Гүйж очоод өгөхгүй бол гуйж яваад ч нэмэргүй цаг ирдэг л юм. Одоо жишээ нь, удахгүй болох орон нутгийн сонгуулиар иргэдийн ирц хамаагүй. Нэр дэвшигчдэд тавьсан тодорхой тооны санал авах тухай босго ч байхгүй. Хуулиараа тийм. Тэгэхээр нэг суманд сонгуулийн насны таван мянган хүн байлаа гэж бодъё. Оюутнууд нь хот явчихсан, эрчүүд нь “Оюутолгой” явчихсан байг. Өвлийн бэлтгэл базаагаад малчид сум руугаа орох дургүй байж мэднэ. Тэгвэл тухайн суманд олон гишүүнтэй нэг нам нь өөрийнхөө хүмүүсийг зөөгөөд гурван зуун хүнээр санал өгүүлэхэд тэдний ялалт л гэсэн үг. Яг энэ байдал том зургаараа нийслэлийн ИТХ-ын сонгууль дээр ч давтагдах болж байна. Угаасаа манайхан сонгуулийн идэвх муутайн дээр улс төрд зонхилдог намууд иргэдийн идэвхийг дэмжихгүй талдаа харагдаад байгаа юм.
Наад зах нь сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байгаа атал анхаарч байгаа хүн байна уу. Анхаарал татах гэж хийж байгаа зүйл харагдаж байна уу гээд бодох хэрэгтэй. Өнгөрсөн зуны УИХ-ын сонгууль эхлэхээс дуусах хүртлээ ямар байлаа даа. Ирцэнд анхаарал хандуулдаг сонгууль тийм байдаг. Ирц нь хүрэхгүй тойрогт сонгууль давтагдах учраас та тухайн намыг сонгохгүй байсан ч цаад нөхөд ирээд дэмжчих байх гэж найдсандаа сурталчилгаа хийгээд л байна гэсэн үг. Бүр мөнгө төгрөгөндөө ч тулж магадгүй.
Харин орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихээд явж байгаа атал хэн, хэн нэр дэвшиж байгаа талаар ч ойлголтгүй хүн олон байна. Манайхан УИХ-ын сонгуулиар том дарга, ИТХ-ын сонгуулиар жижиг дарга сонгодог гэсэн түгээмэл төөрөгдөлтэй байдаг. Гэтэл бодит байдал дээр УИХ-ын гишүүнийг сонгох чинь ёстой ямар ч хэрэггүй эд байгаа юм. Парламент бол хууль батлах дээд байгууллага шүү дээ. Тэнд Үндсэн хуулийн хүрээнд бусад салбарын хуулиудыг нийгмийн байдалтай зохицуулан өөрчлөх л ажил хийдэг. Өндөр хөгжсөн орнуудад бол тэнд хэн сонгогдох нь хамаагүй. Намынхаа нэрээр өрсөлдөөд авсан квотдоо өөрдсийн боловсон хүчнийхээ байдлаар оруулаад ажилладаг. Судалгаа, шинжилгээний байгууллагын түвшинд хүрчихсэн. Манай УИХ-ын гишүүд Улсын төсөв батлахад сонгогдсон тойрогтоо ганц гүүр оруулчих гээд гүйгээд байдаг нь ингэж эндүү ойлгоход хүргэчихсэн хэрэг. Мөн л өнөө жилийн тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тэгж дураараа аашлах эрх нь хаагдчихсан.
Тэдний дэргэд орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид бол бидэнд хамаагүй том дарга гэсэн үг. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг шүү дээ. Хууль журам гэхээсээ Дорж гуайн малаа хариулдаг бэлчээрт худаг байхгүйг, Дулам гуайн гэрт эмнэлгийн түргэн тусламжийн машин очиход хүндрэлтэй байгаа асуудлыг олж харж шийдэх ажлыг хийнэ. Ядаж л ийм ажил хийлгэхээр Засаг даргын Тамгын газартаа төсвийг нь баталж өгдөг хурал. Иргэн хүн таны, миний хамгийн том дарга бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн биш юм аа. Тэр бол бидний оршин суугаа газарт ая тухтай амьдрал бий болгохоор төлөөлөгчөөр сонгогдсон нутгийн удирдлагын байгууллагын албан тушаалтан юм.
Нутгийн удирдлагын байгууллага уг нь улстөржилтөөс хол байх ёстой. Бүр сонгуульгүй, намгүй болгочихьё гэдэг санал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярих үеэр гарч л байлаа. Гэлээ гээд болоогүй. Том намуудад иргэдийн гүнд орсон, орон нутгийн байгууллагын гар, хөл хэрэгтэй байдаг болохоор одоохондоо иймээрээ л байна. Харин одоо болоод байгаа чимээгүй сонгууль ямар учиртай вэ гэвэл иргэдийг сонгуульд саналаа битгий өгөөсэй гэснийх юм. Хоёр том нам өөрсдийн дотоод сүлжээгээр, намын гишүүдээр, элдэв юм амалсан хүмүүсээ машинаар зөөж өрсөлдөнө гэсэн үг. Ийм л сонгууль болох гэж байна.
Хэрвээ тэнд нэр дэвшиж байгаа хүн мөнгө тарааж, өөрийнхөө намынхныг машинаар зөөж байгаад сонгогдвол аймаг, нийслэл, дүүрэг, сум, баг, хороонд юу болдог вэ. Өөрийг нь сонгосон хүмүүст ач санаж Орон нутгийн хөгжлийн сангаас хийсэн ажлыг тийш нь цутгана. Эргээд иргэдтэйгээ уулзаж учирна гэж үгүй. Дараа нь сонгогдох хэрэг гарвал тойргоо солиод л яваад өгнө.
Намдаа суудал авчирсан гүйцээ. Ийм төлөөлөгч, тэр төлөөлөгч нарын томилсон Засаг дарга, газрын дарга нар нь гарц тавьчихмаар газар ганц зураас татахгүй мөртлөө өрөөндөө сууж байгаад архичид үүрэлдэг нэг сүүдрэвч хаа хамаагүй бариулчихдаг юм шүү дээ. Бүр тодруулбал, саяхан баахан ТҮЦ ачиж, төрийн сүрийг харууллаа. Цар тахлаас болоод Монгол байтугай дэлхий нийтээрээ хямарч байхад ажлын байраа өөрөө гаргаад амьдарч яваа ганц ч гэсэн хүнийг төр хамгаалах ёстой. Гэтэл газар чөлөөлж байна гээд цагдаагаар хүч түрж, ачуулж байгаа юм. Удахгүй тэр газар нь сүлжээ хоолны газар, дэлгүүр байгуулагдана. Эсвэл тэр хавийн дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлэх далд тохиролцоо гэж ойлгогдоно. Энэ мэт явдал өмнө нь ч өчнөөн гарсан. ТҮЦ-ээ ачуулсан хүн, ачиж байгаа цагдаатай нь тэмцэлдээд байгаа харагдаж байна лээ. Очоод ажлаа хийж яваа хүнд “Тэр авлигачидтайгаа тэмц. Ядарсан намайг...” гэх мэтээр мянга харааж, түм гуйгаад нэмэргүй байдаг юм аа. Өөрийн чинь сонгуульд оролцоогүйн гайгаар сонгогдсон нэг “мудак” дүүргийн байранд гарын үсгээ юунд ч хамаагүй зураад, хэн нэгэнд саймширч байгаагийн гор л товчхондоо ингэж илэрч байгаа юм.
Тийм болохоор хүмүүст уриалахад орон нутгийн сонгуулийн сурталчилгааны уулзалт цуглаан болгон дээр очиж байх хэрэгтэй. Очихоор барахгүй асуулт тавьж амыг нь авах ёстой. Ер нь хүний хэн бэ гэдэг бол жижигхэн юм дээр танигддаг шүү дээ. Нэг их худлаа инээсэн, цэмцэгнээд ойртож ядаад байгаа нөхөр бол угаасаа “но”-той л харагддаг. Үгүй ядаж дараа нь “Таныг сонгуульд дэвшээд явж байхад ийм асуулт асуугаад амыг тань авсан хүн байна. Та нар яаж байна аа” гээд ярих боломж өөртөө үлдээ л дээ. Өнөөгийн төр цахим орчинд их анхаарал хандуулдаг болж. Эрхийг чинь зөрчөөд, амьдрах орчинг чинь амласан хэмжээндээ сайжруулахгүй бол түүнд нь бичээд шараад өг. Улстөрч хүн гэдэг жижиг ч бай, том ч бай өөрийнх нь талаар мэдээлэлд эмзэг байдаг юм. Нэр төр нь бишдээд байгаа хүнээсээ зугтаад явчихдаг өөдгүй нөхөдтэй ч байдаг. Нэр дэвших эрхийг нь дахиж өгөхгүй гудамжинд гаргах сэтгэлтэй дарга удирдлага нь ч бий. Тийм болохоор хариуцлага нэхэх боломж өөртөө авч үлдэхийн тулд уулзалтад нь оч. Орчноо сайжруулахын тулд сонгуульдаа оролц гээд байгаа юм. Ардчилсан эрх чөлөөт нийгмийн үнэ цэн бол өөрийнхөө хүссэн төрийг байгуулахын тулд хэнээс ч хараат бусаар саналаа өгөх эрхэнд нь оршдог. Түүнийгээ эдэлж чадахгүй бол дараа нь харамсахаас өөр сонголтгүй л үлдэнэ шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Mongold har hairtsagaar sanal uguud baigaa tohiodold hetseej mapyyd yalagdahgvi .MAN nam ba Manan hetseej arilahgvi .Teneg baina daa .Ard tvmen.
Bygdeeree songuulidaa idevhtei orolcohgyi bol Jargaltai tygjrel ulam l archer avna shyy.bygdeeree songuulidaa MAN was busdiig songocgooye.