“Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй” тэргүүтэй эгшиг тунамал олон сайхан дууны аялгууг бүтээсэн хөгжмийн зохиолч Гомбын Эрдэнэчулуун өчигдөрхөн Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тэрбээр "Говь сайхан нутаг", "Хүний сайхан сэтгэл", "Ханьсахын жаргал", "Мартаж ээ яасан ч чадахгүй", "Аялгуу холбоо", "Их газрын чулуу", "Их хайр" зэрэг олон сайхан дууны хөг аялгууг зохируулан бүтээсэн төдийгүй хэд хэдэн дуулалт жүжиг, цомнолын хөгжмийг бичсэн билээ. “Зээ татсан тал”, “Амин хайр”, “Хүний сайхан сэтгэл”, “Цэнгэлийн манлай”, “Зүйрлэшгүй тунгалагхан” зэрэг дуун цомгоо та бидний гарт хүргэсэн уран бүтээлчтэй ийнхүү ярилцлаа.
-Гавьяат цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Таны цолыг удаан хүлээсэн нутгийн олон түмэн уухайлан баяр хүргэлээ. Энэ баярт мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш их баярлалаа. Урлагт 40 гаруй жил зүтгэснийг минь төр засаг өндрөөр үнэлсэнд сэтгэл өндөр байна. Өнгөрсөн баасан гарагийн орой 23 цаг өнгөрч байхад төрийн албаны хүн утасдаад энэ тухай хэлсэн. Эхлээд чихэндээ итгэхгүй, зүүд үү гэж бодогддог юм билээ. Нойр ч хүрэхээ больсон доо. Догдлоод л сэтгэл гэдэг нисээд ч байгаа юм шиг хөнгөрөөд ирсэн.
-Та анх урлагт хөл тавьсан түүхээсээ хуваалцана уу?
-Би Дундговь аймгийн Дэрэн суманд 1959 онд төрсөн. Төрөлх сумынхаа клубийн эрхлэгчээс эхлээд аймгийн Соёлын ордон, театрт ажиллаж бүжиглэхээс бусдыг нь хийж байлаа шүү дээ. УБДС-ийн урлагийн факультетэд хөгжмийн багшийн мэргэжлээр 1990 онд төгссөн. 1992 онд Улаанбаатар хотод шилжин ирж Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн дуу бүжгийн чуулгад найрал дууны багшаар ажилласан. Улмаар 1998 онд “Түмэн эх” чуулгад хөгжмийн багшаар ирсэн дээ. 2004-2016 он хүртэл “Дэлхий зөн” олон улсын байгууллагын хүүхдийн найрал дууны хамтлаг удирдсан. “Түмэн эх” чуулгад багшлахын сацуу “Дэлхийн зөн” -дөө үргэлжлүүлэн төсөл дээр ажиллаж байна даа.
-Таныг анх урлагт хөтөлсөн багшийнхаа тухай болон анхны уран бүтээлийнхээ талаар дурсана уу?
-Алтан үеийн жүжигчдийн нэг Бөмбөгөр ногоон театрын найруулагч, жүжигчин Б.Мушгиа аймгийн Соёлын ордны дарга, найруулагч байсан. Өдгөө 90 гарсан сайхан буурай багш маань намайг Гавьяат цол авахад ирж баяр хүргэлээ. Дундговь аймгийн Соёлын ордонд ажиллаж байхдаа н.Чулуунбаатарын үгээр “Нутгийн бүрд” дууг зохиож холбооны уран сайханч /Гавьяат багш, уртын дуучин/ Ц.Дэлгэр дуулж байлаа.
-Уран бүтээл туурвиж байгаа он жилүүддээ хэчнээн уран бүтээл төрүүлэв дээ?
-Багцаалбал, 300 гаруй дуу байх шиг байна. Үүнээс чамгүй хэдэн дуу маань олны хүртээл болж, нэрийг минь чимж яваа даа. Мөн 5-6 дуулалт жүжиг бичжээ. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай бид хоёр уран бүтээлийн дөрөө харшуулж явлаа. Түүний “Маргаашгүй хаан”, “Алтан ураг” жүжгийн хөгжмийг нь бичиж хэдэн сайхан дуу дундаасаа төрүүлжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат гуайн “Цагаан гарьдны цадиг”, “Жанжин заан” жүжигт нь хөгжим хийсэн. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддоржийн Ганхуягтэй хамтарч 1990 оны эхээр “Царцаа Намжил” хошин дуулалт жүжиг найруулж аймгийнхаа театрт тоглуулж байлаа. Тухайн үед маш их үзэгчтэй тоглолт болж байсан.
-Таны бүтээл “Морин хуур” наадамд олон шагнал авсан даа?
-“Морин хуур” наадмын дөрвөн номинацид дөрвөн байр эзэлж Хөгжмийн холбооны нэрэмжит шагнал авч байсан. МУГЖ С.Цогтсайхан, н.Батмэнд нарын дуулсан дуу гутгаар байр, “Буурал боржигин” дуугаар тусгай байр, “Дуулж аргадах нутаг” дуугаар тэргүүн байр гээд дөрвөн төрөлд байр эзэлж байсан.
-Урлагийн салбарт дутагдаад байгаа төрөл жанр юу байна вэ?
-Хүүхдэд зориулсан уран бүтээл дутагдаж байна. “Дэлхийн зөн”-гийн шугамаар хүүхдүүдтэй 10 гаруй жил ажилласнаас хойш хүүхдийн найрал дууг ихэнхийг нь өөрөө бичиж, зохиож 4-5 цомог гаргалаа даа. Эдгээр дуунуудаас ерөнхий боловсролын дунд сургуулийн дуу, хөгжмийн хөтөлбөрт багтсан байдаг юм билээ.
-Бага насаа өнгөрүүлсэн Дэрэнгийн цэнхэр тал, аав ээжийнхээ тухай гэгээн дурсамжаа хуваалцана уу?
-Миний ээж, аав хоёулаа сайхан дуулдаг хүмүүс байлаа. Ээжийг минь Лхагвасүрэн гэдэг. Би ээжийнхээ дуулахыг их сонсох дуртай хүүхэд байв. “Алтан говийн унага”, “Сэтэрт сэрүүн сайхан хангай” уртын дуунуудыг гайхалтай сайхан дуулна. Одоо болтол энэ дуунуудыг ээж шиг минь дуулах хүн алга даа. Аав минь 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойгоор Улаанбаатар хотод тоглож байхад нь Ардын жүжигчин Н.Норовбанзад хамт явж байсан гэдэг. Би багаасаа хөгжимд сонирхолтой хүүхэд байсан. Цэргээс халагдаад ирчихээд байж байтал Бүх ард түмний урлагийн наадам болж Төрийн шагналт Гончигийн Бирваа гуай Дэрэн суманд ардын авьяастнууд шалгаруулахаар ирэхэд нь манай сумын клубийн эрхлэгч манайд дагуулаад давхиад ирэв ээ. Аймгийн соёлын хэлтсийн зааварлагч Сэрээтэр гуайтай ороод ирдэг байгаа. Тэгээд л манайхан том, жижиггүй тоглолт үзүүлэв. Аав минь дуулаад л би хуурдаад л, ээж минь дуулаад, би хуурдаад л. Г.Бирваа гуай намайг ихэд үнэлж аймгийн Соёлын ордонд ав гэсэн. Ингэж л Соёлын ордондоо ирсэн дээ.
-Урлагт насаараа ажиллаж байгаа хүний хувьд урлаг гэдгийг юу гэж тодорхойлох вэ?
-Урлаг гэдэг нийгмийг хөтөлж явах ёстой зүйл. Амьдралын жаргал, зовлонг уран сайхны аргаар илэрхийлж ард түмнийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Урлаггүйгээр хүн төрөлхтөнийг төсөөлөхийн аргагүй. Дуу, хөгжимгүй бол амьдрал хэчнээн уйтгартай байх вэ. Ямар ч үндэстэн байгалийнхаа шалгарал хийгээд, гүн ухаан, философи, аж амьдрал, соёл ахуйгаа дагаад хөгжим бүтээж, дуулж хуурдаж, бүжиж наадаж ирсэн. Энэ зан заншил нь урлаг болтлоо хөгжиж олон салаа, олон өнгө төрхтэй болж иржээ. Монголчууд гэдэг дотоод сэтгэлийн баяр, гунигаа дуугаараа илэрхийлж, аман зохиолдоо шингээж ирсэн ухаан мэргэн ард түмэн. Тиймдээ ч ардын дуу, уртын дуу, язгуур урлаг мөнх оршдог. Түүнийг залуу хойч маань түүчээлэн авч явах нь чухал юм даа.
-Сүүлийн үеийн залуусын дууны хэл ам нь ойлгогдохгүй, маш их гадаад үг хэллэг хэрэглэдэг болж. Таны хэлсэн шиг ардын дуу шиг амин сүнс нь бөх, урт удаан наслах уран бүтээл туурвихын учир нь юундаа байна гэж боддог вэ?
-Социализмын үед аливаа уран бүтээлийг цензуртай гаргадаг байсан. 1960.70-аад оны үед чанга байлаа шүү дээ.Эхлээд дууны үгээ уран сайхны зөвлөлөөр батлуулна, дараа нь Хөгжмийн зохиолчдын хороон дээр очиж аяа батлуулна. Дараа нь Монголын Радио дээр очиж бичүүлэх зөвшөөрөл авж тамга даруулна. Тэгсний эцэст радио дээр бичүүлнэ дээ. Ийм олон шат дамжлага, шүүлтүүрээр шигшигдсэн уран бүтээл чанартай гарч байгаа юм. Одоо цагт ая бичдэг хүн бүхэн л студитэй болжээ. Өдөр бүхэн л шинэ дуу төрж байна шүү дээ. Дуучид нь ч олон болж, хоорондоо ч ялгагдахын аргагүй болж.
-Уран бүтээлч хүний хувьд энэ л нэг болж дээ гээд өөртөө дүүрдэг ханамжтай бүтээлүүдээсээ нэрлэ гэвэл?
-Дуу бүхэн төрсөн үртэй минь ялгаагүй л дээ. Гэхдээ тэр дундаас амин дуу байна аа. Цэндийн Чимэддоржийн үг “Их хайр” дуундаа хайртай. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Л.Батцэрэн хоёр дуулж ард түмний сонорыг мялаасан. Мөн түүний “Амин хайр” шүлэгт нь аялгуу бичиж, дуучин Р.Дэлгэрмаа амилуусан. Чимээ бид хоёр нэг нутгийн, нэг оны, нэг ангийн цэргүүд учраас тун ойр дотно байлаа. Ц.Чимэддорж маань П.Адарсүрэн дуучинг их шүтнэ, өөрөө ч дууг нь их сайхан дуулна. Бид хоёр жагсаалын дууг эхлүүлдэг байлаа. “Их хайр” дууг Б.Лхагвасүрэн ах их үнэлж, таалсан даа. Чимээгээсээ хойш Б.Лхагвасүрэн ахтай “Хатан цэцэг, “Мартаж ээ яасан ч чадахгүй” /МУГЖ Л.Болдбаатар дуулсан/, “Хэрлэн тоонотын нутаг” гээд олон ч бүтээл хийсэн дээ. Бурхан болохоосоо өмнө “Нутагтаа хүү чинь ирлээ дээ” гэсэн сайхан шүлэг өгсөн. Энэ бүтээл дээр нь их удаан суусан даа. Гавьяат жүжигчин , дуучин Т.Ариунаа ирж “Бүүвэй” гэдэг дуу хийлгэж байлаа.
Төрийн ордноос гарч ирэхэд нутгийн урлагийн зөвлөлийнхөн маань “Говь сайхан нутаг”, “Хүний сайхан сэтгэл” дууг минь дуулаад тосож авлаа. Сэтгэл халгиад, аньсага дүүрээд үгээр хэлэхийн аргагүй сайхан болдог юм байна.
-Дундговьчуудын сүлд дуу болсон, аялан дуулах дуртай “Говь сайхан нутаг” /С.Батмөнхийн үг/ дууныхаа төрсөн түүхээс хуваалцаач?
-1995 оны үед Дундговь аймгийн сүлд дууны уралдаан зарласан юм. С.Батмөнх бид хоёрын дуу түрүүлсэн. Говь сайхан нутаг”,дууг маань Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших дуулсан бол дараа нь Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг, Ц.Туяацэцэг эгч дүү гурав эгшиглүүллээ. Дараа нь Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах огшоосон бол хамгийн сүүлд “Дуурьсал” хамтлагийнхан дуурьсгаж байна даа. Нутгийн маань ахан дүүс, ард иргэд энэ дууг маань жигтэйхэн сайхан дуулах юм. Гавьяат цолоо аваад Төрийн ордноос гарч ирэхэд нутгийн урлагийн зөвлөлийнхөн маань “Говь сайхан нутаг”, “Хүний сайхан сэтгэл” дууг минь дуулаад тосож авлаа. Сэтгэл халгиад, аньсага дүүрээд үгээр хэлэхийн аргагүй сайхан болдог юм байна. Энэ хэдэн дуу минь л намайг нарт ертөнцөд хөглөж, эгшиглүүлж, зон олонтой минь жаргаж нэг, цалгиж нэг уулзуулж байгаа юм шүү дээ.
-Урлагийн тэнгэр ивээсэн нутаг усныхаа эрчис, долгисыг юунаас илүү мэдэрч, юунд нь их шүншиглэж залбирч явдаг вэ?
-Аймагтаа очихоороо Хар овоондоо их залбирна. Сумандаа очихоороо Бор ууландаа залбирна. Нутгийн ахмад буурлууддаа, урлагийн бурхаддаа залбирна. Манай нутгаас улсын алдар цолд хүрсэн, хүрээгүй олон авьяастнууд төрсөн дөө. Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Дуурь, бүжгийн симфони найрал хөгжмийн удирдаач М.Санжмятав, хөгжим ангийн дарга, либэчин Н.Даржаа, Болор цомын эзэн яруу найрагч Дэрэнгийн хар азарга Ц.Чимэддорж, Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч А.Лхагва гээд нэрлээд байвал дуусашгүй. Өргөн уудам тал нутаг, монгол найр наадмын дэг ёс, зан заншил, говь нутгийн уужуу сэтгэл зон олноо ийнхүү төрүүлдэг болов уу. Говийнхныг сайхан сэтгэлтэй ард түмэн гэдэг. Сайхан сэтгэлээс л сайхан бүтээл төрдөг.
-Та 2009 оноос хойш гавьяа шагналд тодорхойлуулж явсан. Та үгүй гэхэд таны өмнөөс ард түмэн, уран бүтээлчид энэхүү цолыг нүдээ ширгэтэл харлаа, нүдээ олсон шагнал боллоо гэж ярьж байсан. Ер нь залуу хүмүүс арай л эрт шагнуулчихсан л гүйж яваа харагдах юм. Энгэрээ мялаасан торгон мөчид танд ямар үнэ цэн мэдрэгдэж байна вэ?
-Агуу авьяастан, уртын дуучин Н.Норовбанзад эгчийн маань нөхөр их зохиолч Н.Банзрагч гуай “Авах, өгөхөд учир байдаг юм байлгүй дээ” гэж хэлж суусан гэдэг. Юм гэдэг цаанаа учир начиртай юм. Авах ёстой л бол авдаг юм болов уу даа. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гурвантаа авч байсан хүн шүү дээ. Би аливаа уран бүтээлдээ сэтгэл зүрхнээсээ ханддаг. Захиалгын дуу гээд зүүн гараараа хийхгүй, уран бүтээл хийнэ гээд баруун гараараа хийхгүй. Дуу бүхэн минь надаар цоллох учраас сэтгэл зүрхнээсээ л бүхий л ур ухаан, авьяас мэдрэмж юугаан шавхаж, өвдөж, жаргаж бүтээдэг дээ.
-Аливаа амжилтын ард тулж түших гэр бүлийнг хүн чухал үүрэг гүйцэтгэдэг. Та ханийнхаа талаар товчхон танилцуулвал?
-Миний хань бид хоёр нэг нутгийнх. Ханийг маань Норовын Тунгалаг гэдэг. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг багшийн шавь, хөгжмийн багш хүн. Ханийн маань аав насаараа намын дарга хийсэн 90 хүрч байгаа буурай бий. Манай хүн надаас өмнө Хөгжмийн сургуульд явчихсан болохоор амралтаараа ирэхэд нь би хөгжмийн ноот, гитарын утас их захидаг байсан. Одоо бид хоёр, гурван зээтэй. Тэдэнтэйгээ бужигнаад суух сайхан шүү.
-Уран бүтээлч хүнд тулгардаг бэрхшээл, эмзэглэл юу байдаг бол?
-Бид чинь сэтгэл зүрхээрээ хөглөгдөж амьдардаг болохоор эд мөнгөний төлөө тэмүүлдэггүй зантай. Уран бүтээлийн тоглолт хийх болохоор мөнгө санхүүгийн гачаалд орох нь хэцүү. Би дөрвөн ч удаа тоглолт хийж байсан олныхоо хүчээр л болгодог доо. Хотын түгжрэл, утаа униар дунд хааяа давчидна шүү дээ. Гараад л нутгаадаа гүймээр бодогддог. Нутагтаа очихоор бие ч налайгаад, сэтгэл ч налайгаад сайхан болчихдог. Яарч, сандрах, уурлаж бухимдах зүйлгүй амгалан орчинд уран бүтээлээ туурвих дуртай.
-Хамгийн их өөрийг тань шаналгаж дуншиж төрсөн ямар бүтээл байна вэ?
-Б.Лхагвасүрэнгийн “Нутагтаа хүү нь ирлээ” дууг их удаан сууж бичсэн. Нэг юм хийгээд болохгүй бол больчихдог зантай. Тэр дуу маань сая л нэг сэтгэлд хүрч байгаа. Үг нь ч их мундаг юм. Ер нь аливаа шүлэг аялгуутайгаа ирдэг байхгүй юу. Хараад, уншаад л байхаар аялгуу нь асгараад ирдэг. Дотроо бодоод л, утгыг нь тунгаах нь чухал даа.
-Цар тахлын үеэр урлагийнхан маань хөл хорионд удаан суулаа шүү дээ. Энэ хугацаанд хэрхэн онгодтой өнгөрүүлэв дээ. Улс төр, сонгууль гэхээр олноороо цуглаад урлаг соёл гэхээр бөөгнөрч болохгүй гээд л, үүнд урлагийнхан маань ч их тэвчээртэй хандаж өдийг хүрсэн. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвөшөөрч, тоглолтууд эхнээсээ тавигдаад эхэллээ дээ?
-Урлаг гэдэг хүний сэтгэлийг тэтгэж байдаг ус, агаар, амин дэм гэдгийг энэ хугацаанд бүгд л илүү их мэдэрсэн байх. Улс төрд нэр дэвшиж байгаа хүмүүс энэ хэдэн урлагийнхны буянаар олонд танигддаг нь нууц биш шүү дээ. Аливаа улс урлаг соёлоо дэмжиж байж хөгждөг. Тэр дундаа сор болсон үндэсний сонгодог бүтээл туурвиж буй уран бүтээлчдээ харж хандаж байх нь төрийн үүрэг гэж боддог.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
Зиндаа сайхан ярилцлага хийжээ баярлалаа☀️
Олон жил бас их олон хүн хүлээсэн эзнээ олсон шагнал амттай байдаг юм байна аа
Эзнээ олсон нүдээ олсон шагнал гэж энийг л хэлнэ дээ.Сайхан байна.Их хүлээсэн дээ.
Сайхааан сайхан Эрка минь мундаг шүү урлан бүтээх их үйлст нь амжилт хүсье ээ
Сайхааан сайхан Эрка минь мундаг шүү урлан бүтээх их үйлст нь амжилт хүсье ээ
Сайхааан сайхан Эрка минь мундаг шүү урлан бүтээх их үйлст нь амжилт хүсье ээ
Жинхэн эзнээ онож ирсэн шагнал мундаг даруу. Хүншүү