсон чинь хүүхдээ хэнээр харуулах билээ гэдэг асуудал бас гараад ирсэн.

-Ерөөсөө ч зүгээр сууж чаддаггүй хүн юмаа та. Ер нь ийм дайчин, зүтгэлтэй байдгийн нууц нь юу юм болоо?

-Багш хүний хүсэл гэдэг ерөөсөө цаанаасаа л ундарч байдаг зүйл шүү дээ. Бас намар есдүгээр сарын 1 болох гээд жаахан хүүхэдтэй хэрнээ зүгээр сууж чадаагүй ажилд ормоор санагдаад хэцүү юм билээ. Хүн ер нь юу хүсч байна, түүнийхээ төлөө өөрөө л явах ёстой. Ялангуяа залуу хүн зорилгоо өндөрсгөж, сорилтыг туулах ёстой.  Хэн нэгнээс бэлэн юм хүлээгээд сууна гэдэг байж боломгүй зүйл. Би дүү  нартаа ч хэлдэг юм. Хэн нэгэн туслах байх, ямар нэгэн ид шид болох байх гээд хүлээгээд суувал тэр хүн сэтгэхээ болино, үүрэг хариуцлагаа мартаж эхэлнэ. Тиймээс хүн амьдралд өөрөө өөрийгөө авч явахад сургах ёстой гэж боддог.

-МАН-тай анх хэрхэн холбогдсон бэ?

-Улс төрийн тухайд бас л Сэлэнгэ аймгийн засаг дарга Р.Нямсүрэн гуайтай холбогдоно доо. Сэлэнгэд багшилж байхад 2004 онд Р.Нямсүрэн гуай намын батлах гардуулж яг тэр агшинд би Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат даргаас гардан авч байсан түүхтэй. Энд шилжиж ирээд эрхлэгч хийж байтал дүүргийн МАН-ын дарга П.Цогтбаатар намайг дуудаад намд элсэх үү гэж асуусан. Би аль хэдийнэ элссэнээ хэлсэн чинь олзуурхан хүлээж аваад эмэгтэйчүүдийнхээ байгууллагад орж ажиллахыг санал болгосон.

-Танаас манлайлах чадвар олж харж дээ?

-Магадгүй. Удирдан зохион байгууллах чадвар харагдаж байна гээд ажиллахыг урьсан. Энэ тухай нөхөртөө хэлэхэд чамд хүсэл тэмүүлэл, улс төрөөр явах сонирхол байвал би хязгаарлахгүй гэж хэлсэн. Дүүргийн МАН-ын дарга П.Цогтбаатар 2009 оны 3-р сарын 8-нд болох Баянгол дүүргийн МАН-ын дэргэдэх Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн  хуралд заавал оролцоорой гэж хэлсэн. Би  заавал оролцох ёстой юм байна гээд цөсний хагалгаанд ороод эмнэлгээс гарах гэж байснаа шууд яваад хуралд очсон. Ингээд 2009 оны 3-р сарын 9-ний өдөр эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгчээр сонгогдож, 15 тэргүүлэгчийн хамгийн залуу нь болж байлаа. Тэргүүлэгчдийн анхны хурлаас би нарийн бичгийн даргаар сонгогдсон нь улс төртэй холбогдсон эхний алхам гэж хэлж болно. Тэр цагаас хойш МАН ялсан, ялагдсан бүхий л үед намын хороотойгоо ажиллаж явна.

-Яагаад улс төрийг мэргэжлийн түвшинд судлах болсон бэ?

-2012 онд нам ялагдсаны дараа  буюу 2013 оны 1-р сарын 15-нд Баянгол дүүргийн Намын хорооны дэд дарга болсон. Ардчилсан нам гараад МАН гэж хэлэхээс айдаг, манай намын байрыг хураана гэх мэт хүмүүсийг айдаст автуулдаг болсон үе.  Тэр үед намын хаягаа ав гэхэд нь би эсрэгээр нь бүр тодоор хийж байсан. Гаднах хаягаа ав, намын хөгжлийн төв гэсэн нэртэй болго, намын байрыг хураах гэж байна, МАН-ын гишүүн гээд хэлчихвэл ажилгүй болох юм байна гээд хүмүүсийг айдаст автуулж байлаа. Улс төрийн намын бүтцэд ажиллахад хүн удирдах чадвараас гадна бас онолын мэдлэг ч хэрэгтэй. Төрийг нам удирдаж байна. Тиймээс институцийнх нь хувьд судлах ёстой юм байна гэж үзээд би МУИС-ийн Улс төр судлалын салбарт суралцаж магистрын зэргээ хамгаалсан. Одоо докторантурт суралцаж байна.

-Та сая төрийг нам удирдаж байна гэлээ. Улс төрийн шинжлэх ухаанаар докторын зэрэг хамгаалах гэж байгаа хүнээс асууя.  Энэ  бүтэц зөв үү?

-Олон улсын жишгээс харахад яг л ийм байгаа. Улс төрийн намын байгууллага  мөрийн хөтөлбөрөө боловсруулж ард түмнээр хэлэлцүүлдэг. Нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засаглалыг бас хэрэгжүүлнэ. Тэгэхээр хэн зөв бодлого шийдвэр гаргана тэр засаглаж бодлогоо явуулна шүү дээ.

-Таны ажил амьдрал бүгд Баянгол дүүрэгтэй холбоотой. Тиймээс энэ дүүргийн жаргал зовлонг маш сайн мэддэг хүний нэг нь та...?

-Баянгол дүүрэгт сүүлийн 8 жилд иргэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлсэнгүй. Байшин барилга, хашлага, гэрэл л  яриад байсан болохоос  иргэний таатай амьдрах орчныг бүрдүүлэх, хөгжлийн төлөө бодлого хэрэгжсэнгүй. АН-ыг дэмжээгүй хүн төрийн үйлчилгээнээс ялгаварлагдаж, АН-ыг дэмжиж байгаа хүмүүс нь нэг хүнийг тахин шүтэх хэлбэрт орсон. АН-ыг дэмжсэний төлөө ийм засаглалд шилжсэн нь төрийн маш том гажуудал авчирлаа. Гэтэл залгаа СХД-ийг хар л даа.  МАН бүх шатанд нь байгаа учраас ядуу дүүрэг гээд яриад байгаа ч олон ажлууд хийгдсэн байна. Чингэлтэй дүүргийг хар, гэр хорооллынхны асуудлууд сайн шийдэгдсэн байгааг. Доороосоо дээд шат хүртлээ нэг засаглалтай байна гэдэг ажил гацахгүй, орж ирсэн төсөв иргэдийн амьдралд чиглэгдээд явдаг юм байна гэдгийг харуулж байна. Ганц нэг хүнийг тахин шүтсэн байдлаас болоод иргэдэд чиглэсэн бодлого тасалдаж гацаж байгаа учраас иргэд хохирч байна. Төрийн бодлого бүх шатандаа тэгш хүрэхгүй байна.

-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Иргэд орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуулиас бага ач холбогдол өгөх гээд байдаг. Улс төр судалж байгаа хүний хувьд энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?

-Ирэх сарын 15 гэхэд бид бүгдээрээ аймаг, нийслэл, дүүрэг, сумын хуралд иргэдийн элч төлөөлөгчөө сонгож ажиллуулахаа шийдэх чухал үе. Сонгогчийн эдлэх эрхэнд их, бага гэж байдаггүй. Бүх сонгууль хариуцлагатай, онцгой, чухал байдаг. Төрд өөрийнхөө төлөөллийг сонгох гэж байгаа учраас заавал оролцож саналаа өгөх нь чухал. Орон нутгийн сонгууль бол өргөн утгаараа УИХ-ын сонгуулиас ч илүү иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг маш чухал сонгууль. Төрийн анхан шатны нэгжээр дамжин иргэдийн өдөр тутмын бодит амьдралд ямар хууль дүрэм, шийдвэр гаргалт хэрэгтэй байгаа нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр дамжин төрийн дээд байгууллагад хүрдэг учраас маш чухал хариуцлагатай гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын нийтлэг эрх ашиг, цаашдын чиг хандлага, ирээдүй, нийгэм эдийн засгийн хэтийн төлвийг том зургаар нь тогтоож өгдөг. Харин орон нутгийн сонгуулиас сонгогдсон хүмүүс иргэдийнхээ өдөр тутмын амьдралын чанарыг дээшлүүлэх, Үндсэн хууль болон бусад хуулинд тусгагдсан эрхээр хангах үүрэг хүлээдэг. Шуудхан хэлэхэд иргэн таны амьдралд юу хэрэгтэй байна, хэн таны төлөө ажиллаж чадах вэ гэж итгэсэн хүнээ л сонгож ажиллуулах ёстой хариуцлагатай сонгууль.

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг өмнөхөөсөө ахисан түвшинд яаж гаргах вэ таны бодлоор?

-Сонгогч, сонгогдогч хоёр хариуцлагаа ухамсарлаж иргэн бүр дүүрэг, нийслэлийнхээ сонгуульд оролцохыг зорилго болгох хэрэгтэй. Таны эрх ашгийг хамгаалж ажиллах хүнээ таньж сонгох нь чухал.

-Иргэн таны амьдралд хамаагүй шийдвэр, шийдэл гэж байдаггүй гэж та сайхан хэллээ. Гэхдээ энэ үгийг үг чигээр нь үлдээхгүйн тулд яах ёстой юм бол?

-Үүнийг төөрөгдөл гэж нэрлэж болно. Бид төөрөгдлөөсөө гармаар байна. Нэгдүгээрт, УИХ таны амьдарч буй байр сууц, хашааны гадаах асуудлыг шийдэхгүй. Зам барихгүй, засахгүй. ИТХ-ын төлөөлөгч асуудлыг шат шатны байгууллагад тавьж шийдвэрлэнэ, шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт, таны амьдрах орчныг сайжруулах төсөв орон нутагт бий. Үүний зарцуулалтыг ИТХ шийдвэрлэнэ. Иргэд өөрийнхөө хүсэл, санаа бодлоо тусгуулах хамгийн ойрын байгууллага бол ИТХ.

Өмнө хэлсэнчилэн улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг гэж. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулиас ч илүү чухал. Учир нь дүүргийн болон нийслэлийн ИТХ-ын сонгууль нь иргэнд тулгамдсан асуудлыг төрийн бодлогод тусгуулах ёстой. Иргэнд тулгамдсан асуудлыг бүх шатанд нь хүргэдэг чиглүүлэгч нь байх ёстой.

-Улс төрд эмэгтэй хүн ажиллахад ар гэр орхигдох гээд байдаг. Та үндсэн ажлынхаа хажуугаар нам, улс төрийн ажил хийнэ. Яаж амжуулдаг юм бэ?

-Тийм шүү. Өглөө би 06:00 цагт босоод гэрийнхэндээ цайг нь чанаж өгчихөөд зарим үед 07:00 цаг гээд гарах ч үе бий. Үдэш ихэнхдээ 23:00 цагт л гэртээ ордог доо. Энэ завгүй ажлыг маань эхнээсээ ойлгож дэмждэг хүн маань миний хань. Анх улс төрд орох тухай ярилцахад чамд өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйл байгаа бол түүнийгээ дагах нь чухал. Би тэг ингэ гэж хүний үзэл бодолд нөлөөлж болохгүй гэж хэлсэн юм. Өөрөө хуулийн хүн болохоор хүний үзэл бодол шиг чухал зүйл байхгүй гэдгийг мэддэг бас миний бат найдвартай ар тал болж яваа ханьдаа маш их баярладаг. Түүнээс гадна миний ар тал болж, ажлыг минь хөнгөлдөг хүн бол ханийн маань ээж л дээ. Бид хамтдаа амьдардаг. Бүх талаар намайг дэмжиж намайг бүтэн нойртой амруулж, бүлээн цай хоолтой байлгах үүрэг даалгаврыг өөртөө өгдөг ханийхаа ээжид баярлаж талархах ч багадна шүү дээ. Би өөрийгөө их азтай хүн юмаа гэж боддог. Миний төрсөн ээж хамт амьдардаггүй ч миний төлөө сэтгэлээ чилээж сүүгээ өргөж суугааг охин нь мэддэг.

Ийм л сайхан хань, үр, хоёр сайхан ээждээ эрхлэн жаргаж байгаа болохоор миний ажлын ачаалал, амьдралын бэрхшээл саад юу ч биш. Хоёр ээж маань надад хүмүүсийн сайн сайхны төлөө зүтгэх их хайр, том боломжийг олгож байна гэж би боддог. Тиймээс би ядрах, залхуурах гэдэг үгэнд дургүй. Хоёр сайхан ээж маань миний ард сүүгээ өргөөд сууж байхад урагшаа гээд л гүйгээд байна шүү дээ.

 

 

Top