Орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлд төгөлдөр хуур, утсан хөгжмийн мэргэшсэн бүтээл их дутагдаж байгаа өнөө үед хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц төгөлдөр хуур, утсан хөгжмийн найралд зориулсан гурван ангитай концертын бүтээл туурвиж, энэ онд Сочи хотноо болсон урлагийн олон улсын өвлийн наадмын үеэр зохион байгуулсан хөгжмийн залуу зохиолчдын олон улсын VI уралдаанд оролцоход бүтээл нь “Шилдэг долоо”-д багтжээ. Тэрбээр шилдэг долоон хөгжмийн зохиолчийн нэг болсон гэсэн үг.
Энэхүү зургаа дахь удаагийн уралдаан Орос, Зөвлөлтийн алдарт хөгжмийн зохиолч Альфред Шнитке, гарамгай төгөлдөр хуурч Святослав Рихтер нарт зориулснаар онцлог болж. А.Шнитке нь 1961-1972 онд Москвагийн Консерваторид багшилж байсан Зөвлөлтийн тэргүүлэх хөгжмийн зохиолчдын нэг. Тэр Берлиний урлагийн академи, Баварийн урлагийн академи, Шведийн хааны хөгжмийн академийн гишүүн байсан ба дэлхийд шалгарсан эдүгээ цагийн нэгэн цул болгосон хөгжмийн сэтгэлгээний ололтыг орчин цагийн хөгжмийн зохиомжийн чадвараар нийлэг түвшинд ашиглаж чадсан XX зууны цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг гэж үнэлэгддэг юм.
Түүний хөгжмийн олон төрлөөр туурвисан бүтээлүүдэд төгөлдөр хуурын гурвал (1975), төгөлдөр хуурын тавал (1976), төгөлдөр хуурын долуул (1982) зэрэг чавхдаст хөгжим, төгөлдөр хууртай цөөхүүлүүд онцгой байр эзэлдэг. Магадгүй хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, Шниткегийн энэхүү онцгой амжилт олсон бүтээлүүдийн хөгжмийн бүрэлдэхүүн болох төгөлдөр хуур, утсан хөгжмийг сонгосон нь тохиолдлын гэж үзэх аргагүй. С.Рихтер бол Зөвлөлтийн цаг цагийн төгөлдөр хуурчдын манлай нь. Түүний ер бусын сэтгэлийн их хүч, хөгжимдөх дээд уран чадвар, зуун зууны агуу хөгжмийн зохиолчдын бүтээлээр тухайн хөгжмийн зохиолчийн үзэл санаа, тухайн цаг үеийг нь нэвтэрхий уншиж чаддагаараа дэлхийд гайхагдаж байсан хөгжимчин. Бас Мөнх-Ертөнц энэ агуу төгөлдөр хуурчийн дурсгалд зориулсан уралдаан болохыг харгалзан өөрийн энэ бүтээлд төгөлдөр хуурт оноосон хувиа ихэд чамбай хийхийг хичээсэн байж болох юм гэж бичвэрийг ажиглах явцад мэдрэгдлээ.
Сочид болсон уралдааны шүүгчид нь Орос, Итали, Швейцар, Беларусь, Бельги, Дани, Польш зэрэг улсын нэр хүндтэй хөгжмийн зохиолчид, удирдаачдаас бүрджээ. Энэхүү уралдааны “Шилдэг долоо”-д Европын дөрөв, Азийн гурван хөгжмийн зохиолчийн бүтээл орсон байна. Х.Мөнх-Ертөнцийн төгөлдөр хуур, утсан хөгжмийн концерт Монголын орчин цагийн хөгжимд шинэ төрөл. Түүнээс өмнө энэ бүрэлдэхүүнд манай хөгжмийн зохиолчид томоохон хэмжээний бүтээл туурвиагүй өдийг хүрч. Харин С.Гончигсумлаа, Х.Билэгжаргал, Б.Шарав зэрэг хөгжмийн зохиолч төгөлдөр хуурын гурвал бичиж байсан туршлага бий. Төгөлдөр хуурын гурвал гэдэг нь гурван төгөлдөр хуурт зориулсан гэсэн үг биш. Төгөлдөр хуур манлайлсан хийл, морин хийлийн гурвалыг нэрлэж байгаа уламжлалт хэлц. Тодруулбал, төгөлдөр хууртай чавхдаст хөгжмийн хамтарч байгаа тоогоор нь нэрлэж заншсан юм. Х.Мөнх-Ертөнцийн энэ бүтээл төгөлдөр хууртай чавхдаст хөгжмийн найрал хамтарч байгаагаар онцлог юм. Х.Мөнх-Ертөнцийн бүтээл нь өөр хоорондоо хэм хэмжээ, зохирол, дуурьсал, хэв-фактур, эгшиглэгээ, эгшиглээний харилцан хамаарал бүхий зохиомж дээр тулгуурласан гурван ангитай мэргэжлийн бүтээл юм. Энэхүү харилцан хамаарал, ондооших ялгарамж нь хийцийн тулгуур болж байна. Бид мэргэжлийн хөгжим гэхлээр Өрнө дэхний хөгжмийн зэмсэгт зориулсан юм уу, Өрнө дэхний сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээдэг арга маягаар зохиогдсон хөгжмийн бүтээлийг хэлэх гээд байдаг нь шинжлэх ухааны онолын үүднээс авч үзвэл тун зохихгүй гаргалгаа. Тэгэхээр мэргэжлийн хөгжмийн бүтээл гэдэг нь хөгжмийн зохиол хэмээх бүтээгдэхүүнийг урлаж ирсэн түүхэн бүхий л үеийн мэдлэг чадвар дээр суурилсан “эгшгэн бүтээн байгуулалт” юм. Зүйрлэвэл мэргэжлийн инженерийн байгууламж. Тэгвэл мэргэжлийн хөгжмийн зохиолч гэдэг нь тэрхүү эгшгэн бүтээн байгуулалтын “инженер” юм. Иймээс мэргэжлийн хөгжим гэдгийн үндсэн шалгуур нь хөгжмийн бүтээмжийн чадвар, “инженерчлэлийн” ухааныг хэрхэн шингээж вэ гэдэг асуудал мөн.
Хөгжмийн бүтээлийн үндсэн шалгуурын нэг нь тухайн бүтээлийн үндэсний хэв маяг. Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн анхны шанг С.Гончигсумлаа өнгөрсөн зууны тэг дундаас эхлэн татсан юм. Энэ нь Өрнө дэхний хөгжмийн урлаг Баруун Европын (Итали, Герман, Австри, Франц) хэд хэдэн орныг дамжин интеграцчлагдах үйл явц XV зуунаас тухайн үндэстнүүдийн хөгжмийн үндэсний уламжлал “нэг хэлэнд” орж нийтлэг шинжтэй болж, дэлхийн хөгжмийн урлагийг хийц, бүтээмжийн түвшинд хөгжүүлж эхэлсэн дэлхийн сонгодог гэж бидний нэрлэж заншсан тэр хөгжимтэй монгол хөгжим “интеграцчлагдах” үйл явцад татагдан орсон гэсэн үг юм. Энэхүү үйл явц хоёр талтай. Хэрэв Өрнө дэхний хөгжмийн бүтээцийг махчлан дуурайвал үндэсний өнгө төрхөө бүдгэрүүлэн гээх. Харин Өрнө дэхний энэхүү агуу ололтыг эгшгэн бүтээн байгуулалтын инженерчлэл гэдэг талаас нь ухаарч ашиглаж чадвал үндэсний өнгө төрхөө том чадварлаг суурин дээр илүү тодруулж монгол хөгжмийн үнэ цэнийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх боломж юм. Бид хоёр дахь замыг сонгож аваад, үе үеийн хөгжмийн зохиолчид 70 жил зүтгэж байна. Тийм учраас шинээр төрөн гарч буй хөгжмийн бүтээл бүхэнд үндэсний хэв маягаа хэрхэн шингээж вэ гэсэн шалгуур амин чухал байгаа нь тэр.
Х.Мөнх-Ертөнцийн энэ бүтээлд үндэсний хэв маяг, сэтгэлгээний илэрхийлэмж хөгжим эхлэнгүүт л мэдрэгдэж, цаашид нэг үе тодрон, нэг үе бүдгэрэн сүлэлдэж “органик” шинжтэй болсон нь сонсогдоно. Уг зохиолын нэгдүгээр ангийн эхлэл чавхдаст хөгжмүүд наймц, дөрвөцийн зайгаар ижилсэн хөдөлж хоёр давалгаа хийгээд, энэ давалгаагаа зөөлрүүлэн давалж сонгодог зохирлын зарчмаар авч үзвэл зонхилох (доминант) өргийн орчинд сунжруулж татаад гол сэдэв рүү бэлтгэл болгож байгаа нь манай Хөвсгөл чигийн тайгын уламжлалт ардын дууны аялгууны зохиомжийг санагдуулахын сацуу монгол хөгжмийн эгшиг сэтгэлгээний үндсэн зарчим болох дагнамал (монодия) дуурьслын аясыг хадгалж байна. Аялгын хувьд таван эгшигт (пентатоник), долоон эгшигт (диатоник)-ийн өргүүдээр бүтээгдсэн ч хагас шатны шилжилтүүдийг монгол хөгжмийн таван эгшгийн аянд зохируулж хийсэн байна.
Нэгдүгээр ангийн үндсэн сэдэв аянууд ч орчин цагийн монгол нийтийн дууны маягийн хоёр тухайлбарыг (11-15-р айзам) морин хийлд оноосон нь аялгын хувьд ч, эгшиглээ (тембр)-ийн хувьд ч морин хуурын дуурьслыг санагдуулна. Хоёрдугаар анги эхлэнгүүт морин хийлд оноосон тавцын зайтай хам дуурьсал хэмнэлийн хувьд морин хуурын татлагын аяыг агуулж байгаа нь илэрхий. Ийм хэмнэл манай мэргэжлийн хөгжимд хамгийн өргөн хэрэглэгдэж ирсэн. Учир нь морин хуурын татлагын гэмээр энэ хэмнэл хөгжмийн фиолософи агуулгаараа морины явдал төдий бус монгол хүний цаг хугацааны эрчим гэсэн агуулгаар хөгжмийн зохиолчид хэрэглэдэг. Магад энэ хэмнэл монгол хөгжмийн бүтээлийн хэмнэлийн эрчмийг илэрхийлдэг хамгийн тод хэрэгслийн нэг байж болох юм. Энэхүү морины явдлыг З.Хангалынхад хүчтэй, Ц.Нацагдоржийнход амгалан, Б.Шаравынхад хурдтай гэх мэтээр ялган ухаарч бас болно.
Харин Х.Мөнх-Ертөнцийнхөд доод суурь болон сонсогдож байна. Хөгжимд үндэсний хэв шинж ил ч, далд ч хэлбэрээр байх нь хөгжмийн агуулгаас шалтгаалдаг эд. Гуравдугаар ангийн үндсэн сэдэв нэгдүгээр ангийн эхлэлийн аяыг өндрөөс буусан дөрвөцийн уур амьсгалыг авч сунгасан байдалтай. Энэ сэдэв аялгуутай зэрэгцэн хоёрдугаар хийл үндсэн аялгууны эсрэг “ёврох” маягийн хөдөлгөөн хийсэн нь олон хоолойгоор дуулах урлагийн монгол уламжлалд ихэвчлэн байдаг зөрөл эгшиглэнг (гетерфония) сонорт мэдрүүлнэ. Энэ мэтээр хөгжмийн зохиолч хөгжмийн үндэсний уламжлалт хэв маягийг зөвхөн аялгуу сэдэв, хэмнэлийн төдийгүй хөгжмийн хийцийн бусад талбарт ил, далд хэлбэрээр шингээж чадсан нь тун олзуурхууштай. Хөгжмийн бүтээмжид зохирол, дуурьсал, эгшиглэгээний сэтгэлгээ үндэсний хэв шинжийн хувьд ч, уран сайхны илэрхийлэмжийн хувьд ч эерэг чадамжтай өвөрмөц байна гэдгээр хөгжмийн бүтээлийн гол шалгууруудын үзэл тавигддаг. Х.Мөнх-Ертөнц бүтээлийнхээ бүхий л гурван ангид сонгосон сэдэв аялгуунуудыг нэг нь нэгнээсээ ургуулан гаргах аргыг хэрэглэхдээ (энэ хийц сонгодог зохиолчдын гаршсан аргын нэг) монгол уламжлалын эгшиг-сэтгэлгээний илэрхийлэмж болсон таван эгшигтээс (пентатоник) халихгүй байхыг хичээсэн нь хөгжмөө үндэсний хэв шинжийг нь зохиолын туршид барьж байх хэрэгсэл болгосон байна. Уг зохиолын хам эгшгүүд (аккорд) тайвшрал, уянгын дуулалт хэсгээсээ бусад бүх тохиолдолд гурван бүтэн шат (тритон)-ны дуурьслыг агуулж байна. Үүгээрээ уран сайхны шийдлийн ихээхэн оновчтой хэрэгсэл болгож чадаж. Энэхүү гурван шатны нүүдэл таван-эгшигтийн хагас шатны нүүдлээс аялгууны түвшинд зайлсхийдэг ерөнхий хандлагыг агуулаад зогсохгүй эгшиглэгээний нийлэг (полилад) бүтээлийг бий болгох нөхцөл бүрдүүлж байгаа юм. XX зуунд сонгодог хөгжмийн дуурьслыг шинэчлэхэд гарамгай хөгжмийн зохиолчид нийлэг-эгшиглэгээг хэрэглэж онцгой амжилт гаргасан юм. Тухайлбал8 Унгарын хөгжмийн зохиолч Б.Барток энэ нийлэг-эгшиглэгээний зарчмыг хөгжимдөн суулгаж өгснөөр Унгарын үндэстний уламжлалт ая данг сонгодог түвшинд боловсруулсан бол Оросын суут хөгжмийн зохиолж С.Прокофьев Оросын шинэ сонгодог хөгжимд үндэсний хэмжээний шинэчлэл хийсэн байдаг. Х.Мөнх-Ертөнц энэ мэргэдийн арга чадвараас энэхүү бүтээлдээ шингээж өөрийн гэсэн үгээ хэлж байгаа нь сайн хэрэг. Тэр ч байтугай энэ бүтээлд Австрийн агуу их онолч А.Шёнбергийн сонгодог дуурьсал, эгшиглэгээнд хийсэн шинэчлэл болох 12 эгшигт (додикафония)-ийн аргыг ч Мөнх-Ертөнц бүтээлдээ хэрэглэхээс болгоомжлоогүй байна. Энэ нь хөгжмийн зохиолч орчин цагийн мэргэжлийн хөгжим бүтээх нийтлэг чадварт нэгэнт хүрснээ харуулж байгаа хэрэг.
Хөгжмийн мэргэжлийн “инженерийн” чадварын чухал шалгуурын нэг нь бүтээлээ зориулан бичиж байгаа хөгжмийн зэмсгийнхээ ааш араншин, боломж чадамжийг сайн мэдэж байгаа эсэх асуудал юм. Мэдээж хөгжмийн зохиолч өөрөө төгөлдөр хуурч мэргэжилтэй болохын хувьд төгөлдөр хуурын бүхий л боломжийг ашиглахыг зорьсон байна. Чавхдаст хөгжмийн зэмсгүүдийн цараа, дуурьсах өвөрмөц онцлог, хөгжимдөх техникийг гаргахад ихэд анхаарсан нь анги тус бүрт мэдэгдэж байна. Зарим үед, тухайлбал нэгдүгээр анги 41-45 дахь айзам дахь хийлийн дээд чалхын товшилтууд, хоёрдугаар ангийн 57-72 дахь айзам, гуравдугаар ангийн 23-30 дахь айзмын зайны хувьд эгшгийн ойрхон шахсан урсгалууд, хөгжимчдөөс ихээхэн ур чадвар шаардахаар хийжээ. Энэ зохиолын нэгдүгээр анги нь эхлэл, төгсгөл бүхий энгийн гурван хэсэгтэй, хоёрдугаар анги нь хувилбарт зохиомжтой, гуравдугаар анги нь өргөгдсөн тусгай төгсгөл бүхий дэлгэмэл хэлбэртэй байгаа нь хөгжмийн зохиолын хэлбэрийн хувьд мэргэжлийн сонгодог хөгжмийн зохиолчдын арга барилаас гажихгүй байхыг зорьсон бололтой.
Х.Мөнх-Ертөнцийн энэ бүтээлийн хийцийн талаар зарим ажиглалт хийхэд ийм байна. Харин уран сайхны агууламж, үзэл баримтлалын чиг хандлагыг тусгайлан судалж үзэх шаардлагатай. Юутай ч манай мэргэжлийн хөгжим, мэргэжлийн хөгжимчид мэргэжлийн хөгжмийн зохиолчийн туурвисан нэн ховор байгаа цөөхүүл хөгжмийн нэг бүтээлтэй болж авлаа. Мэдээж энэ бүтээлийг төгс төгөлдөр болсон гэж батлах боломжгүй. Нэг судлаач нэг сонсоод баталчихдаг ч юм биш. Өнгөцхөн гүйлгэж харж, сонсоход бидэнд хөгжмийн Консерваторийн зохиомжийн багш нар “Хөгжмийн бүтээлд зогсоц (пауз) бол бас хөгжим” гэж хэлдэг байсан нь гэнэт санаанд оров. 10-аад минут үргэлжлэх гурван ангитай энэ хөгжимд төгөлдөр хуурч нэг ч айзам зогсохгүй, чавхдаст хөгжим эхний ангид ээлжлэн найман айзамд, сүүлийн ангид ганц айзам л зогсолттой байгаа нь гайхмаар бас хачирхалтай санагдлаа. Бүтээмж маань нийт 185 айзам шүү дээ. Энэ механик эгшиглэнт бүтээмж нь уран сайхны болон хөгжимчдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд бэрхтэй юм.
Х.Мөнх-Ертөнц хөгжмийн зохиолч эдүгээ Оросын хамгийн нэр хүндтэй Москвагийн Консерваторид Оросын нөлөө бүхий хөгжмийн зохиолч А.Чайковскийн удирдлага дор аспирантурт суралцаж байгаа. Энэ залуу хөгжмийн зохиолч эрдэм чадал сууж Монголын шинэ цагийн хөгжмийг олон сайн бүтээлээр баяжуулна гэдэгт эргэлздэггүй.
Хөгжим судлаач, доктор, профессор Н..Жанцанноров
Сэтгэгдэл ( 0 )