Төрийн гурван өндөрлөг орон нутгаар хөөцөлдөөд л...

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвыг хамтад нь хэзээнээс ч юм “Төрийн гурван өндөрлөг” гэж ярьж хэвшжээ. Энэ нь тэр гурав эрх мэдлээрээ тэнцүү хийгээд Монголыг хуваан захирдаг гэсэн үг биш. Ерөнхийдөө хууль тогтоох байгууллагын зохион байгуулагч, гүйцэтгэх засаглалын тэргүүн болон үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гурав билээ. Үүнийг бага боловч тайлбарлаж, сануулж байхгүй бол өнөөдөр тун ойлгомжгүй байдал үүсчихээд байна. Төрийн өндөрлөгүүдийн хар жийпнээс бүрдсэн урт цуваа уудам Монгол орныг хэрэн хөөцөлдөж, хэн нь яг “Жинхэнэ Дамбийжаа” болох нь үл мэдэгдэх боллоо. Тэнд ч бүтээн байгуулалттай уван цуван танилцаж, энд ч иргэдийн санаа бодлыг сонсож, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр ээлжлэн очих аж. Үндсэн хуулиар Монгол Улс бол парламентын засаглалтай орон мөн тул УИХ нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хийх ажлынх нь төсвийг баталж өгөөд араас нь хяналтаа тогтоодог. Энэ эрх мэдлийг УИХ-ыг бүрдүүлдэг 76 хүн хуваан эдэлдэг хэрэг. Түүнээс биш УИХ-ын үйл ажиллагааны зохицуулалтыг хариуцах үүрэг бүхий албан тушаалтай УИХ-ын дарга нь Монгол орны бүхий л зүйлийг мэдээд байгаа гэвэл өрөөсгөл болно.

Ерөнхийлөгчийн эрх мэдлийн тухайд ч маргаантай юм олон бий. Үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг хийгээд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн шошготой. Хачирхалтай нь, парламентын засаглалтай орнууд Ерөнхийлөгчийг УИХ-аасаа томилдог бол манайх бүх ард түмнээсээ сонгодог.

1992 онд хийсэн шинэ Үндсэн хуулийн нэг том алдааг энэ байсан гэж олон судлаач хэлдэг юм. Нэгэнт бүх ард түмнээс сонгогдож байгаагийн хувьд мөрийн хөтөлбөртэй. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Засгийн газарт чиглэл өгөх, хууль санаачлах эрх эдлээд байдаг. Үүнээс үүдэн дотооддоо парламентын засаглалтай гэж тунхагласан боловч гадна талдаа хагас Ерөнхийлөгчийн засаглалтай мэт харагдаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд хийгдсэн нэмэлт, өөрчлөлтүүд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулахад чиглэж байлаа. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилохдоо УИХ нь Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг байдлыг арилгасан явдал бол үүний нэг жишээ. Тэр байтугай өнгөрсөн жил Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг чуулганаар хэлэлцэж байх үед Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх тухай ч хөндөгдөж байлаа. Ямар ч байсан өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчид бие даан гаргах шийдвэр гэвэл цөөхөн албан тушаалд хүн санал болгох л байгаа байх. Хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх асуудал дээр бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нөгөө хоёр гишүүнийхээ “амыг харах” учиртай.

Ерөнхий сайдын тухайд улс орныг хөгжүүлэх менежментийг хийх, ард түмнийхээ амьдралд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ бичвэрт цөөнгүй дурдаад байгаа өнгөрсөн жилийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд эрх мэдэл нь улам өсчихөөд байгаа албан тушаал. Засгийн газраа өөрөө зохион байгуулж, сайд нараа томилж, халах эрхтэй болсон. Улс орон хөгжихийн тулд элдэв улс төрийн бүлэг, фракцад хамааралгүйгээр Ерөнхий сайд нь дур мэдэн ажиллах боломжийг олгосон нь тэр.

Ер нь бол манай улстөрчид албан тушаалын дээд оргилыг Ерөнхийлөгч гэж харж ирснээс болоод Ерөнхийлөгчийн албан тушаал том харагддаг болчихсон. Намдаа үнэмлэхүй хэмжээний нөлөөтэй болсон хойноо зүтгэдэг зүйл нь Ерөнхийлөгч л дөө. Гол төлөөлөгчид нь Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар. Тэд нам төрийг хослон барих хүслээ Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс хэрэгжүүлэхийг зорьсон. Хувь тавилангийн шоглоомоор энэ албан тушаалд очсон хийгээд буцсан бүхэн анд нөхөргүй болон ганцаарддаг бололтой. Мөн Ерөнхийлөгч болохын тулд ялсан намын дарга нь Ерөнхий сайдаа хийгээд явдаг буухиаг эвдсэнээс үүдэлтэй эмгэнэлтэй жишээ ч бий. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудалтай болж байв. Уламжлалаараа ч, намынхаа дүрмээр ч М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой. Гэвч хойтон жил нь болох буюу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд хэл ам багатай албан тушаал хэрэгтэй. Тиймээс өөрийн хүнийг Ерөнхий сайдаар явуулаад өөрөө УИХ-ын дарга болж орхисон. Харин УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэн сайдуудыг дагуулан аймгуудаар хэсэж амлалт өгч, улсын төсвийн хөрөнгөөр ажил хийлгэж эхэлсэн. Энэ цагаас эхлэн УИХ-ын дарга нь Ерөнхий сайдаас том мэт олон нийт боддог болсон ч байж мэднэ.

Улс төрд арга зальтай, намдаа байр суурь, тойрон хүрээлэгчидтэй хэн боловч Монголын нөхцөлд дэвшүүлэн зайлуулагдах тойрогт орчихоод байдаг. Дээр дурдсан нэрс бол тэдний нэгээхэн хэсэг юм. Энэ яриа тусдаа сэдэв болохоор ингэсгээд орхиё. Харин эхэнд хөндөөд орхисон санаа руугаа эргээд ороход өнөөдөр Монгол Улсын төрийн жолоо гэдэг Орос ардын үлгэрт гардаг гурван толгойтой Гориныч луу шиг л харагдаж байна. Орон нутгийн сонгууль дөхсөн энэ өдрүүдэд том жижиггүй л тэвдэж байгаа байх. АН-д нөлөөгөө тогтоосон гэгдээд байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг дамжин иргэдийн санаа бодлыг сонслоо. “Эхийн алдар” одонг зүүлээ. Явсан газар бүрд нь хүмүүс цугларч бүхий л зовлонгоо тоочиж байна. Ерөнхийлөгч сургууль, эмнэлгээр орж, бүтээн байгуулалтуудтай танилцан, өөрийн санаа оноог ярьж яг л Ерөнхий сайд лугаа аашилж байгаа. Уг уулзалтуудыг баллуурдах мэт УИХ-ын дарга Г.Занданшатар араас нь аймаг, дүүрэг дамжин явж байна. Ингэхдээ мөн л бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж, эрх нь зөрчигдөж байгаа иргэдтэй уулзалт хийж байна лээ. Энэ хоёр хүний хийгээд байгаа ажил нь Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн үүрэг юм. Ерөнхий сайд өөрөө мөн л аймгуудад ээлж дараалан аялж байгаа.

Ийнхүү төрийн гурван өндөрлөг түмэн олноо төөрөлдүүлэн Монгол даяар хөөцөлдөн явах аж. Төрийн гурван өндөрлөг цувралдан буугаад мордсон гэх газарт чухамдаа гурван Засгийн газрын тэргүүн ирсэн шиг санагддаг байх. Өөр хоорондоо эрх мэдлийн ялгаралгүй мэт харагдах нь тэгээд улс орны эрх ашигт зүгээр үү гэж асуумаар байна. Эрх мэдэл чухам өөрсдөд нь төвлөрч байгаа мэтээр булаацалдаж байгаа нь эрүүл зүйл мөн үү. Ирэх сонгуулиар эсвэл ирээдүйн улс төрийн үймээн дунд тэдний хэн нь ч байр сууриа алдахыг бид таашгүй. Өнгөрсөн 30 жилийн сургамжаас харвал тийм явдал болох нь Монгол оронд гайхаад байх зүйл биш. Харин тэр цагт гудамжинд гарсан нэг нь бусдынхаа эсрэг босоход улс хагарах хэмжээний байдал үүсчих вий гэсэн болгоомжлол төрж байна. Улс төрийн эрх ашгийн хөлд үрж байгаа зарчим нь хожмын өдөр ямар ч үр дагавар дагуулаа билээ дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zocnin(68.145.61.75) 2020 оны 10 сарын 13

Oron nitagt gazar deer ni yzej taniltsaad yawah ni oroondoo suuj ard tumnii amidralaas hol bsanaas hsmaagui deer

0  |  0
зочин(192.82.65.224) 2020 оны 10 сарын 13

нэг үеэ бодвол орон нутгаа Төрийн өндөрлөгүүд санадаг болжээ.. энэ сайн тал шүү. хэзээ байхдаа төрийн өндөрлөгззд намууд орон нутгийн сонгуульд ингэж анхаарч алалцаж байлаа да

0  |  0
Зочин(202.55.188.82) 2020 оны 10 сарын 13

Дажгүй болжээ.

0  |  0
Top