ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Гүйцэтгэх захирлууд цар тахлын үед УДИРДАХ АРГА БАРИЛАА олцгоож байна

2020 оны 10 сарын 09

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ  “Blue Sky” зочид буудалд  үргэлжилж  /2020.10.09/ байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засгийн төлөв” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрбээр коронавируснээс шалтгаалсан гутранги байдал дотоод, гадаад эдийн засагт аль аль талд буурч байгааг онцоллоо. Гэхдээ тодорхой бус байдал үргэлжилж байгааг сануулсан.

Мөнгөний бодлогын төсөлд төлбөрийн тэнцлийн төсөөллийг тусгахдаа Хятадын эдийн засгийн өсөлтийг өндрөөр харсан байж магадгүй. АНУ-ын эдийн засгийн төлөвийг  хэвээр хадгалсан. Ерөнхийдөө улс орнууд хөл хориог сулруулаад буцаагаад чангалаад, эргээд сулруулсан байр байдалтай байна. Дэлхийн худалдаа экспорт,  импорт зургаадугаар сараас сэргэсэн.

Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаагаар эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буй нь цар тахлын үед удирдах арга барилуудаа олж байгааг харуулж байна. Манай улсын уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэнэ.  Зээлжих зэрэглэл буурах эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Манай улс үүссэн нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэхээс, гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалж үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн дараа дараагийн шийдвэрүүдийг гаргана гэлээ.

Тодотгоход, Энэ 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, ГВАН 770 сая ам.доллароор буурч төгрөгийн ханш сулрах дарамттай байгааг Мөнгөний бодлогын төсөлд онцолсон.

Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байх тооцоолол байна.

 Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзсэн тул нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллароор нэмэгдэж 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, ГШХО-ын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум24 ам.долларт хүрэхээр төсөөлсөн байгаа юм.

Харин Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр гадаад зээлийн ашиглалт өмнөх оноос буурч 1.5 тэрбум орчим ам.доллар байхаар байнa. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй хэдий ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллароор тэлж буй нь нөлөөлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top