Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас гарах эсэх нь энэ сарын сүүлээр шийдэгдэнэ.
Манай улсын төрийн байгууллагуудын тухайд үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн тул хяналтаас гарчих байх гэсэн хүлээлттэй байгаа юм
Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсноор банкуудын гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан. Тэгвэл энэ сард "Саарал жагсаалт"-аас гарснаар энэ асуудал эерэгээр шийдэгдэх үү гэсэн асуултад Санхүүгийн мэдээллийн албанаас дараах хариултыг өгч байна.
-"Саарал жагсаалт"-д орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий. Манай улсын хувьд энэ асуудал нь санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт яаж нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Банкны сектороор дамжаад гадаад худалдаа эрхэлж байгаа хувийн секторын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, гадаад төлбөр тооцоо хийгдэх хугацаа уртасч, төлж байгаа шимтгэлүүд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг банкаар дамжаад төлбөр тооцоогоо хийдэг байсан бол хоёр банк болчихоор тухайн арилжааны банкны болон тухайн банкаар үйлчлүүлж буй хувийн хэвшлийн байгууллагын зардлыг өсгөдөг. Гэхдээ Монгол Улс "Саарал жагсаалт"-аас гарсан тохиолдолд энэ асуудал эерэг тал руугаа өөрчлөгдөнө. Гадаад төлбөр тооцоо дамжуулагч банкны хувьд корреспондент банкны харилцаа нь маш чухал. "Саарал жагсаалт"-тай холбоотойгоор корреспондент банкны үйл ажиллагаа хумигдсан ч ФАТФ-ын Саарал жагсаалт болон Европын холбооны Хар жагсаалтаас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуур зөөлөрнө. Мөн тухайн улс орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, энэ чиглэлийн эрсдэл багатай юм байна, тийм учраас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мессежийг өгнө. Банкуудаас мөн корреспондент банкуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дахин эрчимтэй арга хэмжээг авч эхлэх байх. Энэ утгаараа ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжирна гэж харж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 0 )