2013 онд ЮНЕСКО монгол уран бичлэгийг Монгол Улсын нэр дээр данслан, соёлын биет бус өвөөр бүртгэжээ. Энэхүү түүхэн үйл явдалд монгол уран бичлэгийг хөгжүүлж, дэлгэрүүлж яваа олон уран бүтээлчийн хувь нэмэр орсон. Монгол судлаач, зураач, уран бичээч Ц.Бямбажавтай хийсэн ярилцлага минь Монгол уран бичлэгийн гайхамшгийн тухай яриагаар эхэлсэн нь санамсаргүй зүйл биш ээ. Тэрбээр “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 1999, 2000 оны III, 2014 оны I, 2019 оны II байрын шагналт, Монголын шилдэг уран бичээчдийн нэг билээ.
-Уран бичлэг юугаараа гайхалтай вэ?
-Уран бичлэг дотоод сэтгэлийн тодорхой нэг агшны дахин давтагдашгүй гайхалтай бүтээл байдаг. Тийм учраас хамгийн их төвлөрч, оюун бодолдоо гүнзгий бодож тунгааж байж ганцхан л удаа татдаг. Манай Баттөмөр багш миний бичсэн зүйлүүдийг маш их анзаардаг “Чи энийг бичихдээ утсаар ярьж байсан байна” гээд далдыг харсан юм шиг л хэлдэг байлаа. Эргээд бодоход гүн төвлөрөл шаарддаг болохоор утсаар ярьж байхдаа юм уу сэтгэл гаргаагүй, төвлөрөөгүй үедээ бичсэн зүйл мэддэг хүнд мэдэгддэг л юм байна билээ. Одоо шавь нарынхаа бичсэнийг харахаар зурагт үзэж байхдаа, эсвэл багшид заавал үзүүлэхгүй бол болохгүй гэсэн үүднээс хичээгээгүй бичсэн бичиг амархан мэдрэгддэг.
-Хятад, япон, солонгос үндэстэнд уран бичлэг өндөр хөгжсөн. Ханзны уран бичлэгээс монгол уран бичлэг юугаараа онцлогтой вэ?
-Адилхан бийр хэрэглэнэ. Адилхан босоо гэж хүмүүс ярьдаг. Ханзны уран бичлэг болохоор зурлага бүхэн нь салж явдаг. Нэг үг бичихэд нэлээн хэд сална. Манай монгол уран бичлэгийн онцлог гэвэл бийр салгахгүй, дээрээс доошоо бичдэг. Бас салахгүй ч бичнэ, салж ч бичиж болдог. Гэхдээ хятад үсэг шиг салахгүй, босоо нуруундаа л баригдаж явдаг.
-Монгол бичгийн зурлагуудаас хамгийн энгийн атлаа дэгжин, бас хамгийн хэцүү нь аль вэ?
-Хамгийн тансаг, хамгийн гоё нь титэм юм уу даа. Манай багш хэлж байсан юм. “Монголын соёл титмээс бадармой” гээд. Титэм гоё гаргавал үнэхээр гоё. Аливаа зүйлийн эхлэл, үг бүхний эх гэдэг утгаараа гоё. Хамгийн хэцүү зурлага нь гэвэл анх сурахдаа “буу, бүү” буюу “хүү, хуу”-г хэцүү болов уу гэж дотроо боддог байсан юм. Гэтэл шавь нар маань тэрийг илүү гоё бичээд байдаг юм. Би бүр гайхдаг.
-Уран бичлэг сурахаар ирсэн шавь нартаа хамгийн анх заадаг зүйл чинь юу вэ?
-Хамгийн анх заадаг зүйл гэвэл... монгол бичиг мэддэггүй хүмүүс ирвэл титэм, шүднээсээ эхэлнэ. Мэддэг хүн ирвэл “Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл” гэж эхэлдэг Б.Ринчен гуайн шүлгийн эхний дөрвөн мөртийг нэлээн сайн бичүүлж, дадлагажуулж байж дараагийн сэдэвтээ ордог юм.
-Яагаад энэ мөртийг сонгож аваа вэ. Монгол бичиг, монгол хэлний бүх санааг илэрхийлсэн гэж үзээ юү?
-Тийм ээ, монгол хэл, монгол бичгийн гайхамшгийг бүрэн илэрхийлсэн. Тийм учраас энэ дөрвөн мөрт гоё санагддаг. Монгол бичиг өөрөө сонсголонтой, “уул” гэж хэлээд “агула” гэж бичихэд чих баясаж байгаа юм.
Нэг ажигласан зүйлээ хэлэх үү. Монголчууд хэзээнээсээ тэгшхэн нуруутай даа. Дээр үеийн хүмүүс, хөгшчүүд маань ч гэсэндээ зургаан булчинтай, нуруу тэгшхэн, баримлыг нь барихад маш гоё шүү дээ. Тэр бүгдийн эх үндэс юу байсныг монгол бичиг бичдэг хүнийхээ үүднээс бодоод үзэхээр монгол бичгийг дэвтрээ тэгшхэн тавиад тэгшхэн бичдэг учраас нуруу тэгшхэн, өв тэгш хүмүүс өсдөг байжээ. Аргагүй л “Чин зоригт өвгөд дээдсийн өв их эрдэнэ”. Тэгээд би өвөг дээдэстээ маш их баярлаж, талархаж явдаг. Гэтэл кирилл үсэг чинь хажуу тийшээ, дэвтрээ тэгш тавьдаггүй, тэрийг дагаад дандаа нуруу мурийлттай хүмүүс гараад байна шүү дээ.
-Тун сонирхолтой ажиглалт байна. Ирж байгаа хүүхдүүд буруу сууж сурсан нь анзаарагдаж байна уу?
-Тийм ээ, тэд монгол бичгээр бичихдээ кирилл бичиг шиг дэвтрээ хажуу тийш тавих гээд байдаг. Гэтэл монгол бичгээр бичихийн тулд цэх сууж, дэвтрээ тэгш тавих ёстой.
-Монгол бичигт үгийн гарал, язгуур амин холбоотой байдаг. Монгол бичгээр бичихэд үг яаж мэдрэгддэг вэ?
-“Уул” гэдэг үгийг бичье гэхэд заримдаа би нартай бичнэ, заримдаа уулнаас урсаж байгаа горхи шиг бичнэ, ер нь тухайн өдөр “уул” гэдэг үгээ яаж сэтгэсэн тэр хэмжээгээрээ буулгадаг гэж хувьдаа боддог юм.
-Сүүлийн үед манай компаниуд нэр, логогоо монгол бичгээр бичүүлэх хандлагатай болжээ?
-Тийм ээ, логогоо монгол бичгээр бичүүлдэг, зориуд зохиолгодог болсон. Ер нь манай монгол бичиг чинь төрөл бүрээр хувирч чаддаг, хайр хүрмээр гайхалтай бичиг. Үгээрээ дүрсэндээ хувирч болдог. Эвхмэл бичиг, үүлэн бичиг гээд маш олон янз болохоор лого зохиоход амархан. Ер нь манай уран бичлэг бүтээл ч болгосон болно, ном судар ч бүтээсэн болно.
-Өөрөө Монголын уран бичээчдийн дунд үеийн төлөөлөл. Яг та нарын үед тэсрэлт гарч, монгол уран бичлэг шинэ шатанд гарлаа. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Урлагийн хэмжээнд гарсан гэж үздэг. Гэхдээ яг ийм түвшинд тэгээд явж байна гэж хэмжихэд маш хэцүү. Хүн бүхэн дор бүрнээ уран бүтээл болгохын төлөө зорьж, хичээж байгаа. Миний хувьд энэ гайхалтай өвөө дэлгэрүүлэхэд чадлаараа хувь нэмэр оруулж байгаа гэж боддог. Олон шавьтай болж байна. Бүтээлээрээ хүмүүст таниулахыг хичээж байна. Монгол айл бүхэн ханандаа нэг уран бичлэгтэй, найз нөхдөдөө монгол уран бичлэгээ бэлэглэдэг байвал сайхан шүү.
-Өвөрмонголын уран бичээчидтэй холбоотой байдаг уу?
-Р.Чойном гуайн шүлгээр хамтарч үзэсгэлэн гаргаж байсан. Ажаад байхад өвөрмонгол уран бичлэгийн тиг зурлага яг ханз шиг, биднээс их өөр юм билээ. Бэхээ найруулж байгаагаас эхлээд бичиг нь хүртэл их өөр, эрс ялгаатай.
-Гадаадынхан монгол бичгээр юу бичүүлэх дуртай вэ?
-Нэрээ бичүүлнэ. Тухайн орныхоо шүлгийг бичүүлнэ. Янз бүр ээ. Бичиж байхыг хараад уулга алддаг. Монгол бичгээрээ бичих нь тийм гоё урлагтай харагддаг юм шиг байна лээ.
-Та яруу найрагчдын шүлгийг их бичдэг юм байна. Хэдэн үзэсгэлэн гаргасан бэ?
-Ер нь уран бичлэгт дандаа сайхан үг, ерөөл бичдэг. Яруу найрагтай гүн бат холбоотой. Яруу найргийг амилуулж, бүтээл болгодог. Нийтдээ хориод үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсон. Дэлгэртүгэй-1”, “Дэлгэртүгэй- 2” гээд бие даасан хоёр үзэсгэлэн гаргасан.
“Хотол даяар оюуны мэлмийг нээгч монгол бичиг дэлгэртүгэй” гээд манай Ц.Энхжин даргын хэлсэн үг байдаг юм. Ноднин Уран зургийн галерей дээр монгол бичгээрээ перформанс арт хийсэн. Монгол бичгээр бичих үзүүлбэрийг хүмүүс их сонирхох юм билээ. Цаашдаа улам хөгжүүлье гэж бодоод л байна. Ямар ч байсан элсэн дээр, шороон дээр, цасан дээр бичиж үзсэн. Цасан дээр бичих ярвигтай, бэхээ уугаад, нүүгээд байдаг юм билээ.
-Санаандаа хүртэл төгс хийсэн бүтээл бий юу?
-Одоо гаргаж байгаа бүтээлүүдийн маань ихэнх нь санаанд хүрэхгүй шүү дээ. 100 бүтээл хийлээ гэхэд санаанд хүрэх нь нэг гарах уу үгүй л байна. Тийм учраас төгс бүтээл хийхийн төлөө насаараа л хичээнэ, түүнд хүрэхийн төлөө насаараа сурна. Өдөр бүр монгол бичгээрээ бичих гээд урландаа орж ирж байгаа минь бахархал байдаг.
-20 гаруй жил монгол бичгээрээ бичихдээ сэтгэлдээ хүрсэн бүтээл хийсэн л байх. Тэр үед юу мэдрэгддэг вэ?
-Сэтгэл хийсээд, нисээд байгаа юм шиг мэдрэгддэг. Гэхдээ ийм мэдрэмжийг их цөөхөн авсан.
-Саяхан уран бичээчидтэйгээ хамт Цогт хунтайжийн хадны бичээс дээр очсон гэсэн. Юу бодогдож байв?
-Үнэхээр агуу бүтээл. Хэдэн зуун жилийн өмнө бичсэн гэхэд яг л өчигдөр бичсэн мэт тов тод. Хадан дээр бичсэн гэхэд ямар гоё тэв тэгшхэн гээч. Үнэхээр биширсэн. Надад нэг мөрөөдөл байдаг юм. Хэзээ нэгэн цагт аавынхаа шүлгээр, аавынхаа нутагт гоё уран бичлэг хийнэ дээ гэж боддог. Миний аав Төв аймгийн Баян-Өнжүүл сумын хүн. Миний төлөө бүхнээ зориулдаг. Уг нь математикийн багш хүн. Гэхдээ сүүлд дүрслэх урлагийн багш болсон. Одоо гавьяаны амралтдаа гарчихаад урланд минь бийр янтайг минь бэлдэж өгөөд, бүх л зүйлд туслаад явдаг даа. Намайг ийм хувь заяатай төрүүлж, хайраар бялхааж өсгөсөн минь эцгийн минь ач гавьяа. Аавдаа зориулж, би “Дэлгэртүгэй-2” үзэсгэлэнгээ 2017 онд аавынхаа төрсөн өдрөөр гаргаж байлаа.
Миний дотроо маш их баярладаг зүйл юу вэ гэхээр уран бичээч хүн бол тэнгэрээс өгсөн маш том өгөгдөлтэй. Ямар ч нэртэй алдартай хүний нэрийг биччихээд дэргэд нь мутрын тэмдэг буюу тамгаа дарна гэдэг их хувь заяа. Миний бүтээлийг хүмүүс хамгийн хүндтэй газраа, гэрийнхээ хойморт, хадаг яндартай залдаг. Тэр бүхнийг харах бүрт монгол бичгээ биширч, өөрөө өөртөө баярладаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Сайхан ярилцлага болжээ .Сүүлийн өгүүлбэрээс хуучины Бямбаа маань үнэртэх шиг болж байна .Үргэлж л би хэзээ баярлах вэ гэдэгсэн одоо ч хэвээрээ л юм байна Өөрөө өөртөө баярлахаас илүү бусдад баярлаж талархаж байгаарай уран бүтээл бүтээлийн өндөр амжилт хүсэе
Б.Ренчин,Ц.Дамдинсүрэн,Ш.Лувсанвандан гэсэн 3-н аваргын ”уйгаржин” гэж байсан босгосон араб бичгийг ”худам монгол” гэж байснаа ”монгол бичиг” болгодог яасан том толгойтой хулгайч луйварчингууд вэ? Худлаа гэвэл интернетээс дурын араб бичгийг гаргаж уйгаржин уншдаг хүнээр уншуулаад үз.Бас интергнетийн дурын толь бичигнээс наад уйгаржин бичгээ хаанаас үүссэнийг хар.Та нар шинжлэх ухааны эсрэг зогсож босоо араб бичгийг монгол бичиг гэж тэнэгтэхээ зогсоо.Ядаж дэлхий, нийтээс ичээч. Оркууд аа.
Б.Ренчин,Ц.Дамдинсүрэн,Ш.Лувсанвандан гэсэн 3-н аваргын ”уйгаржин” гэж байсан босгосон араб бичгийг ”худам монгол” гэж байснаа ”монгол бичиг” болгодог яасан том толгойтой хулгайч луйварчингууд вэ? Худлаа гэвэл интернетээс дурын араб бичгийг гаргаж уйгаржин уншдаг хүнээр уншуулаад үз.Бас интергнетийн дурын толв бичигнээс наад уйгаржин бичгээ хаанаас үүссэнийг хар.Та нар босоо араб бичгийг монгол бичиг гэж тэнэгтэхээ зогсоо.Ялаж дэлхийгээс ядаж ичээч. Оркнууд аа.
утасны дугаарыг нь өгнө үү