Төв Азийн цээжинд орших монголчуудын суу алдрыг хэдэн зууны тэртээх домог мэт ярьж байхад, “Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэж” байхад Даваагийн Батбаяр хэмээх арван хэдтэй хүү арлын орныг зорьж байсан нь саяхан санагдах ч гучаад он тоосоо шилгээх нь. Цаг хугацаа гэдэг юуг ч үл өршөөн довтолгох аугаа шидээрээ энэ ертөнцийг оршоон захирч буй мэт. Төөрөг тавилангаа дагаж амьдардаг хүмүүс байхад дагуулж амьдардаг хүмүүс цөөн ч атугай бий. Тэдний нэг бол мэргэжлийн сумогийн нэрт бөх, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр гэдэгтэй маргах хүн үгүй. Тэр бол монголчуудыг далайн чанад нээж өгсөн төдийгүй япончуудыг Монгол Улсад нээж өгсөн гавьяатай хүн.
Арлын орон руу арван хэдтэй хүүг аяны жолоо сунгаж байхад гадаад ертөнц хаалгаа бүрэн нээгээгүй байв. Тэр тусмаа гуравдагчдын ертөнцөд бид нэвтрэх яагаа ч үгүй байв. Тиймээс тэр “Анх 1991 онд миний хувь заяанд эргэлт гарсан үе тохиож байлаа. Япон хүн бараг ирдэггүй байсан үед Ошима захирал Монголд ирсэн. Улс орон маань социализмаас ардчилсан нийгэм рүү шилжээд дөнгөж нэг жил болж байв. Ийм л үед бидний хэдэн хүүхдийг шалгаруулаад Япон руу авч явсан түүхтэй” хэмээсэн байдаг.
Харин өнөөдөр түүний гаргасан мөр замаар олон Монгол хөвгүүд явж, бүгд нэр алдрын оргилд суу билгээ цуурайтуулжээ. Түүний гаргасан жим дэлхийн анхааралд оржээ гэсэн үг. Зөвхөн сумогийн ертөнцөд ч бус Д.Батбаяраас тусламж, дэмжлэг авсан олон залуус Монгол Улсын нэрийг хилийн чанад салбар салбартаа дуурсгаж явна. Тэр тусмаа боловсрол, эрүүл мэндийн салбарт өөрийн болон өрөөлийн хөрөнгийг чамгүй оруулсан хүн. Зуд, ган болно, Д.Батбаяр л өглөгийн гараа сунгаж байдаг. Өөр хаанахын ямар бөх зүдэрсэн малчиддаа гар сунгаж байлаа. Өвдөж зовлоо, гадагшаа эмчлүүлэх болно, гадагшаа сурах болно, Д.Батбаяр л гар сунгаж тусалж дэмжиж байв. Түүнийг ид барилдаж ахуй цагт Монголоос Японд очсон бүхий л хүмүүс зорин очно. ӨвөрМонголчууд хүртэл Кёкүшюзаны ах дүү, амраг садан болчихдог байсан гэдэг. Ямар сайндаа манай консулын газрынхан дийлэхгүй, чадахгүй байгаа ажилдаа түүнээс тусламж хүсдэг байсан тухай албаныхан ярьдаг. Түмний төлөө ийн явж байсан учраас “Ардын диполматч” хэмээн нэр зүүсэн гэдэг. Ийм л нэгэн бодьгаль өнөөдөр чимээгүйхэн хийж бүтээхийн төлөө явна.
Манай спортынхон Д.Батбаярыг “Булган сүүлтэй” гэдэг нь үнэн. Түүний мөр жимээр гарсан мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал гээд дурдаад барахгүй олон хүнийг нэрлэж болно. Тэдний хувьд Д.Батбаяр бол билгэ тэмдэг, шүтээн шахам хүн байх учиртай. Тэр байгаагүй бол тэд хэн ч биш. Д.Дагвадорж, ах нараа дагаж барилдаад сайндаа л нэг улсын цолтон байх биз. М.Даваажаргал ч нэг цолтноос хэтрэхгүй, дараа дараагийн залуустаа түрэгдэн, бөхийн ертөнц хэмээх их далайн эрэг хөвөөнөө дурсамж ярин суух байв. М.Даваажаргал сумогийн ертөнцөд гологдож, нутаг буцах болоход Д.Батбаяр “Миягино” дэвжээнд оруулж өгсний ачаар өнөөдөр хэн ч халдашгүй дархан амжилтын эзэн болсон. Харин Хакухо түүний ачийг мартдаггүй бололтой.
Энд би Д.Батбаярыг сайн бөх ч юм уу, сайн хүн, сайн аав энэ тэр гэж амаа урах гэсэнгүй. Гагцхүү бодит ертөнцөд түүний байгуулсан олон салаа гавьяаны хэн ч анзаардаггүй нэгэн зүйлийг онцлон дурдах шаардлага байна. Яагаад гэхээр өнөөдрийн нийгэм хүний байгуулсан томоос том гавьяаг тойрч гараад өчүүхэн төдий инээд, нулимс руу хошуурах болсон нь харамсалтай. Тодотгож хэлбэл, энд үндэстэн мандуулах гавьяа байгуулж байхад огт дуугарахгүй байж тэнд нэг автомашин бэлгэнд өгсөн төлөө дуу шуу болдог хачин этгээд нийгэмд амьдарч байгааг буруутгах ч гээд яахав, зөвтгөх гээд ч яахав. Ялгаж салгаж ойлгох хүн цөөнгүй байгаа хойно. Тэр өөрөө ч анзаардаггүй, хүмүүс ч анзаардаггүй нэг том зүйл бол Монгол, Япон хоёр орны найрамдалт харилцааны гүүрийг бэхжүүлэх, дардан болгоход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн. Түүхэн гэж болох үүрэг гүйцэтгэсэн ч энэ тухай төдийлөн дурддаггүй учраас хойш дурдах болно. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээчихээд “Миний сонгуульд ялагдах эсэх хамаагүй. Би энд эхлүүлсэн бүтээн байгуулалтаа цааш үргэлжлүүлнэ. Сонгинохайрханчууддаа орон сууц барьж өгнө” хэмээн мэдэгдэж, ажлаа танилцуулж зогсоно лээ. Аргагүй л уужуухан Монгол ухаан.
Учир нь тэр сумогийн ертөнцөөс ирсэн даруйд Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдэхийн зэрэгцээ нэг сая квадарат метр орон сууц барина хэмээн амлаж байснаа давуулан биелүүлсэн. Ингэхдээ эль хульхан Нисэх, Яармагийн дэнжид бүтээн байгуулалт босгож, хотыг тэлэх үйлсэд ч нэгэн “ташуур” болсныг хэн ч анзаарсангүй. Тухайн цагийн хотын удирдагчдаас гараагүй л зориг. Өдгөө нийслэл маань өмнө зүгт өнгө нэмэн тэлж байгаагийн суурийг тэр ийн тавьсан хэрэг. Хамгийн гол нь барилга барихын тулд инженерийн шугам сүлжээ тавьж, зам харгуй барьж, цэцэрлэг сургууль босгож гээд дэд бүтцийг нь цогцоор шийдсэн. Энэ бол асар их хөрөнгө. Ингэхийн тулд тэр мянга мянган ажлын байр бий болгон ажиллаж байна.
Түүнээс бус хөлсөө дуслуулж олсон мөнгөөрөө банк байгуулж, хүүг нь идээд хэвтэж болно. Автомашин зөөгөөд зарж болно гээд юу эс мундах билээ. Гэтэл тэр эрсдэлтэй салбарт барагцаалан бодоход 16000-18000 айлын орон сууц босгоод өгчихөж. Уг нь ийм хэмжээний орон сууцыг төрөөс тусгай хөтөлбөрөөр, тусгай санхүүжилтээр босгодог. Цагтаа Ц.Элбэгдорж “Дөчин мянган айлын орон” сууц хэмээх хөтөлбөр танилцуулж л байлаа, төрөөс удаа дараа орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж л байлаа. Бүхэл бүтэн намын мөрийн хөтөлбөрт орон сууцны асуудал хөндөж байдаг ч арав арван мянгаар нь бариад оруулсан нь юу л билээ. Хувийн хэвшлийн нуруун дээр л байна.
Гэтэл ганцхан Д.Батбаяр 16000 айлын орон сууц босгочихоод ахиад босгохоор зэхэж байгааг огт дурдахгүй аж. Кёкүшюзан өөрөө нүд тайлж юм үзсэн эр хүний хувьд барьж байгуулж байгаа барилга байшин, сургууль цэцэрлэг нь олон улсын жишигт нийцсэн, өвөрмөц шийдэл, өнгө төрхөөрөө бусдыг гайхшируулж, чанар бат бөхөөрөө дагуулж байдгийг барилгын салбарынхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг болжээ. Тэр “Би барилга барина, инженерийн шугам барьж өг. Сургууль цэцэрлэгийг нь яах юм” гэж хэзээ ч ярьж байсангүй. Өөрийнхөө хөрөнгөөр иж бүрэн гүйцэтгэж ирсэн. Уг нь ийм л хүмүүсийг дэмжиж, шийдвэр гаргах түвшинд ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр манай шийдвэр гаргах түвшинд ажил хийж үзээгүй, хөлсөө асгаж үзээгүй цагаан захтнууд яасан олон болоо вэ. Ажил, амьдрал мэдэхгүй цагаан захтнууд төрд олширч байгааг ард түмэн маань анзаарч, хөлсөө асган, ажил хийж байгаа нэгнээ дэмжихийг нийгэм өөрөө ч нэгэнт шаардах болжээ.
Өрсөлдөөн их, эрсдэлтэй барилгын салбарт хөрөнгө оруулж, хүчээ өгч байхаар утаа бууруулах төсөл оруулж ирээд бусад шиг бэлээ зузаалж болох л байсан. Тийм боломжийн өмнө зогсож байсан хүн бол Д.Батбаяр. Утаагаар улс төр хийж болох л байсан. Огт тэгсэнгүй. Гагцхүү нийслэлчүүд хямд өртөгтэй орон сууцанд амьдарч гэмээнэ утаа үр дүнтэй буурч, үгүй болно гэх алсын бодлого л явуулж. Угтаа бол өндөр зардал гаргаж түлш боловсруулах биш, түүхий нүүрс хорих ч биш, яндан хөөлөх бүр ч биш гэдгийг эртнээс харж байсан нь энэ их ажлыг эхлүүлэх шалтгаан болсон нь дамжиггүй. Үүний цаана жинхэнэ эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэл нуугдаж байгааг л илтгэх аж. Түүнийг зодог тайлж нутаг буцах болоход эрх бүхий хүмүүс “Чи Монгол Японыг холбосон анхдагч, гүүр болсон хүн. Тиймээс чи энд байх ёстой” хэмээн ой тойнд нь багтахгүй эрх мэдэл, эд хөрөнгө амласан ч тэр эх орноо тэмцэж ирсэн билээ. .
Д.Батбаяр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ч гэлээ түүнийг сумо бөхгүйгээр төсөөлөх аргагүй. Сумо бол түүний амьдралын нэгэн салшгүй хэсэг, идэрхэн залуу насных нь галыг асааж, Төв Азийн цээжнээс далайн чанад нэрийг нь дуурсгасан дэвжээ. Зөвхөн өөрийнхөө бус монголчуудын нэрийг дуурсгасан ертөнц юм шүү дээ. Хаашаа ч салгаж ойлгох аргагүй зүйл.
Ид халуун залуу насныхаа 14 жилийг сумогийн ертөнцөд зориулахдаа уран барилдааны шагналыг хоёр удаа, дайчин барилдааны шагналыг нэг удаа, кинбоши буюу аварга бөхийг унагаасан бөхөд олгодог шагналыг таван удаа тус тус хүртэж, “Мэхний их дэлгүүр” хэмээх алдрыг хүртсэн цор ганцхан сумоч. Ингэхдээ сумо бөхийн 82 мэхний 41 мэхийг хийсэн ховорхон амжилттай бөх. Ийнхүү холыг ойртуулж, хоёрыг холбон 14 жил барилдахдаа дээд зиндаанаас уруудаж унаагүй, том бэртэл аваагүй, хамгийн олон рекорд тогтоосон бөх гэдэг нь бас түүний өвөрмөц амжилт. Өөрөөр хэлбэл, маакүши зиндаанд хамгийн удаан, 1000 гаруй барилдаан хийдээ 50 илүү хувьд нь ялалт байгуулсан бөх. Энэ хугацаанд макүшитагаас доош уналгүй 57 баше барилдсан нь сумогийн түүхэнд мөн л алтан үсгээр бичигдэж үлджээ.
Үүнийг дурдах олон шалтгаан байгаа. Түүнийг ийнхүү амжилттай барилдах он жилүүдэд Монгол, Японы харилцаа гүнзгийрч шинэ шатанд гарсныг шинжээчид өгүүлсэнтэй би хувьдаа санал нийлдэг. Олон улсын талбарт зээлжих зэрэглэл буурсан, тусламжийн цуваа тасарсан тэр хүнд цагт дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэгчдийн нэг Япон улс Монгол Улс руу өглөгийн гараа сунгаж байсан цагийг Даваагийн Батбаяргүйгээр төсөөлөх аргагүй. Яагаад гэхээр Д.Батбаяр нарын сумочид япончуудын Монгол Улсад итгэх итгэлийн нэгэн орон зай, нэгэн том гэрэл гэгээ болж байв. Харин Д.Батбаяр сумогийн ертөнц дэх өөрийн хувийн амжилт гэхээсээ илүү эх орон, ард түмэндээ элэг татаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах тал дээр бодлого барьж явсан гэхээр аргагүй холыг харсан эр хүний ухаан. Бусад шиг зөвхөн барилдаж, хувийн амжилтадаа анхаарч, бизнес хийгээд байгаагүй, асар том гавьяа байгуулснаа өөрөө ч ярьдаггүй. Магадгүй энэ мэтээ бусад шиг энд тэнд ярьж, харагдах гээд байдаггүй хувь хүний араншинтай нь холбоотой байх. Д.Батбаяр өөрийнхөө ач гавьяаг өөрийн гэж өмчилдөггүй зан нь олон зүйлээс харагддаг.
Тийм дээ ч тэр “Бидний зарим нь зодгоо тайлж ирээд улс эх орныхоо бүтээн байгуулалтад өөр өөрийн хувь нэмрийг оруулаад явж байна. Энэ бүхнийг дагаад спортын салбар, уур уурхай, газар тариалан, мал аж ахуй, барилга хот байгуулалт гээд бүхий л салбар руу Японоос маш их хэмжээний хөрөнгө орж ирсэн. Үнийн дүнг нь тооцохын аргагүй маш их хөрөнгө оруулалт Японоос орж ирж, Монголын эдийн засагт нэмэр болсон. Хамгийн том бахархал маань энэ” хэмээн ярих зуурт хэд хэдэн удаа “бид” гэж ярихаас “би” гэж онцлохгүй.
Ийм л том гавьяаг байгуулчихаад чимээгүйхэн алхаж явааг нь харахаар түүнийг зүгээр суулгамааргүй санагдах. Ийн дурдах хүн ч олон бий. Албан ёсны л биш болохоос хоёр орны итгэмжлэгдсэн төлөөлөгч шиг ажиллаж байгаа түүнийг төрд ажиллуулах шаардлага бий. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч япончуудаас сурах, авах зүйл их бий учраас энд л Д.Батбаяр гүүр болон ажиллаж чадна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнөөдөр тэр зөвхөн иргэн Д.Батбаярын хувиар япончуудтай харьцаж байна. УИХ-ын гишүүн ч юм уу, төрд ямар нэгэн эрх бүхий алба хашиж байгаа бол хоёр улсын харилцаа улам л өндөр түвшинд очно. Тэр даанч улс төрд шунасангүй. Бусад шиг худлаа амлаж, мөнгө төгрөг тараах зэргээр нийгмийн буруу салхи дагасан арга хэрэглээгүй учраас УИХ-д орж ирсэнгүй. Одоо түүнийг төрд оруулах шаардлага монголчуудын өмнө тулгарсан гэхэд болно. Наран улсыг “хурааж” явсан энэ идэрхэн эрийг монголчууд зөв газраа зөв ашиглах ёстойг л хэлэх гэсэн хэрэг. Ашиглах л гээд байгаа болохоос магтаад байгаа хэрэг биш. Өөрийнхөө бүтээж босгосон ажил, байгуулсан гавьяаг “бидний” гэж ярих энэ нөхрийг монголчууд бидний төлөө ашиглах цаг нь хэдийнээ болжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Мулгуу тэнэг монгол доо .... бас худалч, хулгайч удахгүй шоронд сууна
Хуцдын. Тэр дагуулаад бид дагаад байсныг санахгүй байна. Нэг муу луйварчин шүү дээ. Эхнэртэйгээ нийлж гадны иргэний 32 тэрбум төгрөгийг луйвардаад одоо хэрэг нь прокурор дээр явж байгаа. Элбэгдорж, Бадамжунай, Энхболд нарын улсаас хулгайлсан Богд уулын газрыг гараараа оруулж Батзоригтой нийлэн зарж борлуулдаг үндсэн ажилтай. Ховдын гаралтай бүлэг хулгайчдын гар хөл нь. Улс төрд орж хэргээс мултрах санаатай л үзээд байна уу?
vnen vnen
Булган сүүлтэй жим бус зам гаргасан сумочиндоо амжилт аз жаргал хүсье.