Мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин хэмээн орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн байна. Үүнээс төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг зоонозын хурц халдварт өвчин болох галзуу өвчний халдвар дамжуулагч нь нохой юм. Дан ганц галзуу өвчин гэлтгүй нохойны биед олон төрлийн халдвар дамжуулагч байх эрсдэлтэй учраас тэжээвэр болон золбин нохдын эрүүл мэндэд зайлшгүй анхаарах ёстой. Тэгвэл нийслэлд байгаа нохдыг бүртгэлжүүлэх, үржлийг зогсоох мэс засал, галзуугийн вакцин, цагаан хорхойны эсрэг туулгалтыг 2017 оноос эхлэн үе шаттай зохион байгуулж байгаа юм байна. Энэ тухай ажлын явц ямар байгаа талаар НМЭГ-ын Зооноз өвчин, халдварт өвчин тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Цэндээс тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд нохойг бүртгэлжүүлэх ажил анх удаагаа явагдаж байгаа байх. Ер нь нийслэлд хэдэн нохой байдаг юм бэ?
-Анх удаа гэж хэлж болно. Нийслэлийн хэмжээнд 2017 оноос хойш нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран нохойг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар нийт 62 мянган нохойг бүртгээд байна. Нохой үхэж хорогдох, гудамжинд гарах гээд янз бүрийн шалтгааны улмаас тоо нь жил бүр өөр өөр гардаг. Мөн золбин нохойн тоо толгойг бууруулах зорилгоор эр нохойг хөнгөлөх, эм нохойны сав, өндгөвчийг мэс заслын аргаар тайрч авах ажлуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 6000 гаруй нохойг мэс засалд хамруулсан. Бүртгэсэн нохойг бүгдийг нь галзуугийн вакцинд хамруулж байна. Мал амьтнаас хүнд халдварладаг цагаан хорхойны эсрэг туулгалтыг хийж, бүртгэлд хамрагдсан нохойнуудын ойр орчим, нохойны үүрийг нь ариутгах ажлууд хийгдээд явж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа бүх нохойг нарийвчлан бүртгэж, золбин нохойн тоо толгойг хязгаарлах зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн.
-Нохойгоо бүртгүүлж амжаагүй иргэд хаана хандах вэ?
-Дүүргүүд дээр нийслэлийн Мал эмнэлгийн газартай хамтарч ажилладаг мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд байдаг. Жижиг амьтны эмнэлгүүд ч байдаг. Тэдгээртэй бид гэрээ байгуулаад аж ахуйн нэгжүүдээрээ эмнэлгийн үйлчилгээг хийлгээд явж байна. Нийслэлийн Мал эмнэлгийн газраас арга зүйн зөвлөгөө, зөвлөмжөөр хангаад удирдаад явдаг гэсэн үг. Иргэд нохойгоо бүртгүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээг авах хэрэгтэй бол тухайн амьдардаг хороо, хэсгийн ахлагчид хандаж, нохойгоо бүртгүүлж, пайз хүзүүвчээ аваад, цаашдаа тухайн системдээ холбогдоод мал эмнэлгийн цогц арга хэмжээндээ хамрагдах боломжтой.
-Иргэд нохойгоо галзуугийн вакцинд яаж хамруулах вэ?
-Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын нохойд жилд нэг удаа үнэгүй галзуугийн вакцин хийж өгдөг. Энэ үйл ажиллагаа нэгдсэн журмаар хавар юм уу намрын аль нэг улиралд явагддаг. Орон сууцны хороололд байдаг нохойны хувьд хувийн мал эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Иргэд нохойгоо галзуугийн вакцинд хамруулахыг хүсвэл харьяа дүүргийнхээ мал эмнэлгүүдээс үйлчилгээ авна.
-Тэгвэл цагаан хорхойны шинжилгээнд хэрхэн хамруулах вэ. Мал амьтнаас хүнд халддаг гэхээр бас анхаарвал зохих өвчлөл юм байна?
-Бид нохойнд заавал хийгдэх ёстой шинжилгээ бол цагаан хорхойны шинжилгээ гэж үзэж байгаа. Тиймээс нохойнд цагаан хорхойн туулгалт хийж байна. Иргэн өөрөө хүсвэл тухайн дүүргийнхээ мал эмнэлэгт очоод нохойгоо туулгуулж, галзуугийн вакцинд хамруулж болно. Нохойнд улиралд нэг удаа буюу жилд дөрвөн удаа цагаан хорхойн туулгалт заавал хийх ёстой байдаг. Гэтэл үүнийг мэдэхгүй эсвэл өөр бусад шалтгаанаас болдог юм уу хашааны нохойг тэр бүр цагаан хорхойны туулгалтад хамруулдаггүй. Бүртгүүлсэн нохойнд цагаан хорхойны туулга нэг удаа хийж байгаа учраас цаашид үүнийгээ хэвшүүлээд яваасай. Хамгийн энгийн жишээ гэвэл та бүхний хамгийн их мэдэж байгаа бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор туулгыг хэрэглэдэг.
-Нохойнд хазуулсан хүнд галзуугийн вакцин заавал хийх ёстой гэдэг шүү дээ. Тухайн хазуулсан нохойнд галзуугийн вакцин хийгдсэн бол гайгүй гэсэн зүйл байж болох уу?
-Нохойд уруулсан бол галзуугийн вакциныг урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагад заавал хандах ёстой. Ингэснээр бусад элдэв төрлийн халдвараас сэргийлдэг. Ялангуяа хашааны нохой сул чөлөөтэй явж байдаг, энд тэнд гөлөг төрүүлдэг, зүс нь өөрчлөгддөг учраас эрсдэл маш өндөр.
-Золбин нохойг буудаж хороох ажлыг бас хийдэг. Үүнийг хэр зохистой гэж үзэх вэ. Танай хувьд мэс заслын аргаар үржлийг зогсоодог гэж байна?
-Мал эмнэлэг талаасаа энэрэнгүй байдлыг эрхэмлэж, мэс засал хийх аргыг сонгож байгаа юм. Мэс заслын аргыг илүү үр дүнтэй гэж бид үзэж байгаа. Мэс засал хийхэд ажиллагаа ч гайгүй шүү дээ.
-Үхсэн нохойг устгах чиглэлд мал эмнэлгийн газраас ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Нохой үхлээ гэсэн дуудлагаар мал эмнэлгийн газраас очиж болно. Тухайн нохой халдварт өвчний шинжтэй байсан уу, халдваргүй байсан уу гэдгийг тогтооно. Хэрвээ халдварт өвчний шинжтэй байсан тохиолдолд дээж авахаас эхлээд ажлуудыг дэс дараатай хийнэ. Үхсэн нохойн ойр орчмын ариутгал, халдваргүйтгэлийг хийнэ. Улмаар тухайн дүүргийн мал эмнэлэгтээ холбож өгөөд, дүүргээс хорооны ТҮК-тай холбож, ачиж устгуулах арга хэмжээг тухайн орон нутаг, хороо өөрсдөө зохион байгуулах ёстой.
-Хашаанд нохой үхсэн бол мал эмнэлэг рүү дуудлага өгч болох юм байна. Тийм үү?
-Мал эмнэлэгт дуудлагаа өгнө. Давхар хороондоо хэлнэ гэсэн үг. Шууд өөрсдөө нохойгоо авч явах, устгах дэмий. Жамаараа хөгшрөөд, юманд гахах байдлаар ч юм уу үхсэн нохойг өөрсдөө оршуулж болох юм.
-Цаашдаа нийслэлийн хэмжээнд хэдэн муур байгааг тоолно гэсэн үү?
-Бүртгэлжүүлэх ажлыг одоохондоо нохойгоор дагнаж явуулж байна. 2019 онд 62 мянга, 2018 онд 65 мянга, 2017 онд 60 мянган нохой тоологдсон. Энэ жилийн тоо хараахан дуусаагүй учир одоогоор 57 мянган нохой тоологдсон. Таван жилийн судалгаагаар авч үзэхэд нийслэлийн хэмжээн дэх нохойн тоо буурч байна. Цаашдаа иргэд маань энэ бүртгэлжүүлэх, нохойг эрүүлжүүлэх ажиллагааг идэвхжүүлэхэд хамтран оролцож, өөрсдөө нохойгоо хамруулдаг болоод явбал нийгэмд төдийгүй тухайн айл өрхийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд ашиг тустай. Дараагийн ээлжид санхүүжилт шийдэгдвэл муурны бүртгэлийг хийхээр төлөвлөсөн.
-Нохойн тооллого 2021 ондоо хийгдээд дуусах юм уу?
-2017 онд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 15 мянган нохой, 2018 онд Хан-Уул, Баянгол дүүрэгт 10 мянган нохой, 2019 онд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт 17172 нохой, энэ жил өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт 20 мянган нохой бүртгэгдсэн байна. Ирэх жил Сонгинохайрхан дүүрэгт үлдсэн ноход болон Налайх, Багануур, Багахангайн алслагдсан дүүргийн нохойг бүртгэлд хамруулахаар төлөвлөсөн. Дараагийн жилүүдэд нь дүүргүүд энэ үйл ажиллагаагаа хариуцаад байнгын ажил болгох тухай санал тавьж байгаа.
-Нохойгоо бүртгэл болон мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж байгаа иргэдээс төлбөр авч байгаа юу?
-Иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Нохойг мэс засалд ч үнэгүй хамруулж байгаа. Галзуугийн вакцины хувьд жил бүр улсын мал эмнэлгээс үнэгүй хийж өгдөг тогтсон зүйл. Үүнийг дагалдаад мэс засал, туулга, халдваргүйтгэл үнэгүй хийж байна.
-Нийслэлд 62 мянган нохой байна гэхээр тооллогод хүндрэл учирч байна уу?
-Аль болох дүүргийн бүх нохойг хамруулах гээд үзэж байна. Судалгаа статистикийн мэдээлэлд суурилж байгаа. Заримдаа статистик болон бодит байдал дээрх нохойны тоо зөрөх асуудал гарч ирэхээс бусдаар хүндрэл байхгүй.
-Одоо хийж байгаа судалгаандаа үндэслэн нохойнд элбэг тохиолддог өвчлөлийн судалгааг ч гаргаж болох санагдлаа?
-Судалгаа 2021 онд эцэслэн дуусах учраас дараа нь нарийн зүйлсийг гаргах боломжтой. Одоо нохойны бүртгэлийг цахим системд оруулах, холбох төлөвлөгөө байна. Ингэж чадвал иргэд нохойны хорогдсон шалтгаан, халдварт өвчний мэдээлэл, бүртгэлжүүлэлтээ цахимаар авдаг болно.
-Цахим систем нь хийгдэж байгаа юм уу?
-Цахим системийг хөгжүүлэх гээд байж байна. Мал эмнэлгийн ерөнхий газар цахим системтэй учраас түүнд уялдуулаад хийхэд асуудал бага гэж бодож байна. Нохойг бүртгэлжүүлэх, эрүүлжүүлэх ажил дуусаад дүүргүүдэд сургалт орохоос эхлээд ажлууд төлөвлөгдөж байгаа.
-Танай төслийн санхүүжилт яаж явагдаж байгаа юм бол?
-Бид зардлын тооцоогоо өгөөд нийслэлээс хянаж, улсын төсөвт суугдаж байгаа ажил.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
2017 онд дамбад байдаг ээжийн маань нохойд өгсөн туулга нь хор байсан байх. Туулга өгсний дараа 3 хоног юу ч ууж идэхгүй их л зовиуртай байдалтай хэвтэж байгаад үхсэн дээ. Тэр хавийн нилээд хэдэн нохой үхсэн. Авч байгаа туулгаа чанартайг нь сонгох хэрэгтэй. Хашааны нохой үхээд ямар хэл ам хийгээд явах биш тэгээд л хохироод үлдсэн. Хүзүүвч өгсөн. Бас л тендэрээр авсан байх даа. Нэг ч хэрэглээгүй. Нэгэнт л мөнгө зарцуулж улсын төсвөөс гаргаж байгаа бол хэрэглэгдэхээр юм сонгох,чанартай эм,үйлчилгээг сонгох хэрэгтэй.