С.Пүрэвжав: Би анх 540 төгрөгийн цалинтай багшийн ажилд орж 69 мянган төгрөгөөр тэтгэвэрт гарч байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 09

Амьдралынхаа 53 жил боловсролын байгууллагад ажилласан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Сампилын Пүрэвжав багш намрын бэлгэ дэм­бэрэл­тэй өдөр Гавьяат цолоо гардсан билээ. Хүүхдийн боловсролын төлөө зарчимч, шаардлага өндөр, үнэнчээр ажиллаж ирсэн тэрбээр 10 мянган шавьтай хэмээн бахархан дурссан юм. Өдгөө түүний шавь нараас олон доктор, профессор, гавьяатууд төрөн гарчээ. Зүрх сэтгэлээ боловсролын байгууллагад зориул­сан өвгөн буурал багшийг өнөөдрийн дугаартаа урин оролцууллаа.


-Гавьяат цолоор энгэрээ мялаасанд нь баяр хүргэе. Та ажил амьдралын гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

-Гялайлаа. Төр засгаас Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гээд олон шагнал авсан даа. Гавьяат цолоо ч хүртлээ. Төр мартдаггүй юм байна. Хэзээ нэгэн цагт өгдөг л юм байна.  Намайг төрсөн нутагтаа явж байхад энэ баярт мэдээг дуулгасанд нутгийнхан ихэд бэлгэ­шээсэн. Нийслэл хүрээ рүү онгоцоор нисээд л ирлээ дээ. Хэдий би 75 насыг давж яваа ч төрдөө их өртэй үлдлээ гэж бодож байна.

Төрдөө ачийг нь хариулж хийх зүйл их байна даа. Би 1945 онд Хөвсгөл аймгийн Галт сумын  Халуун ус гэдэг газар төрсөн. 1963-1967 онд УБДС-ийн физик, математикийн мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд Шинэ Идэр сумын сургуульд хоёр жил багшилсан. Төрөлх сумандаа ирээд найман жилийн дунд сургуульд л физик, математикийн багшаар ажиллаж байгаад хичээлийн эрхлэгч болсон. Манай сургууль 1979 онд 10 жилийн дунд сургууль болж өргөжиж би сургуулийнхаа захирлаар ажилласан. 2000-2004 онд сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн даргаар томи­лог­дож ч байлаа. 2004 оноос сургуульдаа буцаж очоод хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, аж ахуйн даргаар боловсролын салбарт нийтдээ 53 жил ажилласан. Аав минь намайг хоёр ойтой байхад бурхан болсон. Би 10 хүүхэдтэй айлын хамгийн бага нь юм. Ээжийг маань Т.Хандсүрэн гэдэг, нутаг орондоо нэр хүндтэй, ажилсаг, цэвэрч хүн байсан. Хоёр ах маань багш байсан болохоор багаасаа багш болохыг мөрөөдсөн дөө.

-Боловсролын байгуул­лагад ажиллаж байгаа болов­сон хүчинд тулгамддаг асуудал юу байдаг вэ?

-Шинэхэн ирсэн хүнд ахлах багш нар их өгөөжөө өгдөг. Хөдөө­гийн сумын сургуульд сургал­тын хэрэгдэгдэхүүн дутаг­далтай байдаг байлаа. Багш нар хэвлэл номоос ашиглаж, өөрийн гараар материаллаг баазыг бэхжүүлэх, анги кабинетыг тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, консфект төлөвлөгөө бичих гээд бүгдийг өөрсдөө хийдэг байсан. Гэрэл цахилгаан ч хязгаарлагдмал байдаг байлаа. Бид социалист үйлдвэрийн бригадад ажиллана, ухуулагч, уран сайханч хийнэ, мал төллүүлнэ, хадлан тэжээл бэлтгэнэ гээд олон нийтийн ажилд их дайчлагдана. Амрах завгүй ажиллаа гээд илүү цагийн мөнгө нэхдэггүй тийм л үе байлаа. Одоо бол залуу багш нар нэг үеэ бодвол  нутаг орондоо ирж ажиллах бүрэн боломжтой болсон. Гэрэл цахилгаантай, шуудан холбоотой, зам харгуйтай, дэлгүүр хоршоотой, усны цэвэршүүлсэн худагтай гээд өргөжиж хөгжсөн байна. Багш нарын цалин ч чамгүй нэмэгджээ. Би анх 540 төгрөгийн цалинтай багшийн ажилд орж  69 мянган төгрөгөөр тэтгэвэрт гарч байлаа. Одоо бол тэтгэвэрт гарахдаа 36 сарын нэмэгдэл гээд 20 гаруй сая төгрөг ордог болсон байна лээ. Тэр цаг үедээ ахмадууд бид гомдоод яахав. Гэхдээ төр бодох  л хэрэгтэй. Нэг удаа ахмад багш нараа харж үзмээр л  санагддаг.

-Багш хүний мөн чанар ямар байх ёстой юм бэ?

-Багш хүн үргэлж хүүхдүүдтэй ажилладаг учраас гэгээлэг, цайлган зантай улс байдаг. Зарим хүмүүс багшийн мэргэжил хэцүү, тоос шохойнд хорддог, хүүхдийн дуу чимээнд ядардаг гэдэг боловч хамгийн сайхан мэргэжил.  Миний хувьд сургууль маань гэр орон шиг минь, сурагчид маань хүүхдүүд шиг минь санагддаг.

-Таны үед мөр зэрэгцэн багшилж байсан үе үеийн багш, сэхээтнүүдээсээ дурсан ярина уу?

-Намайг анх төгсөөд очиж байхад захирал Сосорбарам маань их бүтээлч, сургуулиа өргөжүүлэхэд их анхаардаг хүн байлаа. Монгол хэлний багш Л.Мягмар боловсрол, мэдлэгтэй, заах арга сайтай, үлгэр дуурайл болсон хүн байлаа. Бага ангийн багш М.Чадраабал, Ц.Адъяасүрэн нар маш чадварлаг хүмүүс. 10 жилийн сургууль болж өргөжихөд шинэ боловсон хүчнээр хүчээ нэмсэн. Үүнээс дурдахад монгол хэлний багш Өлзийбаяр, газарзүйн багш Т.Бат-Очир, орос хэлний багш Наранцэцэг, Батчулуун гээд дурдаад байвал олон. Багш сайн бол сургалт сайн, сургалт сайн бол шавь нар сайн байна шүү дээ. Энэ цаг үеийнхнээс дурдвал сургуулийн захирал А.Цэрэнхүү, математикийн багш С.Жавзандулам, физикийн багш П.Сарангэрэл, бага ангийн багш Н.Ариунтунгалаг гээд залуу боловсон хүчин олон байдаг.

-Таны шавь нараас, танай сургуулийг төгссөн хүүхдүүдээс гавьяа шагналтан болж, эх орондоо нэрээ мандуулж яваа ямар, ямар хүмүүс байна вэ?

-Манай сум хамгийн олон алдартантай, 365 сумаас эхний гуравт ордог. Хөдөлмөрийн баатар тав төрсөн. Доктор, профессор Т.Дашцэдэн, ажилчны ангиас Дулмаа, малчдаас Банзрагч нар бий. 20 гаруй гавьяат төрөн гарсан. Олны танил болсон нэвтрүүлэгч Д.Цоодол, Гавьяат багш Т.Дарьжав, Хэл бичгийн ухааны доктор Ч.Билэгсайхан, Гавьяат эмч Л.Дамдинсүрэн гээд олон шавь нар байна. 20 гаруй эрдэмтэн доктортой. Түүний 10 нь миний шавь байх жишээний. Шавь нараараа бахархаж явдаг даа.

-Галт сум бусад сумдаас юугаараа онцлогтой вэ?

-Миний төрсөн нутаг халуун рашаантай, байгалийн үзэсгэлэнтэй газар. Уул ус, ан амьтан тэгширсэн сайхан нутаг. Төрсөн сум маань аймагтаа хүн амаараа гуравдугаарт, малынхаа тоогоор эхний тавт ордог. Сумандаа 12 жилийн болон бага сургуультай. Манай бага сургууль бүх аймгаас хамгийн тохижилттой сургуульд ордог бөгөөд дотуур байртай, тог цахилгаантай, спорт залтай гэдгээрээ давуу талтай. Мөн сургууль маань хими, биологийн төрөлд аймагтаа амжилттай оролцдог байсан учраас энэ чиглэлийн мэргэжилтнүүд олноор төрөн гарсан.

-Та тэтгэвэрт гараад ер  зүгээр суугаагүй байх аа, тийм үү?

-Амьдралынхаа бүхий л цаг мөчийг сургуульдаа өнгөрүүлсэн болохоор сургуульдаа л тэмүүлдэг. Тэтгэвэрт гараад  сургуулийнхаа ахмад багш нарын холбооны тэргүүнээр 10-аад жил ажиллаж байна. Энэ хугацаанд сургуульдаа 13 ахмад багшийн нэрэмжит олмипиадыг хийсэн. Мөн 7-8 багшийн нэрэмжит ангийн булан тохижуулсан. Энэ нь сургууль, эцэг эх, багш нарын уялдаа холбоог сайжруулдаг. Сургуулийнхаа багш нарын арвин туршлага, амжилт ололт, намтар түүхээр сургуулийнхаа 80 жилийн ойд бэлэг болгож ном бооход бэлэн боллоо. Энэ ажлууд маань цалин мөнгө хараагүй, өөрийнхөө сэтгэлээр хийж байгаа оюуны хөрөнгө оруулалт юм даа. Зүгээр сууж чадахгүй юм аа. Хашаандаа ногоо тарьж, чацаргана, үхрийн нүд ургуулж байна. Эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн учраас хашааны зэрлэгээ зулгаах, бут ногоогоо арчилж тордох гээд завгүй байх дуртай.

-Таныг идэр залуудаа хань ижлээ алдаад найман хүүхдээ өсгөж, эрдэм боловсролтой болгосон сайн аав гэж хүмүүс магтдаг юм билээ?

-Миний хань бид хоёр 10 жилийн сургуулиасаа үерхэж байгаад гэр бүл болсон. Найман сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Амьдралд сайнтай муутай зүйл их тохиолдоно. Ханиасаа 39 насандаа хагацаж үхэл, зовлон үзсэн. Хүүхдүүд маань балчир байлаа. Хойд эхийн царай харуулахгүй өдий зэрэгтэй хүргэсэн дээ. Хүүхдүүддээ оюун мэдлэгтэй болгохыг зорьсон. Сургуулиасаа гарах өргөдөл өгтөл эрхлэгч маань зөвшөөрөөгүй. Хамт олон, сайхан ажил мэргэжлээ орхилгүй, үр хүүхдээ ч орхигдуулахгүй бүгдийг  нь дээд боловсролтой болгосон. Манай хүүхдүүдээс Орост биеийн тамирын багш дасгалжуулагчаар сурч төгссөн, ХААДС-ийг төгссөн механик инженер, Дүрслэх урлагийн уран зургийн анги төгссөн Унгарт хүүхэлдэйн киноны зураач, АУИС-ын эх баригч, сувилагч, Унгарт боловсролын докторантур гээд бүгд л өөр, өөрийн амьдралтай биеэ даачихсан. Амьдралд хэцүү үедээ хэцүү байсан. Энэ бүхнийг сэтгэлийн хатаар давсан. Одоо бол 20-иод ач, зээтэй өнөр олуулаа сайхан амьдарч байна.

-Та үр хүүхдүүддээ юу гэж сургасаар ирсэн бэ?

-Аймгийнхаа төвөөс 170 км алслагдсан хөдөө сумын багш нар хөдөө гадаа явах, хадлан тэжээл бэлдэх гээд гэртээ тогтохгүй. Тэр их ажлын хажуугаар хүүхдээ хүмүүжүүлэх, хичээлийн бэлтгэлээ хийх, ус цасанд орох, угаалга арчилгаа хийх гээд зав чөлөөгүй байдаг байлаа. Хүүхдүүдийн том нь дүү нараа хараад л явдаг. Би хүүхдүүддээ ажилсаг бай, хөдөлмөрч бай, үг дааж сур, дэг журамтай, эмх цэгцтэй бай гэж сургасаар ирсэн дээ.

-Одоогийн залууст шүүмж­лэлтэй хандмаар, захиж сургамаар үг танд байгаа байх?

-Хүн бол нийгмийн бүтээг­дэхүүн. 1990-ээд оноос өмнө нэг намын тогтолцоотой, дэг журамтай, зарчимч, шаардлага өндөр байсан. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөр олон намын тогтолцоотой болж, гадаад явах нь явж, сургуулиасаа гарах нь гарч, мал дагах нь дагаж, хувийн бизнес хөөх нь хөөж эхэлсэн. Нэг дэглэм нуран унахад том гол үерлэн эргээ зад татах шиг үзэгдэл болсон. Тухайн үед манай сургуулийн сурагчийн тоо  800-аас 400 хүүхэдтэй болтлоо буурч байсан. 2000-аад оноос хойш өссөөр байгаад 1000 гаруй хүүхэдтэй болсон. Залуус маань шантрамхай, хялбар аргаар амьдрах, мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй үрэн таран хийх талтай байна. Биеэ дайчлах тал дээр анхаармаар санагддаг. Хүүхдүүдэд амьдралын хатыг суулгаж, нийгэм, улс орон­доо сэтгэлтэй, өөрийнхөө хөдөл­мөрөөр сайн сайхан амьдрахыг ойлгуулах хэрэгтэй байна.

-Өнөөгийн нийгмийн байдалд та хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Дээр дурдсанчлан олон намын тогтолцоотой, олон ургалч үзэлтэй болно гэдэг дэвшилттэй тал, Мөн ард иргэд маань гадаад, дотоод явж, юм үзэж нүд тайлна гэдэг сайшаалтай. Харин гадаадыг сайлж, Монголоо муулдаг нь тун тоогүй. Цар тахал гарснаар эх орон руугаа тэмүүлж, эх орныхоо үнэ цэнийг хүмүүс их мэдрэх шиг боллоо доо. Монгол орон маань өргөн уудам тал нутагтай, үржил шимтэй газар шороотой. Амьдрах ухаан байвал Монголдоо сайхан амьдрах боломж бий. Улс төрчдөөс гэмт хэрэгтэн, шуналтан, луйварчид их гарч байгаад их эмзэглэдэг.  Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйдлээ олохгүй. Хуучин цагт үүрэг нь ихдээд, эрх нь хумигдаад байсан юм болов уу даа. Одоо цагт эрх нь ихдээд үүрэг нь багадаад байна гэж хардаг.Хуулиараа энэ хоёрыг тэнцүүлж өгөх хэрэгтэй. Хууль тэнцүү үйлчлэхгүйгээс болж том дарга нар хэрэгт оногдох шийтгэл нь зөөлдөөд, жижиг малчны хэрэг чангадаад байх шиг байна. Хуулийг ягштал биелүүлдэг байх шаардлагатай.

-Боловсролын салбарт  сурах бичиг, сургалтын арга барил хэрхэн өөрчлөгдөж байна вэ, уламжлалт арга барил орчин үеийн хүүхдүүдэд тохирохгүй л гэх юм?

-Хуучны арга барилын нэршил нь өөрчлөгдөөд илүү боловсронгуй болгоод явах хандлагатай болсон шиг. Дээр үед хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, Д.Нацагдорж тэмдэгтэн болгохоор олон ажил хийдэг байсан нь одоогийнхоор “Ном” хөтөлбөр байгаа юм. Бидний үед гадаад, дотоодын тэргүүн туршлагыг нэвтрүүлж байсан нь одоогийнхоор цөм хөтөлбөр, асуудал шийдвэрлэх сургалт, багаар нь ажилллуулж сургах гээд давтагдаж байна. Уламжлалт арга барилыг хэт үгүйсгэж болохгүй. Нэг хэсэг ахмад хүн хүн биш, залуу үе бол хүн гэж үздэг байсан. Залуу үе нь ахмад үеэсээ сурч явах ёстой. Зарим зүйлд хэт туйлшрах хандлагатай болсон юм уу даа. Сургуулийн сурах бичиг зохиоход чадварлаг баг бүрдүүлдэг л байх. Тэд хот, сумын хүүхдэд аль, алинд нь тохирсон сурах бичиг хиймээр байгаа юм. Тэгэхээр хот, сумаа мэддэг хүн байх хэрэгтэй. Хүмүүжлийн тал дээр яривал эцэг, эхчүүд хүүхдийн эрх чөлөө гээд хүүхдээ зоргоор нь байлгаж, хэтэрхий өөгшүүлдэг болжээ. Хүүхэдтэйгээ тоглож наадах, ярьж хөөрөхөөсөө тээршааж хүүхдэдээ гар утсаа өгчихөөд орхидог болсон байна. Хүүхдээ гар утас сайн мэдэж байна, мундаг ухаантай байна гэж  хий хоосон магтах тийм ч зөв зүйл биш. Гар утас гэдэг хүүхдийн сэтгэн бодох чадварт сайн ч юм уу , мэдэхгүй.

-Та ном гаргах гэж байгаа зорьж байгаа гэсэн. Төрийнхөө хайр хүндлэлийг номын цагаан буянаар хариу барьж байна гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Би сонин сэтгүүлд нийтлэл бичдэг идэвхтэн сурвалж­лагч байсны хувьд ярилц­лага, тэмдэглэлээрээ сэтгүүл зүйн ном гаргана. Мөн ураг төрлийнхөө гарал үүс­лийг бататгаж, хэлхээ холбоог зангидсан ургийн ном гаргахаар бэлдэж байна. Хувийн амьдралынхаа түүхээр, сургуулийнхаа түүхээр ч ном гаргах бодолтой. Би сургуу­лийнхаа түүхт 50, 60, 70, 80 жилийн ойд зориулсан номыг нь бичилцлээ. Сумынхаа түүхийн хоёр ч номд хамтран оролцлоо. Өөрийн мэддэг, чаддаг бүхий л зүйлээ хүнд үлдээхийг, сургуульдаа зориулахыг бодож явдаг даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 09

Bi l lav yerunhiilugch Trump hoshin shog shou duuchinguudad odon uguj balairch baigaag haraagui yum bn,bodvol ter mtv music avard ene ter shou biznessmenuudaas l avdag baih

0  |  1
(66.181.168.131) 2020 оны 10 сарын 10

53 jil arai ugui baihaa,odoo ter 53 jiliin surgalt chini hotsrogdood utaggui boloo bailguide

0  |  2
Со ах(202.179.24.234) 2020 оны 10 сарын 09

Жирийн амьдралаар амьдарсан нь л энэ хүний гавъяа юм даа.

0  |  0
Top