Коронавирус хүний арьс, гар утсан дээр хэр удаан амьдрах чадвартай вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12

Шинэ төрлийн коронавирус хүний арьсан дээр ес орчим цагийн турш амьдрах чадвартай болохыг Киотогийн анагаах ухааны их сургуулийн судлаачид тогтоожээ. Энэ нь томуугийн вирусээс тав дахин удаан хугацаа гэнэ.

“Asahi” сонинд бичсэнээр, судалгааны явцад судлаачид томуугийн вирус болон коронавирусний 100 мянга орчим дээжийг хүний арьсны дээж дээр байрлуулж, хэр удаан хугацааны дараа алга болохыг ажигласан байна. Томуугийн вирус 1-2 цагийн дараа хүний арьсан дээрээс алга болж байсан бол коронавирус дунджаар есөн цаг байсан байжээ. Ингэхдээ этанолоор арьсыг арчихад бүх вирус 15 секундийн дотор бүрэн устаж үгүй болсон байна. Энгийн савангаар урсгал усанд гараа угаахад вирусний тоог 100 дахин бууруулах боломжтой нь тогтоогдсон байна. Гараа 15 секундийн турш савандаж, 10 секундийн турш урсгал усанд угаасны дараа ариутгагч бодис хэрэглэвэл үр дүн маш сайн байна гэж судлаачид онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн Австралийн өвчлөлтэй тэмцэх бэлэн байдлын төвийн судлаачид төрөл бүрийн гадаргуу дээр коронавирус хэр удаан тогтдог болохыг судалжээ. “Virology Journal” сэтгүүлд мэдээлснээр, шил, зэвэрдэггүй ган, цаасан мөнгөн дэвсгэрт болон гар утасны гадаргуу дээр 20 хэмд коронавирус 28 хүртэл хоног, 30 хэмд гурван долоо хоног, 40 хэмд хэдхэн хоног амьдрах чадвартай гэнэ. Ингэхдээ хөвөн бөс даавуу зэрэг нүхтэй гадаргуу нь гилгэр гадаргуугаас илүү аюулгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top