Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Жозеф Байден ялалт байгуулбал тус улсын түүхэнд анх удаа профессор эмэгтэй тэргүүн хатагтай болох юм. Цагаан ордонд нүүж ирсэн ч 69 настай Жилл Байден ажлаа орхилгүй, Умард Виржиниагийн Нийтийн коллежид англи хэлний багшийн ажлаа үргэлжлүүлнэ гэж тэрбээр CNBC телевизэд ярьсан байна.
1993-2017 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан эрхмүүдийн эхнэрүүд бүгд эрдмийн зэрэгтэй байжээ. Мишель Обама, Хиллари Клинтон нар хуульч мэргэжилтэй бол Лора Буш номын сангийн хэргийн магистр цолтой. Гэхдээ тэдний хэн нь ч тэргүүн хатагтай болсноос хойш мэргэжлээрээ ажиллаж чадаагүй байна. АНУ-ын 231 жилийн түүхэнд ямар ч тэргүүн хатагтай мэргэжлийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн түүх байдаггүй аж.
“The Washington Post” сонинд мэдээлснээр, 1981 оноос хойш анх удаа Жилл нөхрөө дэмжихийн тулд түр завсарлага авчээ. Жо Байден 2009-2019 оны хооронд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хаших үед тэрбээр багшилсан хэвээр байсан бөгөөд нийтийн коллежуудыг хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын гэр бүлд туслах, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх олон нийтийн кампанит ажлуудад идэвхтэй оролцдог байжээ.
Тогтсон уламжлалын дагуу оногдсон үүрэгтэй ч зарим тэргүүн хатагтай үлгэр жишээ эхнэрийн хэвшмэл дүрийг эвдэж чаджээ. Тухайлбал, Элеонор Рузвельт АНУ-ын түүхэнд эмэгтэйчүүд, харь арьстнуудын эрхийг идэвхтэй дэмжигч тэргүүн хатагтайн нэрээр мөнхөрчээ. Тэрээр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлд зориулж нийтлэл бичдэг байв.
Цагаан ордонд нүүж ирснээс хойш Хиллари Клинтон өөрийн ажлын өрөөгөө Дугуй танхим байрладаг баруун жигүүр рүү нүүлгэж, улс төрийн шийдвэр гаргахад идэвхтэй оролцдог байжээ. Хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн тэрбээр хоёр ч удаа ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдсөн цорын ганц тэргүүн хатагтай.
Мишель Обама мөн л шинэчлэгч болжээ. Юуны өмнө тэрбээр тус улсын түүхэн дэх одоогоор цорын ганц хар арьст тэргүүн хатагтай болсон. Тэрбээр Цагаан ордны босгыг алхсан даруйдаа түүнийг арай л өөр хэмжүүрээр шүүх болно гэдгийг мэдэж байжээ. Тэрбээр улс төрөөс ангид байхыг илүүд үзсэнээрээ Клинтоноос ялгаатай. Үүний оронд Мишель боловсролыг дэмжих зэрэг олон нийтийн ажлыг сонгосон байна.
Меланиа Трамп америкчуудын ой санаанд хамгийн дуулгаваргүй тэргүүн хатагтайн дүрээр үлдэх нь дамжиггүй. Тэрбээр нөхрөө дагаж шууд Цагаан ордон руу нүүж ирээгүй, олны өмнө нөхрийнхөө гараас хөтлөхөөс шууд л татгалзана. Түүнд баяр, ёслолд зориулан Цагаан ордныг чимэглэх үүрэг нь таалагддаггүй гэх. Меланиа Мексиктэй залгаа хил дээр цугласан цагаачдын гэр бүлийг салгах нөхрийнхөө бодлогыг шүүмжилж, албан ёсны арга хэмжээнд хамт очихоос татгалздаг байжээ.
Сэтгэгдэл ( 0 )