ОХУ бол гэр бүлийн хүчирхийлэл их газар. Энэ гэмт хэрэгт өртөн, эрүүл мэндээрээ хохирсон олон эмэгтэй бий. Тэдэнд тусалдаг нэгэн эмэгтэй байдаг нь Уфа хотын шивээсчин Евгения Захар. Тэр долоо хоног бүрийн Даваа гарагт гэр бүлийн хүчирхийллээс эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон бүсгүйчүүдэд үнэгүй шивээс хийж өгдөг. Түлэгдэл, хутга, зарим тохиолдолд буунаас олсон шарх сорвийг нь тэр шивээсээр дарж, амссан зовлонгоо мартахад нь өчүүхэн ч гэсэн тус болдог аж.
Цусанд хутгалдсан Викаг эмнэлэгт нөхөр нь авчирсан. Хутга зүрхнээс нь хоёрхон см зайтай нэвтэрсэн байлаа. Нөхрийг нь эмнэлгийн өрөөнд баривчилсан.
Нөхөр нь түүнийг найзтайгаа хамт эзгүй ойд аваачиж, тамалсан юм. Викагийн тээж байгаа хүүхэд өөрийнх нь биш гэж сэжиглэсэн эр найзаараа эхнэрээ хутгалуулсан байна. Эхнэрийхээ цээжнээс оргилон гарах цусыг харсан нөхөр нь юу хийснээ ойлгож, эмнэлэгт авчирчээ.
Ляйсанийг мөн л нөхөр нь хутгалсан. Хутга элгэнд нь хүрч, дотуур цус алдсан тул эмч нар маш шуурхай ажиллахгүй бол болохгүй байлаа. Тиймээс түүний гэдсэнд том сорви үлдсэн юм.
Эмч нар цагдаа дуудсан ч тэр нөхрөө өрөвдөөд гомдол гаргасангүй. Эмнэлгээс гараад ирэхэд харин нөхөр нь юу ч санахгүй байна, чиний буруу хэмээн дайрсан тул гэрээсээ явжээ.
Надя найз залуутайгаа үргэлж хэрүүл маргаантай байдаг байв. Гэхдээ тэр найз залуугаа өөрийг нь тамхины галаар түлж, гарыг нь цаасны хутгаар зүснэ гэж санасангүй.
Надя хэнд ч энэ талаар яриагүй, юмаа аваад л явсан. Одоо тэр гэр бүлтэй болсон. Сорвинуудаа нуух гэж тэр маш олон шивээс хийлгэсэн юм.
Гульдарыг хуримын ёслолоос хэдхэн хоногийн өмнө болзоот залуу нь зодсон. Согтуу эр гэдсэнд нь өшиглөснөөс тэр хүүхэд төрүүлж чадахгүй болсон. Дотоод шархнууд эдгэсэн ч хавдар үүссэн байна гэж эмч нар түүнд хэлжээ.
Тэр залуу өөрөө цагдаагийн ажилтан байсан гэдэг. Цагдаагийн газарт мэдэгдвэл гэр бүлээр чинь хөнөөнө хэмээн заналхийлсэн тул Гульдар өөр хот руу нүүхээс өөр аргагүй болжээ.
Катарина мэс заслын орон дээр бүтэн найман цаг болсон. Нөхөр нь түүнийг цонхоор шидсэн тул гар нь бараг тасрах шахсан байлаа. Тэр урьд өмнө нь ч Катаринаг байнга зоддог байжээ.
Харин Лили зодуулаад шивээсний газарт ирээгүй. Түүнийг багад нь эмээ өвөө нь анхааралгүй орхисноос болж, халуун усанд түлэгдсэн байна.
Хувцсаа тайлах болгондоо тэр хүмүүс гайхан харж байгааг мэдэрдэг байлаа. Гоо сайхны хагалгаа хийлгээд нэмэр болсонгүй. Ингээд л Захар эгч дээр очжээ. Хэдийгээр эхлээд татгалзсан ч сорвийг нь хараад шууд л тусалж эхэлсэн аж.
Өнгөрсөн жилийн зургаадугаар сараас хойш Евгения Захар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 100 гаруй эмэгтэйтэй уулзаж, зовлонг нь сонссон. Одоо түүний тусламжийг авахаар 200 гаруй бүсгүй дугаарлан хүлээж байна.
Евгения Захар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүдэд үнэгүй шивээс хийж өгдөг Бразилийн шивээсчин Флавия Карбальогийн талаар сонсоод түүнтэй адил зовсон эмэгтэйчүүдэд туслах санаа төржээ.
Сэтгэгдэл ( 0 )