Европын зүүн өмнөд хэсэгт орших өмнөд Кавказын бүс нутаг болох Уулын Карабах орчмоор Армен, Азербайжаны хоорондох сөргөлдөөн удаан хугацааны туршид үе үе сэдэрсээр байгаа бөгөөд есдүгээр сарын 27-ны өдөр эхэлсэн ширүүн мөргөлдөөн даамжрах төлөвтэй байна. Энэхүү нөхцөл байдал үүссэн явдалд тэд хэн хэнээ буруутгаж, хоёр тал дайны бэлэн байдал тогтоосон тухайгаа зарлажээ. Армен бүх нутаг дэвсгэртээ, харин Азербайжан зарим хэсэгтээ дайны горим тогтоон, Армен 55 хүртэлх насны эрчүүдээ цэрэгт дайчлах ажлыг эхлүүлээд байна.
Сөргөлдөөн хэзээ, юунаас болж эхлэв?
Армен, Азербайжаны хоорондох зэвсэгт мөргөлдөөн түүх, соёлын эртний угшилтай бөгөөд Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын он жилүүдэд /1987-1988онд/ хоёр улсад үндэсний хөдөлгөөнүүд эрчээ авч эхэлснээр байдлыг улам хурцатгажээ. 1988 оны эцэс гэхэд тэдний хоорондын зөрчил улам нэмэгдсээр хоёр орны ихэнх иргэд сөргөлдөөнд татагдан орж, хуучин Зөвлөлтийн орнуудын нутаг дэвсгэр дээр гарсан анхны томоохон зэвсэгт мөргөлдөөн болсон юм.
Уулын Карабахын харьяаллын асуудлаас болж 1988 онд сөргөлдөөн эхэлж, тус оны долоодугаар сарын 12-нд Уулын Карабахын мужийн зөвлөл Азербайжаны бүрэлдэхүүнээс гарах тухайгаа зарлан, Армен түүнийг өөрийн талд шилжүүлэх хүсэлт хэдэнтээ гаргасан боловч хуучнаар ЗХУ-ын Зэвсэгт хүчний тэргүүлэгчид Арменд шилжүүлэх боломжгүй гэсэн тогтоол гаргаж байжээ. Ингээд 1988 оны есдүгээр сараас Армен, Азербайжаны хоорондох зэвсэгт мөргөлдөөн эхэлж, 1990 оны эхнээс хүнд их буу ашиглан тулалдаж эхэлсэн байдаг. 1990 оны нэгдүгээр сарын 15-нд Холбооны эрх баригчид Уулын Карабах болон ойролцоох бүс нутагт онц байдал тогтоон, 1991 оны дөрөв, тавдугаар саруудад ЗХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа дотоодын цэрэг армийн анги нэгтгэлүүд “Армены хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг” зогсоох ажиллагаа явуулсан байна.
1991 оны есдүгээр сарын 2-нд ихэнх хүн ам нь армен үндэстнээс бүрдэх Бүгд Найрамдах Уулын Карабах Улс тусгаар тогтнолоо зарлан, арванхоёрдугаар сарын 10-нд тусгаар тогтнох талаарх бүх нийтийн санал асуулга явуулах үед орон нутгийн азербайжан үндэсний цөөнх бойкот хийж байсан аж. Уг бүх нийтийн санал асуулгыг олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндэстэн хоорондын сөргөлдөөн нь Уулын Карабах болон зэргэлдээх зарим нутаг дэвсгэрийг хянах томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад хүргэжээ.
Ийнхүү хэдэн жил цус урсгасан тулаан өрнүүлсний эцэст 1994 оны тавдугаар сарын 12-нд Азербайжан, Армен, Уулын Карабахын төлөөлөгчид гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд өрнөсөн байлдааны ажиллагаа нь гал зогсоох тухай хэлэлцээрээс хойших хамгийн өргөн хүрээт тулаан болж, хоёр тал нэлээд хэмжээний гарз хохирол амссан аж.
Армен, Азербайжаны хоорондох зэвсэгт мөргөлдөөн бүс нутаг дахь үндэстний язгуур өөрчлөлтөд нөлөөлсөн байна. Байлдааны ажиллагаагаар эзлэгдсэн бүс нутгаас тэнд оршин сууж байсан азербайжанчууд болон карабахын курдууд дүрвэн гарч, харин Азербайжанд амьдарч байсан бараг бүх арменчууд тэндээс явахад хүрчээ. 2020 оны есдүгээр сарын 27-нд нэг талаас Уулын Карабах улс болон Армен, нөгөө талаас Азербайжан эхлүүлсэн зэвсэгт мөргөлдөөн танк, хүнд их буу, нисэх төхөөрөмж гэх мэт байлдааны төрөл бүрийн зэвсэглэл ашиглан, эрчимтэйгээр үргэлжилсээр байна.
Карабах дахь мөргөлдөөнийг улстөрийн аргаар шийдвэрлэх сонирхолгүй байна уу
Хэрэв ямар нэгэн мөргөлдөөний үед боломжит дундын зуучлагчид түүнээс ашиг хараад эхэлбэл нөхцөл байдал улам хүндэрдэг бөгөөд яг иймэрхүү байдал Өвөр Кавказад тохиолдоод байна. Турк улс өөрийн “ах дүүгийн харилцаат” Азербайжанд нөлөөлөн, түүнийг Уулын Карабах дахь сөргөлдөөнөөс холдуулах бүрэн чадамжтай хэдий ч Анкарагийн зүгээс улам тааламжтайгаар “гал дээр тос нэмэн” дэвэргэсээр байгаа гэж болно. Туркийн арми саяхан Баку-тай хамтарсан байлдааны сургуулилт хийснээр азербайжанчуудыг тулаанд ороход нь турхирч, Армяныг дам байдлаар сүрдүүлсэн үйлдэл хийжээ.
Рэжеп Тайип Эрдоганы удирддаг Турк улс нь Кавказ, Сири, Ливи гээд хаа сайгүй л энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэж буй мэт дүр эсгэдэг хэдий ч цэргийн хөлөг онгоцуудаа Грекийн эрэг рүү илгээн, НАТО-ын түншүүдийн эв нэгдэл болон олон улсын эрхийн асуудалд огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой. Түүний гол зорилго бол Турк улсыг хүчирхийллийн тусламжтайгаар ч хамаагүй, бүс нутгийн бүрэн эрхэт хүчирхэг гүрэн болгон хувиргах явдал юм. Иймээс Кавказад тогтвортой, энхтайвныг бий болгоход төдийлөн хичээхгүй байгаа аж. Харин Арменыг Уулын Карабах-д Сирийн христийн шашинт дүрвэгчдийг шилжүүлэн суулгах гэх мэт хэрэгцээгүй үйл ажиллагаанд оролцуулахгүй барьж тогтоох бүрэн боломж Кремльд бий.
Армены ямар ч Засгийн газар Москвагаас “том ахын” тусламжгүйгээр өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй гэдгээ сайтар ухамсарладаг. Орос улс Арменд зөвхөн зэвсэг, техник нийлүүлээд зогсохгүй, өөрийн хэдэн мянган цэргийг тус улсын газар нутаг дээр байршуулжээ. Тэглээ ч, Уулын Карабах дахь мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг Москва бас төдийлөн сонирхохгүй байна. Кремль төвийг сахих бодлого баримтлан, Бакутай ч, Еревантай ч сайн харилцаагаа хадгалахыг хүсэж байгаа. Энэ нь зөрчил мөргөлдөөний үед ч Оросыг улам хүчирхэг гүрэн мэт харагдуулах боломжийг олгож байгаа юм.
Уулын Карабахыг тойрсон маргаанд ашиг сонирхлын зөрчилгүй дундын зуучлагч хомсхон бөгөөд Орос, Турк хоёрын хувьд өөрсдийн зорилгоо л мөрдөх хүсэлтэй байна. Иймд улс орны эдийн засгийн байдал доройтон, эрх баригчдын зүгээс олон нийтийн анхаарлыг өөрсдийн алдаанаас холдуулахыг хүсэх үед зөрчил мөргөлдөөн байнга сэдэрсээр байгаа аж.
Эх оронч үг, үйлдлийн ялгаа
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев эдийн засгаа хүчирхэгжүүлэн, авлига хээл хахуультай хатуу тэмцэнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан хэдий ч улс орон нь бахь байдгаараа, өчүүхэн төдий зүйлс л өөрчлөгдсөн байна. Азербайжан улс урдын адил нефть, байгалийн хийн экспортоос хамааралтай учраас цар тахлын үеэр дэлхийн үнэ ханш унасан явдал Бакугийн орлогыг багасгаж, улсын төсөвт хүчтэй цохилт өгчээ. Эрх баригчдын зүгээс бүхий л хүчин чармайлтаа цар тахалтай хийх тэмцэлд чиглүүлснээр хүн амын худалдан авах чадвар доройтон, төр засагтаа сэтгэл дундуур болсоор байна. Арментай явуулж буй зэвсэгт мөргөлдөөн олон нийтийн анхаарлыг өөр зүгт татсанаар бүрэн эрхийн хугацаагаа сунгах боломжийг Алиевт олгож байгаа аж. Уулын Карабах орчмоор ахин дайн дэгдсэнээр дипломат үйл ажиллагаа уналтад оржээ. Европын захад өрнөж буй мөргөлдөөнийг Барууныхан бага сонирхож, АНУ энхийг сахиулагчийн үүргээсээ татгалзсан бол Европын Холбоо өөр дээрээ ачаалал үүрэх чадваргүй, эсвэл хүсэхгүй байгаа бололтой. Ингээд эцсийн дүндээ, Кавказ дахь энгийн иргэдийн хувь заяаны төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа учраас тэдгээр иргэд л өөрсдийн цус, нулимсаар бүгдийг “төлөхөд” хүрч байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Udahgui bayan ulgiin gasahuud chini nuguu allahaa hashgiraad koranaa urdaa bariad araasaa islamin alan hyadagchid,gasah uhan duuseesee tank buu avaad irnedee tun udahgui
Mongold
ted azerbaijeniig dalduur demjij bna. izirail uls bvr ileer ilt demjij dron nisegchgui ongots zer zebseg hudaldaj neftiig hudaldaj abch bna.. armenii nohtsol baidal hvnderch eronhii said putin uu 3 udaa utsaar yrilaa da.ter tusalmj hvsej dainiig zogsoohiig guij bna.amerikiin trump uu yrihad utasaa abaagui gej bna.amerik baruuniihan iim hvmvvs ch de.ted nard ashigtai bol daranguilagch nariig demjij bdagaa.mongold odoo tsereg armi heregui ee nvb amerik baruuniihan bideniig hamgaalan gej yridag garuud ih boljee .daanch tiim zvils bolohguig armenii gashuun turshlagaas harj bolonoo..ar
setgvvlchee yagaad armend ardchilsan hubisgal ylij udirdagch ni odoo eronhii said hiij bgaa ch dee.ardchilsan hubisgaliin ved niislel ervanid jagsaal bolj orosiig ezlen tvremgiilegch geed oros tseregiin baaziig armenees garagahiig shaardaj bsan da..amerik baruuniihan ardchilaliig demjij amerikiin hamgiin tom elchin saidiin yamaa barij bsan ch de. getel yagaad ardchilsan armend amerik baruuniihan tuslahgui bna. yagaad ted neg medegdel gargaj dainaa zogsoo geed orhison yum be de. yagaad gevel azerbaijenii neft hiin asar ih noots ni amerikiin erh ashigt heregtei bolohoor l t