Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарснаар Европын холбооны “Хар жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэнэ

2020 оны 10 сарын 07

Европын холбооны Сангийн сайд нар Монгол Улсыг ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас гаргах шийдвэрийг өчигдөр буюу 6-ны өдөр гаргасныг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван мэдэгдээд байна. 

 

Харин Төв банкны зүгээс Гадаад харилцааны сайдын мэдээллийг үгүйсгэсэн. ФАТФ Парис хотод энэ  сард хоёр  удаа хуралдаж дүгнэлтээ гаргана. Үүнээс наана нь тус байгууллагын листнээс гарах асуудал шийдэгдэх боломжгүй юм. Харин Европын холбоо манай улсыг татварын асуудлаар хамтарч ажилладаггүй улсуудын жагсаалтаасаа хассан. Үүнийг  сайд андуурч мэдээлжээ гэсэн байна. 

Сануулахад, Монгол Улсыг “Саарал жагсаалт"-аас гарахад бэлэн болсон эсэхийг нягтлах, газар дээрх хяналт шалгалтыг ФАТФ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо аравдугаар сарын 1-2-ны хооронд хийсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ энэ сарын 21 гэхэд Могнол Улс "Саарал жагсаалт"-аас гарах эсэх нь тодорхой болно гэж байсан. 

Энэ удаагийн газарх дээрх хяналт шалгалтын хүрээнд шалгалтын баг төрийн 22 байгууллага, 19 аж ахуйн нэгж, мэргэжлийн 4 холбоо, хувиараа бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 140 гаруй хүнтэй уулзсаныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн юм. Төв банкны зүгээс байр сууриа илэрхийлэхдээ “ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг Монгол Улс сайн биелүүлсэн” гэж байсан.

Эргэн сануулахад, “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан бүх улс оронд үнэлгээ хийх ажлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр түр зогсоож, дөрвөн  сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн бол Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хүсэлтийг харгалзан үзэж, Монгол Улсын үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээсэн.

Иймд Монгол Улсын ажлын хэсгээс 2020 оны дөрөвдүгээр сард ФАТФ-тай тохиролцсон үйл ажиллагааны үлдсэн гурван ажлын явцын тайланг ФАТФ-ын Ази, Номхон далайн хамтарсан бүлэгт хүргүүлж, 2020 оны тавдугаар сарын 11-ний өдөр тайлангаа цахимаар танилцуулж, хамгаалсан. Үүний үр дүнд ФАТФ-ын 2020 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн. ФАТФ-ын хяналтын жагсаалтад 2009 оноос хойш нийт 51 улс орон орж байсан ба дунджаар 3 жил 2 сар буюу 38 сарын  хугацаанд ФАТФ-тай тохиролцсон ажлын төлөвлөгөөгөө хангалттай биелүүлж, газар дээрх хяналт шалгалт хийлгэхээр болсон байдаг.

Харин Монгол Улсын хувьд 2019 оны аравдугаар сараас хойш нийт долоон сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хангалттай биелүүлсэн хэмээн үнэлүүлсэн” хэмээн төрийн байгууллагуудаас мэдэгдэж байсан юм.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар  хэлэхдээ “Аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд “Саарал жагсаалт”-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” гэж байсан юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amar(182.160.35.60) 2020 оны 10 сарын 07

0k

1  |  0
Top