Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг энэ долоо хоногт шийдэгдэж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 14

Энэ оны III улиралд эрүүгийн хэрэг 729 хэргээр буюу 7.2 хувиар өсжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны III улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өчигдөр танилцууллаа. Монгол Улсын шүүх энэ оны III улиралд 61104 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс анхан шатны шүүхүүд эрүүгийн 10827, иргэний 41903, захиргааны 1120 хэрэг нийт 53850 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Зөрчлийн 16635 хэрэгт шийтгэл оногдуулж, 10701 хүн, гурван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 729 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1085 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1543 хүний цагдан хорих хугацааг сунгажээ. Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа энэ оны III улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн талаар мэдээллээ. Тэрбээр “III улиралд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.2 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.5 хувиар өссөн. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 10704 хүн, хуулийн этгээдийг Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэсэн бол 1789 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна. Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн 2122 хэрэг, Хяналтын шатны шүүх эрүүгийн 495 хэргийг хянан шийдвэрлэсэн” гэж мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүнийг алах, залилах, мал хулгайлах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хахуул авах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байгаа аж. Тодруулбал,

 

  • хүнийг алах гэмт хэрэг 25 хэргээр буюу 14.5 хувиар,
  • хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 28 хэргээр буюу 10.0 хувиар,
  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 10.3 хувиар,
  • хүчиндэх гэмт 18 хэргээр буюу 6.4 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 59 хэргээр буюу 20.8 хувиар,
  • залилах гэмт хэрэг 144 хэргээр буюу 30.3 хувиар,
  • мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 52 хэргээр буюу 46.8 хувиар,
  • эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 30 хэргээр буюу 2.6 дахин,
  • хахууль авах гэмт хэрэг 10 хэргээр буюу 55.6 хувиар,
  • хахууль өгөх гэмт хэрэг 12 хэргээр буюу 12 дахин,
  • төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг 4 хэргээр буюу 4 дахин,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 160 хэргээр буюу 87.4 хувиар тус тус өссөн байна.

 

Зөрчлийн хэрэгт 14411 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 23.3 хувиар өссөн байна. Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд харьяаллын дагуу зөрчлийн 16635 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 686 шийдвэрийг хянасан байна. Таван хуулийн этгээд, 2086 хүнд торгох шийтгэл, 14411 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Шүүхээс торгох ялаар 5949 хүн, хорих ялаар 2851 хүнийг ял шийтгүүлсэн

Монгол Улсын хэмжээнд энэ оны III улиралд шүүхээс торгох ялаар нийт 5949 хүн, гурван хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 1901 хүн, хорих ялаар 2851 хүн тус тус ял шийтгүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 1.7 хувиар буурсан бол торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.7 хувиар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 25.1 хувиар тус тус өсчээ. Шүүхээс 5949 хүн, гурван хуулийн этгээдийг нийт 7.4 тэрбум гаруй төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 45.7 хувиар нэмэгдсэн гэнэ. Дашрамд дурдахад, энэ оны III улиралд гэмт хэргийн улмаас 12442 хүн, 136 хуулийн этгээд, 266 төрийн байгууллагад 97.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж шүүхээс тогтоожээ.

Нийт 110 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд энэ оны III дугаар улирлын байдлаар нийт 110 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулжээ. Тэдгээр ялтныг хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 20 хүн буюу 15.4 хувиар буурсан байна.

Долоон жил шалгасан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг энэ долоо хоногт шийдэгдэж магадгүй

Шүүхийн мэдээллийн төгсгөлд Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Оны III улиралд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нэмэгдсэн байна. Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн даргын авлига авсан хэргийг хоёр ч удаа хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. Хялбаршуулсан журмыг ямар тохиолдолд ашигладаг юм бэ?

-Мөрдөн байцаах шатандаа явж байх үедээ тухайн хэрэгт холбогдсон гэж сэжиглэгдэж байгаа иргэн, хуулийн этгээд нь өөрөө хэргээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулах журмаар шийдвэрлэдэг. Тэр үедээ хэргээ хүлээн зөвшөөрөөгүй гээд шүүхийн шатанд очиж байгаа бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй. Шүүхийн журмаараа шийдвэрлэгдээд явна.

-Хөөн хэлэлцэн хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэр­гүүдийг сэргээн шалгаад байсан. Энэ төрлөөр шүүхээр шийдэгдсэн хэрэг байна уу?

-Одоогийн байдлаар хөөн хэлэлцэх хугацаа эргэж мөрдөгдөх болсон чиглэлээр шүүх дээр шийдэгдсэн хэрэг байхгүй. Харин мөрдөн байцаах, АТГ, прокурорын шатанд шалгагдаж хянагдаж байгаа хэргүүд бий.

-"Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг хэзээ шийдэгдэх вэ?

-Энэ сарын 13-ны байдлаар “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн шүүх хурал долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Хэвлэлийн бага хурал хийхээс өмнө авсан мэдээллээр эд мөрийн баримтыг шалгах явцдаа явж байгааг хэлсэн. Тиймээс хараахан шийдэгдэх болоогүй. Энэ долоо хоногтоо таслагдах болов уу.

-Нигери улсын хоёр иргэн их хэмжээний хар тамхи худалдан борлуулсан хэргээр ял шийтгэл авсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний үндэслэлийг тайлбарлахгүй юу?

-Бид шүүгчийн шийдвэрийг тайлбарлах боломжгүй. Харин энэ тухай нэг ташаа мэдээлэл явсныг тайлбарлая. Нигери улсын иргэдэд холбогдох хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байхад таслан сэргийлэх арга хэмжээг нь цуцлаад тухайн иргэд нь өөрсдөө сул чөлөөтэй явж байгаад дахиж хар тамхи зөөвөрлөж зарсан гэдэг нь худал мэдээлэл байсан. Учир нь Нигери улсын иргэдийн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс хэвээр үлдээсэн гэдгийг онцолж хэлье.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 10 сарын 14

олигтойхон шийтгэл өгөөрөөдөө ийм их дээрэм тонуул луйвар хийсэн хүнийг бас толгойг нь илээд гэмт хэрэгтнүүдийг давараавдаа

0  |  0
Top