Хүйтэн сэрүүний улирал эхэлж улирал шилжиж байгаа энэ үед нуруу бөөрний хий, хүйтэн өвчлөл ихэсдэг. Нуруу, бөөрнөөсөө дулаан явж, ямар гам дэглэм сахиж өвчлөлөөс сэргийлэх болон нурууны өвчлөлийн талаар “Хасу манал” эмнэлгийн их эмч Д.Энхжаргалтай ярилцлаа.
-Улирал солигдох энэ үед ард иргэд маань хөнгөн нимгэн хувцаслаж даарч хөрөх, түүнээсээ болоод өвдөх тохиолдол олонтаа гардаг. Нурууны өвчлөл залуужиж байгаагийн шалтгаан юу вэ?
-Гадуур яваа залуу хүүхдүүдийг ажиглаж байхад нуруу, гуя нь гялалзаад л гүйгээд байх юм. Хүмүүс даарч хөрөхөөсөө сэргийлж, дулаан хувцаслах, өвдөгний үе, нуруу бөөрөөсөө даарч болохгүй. Бага залуугаасаа биеэ хайрлаж эрүүл явах хэрэгтэй байна. Даарч хөрснөөс болж нуруу бөөр өвддөг. Нуруу бол хүний гол тулгуур эрхтэн учир нуруугаа хайрлууштай. Манай эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүсийн 60-аад хувь нь нурууны өвчтэй байна. Мөн хүзүүний шохойжилт залуужиж байна. Хоёрдугаарт хөдөлгөөний хомсдолоос болж нурууны өвчинтэй болж байна. Жингийн нэмэгдэл, илүүдэл, таргалалт их байна. Гуравдугаарт бэртэл гэмтэл, авто осол зэргээс болж нурууны өвчтэй болох тохиолдол багагүй хувийг эзэлдэг. Дөнгөж 20, 30 настай залуугийн нуруу бөгтийгөөд далийсан ирж байгаа нь тун эмгэнэлтэй.
-Нурууны өвчнөөс сэргийлэх анхан шатны хэвшил нь дулаан явах, дасгал хөдөлгөөн юм байна. Суудлын ажилтай хүмүүст зонхилон тохиолддог нурууны суулт өвчлөлийн талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Нурууны хоёр талаар явдаг шулуун булчингийн агшилт, чангаралтаас болж нурууны диск нь чангарах, урагш, хойшоо гулсах, мэдрэлийн судал дарах зэргээр нуруунд өөрчлөлт ордог. Нуруу өвдөж байгаа шинж тэмдэг нь эхлээд чилнэ, өвдөнө, хөшнө. Манайхан үүнийг тоодоггүй. Нуруу нь татаад, гацаад ирэхээр эмнэлэгт ханддаг. Өөрөөр хэлбэл нурууны булчин чангараад удаан явчихаар нугаламд эмгэг өөрчлөлт ороод үе хоорондын зай нь ойртож, зөөлөн эд шахагдаж нурууны суулт болдог. Тийм учраас хүнд юм өргөхгүй байх, огцом ширүүн хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Нурууны булчинг суллахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх, суудлын ажилтай хүмүүс зөв сууж хэвшээрэй.
-Хүзүүний шохойжилтын талаар ярина уу?
-Хүзүүний нугаламын гажилт их үүсдэг болсон. Хүзүүний С2-С7-гийн хооронд гажиждаг. Нарийн тайлбарлавал хүзүүний хоёр сэртэн эргэлт өгөөд нэг түвшин нь алдагддаг. Хүзүүний сэртэнгийн гажилтыг мэс заслын аргаар засдаг байсан бол сүүлийн үед уламжлалт анагаах ухаанд хөдөлгөөн заслын аргаар засдаг болж байна. Энэ аргыг төгс эзэмшсэн эмч хийх хэрэгтэй байдаг. Хүний хүзүү S хэлбэртэй байх ёстой байтал тэгшрээд байгаа нь хөдөлгөөний хомсдол, өндөр дэр дэрлэснээс болдог. Хүзүүний хоёр талаар артерын судас явдаг бөгөөд булчин нь чангараад ирэхээр хүзүүний лордоз тэгширдэг. Лордоз тэгширснээр тархинд очих цусан хангамж багасч толгой эргэх, нүд эрээлжлэх, ядарч тамирдана. Аль талын цусан хангамж бага байна тэр тал руугаа толгой таллаж өвддөг. Монголчууд толгой өвдлөө гээд өвчин намдаах эм уугаад яваад байгаа нь буруу, эхлээд хүзүүнийхээ лордозыг эмчлүүлэх хэрэгтэй. Энэ нь хүндэрвэл тархины ишми харвалт болдог. Ишмицский гэдэг нь тархин дахь цус хомсдохыг хэлдэг. Тархи нь хэл яриа, тэнцвэр, хөдөлгөөнийг бүгдийг хуваарилан хариуцаж байдаг. Хаана харвалт өгнө тэнд үйл ажиллагаа нь зогсоно. Хүзүүний гажилтаа эрт эмчлүүлэхгүй бол харвалт өгч насан туршдаа хүний гарт орох магадлалтай байдаг.
-Хүзүү өвдөхөөр гар өвдлөө гээд хөгшчүүд яриад байдаг. Энэ хоёр холбоотой юу?
-Холбоотой. Хүзүүнээсээ хоёр гар руу хүзүүний мэдрэлийн судал салдаг. Хоёр гар бадайрах, чимчигнэх, эрвэгнэх, хөөж бамбайсан юм шиг мэдрэгдэх зэрэг нь үүнтэй холбоотой. Ингэснээр хоёр гарын атгалт муу, мэдээ муу болдог. Хүзүү эрүүл байвал нуруу эрүүл, нуруу эрүүл байвал хүзүү эрүүл байна гэсэн үг.
-Булчингийн чангарал гэдэг нь юунаас болж үүсдэг юм бол?
-Ажлын ачаалал, нийгмийн стресс, тайван биш байдал, ядрах зэрэг таагүй байдлаас булчин чангардаг. Булчинг суллахын тулд зөөлөн аргаар массаж, иллэг хийлгэх хэрэгтэй. Залуучууд шууд л фитнесст яваад хүнд юм өргөөд эхэлдэг нь буруу. Булчинг суллах, сунгалт хийхэд йогиор хичээллэх нь маш тохиромжтой. Дасгал хийхдээ хүзүү нь овойгоод хөшчихсөн хүмүүс хүзүүнд тохирсон дасгал, нуруу нь чилээд байгаа хүмүүс нуруунд тохирсон дасгал хийх хэрэгтэй.
-Зарим хүмүүс цээжээр хөндүүрлээд гээд рентгент харуулахаар зүгээр байна гэдэг. Шалтгаангүй энд тэнд зовиурлаж өвдөх нь нурууны гажилтаас болох уу?
-Болно. Нурууны үе бүр нэршилтэй бөгөөд дөрвөн хэсэгт хуваагддаг. C1-C7, D1-D12, L1-L5, S1-S3 гэж нэрлэдэг. Жишээ нь, D1-ээс доош нурууны нугалам эмгэгтэй болвол зүрх дарж өвдөх, уушги хөндүүрлэх зэрэг шинж илэрдэг. D12-оос доошхи нурууны гажилт нь элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, умай, савыг мэдрэлжүүлдэг. L5-аас доошоо нугалам нь нь хөлийг мэдрэлжүүлдэг. Байшин гэж үзвэл оршин тогтох багана нь гэж үзэх учраас нуруугаа л хайрлах хэрэгтэй. Жилдээ нэг удаа нурууны бариа засал, зүү эмчилгээг хийлгэж байхдаа гэмгүй. Хүмүүс нурууны өвчин нь хүндрээд хөл рүүгээ ороод суумгай болсон үедээ хандаж байгаа нь эмзэглүүштэй. Ийм хүндрэлтэй үед ирвэл эмчлэхэд цаг хугацаа, мөнгө төгрөг их орно. Урьдчилан сэргийлэх талын мэдлэгийг иргэддээ сайн ойлгуулах шаардлагатай байгаа юм.
-Хүмүүс нуруу өвдлөө гээд бариа заслын төвд очихоор хараагүй иргэд ч юм уу, мэргэжлийн бус хүн барьдаг. Зарим нь гэмтэлтэй нурууг нь хүчтэй дарж улам мурийлгах гээд асуудал их. Танай эмнэлэгт нурууны эмгэгийг анагаах дэвшилтэт ямар эмчилгээг нэвтрүүлж байна вэ?
-Бариачид үнэндээ 45 хоногийн курс төгссөн л хүмүүс байдаг. Мэргэжлийн бус хүнд өөрийгөө даатгаж, эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхааруулъя. Хэрэв ямар нэг гэмтэл авбал бариа хийлгэсэн хүний буруу болох магадлалтай бол бариачид нь хариуцлага хүлээх чадваргүй байдаг. Хувь хүн эмнэлэг, эмчээ өөрсдөө сонгох эрхтэй хэдий ч зөв, аюулгүй сонголт хийх хэрэгтэй. Заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Нэг сайхан мэдээ дуулгахад Орос улсад ажилладаг уламжлалт анагаах ухааны доктор эмч нар манай улсад нуруу нугаламын гажилт засах эмчилгээний талаар манай эмч нарт хичээл заасан. Хичээлээ хүмүүс дээр дадлага хийх маягаар бодит жишээнүүд дээр тайлбарлаж заасан. S үсэг шиг болсон нурууг тэгшлээд эмчилчихэж байгаа юм. Гол нь ганц хоёрхон бариад нуруу тэгшрэхгүй цаг хугацаа, хичээл зүтгэл их ордог.
-Сүүлийн үед хүмүүс ясны сийрэгжилт ихтэй болжээ. Энэ нь нурууны мурийлтад нөлөөлөх үү?
-Тийм. Ясны сийрэгжилттэй хүнд бариа хийхэд амархан гэмтэх аюултай байдаг. Бид үзлэг хийхийн өмнө тухайн үйлчлүүлэгчийн бүх төрлийн шинжилгээг, нурууны зурагтай нь үзэж шинжилдэг. Нурууны үзлэгт хамгийн түрүүнд ясны сийрэгжилтийг D, кальцийн шинжилгээг нь үздэг. Хэрэв кальцийн хэмжээ зохих хувиасаа бага байвал заавал түүнийгээ нөхөх шаардлагатай. Кальц нь шимэгдэхдээ улаан хоолойгоор дамжин, ходоодонд задрах, бүдүүн, нарийн гэдсээр дамжих зэргээр маш олон замыг туулж явсаар ясанд очдог. Кальц, D хоёрыг хамт шинжлүүлэх учир нь D нь кальцийг ясанд зөөвөрлөх үүрэгтэй. D-гийн хэвийн хэмжээ нь 30 байдаг. Зарим хүмүүсийн шинжилгээ нь 8-тай явж байдаг. лабораториудын хэмжигдэхүүн янз бүр байдаг. Тиймээс кальц, D хоёрыг хамт аль алийг нь хамт уух шаардлагатай.
-Нурууны гажилт, суултаас үүдээд өөр ямар өөрчлөлт илрэх вэ?
-Аарцаг нурууны гажилт өгч, хоёр хөл урт богино болдог учир удаан явж чадахаа байдаг. Сүүлийн үед нас ахисан хүмүүс түнхний хагалгаанд ороод байгаа нь ийм учиртай. Цаашлаад өвдөг, шагайны үеэр өвдөөд алхахад хүндрэлтэй болдог.
-Нурууны хагалгаанд орох нь хэр оновчтой юм бол, бариа заслын аргаар бүрэн эдгээх боломжтой юу?
-Залуу хүмүүс аль болох хагалгаанд орохгүй байхыг зөвлөдөг. Хагалгаанд орсон ч эргээд өвдсөн нурууг засахад хэцүү байдаг. Суумгай болоод өтгөн шингэн нь гарахаа больсон үед хагалгаанд орохоос өөр аргагүй л дээ. Болж өгвөл уламжлалт физик эмчилгээний аргаар бариулах, татлага хийлгэх, зүү тавих, төөнөх, иллэг массаж нь үр дүнтэй. Хамгийн гол нь гам дэглэмээ барьж, хүнд юм өргөхгүй, даарч хөрөхгүй байх хэрэгтэй.
-Уламжлалт бариа заслаар нуруугаа эмчлүүлсэн хүмүүс хүнд юм өргөхөөс гадна ямар гам дэглэм барих вэ. Нуруувчийг тогтмол зүүх нь зөв үү?
-Олон жил нурууны мурийлттай яваад, булчин нь хэвшчихсэн болохоор буцаад тэр хэвэндээ орох гээд байдаг учир огцом эргэж харахгүй байх, унаа тэргэнд бууж суухдаа болгоомжтой суух хэрэгтэй. Мөн босоо тэнхлэгтэй, дулаан ялгаруулдаг олон төрлийн нуруувч бий. Ялангуяа, удаан хугацаагаар зогсох, алхах, хүнд юм өргөх, хүйтэн сэрүүний үед, хүнд ачааллын үед нуруувч зүүх нь зохимжтой. Байнга өдөр, шөнөгүй зүүх нь тохиромжгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )