Засаглалын ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ үр дүн хүлээхүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа урьд шөнө 00 цагт хаасан, пүрэв гаригийн өглөөнөөс үдшийн 20.00 цаг хүртэл санал хураана. Учир мэдэх хүмүүс засаглалын тогтвортой байдал хангасан, бодлого төлөвлөлт, ирээдүйгээ харсан сонголт хийгээсэй хэмээн хүсэж байна. Шуудхан хэлэхэд засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчинд давхар итгэл үзүүлж, төрийн шат шатанд үзэл бодлын тэгш байдлыг хангахыг зорих аж. Мэдээжийн хэрэг, төрийн алба улстөржилтгүй урагшаа явж байхыг л хүссэн хэрэг. Олон удаа сонгууль өгсөн сонгогч, ард түмэн аливаа зүйлд ганхахаа больсон гэрэл гэгээ ч цухалзах аж.

Гэвч сонгууль бол сонгууль. Нэг ёсны “Уралдаан” л болсон хойно нэг нь түрүүлж, нэг хэсэг нь үлдэнэ. Зөвхөн энэ удаагийн сонгууль ч бус аливаа сонгуулиар бодлогын өрсөлдөөн явахаа больсныг давтан харуулсан явдал боллоо. Нэгнээ гүтгэх, харлуулах, хий хоосон магтах, эд зүйлс, мөнгө төгрөг тараах хүрээнд л сонгууль өрнөв. Өмнөговь аймагт “Ажнай” Д.Бат-Эрдэнэ шууд ил цагаан гурил, будаа тарааж байгаа бол Сүхбаатар аймагт Ж.Батсуурь гишүүн архи дарс тараасан гэх баримт ч бидэнд ирсэн.

Тэртээ тэргүй хууль зөрчиж байгаа энэ мэт асуудлыг холбогдох байгуул­лагаас анзаарч харах байх гэж найдна. Тиймээс үүнийг хараагүй, сонсоогүй мэт хойш тавьж засаглалын тогтвортой байдалд анхаарал хандуулъя.
 

Ерөөсөө Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан намд том боломж бий. Учир нь дараа дараагийн сонгуульд амжилт гаргах нэгэн том эх үүсвэр, хөл нь болж өгдгөөрөө онцлогтой. Сөрөг зүйл нь гэвэл МАН засаглаж байгаа үед АН, МАХН, ШИНЭН-аас дүүрэг аймагт ялалт байгуулбал, хоорондын зөрчил үүснэ. Ажил гацдаг. Тэр тусмаа АН орон нутагт засаглавал энэ Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ гэж үгүй. Тэдний ажлын гол шугам бол эрх баригчдын ажил үйлсийг харлуулахад чиглэдэг муу зуршилтайг өнгөрөгч жилүүдийн гашуун сургамж хэлээд өгнө. АН түүхэндээ 2008 онд анх удаа Хан-Уул дүүрэгт ялалт байгуулснаар тус дүүргийн ажил дөрвөн жил гацаж байв. Өдгөө сонгодог жишээ бол Баянзүрх дүүрэг байна. Энэ дүүрэгт сүүлийн найман жил АН засаглаж, тэр хэрээр хэрүүл тэмцлийн талбар болсон. Тэр тусмаа 2016-2020 онд эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг сөрсөн, тэднийхээ ажлыг харлуулах гэсэн улс төрийн зорилго бүхий ажиллагаа явуулсан учраас нийслэлийн бүхий л дүүргээс ажил үйлсээрээ хамгийн дор зогсож байна.

Ийм сөрөг зүйл гардаг гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга анзаарч байгаа ч түүний зорилгын дэргэд өчүүхэн зүйл учраас үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн үүргээ гүйцэт­гэхгүй байна. Уг нь ийм цаг дор Ерөнхийлөгч маань засаглалын тогтвортой байдалд анхаарч, шударга сонгууль явуулахад тулгамдсан арга хэмжээг авч байх учиртай ганц хүн нь юм.

Өнгөрөгч гучаад жилийн түүхэнд АН 1996, 2012 онд ялалт байгуулж, засгийн эрхэнд гарсан байдаг. Ингэхдээ Орон нутгийн сонгуульд анх удаа Хан-Уул дүүрэгт 2008 онд ялалт байгуулсныг дээр дурдсан. Үүнээс хойш 2012, 2016 онд Баянзүрх дүүрэгт ялалт байгуулж, улмаар анх удаа 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонхи болсон байдаг. Энэ цаг үеэс тоймлох юм бол ажил үйлс нь аль зүгт явсныг нийслэлчүүд өөрсдөө хэлээд өгнө. Тэднийг нийслэлд олонхи болоход АН өөрөө төрийн эрхийг барьж байв.

Гэтэл “Гудамж” төсөл, дахин төлөвлөлт гэх нэрээр баахан үргүй зардал гаргаж мөнгө угаасан, хэдэн тэрбумаар үнэлэгдэх өнгийн цэцэгс тарьж, хогны машинд “Миний Улаанбаатар” хэмээх дуу цангинуулах болсноор тэдний ажил үйлс хэмжигдэнэ. Тиймдээ ч нийслэлчүүд Э.Бат-Үүл тэргүүтэй багийг 2016 онд унагаад авсан. Арга ч үгүй, дөрвөн жилийн турш хоосон лоозонгоор иргэдийн тархи угааж, “Ганнам” дүүрэг хэмээн гоёмсог зураг төсөл харуулаад байхаар хэн ч сонгохгүй л дээ. Дахин төлөвлөлт, бондын мөнгөний асуудал өдгөө ч шийдэгдээгүй, шүүхийн шатанд зарга үүсгэсэн хэвээр байна. Э.Бат-Үүлийн баг Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсны гавьяа ердөө л энэ.

Бас нэг сөрөг зүйл бий. Хэрвээ АН энэ удаагийн сонгуульд зарим аймаг, дүүрэгт ялалт байгуулвал шүүмжлэл дээд цэгтээ өрнөж таарна. Аймаг, дүүргийн хэмжээнд төрийн албанд үймээн дэгдэх ч хандлага гарна. Мэдээжийн хэрэг, сонгуульд ялалт байгуулсан АН эрх баригч МАН-ын гишүүдээс аппаратдаа оруулж ирэхгүй. Нөгөө талаар дүүргийнхээ төрийн албанд олон жил тогтвортой ажилласан дунд албан тушаалтанг ажлаас нь халахаас өөр аргагүй нөхцөл үүснэ. Олон намын системтэй, сонгуулийн үр дүнгээр төрийнхөө бүтцийг байгуулдаг энэ тогтолцоонд оршин тогтнож байгаа учраас буруутгах арга алга. Гэхдээ тэд үүдний жижүүр үйлчлэгчдийн албанд хүртэл халддаг “аймшигүй чин зориг”-ийг мартаж болохгүй. Уг нь тэдний хувьд нам, эвсэл огт хамаагүй, ажил хийж амьдрах гэж байгаа хүмүүс гэдгийг ор тас мартдаг. Тэгээд ч их хонзогнож, өлссөн хүмүүс төрийн эрхэнд гарах бүү хэл ойртуулж ч болдоггүйг олон жишээгээр харуулсан даа.

Олон жил төрд тогтвортой, бас чамгүй амжилттай ажиллаж байсан алба хаагч ямар ч шалтгаангүй ажлаас халагдаж байгаа учраас хууль ёсоор шүүхэд хандана. “Нам” гэх ганцхан шалтгаанаар ажлаас халагдаж байгаа болохоор алба хаагчийг буруутгах аргагүй. Шүүх дээр алба хаагчийн талд шийдвэр гарвал эргүүлэн давж заалдах шатны шүүхэд ханддаг. Дүүргийн удирдлагуудын талд шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд хандана. Ийнхүү гурван шатны шүүхээр явахад асар урт хугацаа ордог.

Зарим нөхцөлд халагдсан алба хаагчийн ажилгүй хугацааны цалин тэтгэмжийг өгөх нөхцөл үүсдэг. Гарцаагүй үүсэх энэ нөхцөлд татвар төлөгчид л хохирдог. Өнгөрөгч 2016 онд нэгэн дунд тушаалын алба хаагч “нам” хэмээх хайчинд орж халагдаад шүүхээр асуудал нь нэг жил гаруй явсан гэдэг. Энэ хугацаанд цалин тэтгэмж гэх 20 гаруй сая төгрөг авлаа хэмээн ярьж байв. Халагдсан нөхөр улсад ямар ч ажил хийхгүй байгаа шүү дээ. Зөвхөн шүүхээр зарга үүсгэж явсныхаа хариуд ийнхүү татвар төлөгчдийн 20 гаруй сая төгрөгөөр амьдарсан байна. Ийм замаар хэчнээн зарга үүсч, хэчнээн хүн татварын мөнгийг ямар ч ажилгүйгээр хүртэж суусныг таахын аргагүй. Байдал ахиад л давтагдана.

Сонгогч иргэд энэ мэт сөрөг зүйлийг бодолцож, засаглалын тогтвортой байдлыг харгалзан үзэж, сонголтоо хийх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.79) 2020 оны 10 сарын 15

Тиым ч байж мэдэх

0  |  0
Би(202.126.88.194) 2020 оны 10 сарын 15

Үгүй дээ

0  |  0
Top